Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2022/00639

 

 

 

“БФ” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ2020/00533 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 89 дүгээр магадлалтай,

“БФ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

С.О, Н.Э нарт холбогдох

Хууль бус эзэмшлээс өмчлөлийн талбайг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбуянгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Байгальмаа, түүний өмгөөлөгч О.Сарантуул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбуян, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “БФ” ХХК нь С.О, Н.Э нарт холбогдуулан хууль бус эзэмшлээс өмчлөлийн талбайг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

2. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ2020/00533 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Эын Орхон аймгийн Баян-Өндөр сумын 1 дүгээр баг, Зэст 21 байр “Барилгачин клуб”-д байрлах Ү-0000000000 улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний зориулалт бүхий 140.50 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлөөс 7.72 м.кв үүдний хэсгийн талбайг чөлөөлөн нэхэмжлэгч БФХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4.28 м.кв талбайг чөлөөлүүлэх болон хариуцагч Маэстро рестораны эрхлэгч С.От холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Эоос 35 100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч БФХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 89 дүгээр магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ2020/00533 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Жанчивын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбуян хяналтын гомдолдоо: ...Шийдвэр, магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Орхон аймгийн Баян-Өндөр сумын 1 дүгээр баг, Зэст 21 байр, “Барилгачин клуб”-д байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй 140.50 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгийг Н.Э нь бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлэн авсан бөгөөд Н.Эын өмнөх өмчлөгч болох А.Батцэцэг нь тухайн үл хөдлөх хөрөнгийг Д.Нямдоржоос 2013.11.20-ны өдөр 150,000,000 төгрөгөөр худалдан авсан болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байгаа болно. Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгчийн өмчлөх эрх бүхий 142.72 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгөөс яг хэдэн м2 талбай дутуу байгааг нотолсон баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгөөгүй болно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй болно. Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн нотлох баримтуудыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” 40.2-д “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасны дагуу үнэлж үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсний улмаас шийдвэр болон магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ. Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт: Талуудын маргаанд хэрэгт авагдсан гэрээнүүд болон Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн хувийн хэргийн материалд авагдсан нотлох баримтуудыг үнэлж шийдвэрлэх боломжгүй. Талууд маргаж буй 24 м2 гэх талбай нь нэхэмжлэгч “БФ ХХК-ийн өмчлөл, эзэмшлийнх болох эсвэл хоёр байгууллагыг дундын өмчлөлийн талбай болох эсэх нь нотлогдох баримтаар батлан тогтоогдохгүй байна хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй болно. Хэрэгт цугларсан бичгийн баримтаас А.Батцэцэг нь Барилгачин клубийн байранд байрлах 140.50 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Д.Нямдоржтой гэрээ байгуулж түүнээс 150,000,000 төгрөгөөр худалдаж авсантай зохигчид маргадаггүй бөгөөд тухайн хөрөнгийг хариуцагч Н.Э 2018 онд бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлж авсан нь тогтоогдож байгаа ба Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн хавтаст хэргийн 32 дугаар талд авагдсан Грави төвийн 1 давхрын байгуулалтыг харуулсан план зурагт 19, 20 дугаар хэсэг нь Н.Эын өмчлөлийн талбайд хамаарч байгаа болохыг анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх дүгнэлт хийлгүй орхигдуулсанд хариуцагч Н.Эын зүгээс гомдолтой байна. Дээр дурдсанчлан үнэхээр нэхэмжлэгчийн өмчлөлийн 142.72 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгөөс 25 м2 талбай дутаж байгаа юм бол нэхэмжлэгч түүнийгээ нотлох ёстой гэтэл баримтаар нотолж чадаагүй мөн хариуцагч Н.Э нэхэмжлэгчийн өмчлөлийн 25 м2 талбайг хууль бусаар эзэмшиж байгаа тохиолдолд түүний өмчлөх эрхтэй 140.50 м2 талбай 25 м2 талбайгаар нэмэгдсэн байх ёстой гэвч баримтаар хариуцагчийн өмчлөлд бүртгэлтэй ашиглаж байгаа талбайн хэмжээ 134.6 м2 байгаа болох нь баримтаар нотлогдож байгаа болно. Мөн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл, мөн хуулийн 38 дугаар зүйлд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ өөрөө нотолж оролцохоор хуульчилж өгсөн болно. Гэтэл нэхэмжлэгч энэхүү үүргээ биелүүлээгүйгээр үл барам дундын өмчлөлийн газар эсхүл “БФ” ХХК-ийн өмчийн зүйлийн аль үндэслэлээр маргаж буй нь тодорхойгүй байхад шүүхийн зүгээс ИХШХШТХ-ийн 38, 47 дугаар зүйлүүдэд нийцээгүй хэмээн дүгнэж шинжээч томилуулахаар хэргийн анхан шатны шүүхэд буцааж буй нь үндэслэлгүй гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагч Н.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн” үндэслэл тогтоогдоогүй тул хангахгүй орхив.

6. Нэхэмжлэгч “БФ” ХХК нь хариуцагч С.От холбогдуулан түүний хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн талбайг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагаа “дундын эзэмшлийн 24 м.кв талбайн 50% болох 12 м.кв талбайг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх” гэж тодруулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Эыг хамтран хариуцагчаар татан оролцуулжээ.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаажээ.

8. Шүүх нэхэмжлэлийн шаардлага үндэслэл, талуудын хооронд үүссэн маргааны зүйлийг тодруулаагүй, зохигчийн хоорондох эрх зүйн маргаантай харилцааны талаар хийх ёстой дүгнэлтийг хийгээгүй, хэргийн нөхцөл байдал хангалттай тогтоогдоогүй нөхцөлд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх боломжгүй, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэв.

9. Хэргийн оролцогчоос хүсэлт гаргаагүй байхад шүүх санаачлагаараа шинжээч томилох байсан гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг зөрчсөн байна. Харин маргааны зүйлийг тодорхой бус гэж үзсэн дүгнэлт үндэслэлтэй ба энэ үндэслэлээс гадна дараах нөхцөл байдлыг анхаарах шаардлагатай. Үүнд:

9.1. “БФ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага нь өөрийн хууль ёсны эзэмшлийн газраа чөлөөлүүлэх эсвэл дундын эзэмшлийн газрыг ашиглахад саад болж байгаа үйлдлийг арилгуулах аль нь болохыг тодруулах

9.2. Талуудын өмчлөлийн зүйл болох үл хөдлөх хөрөнгө нь нэг барилгыг хэсгээр өмчилж байгаа, эсвэл зэрэгцээ оршдог тусдаа үл хөдлөх хөрөнгө эсэх

9.3. Маргааны зүйл болох 24 м.кв талбай нь газар эсвэл газар дээр байгаа эд хөрөнгө аль нь болох

9.4. Хариуцагчийн татгалзаж буй үндэслэл буюу 24 м.кв талбай өөрийнх нь эзэмшлийн зүйл болох нь газрын кадастрын зургаар тогтоогдоно гэх тайлбар, баримтад дүгнэлт хийх, талуудын эзэмшил газрын кадастрын зураг дах газрын хил хязгаарыг тодруулж дүгнэлт хийх замаар хэргийн нөхцөл байдлыг тогтоох шаардлагатай байжээ.

10. Иймд магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар  сарын 15-ны өдрийн 89 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Г.АЛТАНЧИМЭГ

                            ШҮҮГЧИД                                                          Г.БАНЗРАГЧ

                                                                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                                                       Х.ЭРДЭНЭСУВД