Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Амарсайхан |
Хэргийн индекс | 142/2016/01383/И |
Дугаар | 001/ХТ2017/00418 |
Огноо | 2017-04-13 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 001/ХТ2017/00418
Ж.Энхмаагийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 142/ШШ2016/01457 дугаар шийдвэр,
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 01 дугаар сарын 17-ны өдрийн 15 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч Ж.Энхмаагийн нэхэмжлэлтэй
Хариуцагч О.Чулуунцэцэгт холбогдох,
1 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Чулуунцэцэг нь манай доод давхарт амьдардаг бөгөөд 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр манайд орж ирээд ярьж сууж байгаад хүү маань бөөгийн сахиусаа авах гээд яаралтай мөнгөний хэрэг гараад байна гэсэн. Надад мөнгө байхгүй гэтэл би таниас 10%-ийн хүүтэйгээр зээлье гээд нэхсээр байгаад авсан. Мөнгөө авахдаа 4 сарын дараа тэтгэвэртээ гараад их мөнгөө авахаараа өгье гэж хэлсэн. Тухай үед Эрдэнэт төмөр зам өртөөнд вагон үзэгч хийдэг байсан.Ингээд мөнгөө удаа дараа нэхэхэд удахгүй өгнө, удахгүй өгнө гэсээр байгаад 2014 оны 01 дүгээр сарын сүүлээр 4 сарын хүү болох 600 000 төгрөг, үндсэн зээлнээс 500 000 төгрөг, нийт 1 100 000 төгрөг өгсөн. Үлдэгдлийг нь удахгүй өгнө гэж хэлээд өгөхгүй явсаар байна. 2015 оны 02 сард мөнгийг чинь өгч чадахгүй нь хүүг нь өгье гээд 600 000 төгрөг лангуун дээр авчирч өгсөн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл үндсэн мөнгө, хүүгээ огт өгөхгүй байна. Иймд хүү 500 000 төгрөг, нийт 1 500 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Энхмаагаас 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 1 500 000 төгрөг зээлж авсан нь үнэн. Тухайн үед би өндөр насны тэтгэвэрт гарах дөхөж байсан учир тэтгэмжээ аваад өгье гэж гуйж байсан. Ингээд би 2014 оны 01 сард тэтгэвэртээ гарсан бөгөөд цалингийн зээлтэй байсан учир тэтгэмжээс шууд суутган авсан байсан. Үлдсэн мөнгөө шууд Энхмаагийн данс руу 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 1 272 000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн тэр үед надад гачигдал гарч төрсөн ах маань нас барсан, аавыг сахисаар бие муудаад, аав өөд болсон зэргээр зовлон тохиолдон Энхмаад үлдэгдэл мөнгийг өгч чадахгүй нилээн удсан.Ингээд Энхмаад 600 000 төгрөгийг 2015 оны 02 дугаар сарын 12-нд данс руу нь шилжүүлсэн. Би Энхмаагаас бараа авсан байсан тул 72 000 төгрөгийн барааны үнэнд тооцож зээлдээ 1 800 000 төгрөгийг өгсөн. Миний тооцоогоор зээлийн хүүд 300 000 төгрөг өгч, үндсэн зээл 1 500 000 төгрөгийг өгсөн гэж үзэж байна. Одоо би Энхмаад дахин хүү болон үндсэн зээл гэж мөнгө өгч чадахгүй. Учир нь би ажил хийдэггүй, тэтгэврийн хэдэн төгрөгөөрөө гэр бүлээ тэжээж байна, 82 настай ээж болон 1 оюутан хүүхэдтэй өрх толгойлон амьдарч байна. Энхмаагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 142/ШШ2016/01457 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасны дагуу шаардах эрхийн үндэслэлгүй тул О.Чулуунцэцэгээс 1 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 38 950 төгрөгийг төрийн санд үлдээж шийдвэрлэжээ.
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 01 дугаар сарын 17-ны өдрийн 15 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр дугаар сарын 30-ны өдрийн 1457 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “...нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “..Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар О.Чулуунцэцэгээс 300 000 төгрөг гаргуулж Ж.Энхмаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 200 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, Шийдвэрийн 2 дахь заалтын “...төрийн санд үлдээсүгэй” гэснийг “...үлдээж” гэж Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч О.Чулуунцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжинд 4550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Энхмаад олгосугай гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9650 төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.
Хариуцагч болон түүний өмгөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 15 дугаар магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2-т заасан үндэслэлээр гомдол гаргаж байна.Хариуцагч О.Чулуунцэцэг би Ж.Энхмаагаас 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 1 500 000 төгрөг зээлдэн авсан бөгөөд тухайн үед бид хоорондоо зээлийн гэрээг бичгээр хийгээгүй ба амаар 10 хувийн хүүтэй гэж тохиролцсон харин хугацааг бид 4 cap гэж тохироогүй 1 сарын хугацаатай гэж ярьсан. Харин би 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 1 272 000 төгрөгийг Энхмаагийн ХААН банкин дахь данс руу шилжүүлсэн. Дараа нь 2015 оны 02 дугаар сарын 12-нд 600 000 төгрөг дансанд нь хийсэн. Зээлийн гэрээ гэх баримтыг бид харилцан тохиролцож сайн дурын үндсэн дээр байгуулаагүй, нэхэмжлэгч Энхмаа манай гэрт орж ирэн хоосон цаасан дээр гарын үсэг зуруулсан. Харин шүүхэд өгсөн зээлийн гэрээ гэх баримтан дээр би гарын үсэг зураагүй. Миний гарын үсэг биш, миний гарын үсэг мөн эсэхийг шүүхийн нэхэмжлэл гардуулсан баримт болон бусад баримтан дээр зурсан гарын үсгээс тодорхой харагдана.Гэтэл зээлийн гэрээ гэх баримтыг нэхэмжлэгч Энхмаа өөрөө үйлдсэн учраас засварлаж, ойлгоход хэцүү баримт болохыг давж заалдах шатны шүүх анхаарч үзсэнгүй....Иймд Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 15 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн маргааны үйл баримтын талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ.
Нэхэмжлэгч Ж.Энхмаа нь хариуцагч О.Чулуунцэцэгт 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 10 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлдүүлсэн 1 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагыг нэхэмжлэлдээ заажээ. Хариуцагч О.Чулуунцэцэг зээлийн төлбөрт 1 800 000 төгрөг төлсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Анхан шатны шүүх хариуцагчийг зээлийн төлбөрөө бүрэн төлсөн гэж үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх зээлийн төлбөрөөс 300 000 төгрөг дутуу байгаа гэж дүгнэн, энэ хэмжээгээр хариуцагчаас төлбөр гаргуулахаар шийдвэрлэжээ.
Хоёр шатны шүүх зээлийн гэрээний үүргийн талаар хоёр өөр дүгнэлт хийсэн нь зээлийн гэрээний төлбөр хийх нөхцлийг тодорхойлсон хэсэгт 1 500 000 төгрөгийг хүүгийн хамт буюу 2 100 000 төгрөгийг бус харин 1 100 000 төгрөгийг хоёр хувааж төлөхөөр заасантай холбоотой байна. Анхан шатны шүүх зээлдүүлэгчийг 1 500 000 төгрөг зээлдүүлсэн хэдий ч төлбөр төлөх хэмжээнд 1 100 000 төгрөг гэж бичсэн тул энэ хэмжээгээр зээлийн гэрээний үүргийг тооцож, хариуцагчийг үүргээ биелүүлсэн гэж үзжээ.
Иргэний хуулийн 198 дугаар зүйлд гэрээг тайлбарлах журам зохицуулагдсан байна. Тухайлбал энэ зүйлийн 198.1.-д зааснаар гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарах ёстой боловч 198.2.-т зааснаар гэрээний аль нэг нөхцлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлох ёстой байна.
Зохигчдын 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөр огноолсон гэрээнд нэхэмжлэгч Ж.Энхмаа нь хариуцагч О.Чулуунцэцэгт 1 500 000 төгрөгийг 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл нэг сарын 10 хувийн хүүтэй, 120 хоног зээлдүүлсэн байх ба хариуцагч О.Чулуунцэцэг нь гэрээнд заасан хугацаанд “дурдсан мөнгийг эргүүлж төлөх” үүргийг хүлээжээ.
Уг гэрээний 2 дахь заалтад “зээлдэгч зээдүүлэгчид гэрээнд заагдсан зээлсэн мөнгийг бүхлээр буюу хэсэгчлэн төлж болно. Гэхдээ ямар ч тохиолдолд зээлсэн мөнгийг гэрээнд тохиролцсон 2014 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр үндсэн мөнгө 500 000 төгрөг, хүү 600 000 төгрөг, нийт 1 100 000 төгрөгийг төлж дуусгасан байна” гэж тусгасан байна.
Зээлдүүлэгч 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 1 500 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 4 сарын сарын хугацаагаар зээлдүүлж, 2 100 000 төгрөг эгүүлэн авах эрхтэй атлаа, мөн өдөр байгуулсан гэрээндээ 1 100 000 төгрөг авахаар заасан нь ойлгомжгүй байх боловч гэрээ байгуулах үед зээлээс ямар нэг төлбөр төлөгдөөгүй байсан, зээлийн гэрээний огноо, зээлийн төлбөрөөс зарим хэсэг хожим төлөгдсөн гэж үзэх үе хоорондоо тохирохгүй байх тул давж заалдах шатны шүүх гэрээг ерөнхий агуулга, төлбөр хийгдсэн байдал зэрэгт үндэслэн тайлбарласан нь илүү үндэслэлтэй болжээ.
Өөрөөр хэлбэл, хариуцагч О.Чулуунцэцэг зээлсэн мөнгөний үнийн дүн, нөхцлийг татгалзаагүй, зээлийн төлбөрт түүний төлсөн мөнгөн дүн тодорхой бөгөөд хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байх тул давж заалдах шатны шүүх хариуцагчийг нэхэмжлэгчид төлбөл зохих 2 100 000 төгрөгөөс 1 800 000 төгрөг төлсөн тул үлдэх 300 000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж үзсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1.-д заасан зохицуулалтад нийцжээ.
Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул магадлалыг хүчингүй болгуулахаар хяналтын журмаар гаргасан хариуцагч болон түүний өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй байна. Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа утга найруулгын алдаа гаргасан байх тул магадлалд өөрчлөлт оруулах журмаар алдааг залруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дугаар сарын 17-ны өдрийн 15 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын эхний өгүүлбэрийг дараахь байдлаар өөрчилсүгэй:
“1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 142\ШШ2016\01457 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1.-д зааснаар хариуцагч О.Чулуунцэцэгээс 300 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Энхмаад олгож, нэхэмжлэлээс 1 200 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж”.
2.Магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН