Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 210/ма2020/01352

 

 

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2020/01352

 

Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/01486 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Э- ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч О- ХХК-д холбогдох

Гэрээний үүрэгт 164 441 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй, гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюундарь, Ц.Мөнх-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд, нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр О- ХХК-тай газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдах авах гэрээ байгуулсан, гэрээний 3.2-т талууд сар бүрийн 15, 30-ны өдөр тооцоо нийлж акт үйлдэх ба худалдан авагч нь тухайн сард авсан барааны төлбөрийг тооцоо нийлснээс хойш 30 хоногийн дотор Хас банкан дахь 5001167083 тоот төгрөгийн дансанд шилжүүлэх буюу худалдагчид бэлнээр төлнө гэж заасан.

Тохиролцооны хүрээнд 2018 оны 11 дүгээр сард нийт 29 000 литр 72 880 000 төгрөг, 2018 оны 12-р сард нийт 9 000 литр 23 850 000 төгрөг, нийт 38 000 литр, 96 730 000 төгрөгийн үнэ бүхий газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлсэн. Дээрх нийлүүлсэн газрын тосны бүтээгдэхүүний тооцоо нь 2019 оны 5 дугаар сарын 21-ий өдрийн 2/001 тоот О- ХХК-иас ирүүлсэн албан бичгээр нотлогдоно. Тухайн сарын 15, 30-ны өдрөөр тасалбар болгон тооцоо нийлж, тооцоо нийлснээс хойш 30 хоногийн дотор төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй. Компанийн зүгээс хугацаа өгч төлбөрийг барагдуулах албан бичгүүдийг хүргүүлж, утсаар байнга холбогдож байсан боловч О- ХХК төлбөрөө төлөөгүй тул гэрээг цуцалж, шүүхэд хандан нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

ХО2018/20 тоот гэрээний 3.3-т төлбөрийг хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар алданги, 10.2-т гэрээг худалдан авагчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан нэг талын санаачлагчаар цуцалсан тохиолдолд худалдан авагч нь гэрээний нийт үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг худалдагчид төлөхөөр тохирсон. Иймд үндсэн төлбөрт 96 730 000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алдангид 48 365 000 төгрөг, гэрээний торгуульд 19 346 000 төгрөг, нийт 164 441 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дээрх гэрээний дагуу иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй, өр авлага үүсээгүй. О- ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Алтайн зам ХХК-тай Хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажлыг туслан гүйцэтгэх гэрээг байгуулж хамтран ажилласан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.4-т Туслан гүйцэтгэгч нь хөрс хуулгын ажилд шаардагдах түлш, шатахууныг ерөнхий гүйцэтгэгчээс хангуулах бөгөөд шатахууны үнийг бодитоор буюу ямар нэгэн ашиг ороогүй үнээр ерөнхий гүйцэтгэгчээс авч ажлын гүйцэтгэлийн төлбөрөөс өгсөн шатахууны төлбөрийг хасаж тооцно... гэж харилцан тохиролцсон. Алтайн зам ХХК нь хөрс хуулалтын ажилд шаардагдах түлш шатахуунаар бүрэн хангаж байсан.

Энэхүү хөрс хуулалтын ажил нь 2018 оны 11 дугаар сарын 09-ний өдрөөс хэлсэн бөгөөд энэ өдрөөс Алтайн зам ХХК нь хөрс хуулалтын ажилд шаардагдах түлшийг Хөшөөтийн шатахуун түгээх станцаас авч байгаарай гэсний дагуу түлшийг авч гэрээний дагуу манайд өгөх ажлын хөлснөөс түлшний төлбөр тооцоог хасаж шилжүүлдэг байсан. Алтайн зам ХХК нь гэрээний дагуу манайд нийлүүлсэн түлшний төлбөр тооцоог Э- ХХК нь манай байгууллагаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Хэрэгт авагдсан Талын харгуй нэртэй Газрын тосны бүтээгдэхүүний зарлагын падаанаас харахад хүлээн авсан байгууллагын нэр Алтайн зам ХХК тэгээд доор нь юм уу дээр нь О- гэсэн бичилтийг нэмж бичсэн байгаагаас харахад Алтайн зам ХХК болон Талын харгуй Э- ХХК нарын хооронд түлш зээлээр худалдах худалдан авах талаар тохиролцоо байгаа. Алтайн зам ХХК нь хоосон гэрээн дээр тухайн үед гарын үсэглүүлж тамга даруулж авч байсан. Бидний зүгээс нэхэмжлэгчтэй хэдэн литр түлш литр тутам нь хэдэн төгрөгийн үнэтэй хэзээ эргүүлэн төлөх, хугацаандаа төлөөгүй тохиолдолд алданги хариуцлага тооцох эсэх зэрэг гэрээний гол нөхцөлийг тохиролцоогүй харин нэхэмжлэгч нь энэ талаар Алтайн зам ХХК-тай тохиролцсон гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.4-т туслан гүйцэтгэгч нь хөрс хуулалтын шаардагдах түлш, шатахууныг ерөнхий гүйцэтгэгчээс хангуулах бөгөөд шатахууны үнийг бодитоор буюу ямар нэгэн ашиг ороогүй үнээр ерөнхий гүйцэтгэгчээс авч ажлын гүйцэтгэлийн төлбөрөөс өгсөн шатахууны төлбөрийг хасаж тооцно гэж харилцан тохиролцсоны дагуу Алтайн зам ХХК нь хөрс хуулалтын ажилд шаардагдах түлш шатахуунаар бүрэн хангаж байсан. Дээрх ажлыг хийх явцад Алтайн зам ХХК-иас хүлээн авсан түлшний төлбөр тооцоог Э- ХХК нь манай байгууллагаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй болно. Нэхэмжлэгчтэй газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдах авах гэрээний дагуу 1 литр ч түлш хүлээж аваагүй. Нэхэмжлэгчтэй зээлээр түлш худалдаж авах талаар тохиролцолгүй Алтайн зам ХХК нь хоосон гэрээн дээр тухайн үед гарын үсэг зуруулж тамга даруулж авч байсан. Мөн Алтайн зам ХХК нь бидэнтэй байгуулсан гэрээний дагуу түлшээр хангаж, сарын эцэст тооцоо нийлэхэд түлшний төлбөр тооцоог суутгасан болно. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулсан Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээ нь хэлбэрийн төдий хийгдсэн бөгөөд энэхүү гэрээний дагуу ямар нэгэн түлш хүлээн авч төлбөр тооцоо өр авлага үүсгээгүй болно. Иймд дээрх үндэслэлээр Э- ХХК болон О- ХХК нарын хооронд 2018 оны 11 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах ХО2018/20 тоот гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн Алтайн зам ХК-аас шатахуун авч байсан гэх тайлбарыг нотлох баримт огтхон ч байхгүй. Хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажлыг туслан гүйцэтгэх гэрээ нь хариуцагч болох О- ХХК болон Алтайн зам ХК нарын хооронд үүссэн тусдаа харилцаа байгааг анзаарах нь зүйтэй. Харин нэхэмжлэгч Э- ХХК-с хариуцагч О- ХХК нь 38 000 литр түлш авч байсан нь газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ болон зарлагын баримтуудаар тогтоогддог. Хариуцагч нь манай компанийн зүгээс нэхэмжлэгчтэй зээлээр түлш худалдаж авах талаар тохиролцоогүй Алтайн зам ХХК хоосон гэрээн дээр тухайн үед гарын үсэг зуруулж авч байсан гэх ор үндэсгүй тайлбарыг мөн өгсөн байна. Хариуцагч өр авлага үүсээгүй буюу газрын тосны бүтээгдэхүүн аваагүй гэдэг боловч 2019 оны 5-р сарын 21-ний өдөр 38 000 литр түлшийг авснаа хүлээн зөвшөөрч санхүүгийн хүндрэлийн улмаас танай байгууллагад учраад байгаа хохирол болох 96 730 000 төгрөгийг 2019 оны 8-р сараас эхлэн төлж барагдуулах болно гэдгээ илэрхийлсэн байдаг. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч О- ХХК-иас 145 095 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э- ХХК-д олгож, нэхэмжлэлээс 19 346 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан Э- ХХК-д холбогдуулан гаргасан Э- ХХК болон О- ХХК нарын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах ХО2018/20 тоот гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай О- ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 980 155 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О- ХХК-иас 883 425 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э- ХХК-д олгож, хариуцагч О- ХХК-иас сөрөг нэхэмжлэлд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 145 095 000 төгрөгийг хангаж шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргийг хэрэгт хамааралтан ач холбогдолтой талаас нь үнэлээгүй. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчээс түлш худалдаж авах талаар тохиролцож байгаагүй, Алтайн зам ХХК-тай байгуулсан хөрс хуулалтын гэрээний дагуу ажлыг хийж гүйцэтгэх явцад Алтайн зам ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж түлшээр хангадаг байсан.

Дээрх үйл баримт нь хэрэгт авагдсан Алтайн зам ХХК-тай байгуулсан гэрээ түлшний падаан дээр Алтайн зам ХХК гэж бичигдсэн түлшний падаанууд дээр литр тутмын үнийн дүн бичигдээгүй зэрэг үйл баримтаар нотлогдсон байхад шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд шийдвэрлээгүй, хэргийн үйл баримтаар тогтоогдсон, гэж дүгнэсэн нь учир дутагдалтай. Энэ маргааны хариуцагч нь Алтайн зам ХХК байтал шүүхээс манай компаныг түлшний төлбөр тооцоог бүрэн хариуцуулахаар шийдвэрлэсэн.

Мөн Алтайн зам ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн 0420-130 дугаар албан бичгийг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн нь учир дутагдалтай, Алтайн зам" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энхбат нь шүүхэд гэрчээр оролцоогүй, шүүхээс эрх үүргийг тайлбарлаж мэдүүлэг аваагүй атлаа нотлох баримтын хэмжээнд үнэлж манайхыг Алтайн зам ХХК-иас авах төлбөртөө 38 000 литр түлшний төлбөрийг хасч тооцуулсан болох баримтаар тогтоогдохгүй байна гэж үндэслэлгүй дүгнэсэн.

Нэхэмжлэгчтэй уулзаж байгаагүй атлаа танихгүй компаниас урьдчилан тохиролцоогүйгээр 2018 оны 11 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн төлбөрийг төлөхгүйгээр түлш авах боломжгүй Алтайн зам ХХК нь түлшийг нэхэмжлэгчийн шатахуун түгээх станцаас аваарай гэсний дагуу Алтайн зам ХХК нь гэрээний үүргээ биелүүлж түлш нийлүүлж байна гэж ойлгосон. Шүүхээс түлшний литр тутмын үнийг тогтоохдоо хавтаст хэрэг авадсан бичгийн нотлох баримтад бус эргэлзээтэй тооцоололоор тооцож гаргасан.2019 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн албан бичгийг ямар шалтгаанаас бичсэн талаараа гэрч Л.Алтанцэцэг нь тодорхой мэдүүлсэн байдаг. Л.Алтанцэцэгт хариуцагчийн төлөөлж бусадтай төлбөр тооцоо нийлэх эрх хэмжээ итгэмжлэлийг олгож байгаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Э- ХХК хариуцагч О- ХХК-д холбогдуулан газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 164 441 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх1/

Талын харгуй ХХК 2014 оны 7 дугаар сарын 7-ны өдөр бүх төрлийн шатахуун импортлох, бүх төрлийн шатахууны бөөний худалдаа эрхлэх эрхтэйгээр улсын бүртгэлд бүртгүүлж, 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр оноосон нэрээ Э- ХХК болгон улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /хх6/

Зохигчид 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр газрын тосны бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээ байгуулсан байх бөгөөд худалдагч тал газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх, худалдан авагч тал үнийг төлөхтэй холбогдсон харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

Талууд газрын тосны бүтээгдэхүүн худалдах- худалдан авах гэрээ буюу Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээ байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Худалдагч Э- ХХК 2018 оны 11 дүгээр сарын 9-ны өдөр 6 000 литр, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 5 000 литр, 2018 оны 11 дүгээр сарын 18-нд 5 000 литр, 2018 оны 11 дүгээр сарын 23-нд 3 000 литр, 2018 оны 11 дүгээр сарын 25-нд 5 000 литр, 2018 оны 11 дүгээр сарын 30-нд 5 000 литр, 2018 оны 12 дугаар сарын 03-нд 3 000 литр, 2018 оны 12 дугаар сарын 04-нд 6 000 литр, нийт 38 000 литр түлшийг худалдан авагч О- ХХК-д хүлээлгэн өгсөн, О- ХХК үнийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбар, газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ, Талын харгуй ХХК-ийн 1306, 1911, 186, 1346, 1333, 1690, 1800, 1845 тоот зарлагын падаан, гэрч Л.Алтанцэцэгийн мэдүүлгээр тогтоогдсон, энэ талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцжээ. /хх17/

Хариуцагч О- ХХК нь гэрээгээр хүлээсэн авсан барааны хэлэлцэн тохирсон үнийг төлөөгүй байна.

Хариуцагчийн Алтайн зам ХХК-иас авах төлбөртөө дээрх 38 000 литр түлшний үнийг хасаж тооцуулсан гэх тайлбар баримтаар тогтоогдоогүй, Алтайн зам ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 04/20-130 дугаартай албан бичгээр няцаагдаж байна. /хх90/

Хариуцагч нь Түлшний үнэ тодорхойгүй гэж маргаж байх боловч зарлагын падаануудад 1 литрийн үнийг 2 620 төгрөг гэж бичжээ. 4 ширхэг зарлагын падаан дээрх түлшийг 2 620 төгрөгөөр тооцоход 21 000 х 2 620=55 020 000 төгрөг болж байна.

Анхан шатны шүүх түлшний үнийн тооцооллыг нотлох баримтад үндэслэж харьцуулан зөв тооцож, хариуцагч О- ХХК-иас гэрээ, зарлагын падаан, гэрч Л.Алтанцэцэгийн мэдүүлэг, хэргийн үйл баримтаар тогтоогдсон 38 000 литр түлшний үнэ 96 730 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. /хх17, 64/

Талуудын гэрээний 3.3-т тооцоо нийлснээс хойш 30 хоногийн дотор төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээгээр алданги тооцох-оор тохиролцсон байх тул нэхэмжлэгч тал алданги шаардах эрхтэй.

Талуудын тооцоо нийлсэн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс хойш хариуцагч О- ХХК 96 730 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөөгүй тул алдангийг мөн өдрөөс тооцож 48 365 000 төгрөгийн алдангийг гаргуулсныг мөн буруутгах үндэслэлгүй.

Талуудын гэрээний хугацаа 2019 оны 11 сарын 27-ны өдөр дууссан байх ба гэрээний хугацаанд худалдан авагчийн буруутай үйл ажиллагааны улмаас шалтгаалж цуцлагдсан нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд нэхэмжлэгч гэрээний 10.2-т заасны дагуу торгууль шаардах эрхгүй, 19 346 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг зөв гэж үзнэ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тооцоо нийлэх тухай баримт Алтайн зам ХХК-иас мэйлээр ирсэн боловч мэйл хаяг төлбөр төлөөгүй учраас хаагдсан учраас үзлэг хийлгэх боломжгүй байна гэж тайлбарласныг шүүх хуралдаанд гаргасан нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гэж үзэхгүй.

Хариуцагчийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан газрын тосны бүтээгдэхүүн худалдах-худалдан авах ХО2018/20 тоот гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ анхан шатны шүүх гэрээ, түлш хүлээлгэн өгсөн, хүлээн авсан баримт, тооцоо нийлсэн акт зэргийг зөв харьцуулан дүгнэж хэрэгсэхгүй болгожээ. Хоосон цаасан дээр гарын үсэг зурсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хариуцагч тал гарын үсэг биш гэж маргаагүй, гэрээний хуудас бүрд О- ХХК-ийн тамга дарагдсан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр, үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/01486 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 953 700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ш.ОЮУНХАНД