Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2022/00729

 

“.......” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/01486 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1352 дугаар магадлалтай,

“.......” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“.......” ХХК-д холбогдох,

Үндсэн нэхэмжлэл: Гэрээний үүрэгт 164,441,000 төгрөг гаргуулах

Сөрөг нэхэмжлэл: “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах” ХО2018\20 тоот гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэндийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “.......” ХХК нь хариуцагч “.......” ХХК-д холбогдуулан “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах” гэрээний үүрэгт 96,730,000 төгрөг, алдангид 48,365,000 төгрөг, гэрээний торгуульд 19,346,000 төгрөг, нийт 164,441,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, талуудын хооронд байгуулагдсан “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах” ХО2018\20 тоот гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/01486 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “.......” ХХК-аас 145,095,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “.......” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 19,346,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан “.......” ХХК-д холбогдуулан гаргасан “.......” ХХК болон “.......” ХХК нарын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан “газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах ХО2018/20 тоот гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай “.......” ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 980,155 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “.......” ХХК-аас 883,425 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “.......” ХХК-д олгож, хариуцагч “.......” ХХК-аас сөрөг нэхэмжлэлд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1352 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/01486 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 953,700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн аваад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэхүү гомдлыг гаргаж байна.

4.1. Анхан шатны шүүхээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 145,095,000 төгрөгийг хангаж шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргийг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлээгүй гэж үзэж байна. Шүүхээс талуудын хооронд байгуулсан гэх зээлээр худалдах, худалдах авах гэрээг худалдах, худалдах авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнээд ... Худалдагч “.......” ХХК нь худалдан авагч “.......” ХХК-д түлш нийлүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн байна. Харин худалдан авагч “.......” ХХК түлшний төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул 38,000 литр түлшний төлбөр 96,730,000 төгрөг, алданги 48,365,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчээс түлш худалдаж авах талаар тохиролцож байгаагүй, “Алтайн зам” ХХК-тай байгуулсан хөрс хуулалтын гэрээний дагуу ажлыг хийж гүйцэтгэх явцад “Алтайн зам” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж түлшээр хангадаг байсан. Бидний зүгээс түлшний төлбөрийг хэзээ эргүүлж төлөх, түлшийг литр тутмыг хэдэн төгрөгөөр авч байгаа талаар мэдээгүй, нэхэмжлэгч талтай ямар нэгэн байдлаар тохиролцож байсан зүйл байхгүй. Дээрх үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан “Алтайн зам” ХХК-тай байгуулсан гэрээ, түлшний падаан дээр “Алтайн зам” ХХК гэж бичигдсэн түлшний падаанууд дээр литр тутмын үнийн дүн бичигдээгүй зэрэг үйл баримтаар нотлогдсон байхад шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд шийдвэрлээгүй, ... хэргийн үйл баримтаар тогтоогдсон, гэж дүгнэсэн нь учир дутагдалтай. Энэ маргааны хариуцагч нь “Алтайн зам” ХХК байтал шүүхээс манай компанийг түлшний төлбөр тооцоог бүрэн хариуцуулахаар шийдвэрлэсэн үндэслэлгүй болсон.

4.2. Мөн “Алтайн зам” ХХК-ийн 2020.04.21-ний өдрийн 0420-130 дугаар албан бичгийг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн нь учир дутагдалтай, “Алтайн зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энхбат нь шүүхэд гэрчээр оролцоогүй, шүүхээс эрх үүргийг тайлбарлаж мэдүүлэг аваагүй атлаа нотлох баримтын хэмжээнд үнэлж манай компанийг Алтайн зам ХХК-аас авах төлбөртөө 38,000 литр түлшний төлбөрийг хасч тооцуулсан болох баримтаар тогтоогдохгүй байна гэж үндэслэлгүй дүгнэсэн гэж үзэж байна. “Алтайн зам” ХХК болон нэхэмжлэгч нар түлш зээлээр авах, төлбөрийг хэзээ буцааж төлөх литр тутмыг хэдээр авах талаар тохиролцсон гэрээ байгаа гэж бодож байна. Учир нь бидний зүгээс нэхэмжлэгчтэй уулзаж байгаагүй атлаа танихгүй компаниас урьдчилан тохиролцоогүйгээр 2018.11.09-ний өдрөөс эхлэн төлбөрийг төлөхгүйгээр түлш авах боломжгүй Алтайн зам ХХК нь түлшийг нэхэмжлэгчийн шатахуун түгээх станцаас авч байгаарай гэсний дагуу Алтайн зам ХХК нь гэрээний үүргээ биелүүлж түлш нийлүүлж байна гэж ойлгосон. Мөн шүүхээс түлшний литр тутмын үнийг тогтоохдоо хавтаст хэрэг авагдсан бичгийн нотлох баримтад бус эргэлзээтэй тооцооллоор тооцож гаргасан байдаг. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчтэй амаар тооцоо нийлж байсан үйл баримт болж байгаагүй, 2019.05.21-ний өдрийн албан бичгийг ямар шалтгаанаас бичсэн талаараа гэрч Л.Алтанцэцэг нь тодорхой мэдүүлсэн байдаг. Л.Алтанцэцэг нь хариуцагчийн төлөөлж бусадтай төлбөр тооцоо нийлэх эрх хэмжээ итгэмжлэлийг олгож байгаагүй юм. “.......” ХХК болон “.......” ХХК нарын хооронд 2018.11.27-ны өдөр байгуулсан Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах ХО2018\20 тоот гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гомдолтой байна.

4.3. Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу ямар нэгэн түлш хүлээж аваагүй, гэрээнд түлшний литр тутмын үнэ тусгагдаагүй, “Алтайн зам” ХХК нь хоосон гэрээн дээр гарын үсэг зуруулж авч явсан талаар сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхой тайлбарласан атал шүүхээс бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Шүүхээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд бус ойлгомжгүй дүгнэлтүүдийг хийж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхээс хариуцагч ....... ХХК нь гэрээгээр хүлээн авсан барааны хэлэлцэн тохирсон үнийг төлөөгүй байна гэж үндэслэлгүй дүгнэлтийг хийж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчтэй түлш худалдаж авах талаар тохиролцож байгаагүй тул литр тутмыг нь хэдээр авах талаар тохиролцох боломжгүй, харин Алтай зам” ХХК-тай харилцан тохиролцсоны дагуу түлшийг хэрэглэж байсан болно.

Иймд дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалын 38,000 литр түлшний төлбөр 96,730,000 төгрөг, алданги 48,365,000 төгрөг нийт 145,095,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хэлбэрээр өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

6. Нэхэмжлэгч “.......” ХХК хариуцагч “.......” ХХК-д холбогдуулан “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах” гэрээний үүрэгт 96,730,000 төгрөг, алдангид 48,365,000 төгрөг, гэрээний торгуульд 19,346,000 төгрөг, нийт 164,441,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч талуудын хооронд байгуулагдсан “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах” ХО2018\20 тоот гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан.

Хариуцагч үндсэн нэхэмжлэлийг, нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг тус тус зөвшөөрөөгүй маргажээ.

7. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаж хэвээр үлдээсэн, хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэргийн баримтын хүрээнд зохигчийн хооронд үүссэн маргаантай харилцааг тодорхойлж Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

8. Зохигчийн хооронд 2018.11.27-ны өдөр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр болох, нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлж 2018.11.09-ний өдрөөс эхлэн мөн оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэл нийт 38,000 литр түлшийг нийлүүлсэн нь тогтоогдсон, уг түлшний үнэ нийт 96,730,000 төгрөгийн төлбөрийг хариуцагч төлөөгүй нь тогтоогдсон талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хэргийн баримтад үндэслэгдсэн байна.

9. Хариуцагч нэхэмжлэлийн талаар тайлбар гаргахдаа “нэхэмжлэгчтэй гэрээ байгуулж үүрэг хүлээгээгүй, “Алтайн зам” ХХК-тай байгуулсан гэрээгээр туслан гүйцэтгэгчийн хувьд ажил гүйцэтгэсэн, энэ ажлыг гүйцэтгэхэд “Алтайн зам” ХХК нь түлшээр хангах үүргийг хүлээсэн, заасан газраас буюу “.......” ХХК-аас түлш авсан, төлбөрийг төлөх үндэслэлгүй” гэж маргасан боловч энэ татгалзал хэргийн баримтаар үгүйсгэгдсэнийг хоёр шатны шүүх шийдвэр, магадлалдаа тодорхой заасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцсэн байна.

Иймд хариуцагч гэрээний үүргээ биелүүлж түлшний үнийг төлөх үүргийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хүлээнэ.

10. Зохигчийн байгуулсан гэрээний 3.3-т зааснаар тооцоо нийлснээс хойш 30 хоногийн дотор төлбөрийг төлөөгүй хугацаа хэтрүүлсэн бол хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээгээр алданги төлөхөөр заасан, энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан алдангийн талаарх агуулгад нийцсэн, талуудын тооцоо нийлсэн 2019.05.21-ний өдрөөс хойш хариуцагч “.......” ХХК нь төлбөр төлөөгүй хугацаа хэтрүүлсэн байх тул шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримталж гүйцэтгээгүй үүргийн 50 хувь болох 48,365,000 төгрөгийг алдангид гаргуулсан нь хууль зөрчөөгүй.

11. Нэхэмжлэгчийн торгуульд 19,346,000 төгрөг гаргуулах шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгохдоо, “гэрээний 10.2-т заасан торгууль төлөх зохицуулалт нь худалдан авагчийн буруугаас гэрээг цуцалсан тохиолдлыг журамласан, гэрээний энэ нөхцөл тогтоогдоогүй” гэсэн, энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй болно.

12. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй зохигчийн хооронд байгуулагдсан хэргийн 6-9-р талд авагдсан 2018.11.27-ны өдрийн “газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г хариуцагч хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа “Алтайн зам” ХХК нь хоосон бланк дээр гарын үсэг зуруулж тамга тэмдэг даруулж авч байснаас бус нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй” гэсэн, нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй “хуульд заасан аль үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бус гэж байгаа нь тодорхой бус, талууд харилцан хүсэл зоригоо илэрхийлж гэрээ байгуулсан, гэрээний үүргээ биелүүлж түлш нийлүүлж хүлээлгэн өгсөн” гэж маргасан.

13. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д хүчин төгөлдөр бус байх хэлцлийн талаар зохицуулсан бөгөөд үүнд, гэрээ хэлбэрийн хувьд хуульд заасан шаардлагыг зөрчсөн, эсхүл хэлцэл хийх субъектийн хувьд буюу эрхгүй этгээдийн хийсэн хэлцэл, эсхүл агуулгын хувьд эрх зүйн үр дагавар үүсгээгүй дүр үзүүлэн хийсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцлүүд хамаардаг байна.

Хариуцагч гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа хэдий ч гэрээг хуульд заасан аль нөхцөлийг сөрөг шаардлагын эрх зүйн үндэслэлд зааж буйгаа тодорхойлоогүй байна.

Хэрэгт авагдсан бичгийн хэлцэлд 2 компанийн эрх бүхий этгээд гарын үсэг зурж, тамга дарагдсан нь хуулийн этгээдийн хооронд бичгээр хийх энгийн хэлцлийн хэлбэрийн шаардлагыг хангасан ба энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж нэхэмжлэгч түлш нийлүүлснийг хариуцагч тал хүлээн авсан тухай зарлагын баримт, талуудын тооцоо нийлсэн баримт эдгээрийг хариуцагч няцаагаагүй тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болгож буй түлш худалдан авах эрх зүйн харилцаа үүсээгүй гэх тайлбар тогтоогдохгүй гэж үзнэ.

Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцсэн гэж дүгнэв.

Дурдсан үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/01486 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1352 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “.......” ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд/ 2020.08.10-ны өдөр 953,700 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                        П.ЗОЛЗАЯА

                                                                        Б.МӨНХТУЯА