Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2020/00376

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2020/00376

 

 

 

Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2019/02620 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Н.Э-д холбогдох

 

Төрд учирсан хохиролд 8 904 718 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж , Э.М ,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Болормаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Э- нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/249 дугаар тушаалаар Б.Ганбаатарыг Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлжээ. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2017/0367 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2017/0523 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 389 дүгээр тогтоолоор Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/249 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын Б.Ганбаатарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 1 620 017 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн байна. Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас хохирсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан хохирлыг барагдуулах багцаас 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 1 655 117 төгрөгийг олгосон байна. Н.Э- нь дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй Б.Ганбаатарыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилоогүйгээс Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2018/00537 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 991 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 001/ХТ2018/01316 дугаар тогтоолоор Б.Ганбаатарт ажилгүй байсан хугацааны цалин хөлс 7 061 664 төгрөгийг олгохоор шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэрийн дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 7 249 601 төгрөгийг мөн олгосон байна. Иймд Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2 дахь хэсэгт зааснаар Н.Э-ын хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох нийт 8 904 718 төгрөгийг Н.Э-оос гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал тогтоолоор Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/249 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын Б.Ганбаатарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд нь эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 1 620 117 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас хохирсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан хохирлыг барагдуулах багцаас 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 1 655 117 төгрөгийг олгосон. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2018/00537 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 991 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 001/ХТ2018/01316 дугаар тогтоолоор Б.Ганбаатарт ажилгүй байсан хугацааны цалин хөлс 7 061 664 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийдвэрийн дагуу 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын А/149 дүгээр тушаалаар тус өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын данс руу 7 249 601 төгрөгийг шилжүүлсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2-т зүйлийг үндэслэсэн байна. Шинэ Төрийн албаны тухай хууль нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үйлчилж эхэлсэн. Хуулийг хэрэглэхдээ батлагдсан цаг тооллоор бус хэрэгжиж эхэлсэн он цаг тооллыг баримталдаг. Онолын болон хуульд зааснаар зөвхөн Эрүүгийн хуулийг л буцааж хэрэглэдэг. Харин бусад хуулийг буцааж хэрэглэж болдоггүй юм. Хэрэв хуулийг буцаан хэрэглэхээр бол хуульд тусгайлан заасан байх ёстой. Гэтэл Төрийн албаны тухай хуульд хуулийг буцааж эсвэл төсөөтэй хэрэглэх талаар ямар нэгэн тусгайлан заасан зохицуулалт байхгүй. Шүүхийн шийдвэрийн дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр шүүхийн шийдвэр биелүүлсэн гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан нь буруу юм. Учир нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 4/1134 дүгээр мэдэгдлээр уг 7 249 601 төгрөгийг шүүхийн шийдвэрийн данс руу 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн дотор шилжүүлэхийг мэдэгдсэн. Иймд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тогтоосон хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлж 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын А/149 дүгээр тушаалаар тус өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын данс руу 7 249 604 төгрөгийн шилжүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас иргэний данс руу 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шилжүүлсэн байна. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн үүрэг гүйцэтгэснээр үүрэг дуусгавар болох 236.1.1-т үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг дуусгавар болдог. Төлбөр төлөгч этгээд нь төлбөрийг бүрэн төлснөөр төлбөрийн гүйцэтгэлийг бүрэн хангасанд тооцдог. Иймээс Сүхбаатар дүүргийн Тамгын газар нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын данс руу төлбөрийг шилжүүлснээр төлбөрийг төлсөн, үүргийн гүйцэтгэл дууссан гэж ойлгоно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх: Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Э-оос 8 904 718 /найман сая есөн зуун дөрвөн мянга долоон зуун арван найман/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулан, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Э-оос улсын тэмдэгтийн хураамжид 157 425 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Орхонтуул давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруугаар тайлбарлан, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж тайлбарлаагүй. 2017 оны Төрийн албаны тухай хууль нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Гэтэл Төрийн албаны тухай хуульд хуулийг буцааж эсхүл төсөөтэй хэрэглэх талаар ямар нэгэн тусгайлан заасан зохицуулалт байхгүй байхад шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн.

Шүүхийн шийдвэрийн дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар нь 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж шүүхийн шийдвэрт дурдсан нь буруу. Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын А/149 дүгээр тушаалаар тус өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын данс руу 7 249 601 төгрөгийг шилжүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас иргэний данс руу 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шилжүүлсэн байна.

Иймээс Сүхбаатар дүүргийн Тамгын газар нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын данс руу төлбөрийг шилжүүлснээр төлбөрийг төлсөн, үүргийн гүйцэтгэл дууссан гэж ойлгоно.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэх хэсэгт тусгасан Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2 дахь заалтыг баримталсан. Энэ нь хууль хэрэгжиж эхэлснээс өмнө гарсан шийдвэрийг нөхөн төлүүлэхтэй холбоотой зохицуулалт биш. Хууль хэрэгжиж эхэлсний дараах ойлголт. Шүүх шийдвэр гаргасан этгээдийг иргэнийх нь хувиар бус албан тушаалынх нь хувиар хариуцагчаар татаж шүүхийн шийдвэр гардаг.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь хариуцагч Н.Э-ыг Сүхбаатар Дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг орлон гүйцэтгэж байхдаа Б.Ганбаатарыг ажлаас үндэслэлгүй халсны улмаас төрд 8 904 718 төгрөгийн хохирол учирсан гэх үндэслэлээр түүнээс уг хохирлыг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч эс зөвшөөрч, хуулийг буцаан хэрэглэхгүй гэж маргажээ.

Шүүх зохигчдын маргааныг шийдвэрлэхдээ 2017 оны Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Сүхбаатар Дүүргийн Засаг Даргын Тамгын Газар нь хуулийн хүчин төгөлдөр болсон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0367 дугаар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 523 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 389 дугаар тогтоолын дагуу ажилтан Б.Ганбаатарыг өмнө нь эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж, цалин, хөлстэй тэнцэх олговорт 1 620 017 төгрөг олгожээ. /хх 17-33/

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүргээ биелүүлээгүйгээс Б.Ганбаатар нь дахин шүүхэд хандан ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжилж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2018/00537 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 991 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1316 дугаар тогтоолын дагуу Б.Ганбаатарт 7 496 256 төгрөг олгосон болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбараар нотлогдсон бөгөөд энэ үйл баримтад маргаангүй.

Нэхэмжлэгч тал 2017 оны Төрийн албаны хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2 дахь хэсгийг шаардах эрхийн үндэслэлээ болгожээ.

Улсын Их Хурал 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр шинэчлэн найруулсан Төрийн албаны тухай хуулийг баталж, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр журамласан тул энэ хуулийн 50 дугаар зүйлд заасан зохицуулалт нь хуулийг дагаж мөрдөж эхэлсэн хугацаанаас хойш төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хяналт тавихтай холбоотой үйл баримтад үйлчлэхээр байна. Иймд хуулийн дээрх заалтаар хариуцагч Н.Э-ын 2016 онд ажил үүргээ гүйцэтгэж байхдаа гаргасан шийдвэртэй холбоотой учирсан хохирлыг нөхөн төлүүлэх үүрэг Төрийн албаны зөвлөлд үүсээгүй гэж үзнэ.

Мөн 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т Төрийн албаны зөвлөл нь Төрийн албаны тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, төрийн албанд шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах, төрийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан стандартын хэрэгжилтийг шалган зааварлах, зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг өгөх, гүйцэтгэлд нь хяналт тавих, энэ хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан маргааныг хянан шийдвэрлэх, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заажээ. Энэ зүйл нь Төрийн албаны зөвлөлийн эрхээ хэрэгжүүлэх зохицуулалт учир хариуцагч Н.Э-ын албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад бусдад гэм хор учруулсан гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй.

Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцна гэж заасан. Хариуцагч Н.Э-ын ажиллаж байсан байгууллага нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасны дагуу түүний төрийн нэрийн өмнөөс ажил үүргээ гүйцэтгэж байхдаа гаргасан алдааны улмаас ажилтан Б.Ганбаатарт учруулсан хохирлыг хариуцан арилгасан нь дээрх хуульд заасан зарчимд нийцнэ.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсгийн зохицуулалт нь гэм буруутай этгээдийн өмнөөс хохирлыг хариуцан арилгасан тухайн байгууллагад хамаарах учир нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь уг заалтыг үндэслэн хариуцагчаас шаардах эрхгүй.

Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2019/02620 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Н.Э-оос 8 904 718 төгрөг гаргуулах Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 157 430 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ТУЯА

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД