Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 221/MA2018/0340

 

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2018/0340

Улаанбаатар хот

 

 

 

 

“М-А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0126 дугаар шийдвэртэй, “М-А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн газрын албанд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О-ийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0126 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар “М-А” ХХК-ийн “Дружба хүүхдийн зуслангийн зориулалттай газрыг 2004 онд Газар эзэмшүүлэх гэрээ, 0046464 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээ, Газрын баталгаат хэмжээ тогтоосон актад заасан 26 га хэмжээгээр зөвтгөн газрын кадастрын мэдээллийн санд оруулахыг Сүхбаатар дүүргийн Газрын албанд даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэгч "М-А" ХХК-иас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0126 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнд дараах тайлбарыг гаргаж байна.

Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар эдлэх бүрэн эрхийг тогтоосны дотор мөн зүйлийн 21.5.3-т "... дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах" гэж, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ" гэж тус тус заасан байдаг.

Газрын тухай хуулийн дээрх заалтын дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 154 дүгээр захирамжаар манай компанийн 26 га газар эзэмших эрхийг баталгаажуулж, уг захирамжийг үндэслэн 2004 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 0046464 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаатай олгож, 2004 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар /260 000 м.кв газар/ ашиглах гэрээг байгуулж, Газрын баталгаат хэмжээ тогтоосон акт үйлдэн, манай компанийн эзэмшил газрын хилийн зааг, хэмжээг тогтоож өгсөн юм.

Иймд манай компани нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т заасны дагуу 2004 онд газар эзэмших гэрчилгээ авч, дүүргийн Газрын албатай гэрээ байгуулснаар 26 га газар эзэмших хууль ёсны эрхтэй болсон бөгөөд уг эзэмшил газрын хилийн заагийг Газрын баталгаат хэмжээ тогтоосон актаар тогтоосон юм.

Гэтэл анхан шатны шүүх шийдвэртээ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ "нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 154 дүгээр захирамжаар 26 га газар эзэмших эрхтэй гэж маргаж байгаа боловч, "М-А” ХХК-д 26 га газар эзэмшүүлсэн захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч хэн аль нь шүүхэд ирүүлээгүй тул 26 га газрыг "М-А" ХХК-д эзэмшүүлсэн захирамж гарсан эсэх тодорхойгүй, Засаг даргын захирамжаар газар эзэмших эрх олгогдоогүй байхад бичигдсэн хүчин төгөлдөр бус гэрчилгээтэй" гэжээ. Шүүхийн дээрх дүгнэлт нь хоорондоо логикгүй, бас хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт болж чадаагүй байна.

Тодруулбал, шүүх өөрөө "...26 га газрыг эзэмшүүлсэн захирамж гарсан, эсэх тодорхойгүй" гэжээ. Эндээс үзвэл шүүх ийм захирамж гаргасан эсэхийг өөрөө тогтоож чадаагүй гэсэн дүгнэлт юм. Гэтэл шүүх дараагийн өгүүлбэртээ "...захирамжаар газар эзэмших эрх олгогдоогүй байхад бичигдсэн хүчин төгөлдөр бус гэрчилгээтэй" гэсэн нь газар эзэмшүүлэх захирамж гараагүй байна гэсэн дүгнэлт юм.

Ийнхүү хоорондоо уялдаагүй дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэж байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй, хууль бус байна. Хариуцагч талаас шүүхэд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 154 дүгээр захирамжийг огт гараагүй гэсэн тайлбар хийгээгүй, ийм захирамж гаргасан болохыг нотлох баримтаар нотолж чадаагүй, харин ч тус байгууллагад хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан н.Нэргүй нь шүүхэд "2004 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 154 дүгээр захирамжийг гарсан, уг захирамжийн хуулбар хувийг хуулбарлан авч, захирамжийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг иргэдэд бүртгэж, олгож байсан" гэдэг тайлбар, мэдүүлгийг өгсөн байхад эдгээр байдалд огт дүгнэлт өгөөгүй байна.

Нөгөө талаас шүүх нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 154 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийг гаргаж өгөөгүй гэж дүгнэж байгаа нь илтэд хууль бус дүгнэлт юм.

Газар эзэмшигчид газар эзэмшүүлсэн захирамжийн эх хувь, эсхүл түүний нотариатаар баталгаажуулсан хувь нь хадгалагдах хууль зүйн үндэслэл байхгүй, иргэн, аж ахуйн нэгжээс уг захирамжийг шаардан авах эрх үүсч, үүрэг хүлээгээгүй, тэгээд Засаг даргаас иргэн, аж ахуйн нэгж бүрт гаргасан захирамжийг өгөх бололцоо байхгүй бодит хүчин зүйлүүд байдаг тул нэхэмжлэгчийг нотлох баримтаа гаргаж өгч чадаагүй гэж илтэд хууль бус дүгнэлт гаргасан байна.

Мөн түүнчлэн шүүхээс хариуцагч байгууллагын бичиг хэргийн архивд хийсэн үзлэгээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 154 дүгээр захирамж алга болсон буюу хадгалагдаагүй болох нь тогтоогдсон юм.

Ийнхүү захирамж архивт хадгалагдаагүй байгаа, эсхүл устаж байхгүй болсон байгаа нь "захирамж гаргаагүй" гэсэн ойлголт огт биш болно. Шүүхэд Сүхбаатар дүүргийн Засаг даргаас газар эзэмшүүлэхээр захирамж огт гараагүй гэдэг нь нотлох баримтаар нотлогдож, бүрэн тогтоогдсон бол шүүх ийнхүү дүгнэлт хийх боломжтой байхад захирамж байхгүй байгааг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь хууль ёсны дүгнэлт гэж үзэх үндэслэлгүй байна.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д заасны дагуу дүүргийн Засаг дарга "М-А" ХХК-д газар эзэмшүүлэх шийдвэрээ гаргасан боловч уг шийдвэрээ Архивын хэрэг хөтлөх журмын дагуу хадгалагдаагүй буруутай үйл ажиллагааны улмаас иргэн, аж ахуйн нэгж хохирох хууль зүйн үндэслэл байхгүй бөгөөд захирамж байхгүй болсон боловч "М-А" ХХК нь газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ болон газрын баталгаат хэмжээ тогтоосон актаар газрыг эзэмшиж байгаа Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т заасанд нийцсэн буюу газрыг хууль ёсоор эзэмшигч мөн болно.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Газрын тухай хуулийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5, 27 дугаар зүйлийн 27.1-т заасныг хэрэглэж дүгнэлт хийгээгүй нь шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна.

Шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын ноцтой зөрчсөн тухайд:

"М-А" ХХК нь 2007 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан энэхүү газрын асуудлаар Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, энэхүү захиргааны хэрэгт талууд эвлэрснийг үндэслэн Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2007 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 235 дугаар захирамжаар баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн билээ.

Уг захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн Засаг дарга "М-А" ХХК-ийн хүүхдийн амралтын "Д" зуслангийн эзэмшил 26 га газрын орчны эрүүл ахуй халдвар хамгааллын бүс дэх 500 метр хүртэлх ойн сан бүхий газарт 2008 оны 05 сарын 01-ний өдрөөс хойш бусад иргэд аж ахуй нэгж байгууллагад газар олгохгүй, эзэмшүүлж, ашиглуулахгүй байх" үүргийг хүлээхээр тогтсон болно.

Энэхүү эвлэрлийг баталсан захирамжийг гарах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 43 дугаар зүйлийн 43.3-т "Нэхэмжлэгч, хариуцагч хоёрын эвлэрсэн нь хуульд харшлаагүй, ... нь тогтоогдвол шүүгч эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргаж, ... шийдвэрлэнэ" гэж заасан тул шүүгч уг эвлэрлийг батлахдаа эвлэрэл нь хуульд нийцсэн эсэхийг шалгаж, дүгнэлт өгч шийдвэрлэсэн ба энэхүү хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй байхыг хуульчлан тогтоосон байдаг.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т "Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийд болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй" гэж заасан.

Эвлэрлийг баталсан шүүгчийн захирамж нь одоо хуулийн хүчин төгөлдөр байгаа бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх хуулийн хүчин чадал бүхий эрх зүйн баримт бичиг мөн ба Эвлэрлийн гэрээний 3.1.1-д зааснаар болон Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2007 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 235 дугаар захирамжид дүгнэснээр "М-А" ХХК-ийг Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Шарга морьтын амны төгсгөлд хүүхдийн амралт, зуслангийн зориулалтаар 26 га газар эзэмшигч болохыг хүлээн зөвшөөрч, тогтоосон байхад анхан шатны шүүх энэхүү хэргийг хянан шийдвэрлэхдээ эдгээр үйл баримтад дүгнэлт өгөхгүй, нотлох баримтыг буруу үнэлж хэргийг шийдвэрлэсэн байна.

Газрын тухай хуулийн 20, 21 дүгээр зүйлд Засаг даргын эрх хэмжээг, харин 23 дугаар зүйлд Газрын албаны эрх хэмжээг тус тус хуульчилж өгснөөс харвал эдгээр албан тушаалтан хоорондоо ялгаатай эрх хэмжээтэй субъектүүд билээ.

Энэхүү маргаанд нэхэмжлэгч нь дүүргийн Газрын албыг хариуцагчаар тодорхойлсон тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Газрын албаны эрх хэмжээний хүрээнд тайлбар гаргах эрхтэй.

Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дүүргийн Засаг даргын эрх хэмжээний асуудлаар тайлбар хийсэн буюу Засаг даргын өмнөөс "Засаг даргын захирамжаар газар эзэмших эрх олгоогүй байхад бичигдсэн хүчин төгөлдөр бус гэрчилгээ" гэсэн тайлбарыг хийж байхад шүүх энэ байдлыг хараагүй, тэгээд ч энэхүү тайлбар нь бусад нотлох баримтаар няцаагдаж байхад нэг талын тайлбарыг дангаар нь нотлох баримтаар үнэлж байгаа нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитой үнэлэх зарчмыг алдагдуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзэхэд захиргааны хэргийн шатны шүүхийн шийдвэр нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг удаа дараа зөрчсөн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-д заасны дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан нотлох баримт цуглуулах үүргээ хангалтгүй биелүүлснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “М-А” ХХК шүүхэд “2004 оны газар эзэмшүүлэх гэрээ, Газар эзэмших эрхийн 0046464 дугаартай гэрчилгээ, Газрын баталгаажсан хэмжээ тогтоосон актад заасан 26 га хэмжээгээр зөвтгөн газрын кадастрын мэдээллийн санд оруулахыг Сүхбаатар дүүргийн газрын албанд даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч компанид газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Засаг даргын захирамж байхгүй учраас дээрх 2004 оны газар эзэмшүүлэх гэрээ, 0046464 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээ нь хууль журмын дагуу олгогдсон гэж үзэх боломжгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай болжээ.

Учир нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 154 дүгээр захирамжийн 1 дэх заалтаар “Амины хэрэгцээнд газар эзэмших болон эзэмшигчийн нэр шилжүүлэх хүсэлтээ ирүүлсэн нэгдүгээр хавсралтад дурдагдсан 163 иргэнд газар эзэмшүүлэхээр олгосугай”, 2 дахь заалтаар “Зуслангийн зориулалтаар газар эзэмших болон ашигч, эзэмшигчийн нэрийг шилжүүлэх газраа баталгаажуулах хүсэлтээ ирүүлсэн хоёрдугаар хавсралтад дурдагдсан нэр бүхий 905 иргэнд газар эзэмшүүлэхээр олгосугай” гэж зааснаас үзэхэд уг захирамжаар дан ганц “М-А” ХХК-д газар эзэмшүүлээгүй болох нь харагдаж байна. Үүнээс гадна хариуцагчийн төлөөлөгч уг захирамж анхнаасаа гараагүй гэж маргаагүй, харин нэхэмжлэгч “М-А” ХХК-д эзэмшүүлсэн гэх газрын хэмжээг “26 га” гэдгийг хүлээн зөвшөөрөлгүй маргажээ.

Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Шүүхээс хариуцагч байгууллагын бичиг хэргийн архивт хийсэн үзлэгээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 154 дүгээр захирамж алга болсон буюу хадгалагдаагүй болох нь тогтоогдсон болохоос уг захирамж огт гараагүй гэдэг ойлголт биш” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Гэвч шүүхээс 2004 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт хуулийн зөвлөх, ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан А.Н-г гэрчээр асуухад “... би уг 4 аж ахуйн нэгжийн материалыг судлан үзэхэд “М-А” ХХК нь “Д” зуслангийн газрыг худалдаж авсан хэмжээ 26 га газар байсан ... Засаг даргын захирамж хууль ёсны дагуу гарсан” гэх боловч дээрх 154 дүгээр захирамжийн эх хувь олдоогүй, хэрэгт авагдсан газар зохион байгуулагч Л.Батаагийн үйлдсэн баталгаат хэмжээ тогтоосон акт[1][1] болон байршлын зураглалд[2][2] 26 га газарт нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газар орсон, мөн нэхэмжлэгчийн худалдан авсан гэх объектууд байрлаагүй, ойн сан бүхий газар, усны эх үүсвэр гүний худгууд орсон, нэхэмжлэгчийн ирүүлсэн план[3][3] зурагт бусдын эзэмшиж ашиглаж байгаа газар болон гүний худгийг оруулалгүй зураглал үйлдэж ирүүлсэн гэх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мөн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар хэвлэсэн кадастрын зурагт[4][4] газрын хэмжээ 117289 м.кв гэж тусгагдсан зэргээс үзэхэд 26 га /хэмжээ болон байршил зөрүүтэй/ газрыг хууль ёсоор эзэмшүүлсэн эсэх нь эргэлзээтэй байх тул хариуцагч Газрын албанд кадастрын мэдээллийн санд оруулахыг шууд даалгах нэхэмжлэлийг хангах боломжгүй байна.

Иймд дээрх эргэлзээтэй нөхцөл байдлуудыг тодруулсны дараа нэхэмжлэлийг шийдвэрлэх шаардлагатай байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0126 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар нэхэмжлэгч “М-А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О-гийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилж төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогоос буцаан олгосугай

                   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ