Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 675

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ш.Баянмөнхөд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Д.Дэлгэрмаа,

Ялтан Ш.Баянмөнх, түүний өмгөөлөгч Б.Зулбаяр, М.Батболд,  

Хохирогч Б.Хангалын өмгөөлөгч Д.Туяа,

Нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, шүүгч С.Батгэрэл, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 114 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ш.Баянмөнх, түүний өмгөөлөгч Б.Зулбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ш.Баянмөнхөд холбогдох 201525031198 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Олдох овогт Шатарын Баянмөнх, 1985 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Дундговь аймгийн Хулд суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ "Н" ХХК-ийн "Доргио" бааранд хамгаалалтын туслах ажилтанаар ажиллаж байсан, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 16а дугаар гудамжны 451б тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар /ЗМ85062310/.

 

Ш.Баянмөнх нь 2015 оны 8 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Доргио" баарны гадаа Б.Хангалын хэвлийн тус газар цохиж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ш.Баянмөнхөд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ш.Баянмөнхийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Баянмөнхийг 3 (гурав) жил 5 (тав) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсгийг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар Ш.Баянмөнхөд оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч "Н" ХХК-иас 985.000 (есөн зуун наян таван мянга) төгрөг гаргуулан хохирогч Боржигон овогт Батсайханы Хангал (РД:УХ88110813)-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Ялтан Ш.Батмөнх гаргасан давж заалдах гомдолдоо: “...2015 оны 8 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө хамгаалагчаар ажиллаж байхад 2-3 залуу зодоон маргаан үүсгээд байна гээд хамгаалагч Түвшин, Энхбат нар гаргасан боловч буцаж орох гэж дайрсан. Би өөрийн үүргийн дагуу оруулахгүй байсан. Хамгаалагч Түвшин бид хоёр Ганзориг болон Мэргэн гэх залуусыг баарнаас гаргахад гадаа олон хүн байсан. Баар луу орно гэж Мэргэн хамгаалагч Баатарболдын араас зууралдан бооход нь Баатарболд үүрч унагаасан боловч найз Ганзориг нь мөн дайрахад нь Баатарболд хавсарч унагаахад, би очиж салгасан. Хамгаалагч Баатарболд болон гэрч Ганзориг нар нь энэ тухай шүүх хуралдаан дээр тодорхой хэлсэн. Газар унасан гар утас Мэргэний утас байсныг авч өгөөд хажуугаас ирсэн Дэлгэр гэх залууд “найз нарыгаа аваад явчих аа” гэж хэлээд салцгаасны дараа хамгаалагч Түвшин орж ирээд “тэд хойшоо явчихлаа” гэсэн. Тэр явдлаас хойш 30 орчим хоногийн дараа ажлаа хийж байтал Чингэлтэй дүүргийн цагдаагийн дэслэгч Шинэболд дуудсан. Хэргийн тухай хэлж мэдүүлэг авсны дараа 20 гаруй хоногийн дараа дуудаж яллагдагчаар мэдүүлэг өг гэсэн. Би өөрийгөө хамгаалах нотлох баримт бүрдүүлж чадаагүй учраас өмгөөлөгчтэй хамт мэдүүлэг өгнө гэдгээ хэлсэн. Гэтэл таниулах ажиллагаа гэдгийг хийгээд шууд прокуророор луу шилжүүлсэн. Тухайн өдөр болсон явдлын талаар тодорхой үнэн зөв мэдүүлсэн бөгөөд хэргийг тал бүрээс нь шалгаж, үнэн зөвийг олно гэж дэслэгч Гантулга болон прокурор Нямсүрэнд бүрэн итгэж байсан. Гэтэл яамны камерт бүх зүйл тодорхой байгаа гэж итгэж байсан учир камер шалгуулах хүсэлт тавьсан. Гэвч хүлээж аваагүй. Ажлын хяналтын камераас утсандаа хуулж авсан бичлэгээ цагдаагийн дэслэгч Шинэтулга надад үзүүлж байсан боловч энэ бичлэг хэрэгт авагдаагүй. Энэ бичлэгт хохирогч Хангалын тухайн үеийг харуулсан анхаарал татахуйц бичлэг байсан. Түвшингээс мэдүүлэг авах хүсэлт тавьсан ч хүлээж аваагүй. Зөвхөн хохирогчийн мэдүүлгийг нотлох баримт болгосон. Энэ нь миний эрх зүйн байдлыг дордуулж байна гэж үзэж байна. Миний хувьд ямар нэгэн гэмт санаа агуулаагүй, хүн цохиж зодсон асуудал гаргаагүй. Өөрийн гэрээнд заасан ажлаа хийж байсан. Хэрэв тэдгээр залуусыг манай ажилчид баарнаас гаргаагүй бол ямар нэгэн хэрэг зөрчил гарах байсанд эргэлздэггүй. Иймд тухайн үеийн нөхцөл байдал болон бусад шалтгааныг тал бүрээс нь нарийн шалгаж, бодит байдлыг анхааран, үнэн зөв шийдвэр гаргана гэдэгт итгэж байна” гэжээ.

 

Ялтан Ш.Баянмөнх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэмж хэлэх тайлбаргүй” гэв.

 

Ялтны өмгөөлөгч Б.Зулбаяр гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн. Тухайлбал, мөрдөн байцаалтын шатанд холбогдогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарлах замаар хэргийг шалгасан. Энэ дараах баримтуудаар тогтоогдоно. Үүнд: Уг хэргийг 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр анхан шатны шүүхээр хянан хэлэлцээд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийхээр буцаасан. Анхан шатны шүүхээс буцаасан тогтоолд /хх-210 дугаар хуудас/ "...яллагдагчид хэргийн материал танилцуулсаны дараа түүнийг яллагдагчаар байцаасан нь мөн хууль зөрчсөн" гэж дүгнэсэн. Гэтэл Ш.Баянмөнхөд холбогдох хэргийг 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтанд буцсанаас хойш уг хэрэгт Баянмөнхийг яллагдагчаар байцаагаагүй төдийгүй уг хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагч 2015 оны 11 дүгээр сарын 15 гэсэн огноотой тэмдэглэл /хх-220 дугаар хуудас/ хөтөлж, Очирбалын Дагва гэх хүнийг гэрчээр асуусан баримт хэрэгт хавсаргаж хэргийг аль нэг талд танилцуулалгүйгээр 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдөр прокурорт шилжүүлсэн байдаг. Энэ хугацаанд Ш.Баянмөнхийг дуудаагүй төдийгүй цагдаагийн хэлтэст удаа дараа очиход хэргийг шалгаж байгаа гэх мөрдөн байцаагч Ш.Шинэтулга нь өвчтэй, чөлөөтэй, урлагийн үзлэгт бэлтгэж байгаа гэх шалтгаанаар ажил дээрээ байдаггүй байсан. Тэгсэн мөртлөө Ш.Шинэтулга гэдэг мөрдөн байцаагчийн бусад шалгаж байгаа хэргүүд өөр байцаагчид шилжсэн байсан нь ойлгомжгүй байдаг байсан. Ингээд уг хэргийг прокуророос 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааж, мөрдөн байцаагч Э.Уянга гэх хүн хүлээж аваад хохирогчоор тогтоогдсон Хангалыг дахин байцаагаад, мэдүүлгийг нь газар дээр нь шалгах ажиллагааг хийсэн байдаг. Ингээд мөн л Ш.Баянмөнхийг мөрдөн байцаалт явуулах хууль ёсны хугацаанд ял сонсгож, байцаалт авалгүйгээр гэнэт прокурор луу шилжүүлсэн. Энэ талаар өмгөөлөгчөөс хяналт тавьж байгаа прокурор болон дээд шатны прокурорт "Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд гарч байгаа зөрчлийг арилгуулж, яллагдагчийн хуульд заасан эрх үүргээ эдлэх боломжоор хангаж өгөх тухай" хүсэлтийг гаргаж байсан боловч хүсэлт гомдлыг хүлээж аваагүй. Энэ нь мөн өмгөөлөгч миний Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 92 дугаар зүйлд заасны дагуу хууль зүйн туслалцаа үзүүлэхэд шаардлагатай нотлох баримтыг цуглуулах талаар хүсэлт гаргах, түүнийгээ шалгуулан хавтаст хэрэгт тусгуулах эрхээ эдлэх боломжийг шууд хязгаарласан үйлдэл болсон. Учир нь энэ хэрэгт зайлшгүй асуувал зохих тухайн хэрэг учрал болсон гэх үед байсан Энхтүвшинг гэрчээр асуулгах, элэгний нарийн мэргэжлийн эмч оролцсон гурваас доошгүй шинжээч бүхий шинжилгээний хэсгээр дахин дүгнэлтийг хохирогч Хангалын өвчтний түүх болон шинжилгээний хариу зэрэг материалуудад дүн шинжилгээ хийлгүүлэх шаардлагатай байсан.

Дүгнэлтэнд ноцтойгоор нөлөөлж болох байдлыг шүүх анхаараагүй, дүгнэлтэнд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг авч бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй. Тухайлбал, уг хэрэгт гэрчээр асуугдсан тухайн үед Ш.Баянмөнхийн хажууд байсан цорын ганц гэрч М.Цэрэннадмид нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхдөө "сэжигтэн Баянмөнхийн үйлдэл болгоныг харж байсан, хохирогчийг огт цохиогүй" гэдэг. Энэ нь хохирогч Хангалын мэдүүлэгтэй зөрдөг. Түүнчлэн хохирогч Хангал шүүхийн хэлэлцүүлэгт намайг Доргио баарны үүдэнд, нэг бол шатны хажууд хэвлий рүү цохисон гэдэг. Энэ талаар шүүхийн 150 дугаартай, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан тогтоолд дурьдсан байдаг. Гэтэл үүнээс хойш 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлгийг газар дээр шалгах ажиллагааны тэмдэглэлд тусгасан фото зургаар хохирогчийг баарны үүдэнд биш өөр албан газрын үүдэнд цохиулсан гэж заасан байдаг нь анхаарал татдаг.

Шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн тогтоолд "Тухайн үед Доргио баарны гадна талд Ш.Баянмөнх нь Б.Хангалыг цохиж байхыг харсан гэрч байхгүй буюу хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг нотолж чадахгүй байна" гэсэн байдаг. Гэтэл уг хэрэг нэмэлт мөрдөн байцаалтанд буцсанаас хойш хэрэгт цагаатгах болон яллах талын нотлох баримт цуглуулах шаардлагатай ажиллагаа огт хийгдээгүй.

Хэрэгт зайлшгүй хийвэл цохих ажиллагаа хийгдээгүй. Уг хэрэгт шинжээчийн дүгнэлтийг “Люкс мед” эмнэлгийн компьютер томографийн эмнэлгийн эмчийн дүгнэлтэнд /хх-22 дугаар хуудас/ үндэслэн гэмтлийн хүнд зэрэг тогтоосон байдаг. Гэтэл уг компьютерт томографийн дүрс авсан сиди-г хэрэгт хавсаргаагүй. Харин шинжээч эмч байцаасан тэмдэглэлд /хх-69 дүгээр хуудас/ "уг гэмтлийг авсан хүн хэвийн байдалд байх хугацааг тогтоох боломжгүй. Элэг няцарсан үед байнга өвдөлт мэдрэгдэнэ, ...хэвлийн хөндийг цус алдалт байхгүй учир удаан хугацаанд эмнэлгийн тусламж авахгүйгээр явах боломжтой" гэж мэдүүлсэн боловч хавтаст хэрэгт авагдсан эмнэлгийн баримтуудаар хэвлийн хөндийд сул шингэнтэй байсан учир хатгалт хийхэд хуучин цус гарсан байдаг. Энэ цус алдсан гэж үзэхээр байдаг. Ер нь анагаахын шинжлэх ухаанд 10.5х3.2х2.6 хэмжээтэй элэгний няцрал нь хүнийг шууд шокийн байдалд оруулдаг. Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэв.

 

Ялтны өмгөөлөгч М.Батболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мөрдөн байцаалтаар гэмт хэрэг гарах болсон шалтгаан, нөхцлийг тогтоогоогүй. Яллагдагчийг өмгөөлүүлэх эрхээр хангалгүйгээр хэргийг прокурорт шилжүүлсэн. Тухайн үед Мэргэн, Дэлгэр, Б.Хангал нар нилээд согтсон байсан. Бааранд байсан Энхболд, Чинзориг, Түвшин гэх хамгаалагч нар болон Мэргэнтэй хамт байсан Нямдорж гэх эмэгтэйгээс гэрчийн мэдүүлэг авч гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг тогтоох хэрэгтэй. Анхан шатны шүүхээс мэдүүлгийг газар дээр нь шалгах чиглэл өгсөн. Учир нь хохирогч Б.Хангал нь гэмт хэрэг баарны гадна эсхүл дотор болсон талаар зөрүүтэй мэдүүлж, гэмт хэрэг гарсан газрыг зааж чаддаггүй. Гэрч Цэрэннадмид “би тухайн үед Г.Баянмөнхийн бүх үйлдлийг харж байсан. Г.Баянмөнх хэнд ч гэмтэл учруулаагүй. Б.Хангалд гар хүрээгүй” гэж хэлдэг. Тиймээс хохирогч Б.Хангал, гэрч Цэрэннадмид нарыг нүүрэлдүүлэн байцаах хэрэгтэй. Мөн гэмт хэрэг хаана үйлдэгдсэнийг тогтоохын тулд гэрч Цэрэннадмид, хохирогч Б.Хангал нарыг шүүх хуралдаанд оролцуулах ёстой байсан. Тиймээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Д.Туяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ш.Баянмөнх нь хавтаст хэрэгтэй танилцаагүй гэж байна. Гэтэл хавтаст хэрэгт 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хавтаст хэрэгтэй танилцсан гээд Г.Баянмөнх гарын үсэг зурсан байдаг. Мөн яллагдагчаар мэдүүлэг аваагүй гэж байна. Яллагдагчаар татаж, мэдүүлэг авахгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлэхгүй. Харин хэргийг мөрдөн байцаалтад буцаахад заавал дахин яллагдагчаар татаж мэдүүлэг авах хэрэггүй. Өөрөөр хэлбэл, анх сонсгосон ял нь өөрчлөгдөхгүй бол дахиж ял сонсгож, мэдүүлэг авах шаардлагагүй. Гэрч Цэрэннадмидаас мэдүүлэг авах хэрэгтэй гэж байна. Гэтэл гэрч Цэрэннадмид нь “Доргио” баарны хамгаалалтын албаны ахлах. Гэрч нар “тухайн үед баарны хамгаалагч нар хүмүүсийг зодож байхад Цэрэннадмид хараад зогсоод байсан” гэж хэлдэг. Тиймээс Цэрэннадмидын хувьд гэмт хэргийг эс үйлдэхүйгээр дэмжсэн гэж үзэж байна. Хохирогч өөрийн мэдүүлгийн эх сурвалжийг заагаад өөрийг нь зодсон хүнийг таньсан. Дахин шинжээч томилж, дүгнэлт гаргуулах хуулийн үндэслэл байхгүй. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Ш.Баянмөнх нь ямар ч шалтгаангүйгээр хохирогчийг зодож, танхайрах явцдаа биед нь хүнд зэргийн гэмтэл учруулан нийлмэл гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна” гэв.

 

Прокурор Д.Дэлгэрмаа тус шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “Давж заалдах гомдолд камерын бичлэгийг нотлох баримтаар аваагүй гэж байна. Камерын бичлэгийг авахаар албан тоот явуулсан боловч “тухайн үеийн бичлэг байхгүй” гэх хариу ирсэн. Үнэхээр тухайн үеийн камерын бичлэг байсан бол Ш.Баянмөнх нь өөрийнхөө төлөө бичлэгийг авч ирээд нотлох баримтаар өгөх боломжтой байсан. Хавтаст хэрэгт шаардлагатай бүхий л гэрчээс мэдүүлэг авсан байдаг. Түвшин гэх гэрч хэргийн газарт байсан гэдэг боловч энэ талаар мөрдөн байцаалтад огт дурдаж шалгуулаагүй. Тиймээс гэрч Түвшингээс мэдүүлэг авах нь хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах үндэслэл болохгүй. Мөн шинжээч “хохирогчийн биед учирсан гэмтэл нь хүнд зэргийн гэмтэл” гэж дүгнэсэн тул дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Ш.Баянмөнхөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллагдагчаар татаж, улмаар түүнээс яллагдагчаар мэдүүлэг авахад “...би өмгөөлөгч авна, одоо өмгөөлөгчгүй байцаалт өгөхгүй...”  /1 дүгээр хавтас, хуудас 54/ гэснээр мэдүүлэг авах ажиллагааг хойшлуулсан байна.

 

Ингээд мөрдөн байцаалтын шатанд Ш.Баянмөнхөөс дахин мэдүүлэг авалгүйгээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байгааг “Ш.Баянмөнхийг өмгөөлөгч авах эрхээр нь хангаагүй байна” гэж үзнэ.

 

Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн ...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах...”, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 3-ын (d)-д “Хүн бүр … өөрийгөө биечлэн өмгөөлөх буюу өөрийн сонгон авсан өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх…” эрхтэй гэж тус тус заажээ.

 

Түүнчлэн дээрх эрхийн талаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх…”, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.3 дахь заалтад “…өөрийгөө өмгөөлөх, энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу өмгөөлөгч авах…” гэж тус тус баталгаажуулан хуульчилжээ.

Гэтэл мөрдөн байцаалтын шатанд Ш.Баянмөнх өмгөөлөгч авч, өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгөх талаар илэрхийлсэн байхад өмгөөлөгч оролцуулан мэдүүлэг авалгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байгааг мөрдөн байцаалтын шатанд яллагдагчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж, байцаан шийтгэх ажиллагаа явуулсан гэж үзнэ.

 

Ш.Баянмөнхийн Үндсэн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан өмгөөлөгч авах, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхийг нь эдлүүлж, байцаан шийтгэх ажиллагаа явуулсны дараа гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг цуглуулах, шалгах ажиллгааг хийх нь Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зорилтод нийцэх тул шүүгдэгч Ш.Баянмөнхийн давж заалдах гомдолд дурдсан “… Ажлын хяналтын камераас утсандаа хуулж авсан бичлэгээ цагдаагийн дэслэгч Шинэтулга надад үзүүлж байсан боловч энэ бичлэг хэрэгт авагдаагүй. Энэ бичлэгт хохирогч Хангалын тухайн үеийг харуулсан анхаарал татахуйц бичлэг байсан. Түвшингээс мэдүүлэг авах хүсэлт тавьсан ч хүлээж аваагүй. …” гэх нөхцөл байдлыг шалгах ажиллагааг явуулах нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан хэрэглэх нөхцөл нь гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан байхыг шаарддаг бөгөөд энэ нөхцөл хангагдаагүй байхад хэрэглэх нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх тул анхан шатны шүүх цаашид анхаарвал зохино.

 

Өмгөөлөгч нар нь давж заалдах гомдолд дурдсан мөрдөн байцаалтын ажиллагаатай холбоотой санал, хүсэлтээ мөрдөн байцаалтын шатанд гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 114 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ш.Баянмөнхөд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр мөн шүүхээр дамжуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцаасугай.

 

2. Хэргийг прокурорт очтол Ш.Баянмөнхөд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

            ШҮҮГЧИД                                               Д.ОЧМАНДАХ

 

                                                                                Т.ӨСӨХБАЯР