Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 0035

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,

нарийн бичгийн дарга: Л.Энхбаяр

улсын яллагч: Н.Хэрлэнчимэг

шүүгдэгчийн   өмгөөлөгч: С.Пүрэвдорж

шүүгдэгч    Э.Баттулга нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй  хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2  дах хэсэгт заасан гэмт хэрэгт Шинэ хошуу овогт Элбэгийн  Баттулгад  холбогдуулж яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн  201625011073 дугаартай  эрүүгийн хэргийг  2016 оны 6 дугаар сарын 13-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Шинэ хошуу овогт Элбэгийн  Баттулга ,  1982 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй,   бүрэн бус  дунд боловсролтой, барилгын өрлөгчин  мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 8, эцэг, эх, эхнэр,  4 хүүхдийн хамт Завхан аймгийн Алдархаан сумын Өлзийт багийн Өгөөмөр хэсгийн 2-1 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,

1.2001 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Завхан аймгийн шүүхийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 1231 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар 2 жил хорих ял, 134 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 50.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 1231 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ялд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ял, мөн хуулийн 134 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 50.000 төгрөгөөр торгох ялыг тус тус багтаан бүгд биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар хорих ял, уг хорих ялыг Хөвсгөл аймаг дах хорих 443 дугаар ангид эдлэж байгаад 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Хөвсгөл аймгийн сум дундын шүүхийн 75 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 8 сар 19 хоногийн хугацаагаар хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж байсан,

2.2008 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Завхан аймгийн сум дундын нэгдүгээр шүүхийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дах хэсэгт зааснаар 80.000 төгрөгийн үнэ бүхий зурагтыг хураан улсын орлогод оруулан 5 жил 01 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дах хэсэгт зааснар 5 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Э.Баттулгад Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дах хэсэгт зааснаар оногдуулсан 80.000 төгрөгийн үнэ бүхий зурагтыг хураан улсын орлогод оруулан 5 жил 01 сарын хугацаагаар хорих ялд  мөн хуулийн  тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дах хэсэгт зааснаар 5 жил 01 сарын хугацаагаар хорих ялын зарим болох нэг жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн бүгд бичлэн эдлэх ялыг 6 жил 01 сарын хугацаагаар тогтоосон, уг хорих ялыг Мааньт дахь хорих 415 дугаар ангид эдлэж байгаад 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Төв аймаг дахь сум дундын нэгдүгээр  шүүхийн 54 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 8 сарын хугацаагаар хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж байсан,

3.2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн  Завхан аймгийн сум дундын нэгдүгээр шүүхийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 14 инчийн Хятад улсад үйлдвэрлэсэн IDBHTV маркийн зурагтыг хурааж 6 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар баривчлах ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн бүгд биечлэн эдлэх ялыг 1/ нэг/ жилийн хугацаагаар тогтоосон, уг хорих ялыг Хөвсгөл аймаг дах хорих ангид эдлэсэн,

4.2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Завхан аймгийн сум дундын 12 дугаар шүүхийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 57, 58 дугаар зүйлийн 57.1,58.1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялыг багтааж бүгд биечлэн эдлэх ялыг 3 жил 10 хоногийн хугацаагаар тогтоосон, уг хорих ялыг Хөвсгөл аймаг дахь хорих 443 дугаар ангид биеэр эдлэж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 6 дугаартай шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай  парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2  жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хассан байна.  РД: ИЮ82061974

Холбогдсон хэргийн талаар:

          Э.Баттулга нь ялтай байхдаа давтан үйлдлээр 2016 оны 3 дугаар сарын  14-ний өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны Хоршоололын 07-01 тоотод оршин суух Т.Цогтбаярын ажлын байранд нэвтрэн орж мужааны багаж хэрэгслийг хулгайлан авч 1.535.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

         Шүүгдэгч  Э.Баттулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

         Шүүгдэгч  Э.Баттулга   мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би уг багажуудыг авахдаа Цогтбаярт урьдчилан хэлээгүй,би нийт 8 ширхэг багаж авсан.Намайг багажнуудыг зарах гээд зогсож байхад салгаж авъя гэсэн хүмүүс байсан…..Завхан аймаг явах замын зардал хийгээд хоол унд идэж уугаад дууссан.Би тухайн үед ганцаараа байсан гэжээ. /хх-ийн 40-41/

         Хохирогч Т.Цогтбаяр  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ : 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр миний ажиллуулдаг мужаан цехэд хулгайч орж ажлын багаж болон суурин хөрөө харуул,градустай тайрагч,кейны том тасдагч,кейны том жижиг призер,кейны цахилгаан жижиг гар дрилл зэрэг алдагдсан юм.Би алдсан эд зүйлээ асууж гэрийнхээ орчмоор явахад 37-29 УНИ улсын дугаартай ногоон өнгийн Приус-11 маркийн автомашины жолоооч одоогоос нэг цагийн өмнө эндээс канттай хар өнгийн куртиктэй,орос хромон гуталтай,өтгөн хөмсөгтэй залуу таны хэлсэн зүйлсийг би эндээс багаажаа аваачиж зарах гэж байгаа юм гээд жижиг багажнуудыг ачаад явсан байсан.Тэгээд удалгүй 26-86 усын дугаартай амьжиргаа цагааны жолооч Баттулга гэх хүнтэй ирж миний суурин хөрөө харуулыг ачаад Цайз зах дээр зогсдог Сүхбат гэдэг хүнд зарсан байсан.Хүмүүсийн надад хэлснээр бол миний багажийг хулгай хийсэн хүн манай нутгийн залуу болох Элбэгийн Баттулга гэх хүн болох нь тогтоогдсон.Тэр хүн Улаанбаатар хотод байх айл байхгүй гээд манайд ирээд 5-6 хоносон юм.Хулгай хийхийн өмнөх өдөр манайд архи уучихсан ирээд гэрт шүлсээ хаяад байхаар нь би хөөгөөд явуулчихсан байсан гэжээ. /хх-ийн 15-16/

         Иргэний нэхэмжлэгч Сүхбат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би энэ өдөр ажил дээрээ 12 цагийн орчим ирээд байж байхад мужааны ажлын багаж зарна гээд үл таних жижигхэн бор залуу ирчихсэн байж байсан.Тэгэхээр нь би тэр залуугаас ямар үнэтэй вэ гэтэл 500.000 төгрөг гэсэн.Тэгэхээр нь би 350.000 төгрөгөөр авъя гэтэл тэр залуу дээрээс нь нэмж нэг шил архи авч өг гэхээр нь би тэгвэл авахгүй гэтэл …….тэр залуу ав гэхээр нь би бэлэн 350.000 төгрөгийг тэр залууд тоолж өгөөд уг багажнуудыг авсан.Би тэр залуугаас хужаа ногоон хөрөө,жижиг гар дрилл болон 4-5 төрлийн багаж авсан…..миний зүгээс багаж худалдаж авсан 350.000 төгрөгөө нэхэмжилнэ гэжээ. /хх-ийн 14-17/        

        Гэрч Т.Баттулга мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Э.Баттулга намайг дагуулаад Цогтбаярынд аваачиж цуг оръё гэхээр нь би орохгүй гэтэл Батсүх,Баттулга нар хамт орчихоод буцаад гарч ирээд намайг хөрөө өргөлцөөд өг гэхээр нь би өргөхгүй,чи хүний юм авах гээд байгаа юм уу би наад хөрөөний чинь эзнийг танина гэтэл үгүй энэ миний хөрөө  түлхүүр нь энэ байна гээд надад түлхүүр харуулсан тэгээд тэр хоёр  буцаж ороод ногоон өнгөтэй суурин хөрөө харуул өргөж гарч ирээд миний машин дээр ачиж Цайз зах дээр очоод Сүхбат гэх хүнд 350.000 төгрөгөөр өгөөд надад тээвэрлэсний зардалд 10.000 төгрөг өгөөд явсан.Баттулгыг явсны дараа надад сэжигтэй санагдаж би Цогтбаярын утсыг олж залгаад болсон асуудлын талаар хэлж хөрөө чинь энд байна хурдан ир гэж хэлсэн.Хөрөөгөө зарж байхдаа тэр хэвийн хүмүүст нутаг явлаа гэж ярьж байсан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 22-23/       

       Гэрч Б.Батсүх  мөрдөн  байцаалтад мэдүүлэхдээ: Надтай хамт очихдоо хөрөө рам авсан.Өөр зүйл авсныг мэдээгүй.Надад хөлсөнд 5000 төгрөг өгөөд явсан,түүнээс хойш би дахиж таараагүй гэсэн мэдүүлэг. /хх-ийн 25/

       Гэрч Б.Баттулга мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Нарантуул зах дээр явж байхад зүс таних Сүхбат гэх хүн мужааны багаж хэрэгсэл аччихсан зогсож байхаар нь би зарах юм уу гэтэл тэр хүн үнэ тохирчихвол зарна гэхээр нь бид 2 ярилцаж байгаад би Сүхбатын ачиж явсан хужаа ногоон хөрөө, градустай хөрөө, гар цахилгаан харуул,призер,тасдагч, дрилл зэрэг багажнуудыг 400.000 төгрөгөөр аваад унааны хөлсөнд 10.000 төгрөг өгч гэртээ хүргүүлсэн.Сүхбатаас багаж авсан 400.000 төгрөгөө авсан гэсэн мэдүүлэг/ хх-ийн 26/ /хх-н 25/

       Гэрч Ш.Даваасүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Баттулга миний төрсөн хүү байгаа юм. Баттулга нь 1982 оны 6 дугаар сарын 19-нд Завхан аймгийн Алдархаан сумын Өгөөмөр бригадад төрсөн. Миний хүү бага насаа аав ээжийнхээ гар дээр өсөж өнгөрөөсөн. 8 дугаар ангиа төгсөөд ээж, аавын хамт мал маллаж байсан. Архи уугаагүй үедээ миний хүү бол хүнд тусархуу, найз нөхөдтэйгээ эвтэй, эелдэг харьдаг зантай, архи уухаараа л зан ааш нь эвдрээд хэрэг түвэг хийгээд байдаг юм. Хэрэг маргааныхаа талаар надад юу ч хэлээгүй би мэдээгүй. Би цагаан сараас хойш уулзаагүй байна. Баттулга хамгийн сүүлд гэрээсээ явахдаа гэрийнхээ тооноор орж өөрийнхөө хувцасыг аваад амбаараа эвдэж ороод мах хулгай хийж аваад явсан байсан. Үүнээс хойш уулзаагүй. Миний мэдэхийн малын хулгайн хэргээр 3 удаа ял шийтгүүлж байсан. Баттулгад өөрийн гэх өмч хөрөнгө байхгүй. Өвгөн бид хоёр ногоо тарьдаг жоохон газартай гэжээ.  /хх-н 26-27/

        2016.3.14-ний өдөр Т.Цогтбаярын өөрийн мужааны багажийг хулгайд алдсан талаар Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдлийн дагуу 2016     оны 3 дугаар сарын 25-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна/хх-н 1-9/

        Эд зүйлийн үнэлгээ /хх-н 10/ нийт 1.535.000 төгрөг гэж үнэлсэн байна.Үүнд: суурин хөрөө харуул- 850.000, Кейн брэндийн призер том-90.000, жижиг- 60.000, градустай тайрагч- 280.000 төгрөг, эргэдэг зүлгүүр /тасдагч/ - 90.000, водагийн харуул- 75.000, цохилттой дрилл- 90.000 төгрөг гэжээ.

        Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн баримт/ хх-н 11-12/

        Яллагдагчаар цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол /хх-н 28-32/      

        Э.Баттулгыг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнийг байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэлүүд /хх-н 33-40/,            

         Б.Төрбатын  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 41/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас:./хх-н 42/, захиргааны арга хэмжээ авагдаж байсан талаарх баримтууд /хх-н 43-45/, шийтгэх тогтоолуудын хуулбарууд /хх-н 53-83/ зэрэг болно.

         Э.Баттулга нь 2016 оны 3 дугаар сарын  14-ний өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны Хоршоололын 07-01 тоотод оршин суух Т.Цогтбаярын ажлын байранд нэвтрэн орж мужааны багаж хэрэгслийг хулгайлан авч 1.535.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон шүүгдэгчийн өөрийн хийсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

         Э.Баттулгад холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг орон байранд нэвтэрч давтан үйлдлээр үйлдсэн  гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн  145.2  дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дах хэсэгт заасан хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн  этгээд  үндсэн болон нэмэгдэл ялаа эдлэж  дууссанаас хойш 5 жилийн дотор шинээр гэмт хэрэг үйлдээгүй бол ялгүй болно гэсэн заалтаас үзэхэд Э.Баттулга нь 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Завхан аймгийн сум дундын 12 дугаар шүүхийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дах зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 57, 58 дугаар зүйлийн 57.1,58.1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дах зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялыг багтааж бүгд биечлэн эдлэх ялыг 3 жил 10 хоногийн хугацаагаар тогтоосон, уг хорих ялыг Хөвсгөл аймаг дахь хорих 443 дугаар ангид биеэр эдлэж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 6 дугаартай шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай  парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2  жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хассан байна. Харин ялтай байдал нь 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тоологдож байх хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн байна.Иймд прокуророос ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэнг давтан гэж үзсэн нь үндэслэлтэй байна гэж үзэв.

 Хохирогч Т.Цогтбаярт багажнуудыг худалдан авсан этгээдээс хураан авч хүлээлгэн өгсөн ба харин худалдан авсан этгээдэд 350.000 төгрөгийг нь шүүгдэгч бүрэн төлж барагдуулсан ба хохирогч иргэний нэхэмжлэгч нар цаашид нэмж нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3-д заасан гэм хорыг арилгасан, 55.1.9-д заасан үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр  шийдвэрлэв.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.12-д заасан ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн хүндрүүлэх нөхцөл тогтоогдож байгааг харгалзан үзэж хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдав.

Э.Баттулга нь  2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс энэ өдөр хүртэл 79  хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1,59.2 дах хэсэгт зааснаар хорих ял эдлэсэн хугцаанд оруулан тооцов. 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 290, 294, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.Шинэхошуу овогт Элбэгийн Баттулгыг бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг орон байранд нэвтэрч давтан үйлдлээр үйлдсэн  гэм буруутай болохыг тогтоосугай.

   2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн  145.2  дэх хэсэгт зааснаар Э. Баттулгаас эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял   шийтгэсүгэй.

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар Э.Баттулгад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйүийн 59.1,59.2 дах хэсэгт зааснаар Э.Баттулгын 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 79 хоногийг хорих ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцсугай.  

          5.Энэ  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдэж  ирсэн эд хөрөнгөгүй, Э.Баттулга бусдад төлөх төлбөргүй   болохыг тус тус дурьдсугай.

         6.Э.Баттулгад авсан  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж эдлүүлсүгэй.

          7.Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн тогтоолд  ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

  8.Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэйг дурьдсугай.

 9. Шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Баттулгад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ   авсугай.

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН