Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 215/МА2018/00016

 

Ч.Н-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ш.Б даргалж, шүүгч Ч.Э, Т.Ж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж даалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 292 дугаар шийдвэртэй,

 

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан баг, Өргөө, 12 дугаар байр, ... тоотод оршин суух Б овгийн Ч.Н-ын нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Говь-Алтай аймаг дахь МСҮТ холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажлаас чөлөөлсөн тушаал гарсан өдрөөс шүүх хуралдаан болох өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Ж-ы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.М, хариуцагчийн төлөөлөгч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Б нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ч.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон анхан шатны шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь МСҮТ 2007 оны 9 дүгээр сараас 2018 оны 03 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл ажилласан. Тус байгууллагын захирал Г.Г нь ажилд томилогдоод удаагүй байх хугацаандаа шинээр 9 хүн ажилд авсан. Энэ тооцоо төлөвлөлтгүй гэнэт нэмэгдсэн орон тооноос шалтгаалж, ийм олон хүн ажилд авсны сөрөг нөлөөгөөр хуучин ажиллаж байсан олон багшийн эрх зөрчигдөж, миний бие нь 2018 оны 03 дугаар сарын 6-ны өдөр ажлаасаа халагдсан. Мөн тус сургуулийн багш нар захирлын үйл ажиллагааг шүүмжилж, үйлдвэрчний эвлэлийн байгууллага, салбар яамандаа өргөх бичиг өгсөн. /10 дугаар сард/ Үүнд гарын үсэг зурсныхаа төлөө олон удаагийн дарамт шахалт амсаж, хууль бусаар гэнэт ажлаасаа халагдсан. Би ажиллах хугацаандаа ажил үүргийн болон ёс зүйн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Мөн надтай хамт ажлаас чөлөөлөгдсөн 2 багш болох Д.А, М.С нарыг түр чөлөөлсөн гэх шийдвэр гаргаж 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг сургуулиас төлөх хөнгөлөлт үзүүлсэн байна. Энэ асуудлыг удирдах албан тушаалтны ёс зүйн доголдол буюу ялгаварлан гадуурхах үзлийн илэрхийлэл гэж үзэж, миний бие гомдол гаргаж байна. Учир иймд МСҮТийн захирлын 2018 оны 03 дугаар сарын 6-ны өдрийн Б/05 дугаар тушаалыг хянан үзэж, ажилд эгүүлэн тогтоож, ажлаас чөлөөлсөн тушаал гарсан өдрөөс шүүх хуралдаан болох өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү. Мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх хүсэлтэй байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Н нь МСҮТ-д 2007 оны 9 дүгээр сараас эхлэн механизмын жолоодлогын дадлагын багшаар томилогдон 12 дахь жилдээ ажиллаж байгаад 2018 оны 03 дугаар сарын 6-ны өдөр ажлын ачаалалгүй гэдэг шалтгаанаар ажлаас халагдсан. Сургуульд ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. Сургуулийн захирлын шийдвэрийг хууль бус гэж үзэж байгаа учир ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн төлүүлэх, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Г.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус МСҮТийн Механизмын жолооны багш Ч.Н-ыг цагийн ачаалалгүй болсон тул 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр мэдэгдэл хүргүүлэн, 2018 оны 03 дугаар сарын 6-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалж, М ангиллын жолооны цагийн багшаар 2018 оны 03 дугаар сарын 9-ний өдрөөс томилсон юм. МСҮТийн захирал нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д заасан төсвийн шууд захирагчийн бүрэн эрхийн хүрээнд уг хуулийн 16.5, 16.5.3, 16.5.9 дэх хэсгийг үндэслэн Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2013 оны А/198/215 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн сургалтын ажлыг багц цагаар тооцох журам-ын 1.2-т заасны дагуу тухайн хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог МСҮТ-ийн захирал тогтоох бөгөөд захирлын 2017 оны А/72 дугаар тушаалаар МСҮТ-ийн 2017-2018 оны хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог батлан тогтоосон юм. Боловсрол соёл, шинжлэх ухааны яамнаас олгож, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас баталгаажуулсан /Сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл/-ийн хавсралт заасан мэргэжлүүд нь тус МСҮТийн үндсэн үйл ажиллагаа ба М ангиллын жолооны сургалт нь тус төвийн туслах үйл ажиллагаа юм. Нэхэмжлэгч Ч.Н нь М ангиллын жолооны курст багшлах эрхтэй ба энэ нь Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2, 18.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байгаа юм. МСҮТ-ийн 2017-2018 оны хичээлийн жилд ажиллах багшийн тоог тогтоохдоо Хөдөлмөрийн сайдын 2013 оны А/251 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн ур чадварын түвшин, ажлын ачаалал тогтоох журам-ын дагуу багшийн ур чадварын түвшин, ажлын ачааллыг тогтоож, ажлын ачааллыг гаргадаг болно. Механизмын жолооны багш Ч.Н нь дадлагажигч багш-аар ур чадварын түвшин тогтоогдсон ба жилийн гүйцэтгэх ёстой ажлын ачаалал нь танхимын 18 багц цаг /кредит/, танхимын бус 2 багц цаг буюу хичээлийн жилд нийт 900 цагийн ачаалалтай байх ёстойгоос Мэргэжлийн боловсрол сургалтын бодлого зохицуулалтын газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр баталсан Монгол улсын хэмжээнд мөрдөгдөх Хүнд машин механизмын оператор мэргэжлийн чадамжид суурилсан сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан М ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох дадлагын нийт 162 цаг буюу 2.85 багц цаг /кредит/ ачаалалтай байгаа учир цагийн багш болох үндэслэл болж байна. Багш Ч.Н нь 2017 оны хичээлийн жилийн 1 дүгээр улиралд /11, 12-р саруудад/ нийт 162 цаг буюу 2.85 багц цаг /кредит/ М ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох дадлага орсон ба 9, 10, 01, 02 саруудад нэг ч цагийн хичээл заагаагүй боловч цалингаа бүрэн авч байсан. /Ч.Н нь өөрөө цагийн багш болохыг зөвшөөрч 01 дүгээр сарыг дуустал цалингаа бүтэн авах хүсэлт гаргасан/ МСҮТ нь нэг суралцагчид ногдох хувьсах зардлаар санхүүждэг юм. Засгийн газрын 2012 оны 94 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан Мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж норматив-аар Говь-Алтай аймагт нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж норматив 591.600 төгрөг байна. Тус МСҮТийн 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлт харьцангуй бага байгаа тул мэргэжлийн багш, ерөнхий эрдмийн багш нар цагийн ачаалалгүй буюу хичээлийн цаггүй болж байгаа ба 4 багш ажлаас чөлөөлөгдөж, 2 багш түр хугацаагаар ажлаас чөлөөлөгдөж байгаа болно. МСҮТийн 2017-2018 оны хичээлийн жилд /2018 оны 01 дүгээр сарын 4-ний өдрийн байдлаар нийт мэргэжлийн 19 ангид 201 суралцагч суралцаж байна. Тус сургалтын төвийн 2018 оны батлагдсан төсөвт суралцагчдын тоог 619 байхаар тооцсон юм. Нэхэмжлэгч Ч.Н нь 2007 оноос хойш МСҮТ-д механизмын жолоодлогын дадлагын багшаар ажиллах хугацаандаа сургалтын хөтөлбөр төлөвлөгөөний дагуу багц цагийн гүйцэтгэл хангаж ажилласан эсэх нь сүүлийн 4 жилийн хугацаанд дутуу гүйцэтгэлтэй явсан байдаг. Хичээлийн жилд 2 сарын хугацаанд цалинтай ажиллах боломж бололцоотой байгаа. Өмнөх жилүүдэд дутуу цагийн гүйцэтгэлээ жолооны М ангиллын дамжаа хичээллүүлэх журмаар нөхдөг байсан. Гэтэл М ангиллын жолооны курс манай үндсэн үйл ажиллагаа биш, манай туслах үйл ажиллагаа болоод явдаг тэгэхээр энэ хоёрын ялгаа зааг байх ёстой. Учир нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл авсан. Тухайн тусгай зөвшөөрөлд М ангиллын жолооны сургалт байхгүй. Тэгэхээр энэ нь тусгай гэрээгээр гүйцэтгэх ажил үүрэг байгаа. Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуулийн 18 дугаар зүйлд Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад ажиллах багшид тавих шаардлагыг зааж өгсөн. Бакалавраас дээш зэрэгтэй багшлах эрхтэй мэргэжлийн хүн байх ёстой гэж зааж өгсөн. Ч.Н багшийн тухайд багшлах эрх нь замын цагдаагийн газрын багшлах эрхээр зохицуулагдаад явж байгаа. Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуулиар зохицуулагдаад явж байгаа. Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын багшид тавигдах шаардлага багшийн нийгмийн баталгаа гэдэг дээр зөрчилтэй асуудал гардаг. Багш нарт өөрийгөө хөгжүүлэх тал дээр дутагдалтай зүйл харагддаг. Ч.Н багшийн өөртэй нь шууд хамааралтай зүйл биш сургалтын байгууллагын хувьд дотроо зохицуулах асуудал. Иймээс Ч.Н багшийг 2018 оны 03 дугаар сарын 6-ны өдөр ажлаас чөлөөлөөд 03 дугаар сарын 9-ний өдөр М ангиллын жолооны цагийн багшаар томилсон. Хүнд машин механизмын оператор мэргэжлийн ангид жолооны дадлага хөтөлбөрт заагдсан 36 цагийн хичээл 72 цагийн дадлага, М ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох 18 цагийн онолын цаг, 54 цаг дадлага нийтдээ 182 цагийн хичээлийг цагийн багшаар заагаад үлдсэн цагтаа М, болон А ангиллын жолооны багшаар ажиллаад ажиллах хугацаандаа жолооны төлбөр ашиг орлогоо зохицуулаад явахаар тохиролцсон. Өмнөх жилүүдэд жолооны курс ажиллуулах нь ашигтай байсан бол сүүлийн жилүүдэд ашиг багатай байгаа. Тракторын жолоочоор жилийн турш сургалт аваад явах боломж байхгүй. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас тавьж байгаа шаардлага нь үндсэн үйл ажиллагаа туслах үйл ажиллагааг ялгаж салга гэсэн чиглэл тавьдаг. Үндсэн орон тоогоор ажиллах боломж байхгүй учир 2018 оны 03 дугаар сарын 6-ны өдрийн МСҮТ-д мэргэшсэн жолоо гэдэг анги нь жолооны болон дүрмийн 1 багштай байя бусад багш нарыг цагийн болон гэрээгээр зохицуулаад явъя гэдэг чиглэл гаргасан. Ч.Н багш нь дадлагажигч багшаар ажиллаж байгаа учир он дуустал ажиллах хүсэлт тавьсан. Дадлагажигч багш нь 17 цагийн танхимын сургалт 3 багц цагийн танхимын бус сургалт гээд нийт 20 кредит буюу нийт 900 цагийн хичээл заах ёстой. Жолооны М ангиллын сургалт нь 182 цаг болдог тэгэхээр үндсэн байх боломжгүй гэж үзээд цагийн багш болгосон. 2018 онд мэргэжлийн сургалтын байгууллагад 5 жил ажиллах тутам 10 сарын тэтгэмж авдаг. Ч.Н нь тухайн тэтгэмжээ авмаар байна. Он дуустал ажиллаад ажлаас чөлөөлөгдөхөд татгалзах зүйл байхгүй гэсэн учир он дуусгаад 01 дүгээр сарын 8-аар тасалбар болгоод үндсэн цаг нь дууссан. Өмнө нь 9 дүгээр сар, 10 дугаар сар дуустал ямар нэгэн ажил эрхлээгүй байж цалин авсан. 01 дүгээр сарын 16-ны өдрөөс ямар ч ачаалалгүй болоод явсан. Мөн 01 дүгээр сарыг дуустал ажиллуулж өгнө үү бичиг цаасны ажлаа цэгцэлмээр байна гэхээр нь 03 дугаар сар хүртэл ажиллуулсан. 2017-2018 оны хичээлийн жилд 4 багшийн асуудал яригдсан. Энэ хэд дотроо Ч.Н багшийн хувьд асуудал нь өөрөөр шийдэгдээд явсан. Өөрөөр хэлбэл цагийн багшаар томилогдсон өнөөдрөөс эхлэн М ангиллын жолооны курс ажиллуулъя гээд хүмүүсээ олоод бүртгээд өөрөө цалинжаад явах боломжтой. 2016 оноос хойш МСҮТ-ийн хүрээнд цалингийн сан нэмэгдүүлээгүй асуудал байгаа. МСҮТ нь 65 орон тоогоор ажиллаж байна. Гэтэл 1 дүгээр сард 1 сая төгрөгийн хэмнэлттэй гарсан. Улсын Их Хурлын 2018 оны Төсвийн тухай хуульд цалин нэмэгдүүлэх асуудлыг бүрэн царцаасан. 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш тэтгэвэрт гарсан хүний орон тоон дээр хүн авч болохгүй гэдэг шалтгаанаар тэтгэвэрт гарсан хүний цалинг тэглээд явсан. 2017 онд манай байгууллагад 4 хүн тэтгэвэрт гарсан. Тухайн 4 хүний цалингийн санг 2018 онд бууруулж орж ирсэн. 2019 он дуустал энэ байдал хэвээр байна. 2017 оны 93 дугаар тогтоол, Улсын Их Хурлаас баталсан 2017, 2018 оны Төсвийн тухай хууль байгаа. Мөн 5 жилийн тэтгэмж олгох асуудлыг шийдэж өгсөн. 5 жилийн тэтгэмж авах эрх нь 2018 оны 9 дүгээр сард хэрэгжиж эхэлнэ. 2018 оны 7 дугаар сард тэтгэмж авах багш нарын нэрсийн жагсаалтад Ч.Н багшийн нэрийг оруулаад тэрнээс хойш Ч.Н багшийг цагийн багш болгосон. Ч.Н багш нь өөрөө хүлээн зөвшөөрч байсан. Энэ талаар гарын үсэг зураад өгөхийг зөвшөөрч байна гэж хэлсэн гэтэл одоо яагаад шүүхээр яваад байгаа талаар мэдэхгүй байна. Дээрх үндэслэлүүдийн дагуу механизмын жолооны багш Ч.Н-ыг цагийн ачаалалгүй болсон тул 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр мэдэгдэл хүргүүлэн, 2018 оны 03 дугаар сарын 6-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалж, механизмын жолооны цагийн багшаар 2018 оны 03 дугаар сарын 9-ний өдрөөс томилсон юм. Ч.Н нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй тул уг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б овгийн Ч.Н-ыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Говь-Алтай аймаг дахь МСҮТийн механизмын жолооны багшийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Говь-Алтай аймаг дахь МСҮТөөс ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2.342.340 / хоёр сая гурван зуун дөчин хоёр мянга гурван зуун дөчин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Н-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Н нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Говь-Алтай аймаг дахь МСҮТ даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны олговор 2.342.340 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 52.427 төгрөг, нийт 122.627 төгрөгийг хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Говь-Алтай аймаг дахь МСҮТөөс гаргуулан улсын орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Г.Г давж заалдах гомдолдоо: Ч.Н нэхэмжлэлтэй Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 133/ШШ2018/00292 дугаартай шүүхийн шийдвэрийг хариуцагч Говь-Алтай аймаг дахь МСҮТ нь дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

МСҮТийн захирал нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д заасан төсвийн шууд захирагчийн бүрэн эрхийн хүрээнд уг хуулийн 16.5, 16.5.3, 16.5.9 дэх хэсгийг үндэслэн Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2013 оны А/198/215 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн сургалтын ажлын багц цагаар тооцох журам-ын 1.2-т заасны дагуу тухайн хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог МСҮТийн захирал тогтоох бөгөөд захирлын 2017 оны А/72 дугаар тушаалаар МСҮТийн 2017-2018 оны хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог батлан, тогтоосон юм. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас олгож, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас баталгаажуулсан Сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл-ийн хавсралтад зааасан мэргэжлүүд нь тус МСҮТийн үндсэн үйл ажиллагаа ба М ангиллын жолооны сургалт нь тус төвийн туслах үйл ажиллагаа юм. Нэхэмжлэгч Ч.Н нь М ангиллын жолооны курст багшлах эрхтэй ба энэ нь Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2, 18.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байгаа юм. МСҮТийн 2017-2018 оны хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог тогтоохдоо Хөдөлмөрийн сайдын 2013 оны А/251 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн ур чадварын түвшин, ажлын ачаалал тогтоох журам-ын дагуу багшийн ур чадварын түвшинг тогтоож, ажлын ачааллыг гаргадаг. М ангиллын жолооны багш Ч.Н нь Дадлагажигч багш-аар ур чадварын түвшин тогтоогдсон ба жилийн гүйцэтгэх ёстой ажлын ачаалал нь танхимын 18 багц цаг /кредит/, танхимын бус 2 багц цаг буюу хичээлийн жилд нийт 900 цагийн ачаалалтай байх ёстойгоос Мэргэжлийн боловсрол сургалтын бодлого зохицуулалтын газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр баталсан Монгол Улсын хэмжээнд мөрдөгдөх Хүнд машин механизмын оператор ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох дадлагын нийт 162 цаг буюу 2.85 багц цаг /кредит/ ачаалалтай байгаа учир цагийн багш болох үндэслэл болж байна. Багш Ч.Н нь 2017 оны хичээлийн жилийн 1-р улиралд /11, 12-р саруудад/ нийт 162 цаг буюу 2.85 багц цаг М ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох дадлага орсон ба 9, 10, 1, 2 дугаар саруудад нэг ч цагийн хичээл заагаагүй боловч цалингаа бүрэн авч байсан. /Ч.Н нь өөрөө цагийн багш болохыг зөвшөөрч 1 дүгээр сарыг дуустал цалингаа бүтэн авах хүсэлт гаргасан/. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага буюу тус МСҮТ нь нэг суралцагчид ногдох хувьсах зардлаар санхүүждэг юм. Засгийн газрын 2012 оны 94 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан Мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын нэг суралцагид ногдох хувьсах зардлын дундаж норматив-аар Говь-Алтай аймагт нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж норматив 591600 төгрөг байна. Тус МСҮТийн 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлт харьцангуй бага байгаа тул мэргэжлийн багш, ерөнхий эрдмийн багш нар цагийн ачаалалгүй буюу хичээлийн цаггүй болж байгаа ба 4 багш ажлаас чөлөөлөгдөж, 2 багш түр хугацаагаар ажлаасаа чөлөөлөгдөж байгаа болно. МСҮТийн 2017-2018 оны хичээлийн жилд /2018 оны 01 дүгээр сарын 4-ний өдрийн байдлаар/ нийт 19 мэргэжлийн ангид 201 суралцагч суралцаж байна. Багш Ч.Н-ыг ажлаас чөлөөлөх мэдэгдэх хуудсыг 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гардуулан өгсөн боловч уншиж, танилцаад гарын үсэг зурахаас татгалзсан болно. Иймд Хүний нөөц, гадаад харилцаа хариуцсан ажилтан Б.Н-г хөндлөнгийн гэрчээр байлцуулан Ч.Н-д ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг уншиж, танилцуулан, тэмдэглэл үйлдэн, шүүхэд нотлох баримтаар гарган өгсөн. Нэхэмжлэгч нь мэдэгдэх хуудас гардуулан өгөөгүй талаар өгөөгүй нэхэмжлэлд дурдаагүй ба Ч.Н-ыг 2018 оны 01 дүгээр сарын 8-ны өдрөөс ажлаас нь чөлөөлсөн, 2018 оны 03 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл цалинжуулсан болно. Мөн Ч.Н-ыг механизмын жолооны цагийн багшаар томилсон захирлын 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/10 дугаар тушаал нь одоог хүртэл хүчин төгөлдөр байгаа ба 2018-2019 оны хичээлийн жилд цагийн багшаар ажиллах, улмаар М ангиллын жолооны төлбөртэй дамжаа хичээллүүлэн цалинжих бүрэн боломжтой. Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 133/ШШ2018/00292 дугаартай шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хянан, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Н нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Говь-Алтай аймаг дахь МСҮТ холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажлаас чөлөөлсөн тушаал гарсан өдрөөс шүүх хуралдаан болох өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Ажил олгогч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Говь-алтай аймаг дахь МСҮТ нь Ч.Н-ыг тус төвийн Механизмын жолооны багшийн ажлаас чөлөөлсөн тухай 2018 оны 03 дугаар сарын 6-ны өдрийн Б/05 дугаартай тушаалд Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, 16.5.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1, 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.5, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2013 оны А/198/215 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн сургалтын ажлыг багц цагаар тооцох журам-ын 1.2, Хөдөлмөрийн сайдын 2013 оны А/251 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн ур чадварын түвшин, ажлын ачаалал тогтоох журам-ын 4.1, Говь-Алтай аймаг дахь МСҮТийн захирлын 2017 оны А/72 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, Хөдөлмөрийн дотоод журмын 3.1, 12.1.1, 12.2, 12.2.1-ийн үндэслэлүүдийг заажээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч тушаалынхаа үндэслэлийг тайлбарлахдаа Механизмын жолооны багш Ч.Н нь цагийн ачаалалгүй болсон учраас 2017 оны 9 дүгээр сарын 15 ны өдөр мэдэгдэл хүргүүлж, 2018 оны 03 дугаар сарын 6-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж, 2018 оны 03 дугаар сарын 9-ний өдрөөс цагийн багшаар томилсон, МСҮТийн захирал нь төсвийн шууд захирагчийн бүрэн эрхийнхээ хүрээнд Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2013 оны А/198/215 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн сургалтын ажлыг багц цагаар тооцох журам-1.2-т заасны дагуу тухайн хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог МСҮТийн захирал тогтоодог, механизмын жолооны багш Ч.Н нь Дадлагажигч багш-аар ур чадварын түвшин тогтоогдсон ба жилийн гүйцэтгэх ёстой ажлын ачаалал нь танхимын 18 багц цаг /кредит/, танхимын бус 2 багц цаг буюу хичээлийн жилд нийт 900 цагийн ачаалалтай байхаас 162 цаг буюу 2.85 багц цаг /кредит/ ачаалалтай байгаа учраас цагийн багш болох үндэслэл болж байна гэжээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар МСҮТийн Механизмын жолооны багшийн ажлын байр нь зохигчдын тайлбар, талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний нөхцлөөс харахад цалингийн сүлжээ, зэрэглэл, шатлалаар цалинждаг байнгын ажлын байр бөгөөд 2017-2018 оны хичээлийн жилийн орон тоо, цалин төсөв нь батлагдаж төсөвт суугдаж, сургалтын төлөвлөгөө, хичээлийн хуваарийн дагуу явагдаж байсан үед уг орон тоог цөөрүүлсэн гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.

 

Дээрх зүйлд заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу ажил олгогчоос ажилтанд 45 хоногийн өмнө мэдэгдэл өгөх үүрэгтэй байна.

 

Хариуцагч байгууллагаас уг мэдэгдэлийн талаар 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр мэдэгдээд 2018 оны 03 дугаар сарын 6-ны өдөр ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа ч баримтаар хангалттай нотлогдоогүй, мэдэгдэл хүргүүлсэн гэх хугацаанаас хойш 5 сар гаруйн дараа ажлаас чөлөөлсөн байгаа нь хуулийн заалтын агуулгыг зөв хэрэгжүүлсэн гэж үзэхээргүй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 133/ШШ2018/0292 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хууль хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэлзохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.Б

 

ШҮҮГЧИД Ч.Э

 

Т.Ж