Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 99

 

 

 

 

 

2020 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 207/МА2020/00099

 

 

Г.Дариймаагийн нэхэмжлэлтэй,

хариуцагч *******, Б.Бат-Өлзий

нарт холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШШ2020/00736 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Г.Дариймаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, Б.Бат-Өлзий холбогдох,

Зээлийн төлбөр 3.121.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч *******ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Дариймаа, хариуцагч *******, Б.Бат-Өлзий, хариуцагчийн өмгөөлөгч С.Болортуяа, нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Дариймаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Г.Дариймаа надтай 2014 онд Таван-Эрдэнэ захад хамт бараа бүтээгдэхүүн худалдаалдаг байсан эхнэр, нөхөр болох *******, Б.Бат- Өлзий нар нь банкнаас 10.000.000 төгрөгийн зээлийг аваад өгөөч, наймаандаа хэрэглэчихээд буцаагаад сар бүр зээлийн гэрээнд заасан графикийн дагуу банкинд төлье гэж гуйсных нь үндсэн дээр Г.Дариймаа миний бие *******, Б.Бат-Өлзий нарт нэг газарт худалдаа, наймаа эрхэлдэг байсан болохоор итгээд Хаан банктай 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ЗГ14/1137 дугаартай зээлийн гэрээг байгуулж, 24 сарын хугацаатай, 1.8 хувийн хүүтэйгээр 20.000.000 төгрөгийн зээлийг авч 10.000.000 төгрөгийг нь *******, Б.Бат-Өлзий нарт өгч, үлдэх 10.000.000 төгрөгийг би өөрийнхөө бизнест зарцуулсан. Тухайн 20.000.000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаанд графикийн дагуу сард 1.034.000 төгрөгийн эргэн төлөлтийг төлөхөөр болсон. Миний бие нь *******, н.Бат-Өлзий нарт Хаан банкнаас 1.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай 10.000.000 төгрөгийн зээлийг авч өгсөн тул 2015 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс зээлийн эргэн төлөлтийг эхлэн зээлийг төлж дуусах буюу 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 24 сарын хугацаанд сар бүр 517.000 төгрөгийг *******, н.Бат-Өлзий нар төлж, үлдэх 517.000 төгрөгийн эргэн төлөлтийг Г.Дариймаа миний бие төлж байхаар харилцан тохиролцож, *******, н Бат-Өлзий нар нь сар бүрийн төлөлтийн 1.034.000 төгрөгийн 50 хувь болох 517.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн. *******, н.Бат-Өлзий нар нь сар бүрийн зээлийн төлбөр болох 517.000 төгрөгийн төлөлтийг 2015 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн хэвийн төлж байгаад 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн сар бүрийн зээлийн төлөлтөө дутуу эсхүл бүр огт төлдөггүй байсан. Үүнд: 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 237.000 төгрөг дутуу, 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 17.000 төгрөг дутуу, 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 517.000 төгрөг төлөөгүй, 2015 оны 12 дугаар 18-ны өдөр 517.000 төгрөг төлөөгүй, 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 517.000 төгрөг төлөөгүй, 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 517.000 төгрөг төлөөгүй, 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 517.000 төгрөг төлөөгүй, 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 517.000 төгрөг төлөөгүй, 2016 оны 06 дугаар сарын 18-ны 517.000 төгрөг төлөөгүй, 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 517.000 төгрөг төлөөгүй, 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 367.000 төгрөг дутуу, 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 347.000 төгрөг дутуу, 2016 оны 12 дугаар сарын 18-ны едөр 117.000 төгрөгүүдийг дутуу төлж, нийт 13 удаагийн 5.221.000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг төлөлгүй намайг хохироосон. *******, Б.Бат-Өлзий нарын төлөөгүй 13 удаагийн нийт 5.221.000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг би тухай бүрт өөрөөсөө илүүчлэх үедээ илүүчилж, хүнээс зээлэхдээ зээлж төлсөөр тухайн зээлийг графикийн дагуу төлж барагдуулсан. *******, Б.Бат-Өлзий нараас зээлээ эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг удаа дараа шаардахад хугацаа хэлж хойшлуулсаар өдийг хүрлээ. Төлөгдөөгүй үлдсэн 5.221.000 төгрөгөөс *******, Б.Бат-Өлзий нар 2017 оны 04 дүгээр сараас эхлэн 2019 оны 10 дугаар сарыг хүртэл манай нөхөр Х.Дарамсэнгийн Хаан банкны 5094008550 тоот дансруу мөнгөө бага багаар нь хийж 2.600.000 төгрөгийн өгсөн бөгөөд 5.221.000 төгрөгөөс одоо үлдэгдэл нь 2621000 төгрөг болсон. н.Бат-Өлзий нь 2016 онд ******* надаас 380.000 төгрөг, 120.000 төгрөгийн үнэтэй бараа бүтээгдэхүүнийг нэмж зээлж авсан бөгөөд нийтдээ 500.000 төгрөг болсон бөгөөд үүнийг бас төлж барагдуулаагүй байгаа. Миний нөхөр Х.Дарамсэнгэ нь одоо хүнд өвчний улмаас биеийн байдал нь тааруу гэртээ хэвтэрт байдаг бөгөөд яаралтай онош тодруулахаар Улаанбаатар хотруу эмнэлэгт үзүүлэх, эмчилгээ хийлгэхэд тодорхой хэмжээний эмчилгээний зардал шаардлагатай болоод байна. Миний бие нь одоо тэтгэвэрт байдаг бөгөөд эмчилгээний зардлыг олоход хүндрэлтэй байна. Би *******, Б.Бат-Өлзий нарыг ядарч явахад нь сайн санаж, тусалж байсныг арай ч мартчихаагүй байх гэж бодож байна. *******, н.Бат-Өлзий нарын төлөх ёстой 2.621.000 төгрөг дээр Б.Бат-Өлзийгийн зээлсэн мөнгө болон бараа бүтээгдэхүүний үнэ болох 500.000 төгрөгийг нэмээд, нийт нэхэмжлэлийн шаардлага 3.121.000 төгрөг болж байгаа тул холбогдох хууль тогтоомжийн дагуу *******, Б.Бат-Өлзий нараас 3.121.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Бат-Өлзий шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний нөхөр ******* нь нэхэмжлэгч Г.Дариймаа болон Дарамсэнгэ нараас 2015 оны 01 сард 10 сая төгрөг зээлэхээр болж 9 сая төгрөг бэлнээр авч 1 сая төгрөгийг хүүнд нь бодож Г.Дариймаа, Дарамсэнгэ нарт үлдээсэн бөгөөд ямар нэгэн гэрээ хэлцэл бичгээр хийгээгүй, сар бүр төлөлт 517.000 төгрөг 24 сар өгөхөөр тохиролцсон юм. Тэгээд зээлээ төлж барагдуулсан, нарийн тооцоог манай нөхөр ******* мэднэ. Харин би Г.Дариймаагаас 2016 онд 380.000 төгрөг болон 120.000 төгрөгийн үнэтэй ямар ч бараа аваагүй. Миний бие Б.Бат-Өлзий нь нэхэмжилж буй зээлийн үлдэгдэл 2.621.000 төгрөгийг болон 2016 онд зээлсэн гэх мөнгө, барааны үнэ 500.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие нь нэхэмжлэгч Г.Дариймаа болон Х.Дарамсэнгэ нараас 2015 оны 01 сард 10 сая төгрөг зээлэхээр болж 9 сая төгрөг бэлнээр авч 1 сая төгрөгийг хүүд нь бодож Х.Дарамсэнгэ, Г.Дариймаа нарт үлдээсэн бөгөөд ямар нэгэн гэрээ хэлцэл бичгээр хийгээгүй, сар бүр төлөлт 517000 төгрөгийг 24 сар өгөхөөр тохиролцсон юм. 2015 оны 01 сараас 2015 оны 06 сарыг дуустал 6 сарын хугацаанд сар бүр 517000 төгрөг өгч нийт 3102000 төгрөг, 2015 оны 07 сард 280000 төгрөг, 2015 оны 08 сард 500000 төгрөг, 2015 оны 09 сард 517000 төгрөг, 2015 оны 10 сард 517000 төгрөг өгч байгаад 2015 оны 11, 12, 2016 оны 01, 02 сард буюу 4 сарын хугацаанд төлөлт хийж чадаагүй юм. 2016 оны 03 сард 517000 төгрөг, 2016 оны 04, 05, 06, 07 сард мөн төлөлт хийж чадаагүй. 2016 оны 08 сард 150000 төгрөг, 2016 оны 09 сард 170000 төгрөг, 2019 ооны 10 сард 517000 төгрөг, 2006 оны 11 сард 517000 төгрөг, 2006 оны 12 сард 400000 төгрөг нийт 7187000 төгрөг төлсөн. Миний бие 2015 оны 11, 12, 2016 оны 01, 02 сард мөн 2016 оны 04, 05, 06, 07 сард буюу 8 сарын мөн төлөлт хийж чадаагүй үүнээс хойш би өөрийн боломж бололцоогоороо Г.Дариймаагийн нөхөр Х.Дарамсэнгийн 5094008550 тоот хаан банкны дансанд 2.600.000 төгрөг хийсэн. Үндсэндээ миний бие бэлэн зээлж авсан 9 сая төгрөгийг 9.787.000 төгрөг болгож төлсөн юм. Миний бие ******* нь нэхэмжилж буй зээлийн үлдэгдэл 2.621.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна, эхнэр Бат-Өлзийгийн зээлсэн мөнгийг би мэдэхгүй байна, биднээс өр нэхэж байж дахин мөнгө зээлсэн байх уу, үндэслэлгүй 500.000 төгрөг нэхсэн байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШШ2020/00736 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 195 дугаар зүйлийн 195.2, 195.3, 196 дугаар зүйлийн 196.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 182.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч Цагаан гэрүүд овогт Дэчинравдангийн Цогтбаяр /РД:РД63052015/, Оросууд овогт Базарын Бат-Өлзий /РД:РД71090501/ нараас зээлийн гэрээний төлбөр 2.621.000 /хоёр сая зургаан зуун хорин нэгэн мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ханхөхий овогт Гэндэнпунцагийн Дариймаа /РД:ТИ63093062/-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Дариймаагийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 64886 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, Б.Бат-Өлзий нараас улсын тэмдэгтийн хураамж 56886 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Дариймаад олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж хариуцагчаас хөтөлж, тулгасан асуулт асууж, хэргийн бодит байдлыг үнэлэлгүй шийдвэрлэсэн мөн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл ******* миний бие банкны зээлийн хуваарийн дагуу сард 517.000 төгрөг төлсөөр зээлсэн 10 сая төгрөгөө барагдуулахаар тохиролцсон. Түүнээс 24 сарын хугацаанд төлнө гэж тохироогүй талаар шүүх хуралдаад тайлбар гаргасан. Гэтэл шүүх зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчид 9.787.000 төгрөг төлсөн байх ба зээлийн гэрээний дагуу тохиролцсон хугацаанд, тохиролцсон хэмжээгээр сар бүр мөнгөө буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нийт 9 сая төгрөгийн 21.6%-ийн 24 сарын хүүнд 3.888.000 төгрөг нийт 12.888.000 төгрөгийг төлөх ёстой байх боловч нэхэмжлэгч нийт 517.000 төгрөгөөр 24 сарын хугацаанд 12.408.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсоноор хариуцагч нарын төлсөн 9.787.000 төгрөгийг хасч, үлдэгдэл 2.621.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснээс харахад миний шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг харгалзан үзэлгүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.-т үаасныг харгалзан үзээгүй. Хэрэв бид шүүхийн үзсэн шиг тохиролцсон гэж бодвол яах гэж 1 сая төгрөгийг хүүд бодон буцаан өгөх билээ. Бидний хүсэл зоригийг өөрөөр тайлбарлан, нэхэмжлэгчид ашигтай байдлаар шийдвэрлэхээр урьдчилан бэлдэж, биднээс хөтөлж туслгасан асуулт асууж хэргиг шийдвэрлэсэн. Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3.-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан боловч нэхэмжлэгч нь хариуцагч нарын гуйлтаар банзнаас зээл авч банкинд зээлийн төлбөр болон хүүг өөрөө бүрэн төлж барагдуулсан байгаа учраас хариуцагч нараас гэрээгээр тохиролцсоны дагуу зээлийн төлбөрийг банкинд төлсөн хүүгийн хамт нэхэмжлэх эрхтэй гэж үзнэ гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Г.Дариймаа нь хариуцагч *******, Б.Бат-Өлзий нараас зээлийн гэрээний үүрэгт 3.121.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч Г.Дариймаа нь 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Хаан банк ХХК-тай зээлийн гэрээ байгуулж 20 сая төгрөгийг 24 сарын хугацаатайгаар сарын 1.8%-ийн хүүтэй зээлж авсан бөгөөд 10 сая төгрөгийг хариуцагч Б.Бат-Өлзий, ******* нарт 24 сарын хугацаанд сарын 517.000 төгрөг төлж дуусгахаар үүрэг хүлээлгэн уг мөнгийг өгсөн, хариуцагч нар зээлийн төлөлтийг графикийн дагуу төлж байгаад сүүлдээ графикийн дагуу төлөөгүй, хариуцагч нар нийт 9.787.000 төгрөг төлсөн, нэхэмжлэгч Г.Дариймаад анх 1.000.000 төгрөгийг хүүнд тооцож өгсөн зэрэг үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй байна.

Анхан шатны шүүх хэдийгээр Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3.-т ... хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана ... гэж заасан боловч нэхэмжлэгч нь хариуцагч нарын гуйлтаар банкнаас зээл авч, хариуцагч нарын гуйлтаар банкнаас зээл авч, банкинд зээлийн төлбөр болон хүүг өөрөө бүрэн төлж дуусгасан байгаа учраас хариуцагч нараас гэрээгээр тохиролцсоны дагуу зээлийн төлбөрийн хамт нэхэмжлэх эрхтэй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэгчээс хариуцагч нарт өгсөн 9 сая төгрөгөөс тооцож хүүнд 3.888.000 төгрөг нийт 12.408.000 төгрөг төлөх ёстой гэж үзэж хариуцагч нарын эргүүлэн төлсөн 9.787.000 төгрөгийг хасч үлдэх 2.621.000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Иргэний хуульд нийцжээ.

Иймд хариуцагч нарын давж заалдсан гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШШ 2020/00736 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******ын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч *******ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 56.886 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД Б.ОЮУНЦЭЦЭГ

С.УРАНЧИМЭГ