Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2020/00373

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2020/00373

 

 

А.Э.Ж.Х - ПТИ ЛТД компанийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/02483 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч А.Э.Ж.Х - ПТИ ЛТД компанийн нэхэмжлэлтэй

Хариуцагч А.Ө.Т.А.М - ХХК-д холбогдох

 

Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, гэрээгээр шилжүүлсэн 50 000 ширхэг хувьцааг буцаан гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Билгүүн

Хариуцагчийн төлөөлөгч Г.Б -

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Билэгсайхан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч А.Э.Ж.Х - ПТИ ЛТД компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ай эс жи ай өү ти ХХК /хуучнаар Ай Эс Жи Эм И ХХК/ нь гадаад худалдаа, менежментийн зөвлөгөө өгөх чиглэлийн үйл ажиллагаа явуулах зорилгоор 2012 онд Австрали улсын хуулийн этгээд болох А.Э.Ж.Х - ПТИ ЛТД компанийн 100 хувийн охин компани болж үүсгэн байгуулагдсан. 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр бизнесээ өргөжүүлэх зорилгоор А.Ө.Т.А.М - ХХК-д компанийн хувьцааны 1 бүр нь 1 ам.долларын үнэтэй 50 000 ширхэг хувьцаагаа Хувьцаа бэлэглэх гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ-ний дагуу үнэ төлбөргүйгээр шилжүүлсэн. Компанийн бизнесийг өргөжүүлэх, хэвийн үйл ажиллагааг хангахад компанийн хувьцаа эзэмшигчдийн оролцоо байхаас гадна өнөөдрийг хүртэл компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдах, харилцагч байгууллагуудтай харилцах зэргээр гүйцэтгэх удирдлагын чиг үүргийг А.Э.Ж.Х - ПТИ ЛТД компанийн цор ганц хувьцаа эзэмшигч Майкл Жон ОМаллей миний бие гүйцэтгэж ирсэн. Гэвч хариуцагч А.Ө.Т.А.М - ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болох Г.Б -, Австрали улсын иргэд Робин Пайне, Давид Робинсон нарын зүгээс манай компаниас хувьцааг өөрсдийн тогтоосон үнээр худалдахыг тулгаж, тус саналд нь хариу өгөөгүйгээс утсаар болон цахим шуудангаар, мессэжээр байнга дарамталж ирсэн. Ингээд миний зүгээс 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр компанийн ээлжит бус хурлыг хуралдуулахад хариуцагч талын 3 хувьцаа эзэмшигчдээс намайг гүтгэж, өөрсдийн гаргасан саналыг хүлээн авахгүй бол надад ноцтой хор уршиг учруулахаар сүрдүүлж, элдвээр харааж, доромжилсон. Мөн үүний дараа хариуцагч компанийн хувьцаа эзэмшигч, манай компанийн санхүү, захиргаа хариуцсан захирлын албыг хашиж байсан Г.Б -ын зүгээс мессэжээр удаа дараа харааж, айлган сүрдүүлж байгаагаас гадна хариуцагч компаниудад манай компанийг тусгаарласан, үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон зэргээр худал мэдээлэл өгч, бизнесийн нэр хүндийг унагааж байгаа нь тогтоогдсон. Иймд Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1 дэх хэсэгт заасныг үндэслэн талуудын хооронд байгуулагдсан хувьцаа бэлэглэх гэрээг хүчингүй болгож, А.Ө.Т.А.М - ХХК-иас Ай эс жи ай өү ти ХХК-ийн 50 000 ширхэг энгийн хувьцааг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Халиунаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бэлэглэх гэрээ, хувьцаа шилжүүлэх гэрээний дагуу талууд 50, 50 хувийн хувьцаа эзэмшиж, гүйцэтгэх захирлын үүргийг Майкл Жон ОМаллей хэрэгжүүлэх, Санхүү хариуцсан захирлаар Г.Б - нарыг томилох замаар компанийн бүхий л хөрөнгө санхүү, мөнгөн хөрөнгө удирдах эрхийг дээрх хоёр этгээдэд хувьцаа эзэмшигчдийн гэрээгээр олгосон. Майкл Жон ОМаллей нь 2019 оны эхээс Оюу толгой ХХК-иас худалдан авах захиалга эрс буурч эхэлсэнтэй холбогдуулан 2018 онд хийж гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөрийг зөвхөн дангаар авч үлдэх зорилгоор оны эхээс компанийн хэвийн үйл ажиллагааг доголдуулж, Төлөөлөн Удирдах Зөвлөл, менежментийн харилцааг холбоог зогсоох замаар мухардмал байдал санаатайгаар үүсгэж эхэлсэн ба энэ байдал даамжирсаар өнөөдрийн байдлаар талуудын хооронд хэд хэдэн эрүү, иргэний маргаан үүсээд байна. Хувьцаа эзэмшигч хоорондын үүсээд байсан хурцадмал байдлыг далимдуулан Санхүү эрхэлсэн захирал Г.Б -т Хөдөлмөр эрхлэлтийн тодорхойлолт гаргаж өгөх-өөс санаатайгаар зайлсхийж байдлыг улам мухардмал байдалд оруулсан. Г.Б - нь визний материал өгөх хугацаа давчдаж, Майкл Жон ОМаллейгаас Ажил эрхэлдэг тухай тодорхойлолт дээр гарын үсэг зурж өгөхийг удаа дараа гуйж, аргадаж, шаардаж, харилцаа холбоогоор холбогдож ямар ч хүндэтгэсэн үзэх шалтгаан дурдалгүй таг алга болсон. Эдгээр бүх үйлдлүүд нь бэлэглэх гэрээг хүчингүй болгуулах зорилготой үйлдлүүд байсан. Бэлэглэх гэрээг хүчингүй болгуулах гомдоосон үндэслэлтэй болохын тулд хариуцагчийн хувьцаа эзэмшигч Роб Дэйныг ...намайг доромжилсон, дарамталсан... хэмээн цагдаагийн байгууллагад мөн өргөдөл өгөн шалгуулж байна.

Өнөөдрийн байдлаар Майкл Жон ОМаллей нь компанийн зүгээс итгэмжлэн удирдах эрхээ урвуулан ашиглаж Хас болон ХААН банк ХХК дахь дансны үлдэгдэл 525 000 000 төгрөгийг хувьцаа эзэмшигчдийн гэрээг зөрчин захиран зарцуулах этгээдээр зөвхөн өөрийгөө томилж, хоёрдогч гарын үсэгтэй этгээд болох Санхүү эрхэлсэн захирал Г.Б -ыг хасах хүсэлтийг гаргасан. Түүнчлэн Майкл Жон ОМаллейг компанийн гүйцэтгэх захирлыг үүрэг гүйцэтгэж байхдаа итгэмжлэн удирдах хөрөнгө завшсан, татвар төлөхөөс зайлсхийсэн, мөнгө угаасан үйлдлүүдийг шалгахаар цагдаагийн байгууллага Монголбанкуудад хандаад байна.

Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасны дагуу компани нь ...өрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг компани гэнэ. Түүнчлэн уг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй хэмээн тус тус заасан байдаг. Талуудын хувьцаа шилжүүлэх, хувьцаа бэлэглэх гэрээ нь хуулийн этгээд буюу хоёр компани хоорондын харилцаа бөгөөд аль нэг хуулийн этгээд гомдол, хуулийн этгээдийг гомдоосон байж болзошгүй хувьцаа эзэмшигчийн үйлдлийн хариуцлагыг компани хүлээн үүрэггүй болно гэв.

Шүүх: Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-т заасныг баримтлан Ай эс Жи Холдингс ПТИ ЛТД компанийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, тус гэрээний дагуу шилжүүлсэн Ай Эс Жи Ай Өү Ти ХХК-ийн 50 000 ширхэг хувьцааг буцаан гаргуулах тухай А.Ө.Т.А.М - ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ай Си Жи Холдингс ПТИ ЛТД компаниас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 896 360 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго давж заалдах гомдолдоо: Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Нэхэмжлэгч тал хангалттай нотлох баримтын үндсэн дээр гомдсон тухай илэрхийлсээр байтал үүнийг гомдоосон үйлдэл хийгээгүй байна, гомдоод байхаар үйлдэл гаргаагүй байна гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.

Бэлэглэгч тал болон бэлэг хүлээн авагч тал нь хуулийн этгээд боловч эдгээр хуулийн этгээдийн хүсэл зориг, шийдвэр гаргах эрх бүхий этгээд хооронд эдгээр үйлдлүүд гарсан. Мөн бэлэглэгчийг гомдоосон үйлдлүүдийн дийлэнхийг үйлдсэн этгээд болон гомдсон тал нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгг заасны дагуу компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээд болох гүйцэтгэх удирдлага болно.

Хариуцагч А.Ө.Т.А.М - ХХК-ийн хувьцаа эзэмшигчдээс 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулагдсан "Ай эс жи ай өү ти ХХК-ийн ээлжит бус хурлын үеэр хариуцагч талын 3 хувьцаа эзэмшигчдээс бэлэглэгч талын цор ганц хувьцаа эзэмшигч бөгөөд гүйцэтгэх захирал Майкл Жон ОМаллейг элдвээр гүтгэж, өөрсдийн гаргасан хувьцаа худалдан авах саналыг хүлээн авахгүй бол түүнд ноцтой хор уршиг учруулахаар сүрдүүлж, элдвээр харааж доромжилсон. Энэ талаар тус хурлын тэмдэглэлийг нотлох баримтаар гаргаж, судлуулсан. Хариуцагч талын төлөөлөгч ч тус өдөр тэмдэглэлд дурдагдсан үйлдлийг гаргасныг үгүйсгэж маргаагүй байтал үүнийг шүүх компанийн үйл ажиллагаатай холбоотой асуудал хэлэлцсэн нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн гэж үзэх үндэслэлгүй гэж үзсэн.

Хариуцагч А.Ө.Т.А.М - ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд хувьцаа эзэмшигч Г.Б - нь утасны мессэжээр бэлэглэгчийг удаа дараа харааж, айлган сүрдүүлж байсан талаарх нотлох баримтуудыг гаргасан.

Энэ баримтад бэлэглэгч талыг дарамталж. дайрч давшилж байгаа нь тодорхой байтал энэ нь хувьцаа худалдах агуулгаар бус, хөдөлмөр эрхлэлтийн тодорхойлолт гаргуулах зорилготой байсан нь тогтоогдож байна гэж үзэн энэ нотлох баримтыг үнэлээгүй, бөгөөд Иргэний хуулийг буруу тайлбарласан.

Хариуцагч А.Ө.Т.А.М - ХХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд гүйцэтгэх захирал Г.Б - нь Майкл Жон ОМаллейг удаа дараа айлган сүрдүүлж, танхайрч байсныг нотлох зорилгоор 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүрэгт байрлах Назка нэртэй хоолны газарт хоол идэх үеэрээ элдвээр доромжилж, ална шүү гэж зодохоор дайрч, араас нь хөөж байсан талаар нотлохоор тухайн үед хамт байсан 2 гэрчээс мэдүүлэг авсан. Энэ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэх хэсэгт дурдагдсан хариуцагч А.Ө.Т.А.М - ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох Г.Б - нарын зүгээс... байнга дарамталж ирсэн гэх үндэслэлийг нотлох зорилготой байсан. Гэвч ийнхүү гэрчээс авсан мэдүүлгийг шүүх огт авч үзэлгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт энэ талаар огт дурдаагүй байгаа нь шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй гэж үзэхэд хүргэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч А.Э.Ж.Х - ПТИ ЛТД компани нь хариуцагч А.Ө.Т.А.М - ХХК-д холбогдуулан хувьцаа бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, гэрээгээр шилжүүлсэн 50 000 ширхэг хувьцааг буцаан гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Нэхэмжлэгч компанийн захирал Майкл Жон О Маллей нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Ай эс жи холдингс компанийн цорын ганц хувьцаа эзэмшигчийн хувиар гүйцэтгэх удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлж ирсэн, хариуцагч А.Ө.Т.А.М - ХХК-ийн хувьцаа эзэмшигч Г.Б -, Австрали Улсын иргэн Робин Пайне, Давид Робинсон нарын зүгээс манай компаниас хувьцааг өөрсдийн тогтоосон үнээр худалдахыг тулгаж, саналд хариу өгөөгүйгээс утсаар болон цахим шуудангаар захиа бичиж байнга дарамтлан сүрдүүлж, доромжлох зэргээр бэлэглэгчийг гомдоосон гэж тайлбарлан, үүнийгээ нотлохоор хувьцаа эзэмшигч Г.Б -ын гар утсанд хадгалагдаж буй Майкл Жон ОМаллей, Г.Б - нарын хооронд харилцсан зурвас бичигт үзлэг хийлгэх хүсэлт шүүхэд гаргасан байна.

Анхан шатны шүүх дээрх хүсэлтийг дуудлага болон зурвас явуулсан гэдэгт зохигчид маргахгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй орхиж, хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ. /1хх 182-183/ Учир нь талуудын маргааны зүйл болон бэлэглэгчийг бэлэг хүлээн авагч гомдоосон эсэх үйл баримтыг тогтооход тэдгээрийн хооронд харилцсан зурвас бичгийн агуулга нь нотолгооны ач холбогдолтой байх боломжтой.

Давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулан хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлж, маргааны үйл баримтыг тогтоон хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/02483 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 896 360 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ТУЯА

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД