Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2020/00372

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2020/00372

 

 

 

Д.М -ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2019/02192 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Д.М -ын нэхэмжлэлтэй

Хариуцагч У.К ХХК-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 75 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Анаргүль

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунзул

Хариуцагчийн төлөөлөгч Л.Баясгалан

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Ууганцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн Д.М - шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:У.К ХХК нь 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 50 000 000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, хүүгүй, зээлдэгч нь зээлийг эргүүлэн төлөх хугацаагаа зөрчвөл зээлдүүлэгчид хугацаандаа төлөөгүй хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр тохиролцож зээл авсан. Эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрэхээс татгалзсан. Монголд бид үйлдвэрлэв ТББ-ийн захирал Г.Майцэцэг намайг танилцуулсан гэж хэлж байгаа боловч тэрээр хариуцагчийн эхнэр бөгөөд уг зээлийг хэрхэн зарцуулсан нь зээлдүүлэгчид хамааралгүй тул У.К ХХК-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 50 000 000 төгрөг, алданги 25 000 000 төгрөг нийт 75 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч У.К ХХК-ийн төлөөлөгч Л.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компаниас Д.М - зээлийн гэрээний үүрэгт 75 000 000 төгрөг нэхэмжилсэн байгааг зөвшөөрөхгүй, түүнийг танихгүй. 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 13 цагийн орчим УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангийн ажлын албаны дарга Д.М - гэдэг хүнтэй Монголд бид үйлдвэрлэв ТББ-ын тэргүүн Г.Майцэцэг намайг танилцуулсан. Л.Энх-Амгалан гишүүн орон нутагтаа ЖДҮ-ийг хөгжүүлэх нэг тэрбумын санхүүжилттэй Хөх сувд гэдэг төсөл хэрэгжүүлнэ. Төслийг эхний ээлжинд 50 000 000 төгрөгөөр эхлүүлж бай гэсний дагуу уулзаж гэрээ байгуулсан. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өөрийн тойрог болох Хөвсгөл аймагт ЖДҮ-г хөгжүүлэх, оёдлын цех бий болгох, МСҮТ-ийн төгсөгчдийг ажлын байраар хангах ажлыг хэрэгжүүлэхээр, Монголд бид үйлдвэрлэв ТББ-аар дамжуулан бидэнтэй холбогдсон. Манай компани өнгөрсөн хугацаанд Л.Энх-Амгалан гишүүний эзэмшдэг Хөх сувд хувцасны брэндийг бий болгон үйлдвэрлэж, зах зээлд гарахад 45 000 000 төгрөг зарцуулсан. Л.Энх-Амгалан гишүүний дэмжлэгтэйгээр 50 000 000 төгрөгийн үнэлгээтэй 15-20 хүн ажиллах хүчин чадалтай иж бүрэн оёдлын цех байгуулсан. Нээлтэд нь УИХ-ийн гишүүн Л.Энх-Амгалан болон орон нутгийн удирдлагууд өөрсдийн биеэр ирж нээсэн. Тус цехэд ажиллах хүмүүст Улаанбаатар хот болон Хөвсгөл аймгийн Мөрөн суманд зохион байгуулсан сургалтад хамрагдсан бүх хүмүүс урамшуулал цалин авч байсан. Манай компани 225 000 000 төгрөг Л.Энх-Амгалан гишүүний төсөлд зарцуулсан бөгөөд одоо ч Хөвсгөл аймагт хүмүүсийг гэрээгээр ажиллуулж, тоног төхөөрөмжөөр хангасан хэвээр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч У.К ХХК-аас 75 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.М -д олгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 532 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.К ХХК-иас 532 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.М -д олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Л.Баясгалан, өмгөөлөгч Н.Ууганцэцэг давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагад нийцээгүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлж, тал бүрээс нь хянан шийдвэрлээгүй гэж үзэж байна.

Шүүх нэхэмжлэгч талаас өгсөн зээлийн гэрээг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн боловч хариуцагчийн төлөөлөгч Л.Баясгалангийн ...би Д.М -ыг танихгүй, Л.Энх-Амгалантай хамтран ажиллаж байсан. Хөх сувд төслийн хүрээнд Л.Энх-Амгалангаас оруулсан хөрөнгө оруулалт байсан... гэх тайлбарт нэхэмжлэгч тал няцаалт, тайлбар хийгээгүй ...энэ талаар мэдэхгүй гэж хариулсныг анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн. Хариуцагчийн төлөөлөгч нь хүсэлт гаргах үе шатанд дээрх нөхцөл байдлыг тодруулахаар Г.Майцэцэг, Л.Энх-Амгалан нараас гэрчийн мэдүүлэг авах хүсэлт гаргаагүй боловч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг 1 удаа хойшлуулах зохицуулалтыг хэрэглээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүх хариуцагч талын маргаж буй нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай байсан. Гэрээний талуудын тохиролцоо, хүсэл зоригийн илэрхийллийг нэхэмжлэгчийн төлөөлөгч хангалттай тодорхой мэдэхгүй байхад шүүх талуудын жинхэнэ хүсэл зоригийг тодруулахгүйгээр зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж гэрээний хүчин төгөлдөр эсэхэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Мөн шүүхийн ...хариуцагчийн төлөөлөгч уг зээлийг авсан талаар маргаагүй боловч зээлийг Л.Энх-Амгалан гишүүний төсөлд зарцуулсан гэж тайлбарласан... гэсэн дүгнэлт гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй.

Хариуцагчийн төлөөлөгч Л.Баясгалан нь зээлийн гэрээний хүсэл зоригийн дотоод илэрхийлэл нь өөр байсан гэж тайлбарладаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дуусаагүй, нотлох баримт хангалттай бүрдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч Д.М - нь хариуцагч У.К ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 75 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргасан байна.

Талууд 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Д.М - нь зээлдэгч У.К ХХК-д 50 000 000 төгрөгийг хүүгүй, 6 сарын хугацаатай, хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор зээлдүүлэх, зээлдэгч үндсэн төлбөрийг зээлийн хугацаа дуусмагц төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, талуудын тайлбар зэрэг баримтаар нотлогджээ. /хх-1,5-6, 47/

Дээрх гэрээг байгуулсан талаар болон У.К ХХК нь 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Хас банк ХХК дахь дансаар 50 000 000 төгрөг хүлээн авсан үйл баримтад талууд маргаагүй./хх-38,48/ Хариуцагч нь мөнгөн хөрөнгийг авсан үндэслэлээ нэхэмжлэгч Д.М -ыг танихгүй, Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нь ЖДҮ-ийг хөгжүүлэх 1 тэрбум төгрөгийн санхүүжилттэй Хөх сувд төслийг хэрэгжүүлэхээр эхний ээлжинд 50 000 000 төгрөгөөр төслийг эхлүүлж бай гэсний дагуу уг мөнгийг төслийн ажилд зарцуулсан, манай компани төсөлд 225 000 000 төгрөг оруулсан гэж тайлбарлан, хэрэгт фото зураг, Энх-Амгалан Лувсанцэрэн гэсэн цахим хаягт бичигдсэн сэтгэгдэл зэрэг баримтыг ирүүлжээ. /хх-47/ Хэрэгт авагдсан фото зураг нь талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэх үйл баримтыг нотлохгүй байна. Мөн цахим хаягт бичигдсэн сэтгэгдлийн хуулбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй баримт учир түүнийг үнэлэх боломжгүй.

Хариуцагч тал зээл аваагүй гэх тайлбараа гэрч асуулгаж, түүний мэдүүлгээр нотолно гэж маргажээ. Анхан шатны шүүх хуралдаан нь хуулиар тогтоосон дэгийн дагуу явагддаг бөгөөд хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлд заасан зохигч, оролцогч мэтгэлцэх үе шатанд гэрчээс мэдүүлэг авахуулах хүсэлт гаргасныг шүүгчээс хүсэлт хэлэлцэх шатанд гаргаагүй гэж үзсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнд тооцох үндэслэл болохгүй юм.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчид мөнгийг бодитой шилжүүлж өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцдог тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээд, зохигчдын хооронд хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний нэг тал нөгөө талаасаа үүргийн биелэлтийг шаардах эрхтэй гэж зөв дүгнэжээ.

Хариуцагч У.К ХХК нь зээлийн гэрээний хугацаанд гэрээгээр шилжүүлэн авсан мөнгөө буцаан төлсөн талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүх хариуцагчийг гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэн, тус компаниас үндсэн зээл 50 000 000 төгрөг, алдангид 25 000 000 төгрөг, нийт 75 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Дээрхээс дүгнэвэл шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2019/02192 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 532 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ТУЯА

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

Ч.ЦЭНД