Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2021/01401

 

 

 

 

 

 

 

 

 

2021 11 17 001/ХТ2021/01401

 

 

 

Д.Мөнхжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Л.Атарцэцэг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2019/02192 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 372 дугаар магадлалтай,

 

Д.Мөнхжаргалын нэхэмжлэлтэй

Улаанбаатар коттон ХХК-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 75,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Н.Ууганцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунзул, хариуцагчийн өмгөөлөгч Б.Наранцэцэг, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Улаанбаатар коттон ХХК нь 2018.05.28-ны өдөр 50,000,000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, хүүгүй, зээлдэгч нь зээлийг эргүүлэн төлөх хугацаагаа зөрчвөл зээлдүүлэгчид хугацаандаа төлөөгүй хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр тохиролцож зээл авсан. Эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрэхээс татгалзсан. Монголд бид үйлдвэрлэв ТББ-ийн захирал Г.Майцэцэг намайг танилцуулсан гэж хэлж байгаа боловч тэрээр хариуцагчийн эхнэр бөгөөд уг зээлийг хэрхэн зарцуулсан нь зээлдүүлэгчид хамааралгүй тул Улаанбаатар коттон ХХК-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 50,000,000 төгрөг, алданги 25,000,000 төгрөг нийт 75,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компаниас Д.Мөнхжаргал зээлийн гэрээний үүрэгт 75,000,000 төгрөг нэхэмжилсэн байгааг зөвшөөрөхгүй, түүнийг танихгүй. 2018.05.28-ны өдөр 13 цагийн орчим УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангийн ажлын албаны дарга Д.Мөнхжаргал гэдэг хүнтэй Монголд бид үйлдвэрлэв ТББ-ын тэргүүн Г.Майцэцэг намайг танилцуулсан. Л.Энх-Амгалан гишүүн орон нутагтаа ЖДҮ-ийг хөгжүүлэх нэг тэрбумын санхүүжилттэй Хөх сувд гэдэг төсөл хэрэгжүүлнэ. Төслийг эхний ээлжид 50,000,000 төгрөгөөр эхлүүлж бай гэсний дагуу уулзаж гэрээ байгуулсан. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өөрийн тойрог болох Хөвсгөл аймагт ЖДҮ-ийг хөгжүүлэх, оёдлын цех бий болгох, МСҮТ-ийн төгсөгчдийг ажлын байраар хангах ажлыг хэрэгжүүлэхээр, Монголд бид үйлдвэрлэв ТББ-аар дамжуулан бидэнтэй холбогдсон. Манай компани өнгөрсөн хугацаанд Л.Энх-Амгалан гишүүний эзэмшдэг Хөх сувд хувцасны брэндийг бий болгон үйлдвэрлэж, зах зээлд гарахад 45,000,000 төгрөг зарцуулсан. Л.Энх-Амгалан гишүүний дэмжлэгтэйгээр 50,000,000 төгрөгийн үнэлгээтэй 15-20 хүн ажиллах хүчин чадалтай иж бүрэн оёдлын цех байгуулсан. Нээлтэд нь УИХ-ийн гишүүн Л.Энх-Амгалан болон орон нутгийн удирдлагууд өөрсдийн биеэр ирж нээсэн. Тус цехэд ажиллах хүмүүст Улаанбаатар хот болон Хөвсгөл аймгийн Мөрөн суманд зохион байгуулсан сургалтад хамрагдсан бүх хүмүүс урамшуулал цалин авч байсан. Манай компани 225,000,000 төгрөг Л.Энх-Амгалан гишүүний төсөлд зарцуулсан бөгөөд одоо ч Хөвсгөл аймагт хүмүүсийг гэрээгээр ажиллуулж, тоног төхөөрөмжөөр хангасан хэвээр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2019/02192 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Улаанбаатар коттон ХХК-аас 75,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Мөнхжаргалд олгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 532,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Улаанбаатар коттон ХХК-аас 532,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Мөнхжаргалд олгохоор шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 372 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2019/02192 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 532,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Ууганцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Тус хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар Анхан болон Давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагад нийцээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг зөрчсөн гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна. Иргэний хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан Дүр үзүүлсэн хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэсэн хуулийн заалтыг шүүх хэрэглэх ёстой байсан боловч хэрэглээгүй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх хэрэгт нэхэмжлэгч талаас гарган өгсөн Зээлийн гэрээг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн боловч хариуцагчийн төлөөлөгч Л.Баясгалангийн ...би Д.Мөнхжаргалыг танихгүй, Л.Энх-Амгалантай хамтран ажиллаж байсан. Хөх сувд төслийн хүрээнд Л.Энх-Амгалангаас оруулсан хөрөнгө оруулалт байсан... гэсэн тайлбарт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ямарваа нэгэн няцаалт, тайлбар хийгээгүй ба ...энэ талаар мэдэхгүй гэж хариулсныг шүүх анхаараагүй. Иргэний хуулийн ерөнхий ангийн 195.1-д зааснаар Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ, мөн хуулийн 40.1-д зааснаар Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасан шаардлага хангагдсан тохиолдолд гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэстэй. Мөн тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Барьцааны гэрээ байгуулан гэрээний салшгүй нэгэн хэсэг гэж гэрээндээ заасан боловч тус барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага тавихгүй байгаа нь дээрх гэрээний жинхэнэ үр дагаврыг хүсээгүй, дүр үзүүлсэн гэрээ болохыг харуулж байгаа юм. Мөн түүнчлэн хариуцагчийн төлөөлөгч Л.Баясгалан нь нэхэмжлэгч Д.Мөнхжаргалыг танихгүй, ямарваа нэгэн байдлаар зээлийн гэрээ байгуулах санал тавьж байгаагүй, харин Л.Энх-Амгалантай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу хөрөнгө оруулалтын төлбөр болох 50,000,000 төгрөгийг түүний туслах ажилтан Д.Мөнхжаргалаар дамжуулан авсан болохоо анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарладаг. Энэхүү тайлбараа нотлох зорилгоор Л.Энх-Амгалантай хамтран ажиллаж байсан Хөвсгөл аймгийн Хөх сувд брэндийн нээлтийн үйл ажиллагаа, Л.Энх- Амгалангийн ажлын албанаас гаргасан урилга зэргийг фото зургаар шүүхэд гаргаж өгсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар гэрэл зураг, зураглал зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж заасан бөгөөд хариуцагч Л.Баясгалангаас гаргаж өгсөн гэрэл зураг, зураглалаар Л.Баясгалангийн Л.Энх-Амгалантай хамтран ажилласан төслийн талаарх үйл баримт, түүний шүүхэд гаргасан тайлбар нотлогдоно. Гэтэл Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан фото зураг нь талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэх үйл баримтыг нотлохгүй байна гэж дүгнэхдээ нэхэмжлэгч талаас дээрх гэрэл зураг болон хариуцагчийн тайлбарт үндэслэлтэй няцаалт хийж чадаагүй нөхцөл байдлыг болон хариуцагчийн тайлбартай тухайн фото зураг хэрхэн уялдаа, хамааралтай байгааг анхааран үзээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2-д заасан шүүх Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Мөн Анхан болон давж заалдах шатны шүүх бичгээр байгуулагдсан гэрээнд ач холбогдол өгч нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.3-д заасан Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэсэн заалтыг зөрчиж, талуудын гарын үсэг бүхий бичгээр байгуулагдсан зээлийн гэрээг хөдөлбөргүй үнэн нотлох баримт гэж үзэж гэрээлэгч талын хүсэл зоригийн илэрхийллийг анхааран үзэлгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Д.Мөнхжаргал нь Улаанбаатар коттон ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 50,000,000 төгрөг, хугацаа хэтрүүлсний хариуцлага болох алдангид 25,000,000 төгрөг, нийт 75,000,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хэлэлцэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хянаж шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 

Хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааны эрх зүйн үндэслэлд хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байх тул шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Нэхэмжлэгч Д.Мөнхжаргал нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа, хариуцагчид 50,000,000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, хүүгүй зээлж, мөнгөн хөрөнгийг шилжүүлж өгсөн боловч буцаан төлөөгүй тул уг мөнгийг гэрээнд заасны дагуу хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алдангийн хамт гаргуулна гээд, зохигчийн хооронд 2018.05.28-ны өдөр бичгийн хэлбэрээр байгуулсан зээлийн гэрээг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Улаанбаатар коттон ХХК нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч, мөнгийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн эзэмшдэг Хөх сувд хувцасны брэндийг бий болгох төсөлд зарцуулсан гэсэн тайлбар гаргасан байна.

 

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр бөгөөд гэрээний үүргээ нэхэмжлэгч биелүүлж 50,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэн өгсөн нь нотлогдсон, хариуцагч мөнгөн хөрөнгийг гэрээгээр тохирсон хугацаанд буцаан төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэн мөнгийг алдангийг хамт гаргуулахаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.4, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг зөрчөөгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг, хариуцагч татгалзлаа тус тус нотлох үүргийг хүлээдэг бөгөөд хариуцагч нь зээлийг хүлээн зөвшөөрөөгүй маргасан хэдий ч нэхэмжлэгчийн тайлбар, түүний гаргасан бичгийн гэрээ, мөнгө шилжүүлсэн тухай банкны дансны мэдээллийг няцаасан тайлбар, баримтыг гаргаагүй байна.

 

Иймд хэрэгт байгаа баримтын хэмжээнд хийсэн шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй.

 

Анхан шатны шүүхэд хэрэг хянан хэлэлцэх явцад хариуцагчийн нотлох баримтаар гаргасан Хөх сувд брэндийн нээлтийн үйл ажиллагааны болон бусад фото зургууд нь түүний татгалзлын үндэслэл болгож буй мөнгийг зээлж аваагүй, хамтран ажиллах гэрээний дагуу тухайн Хөх сувд брэндийн үйл ажиллагаанд зарцуулсан гэх тайлбарыг нотлохгүй ба хариуцагч өөр нотлох баримт гаргаагүй байна. Энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

 

Дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2019/02192 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 372 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчийн өмгөөлөгч Н.Ууганцэцэгийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.03.19-ний өдөр төлсөн 532,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

 

Б.МӨНХТУЯА

 

Д.ЦОЛМОН