Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2018/02477

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2018/02477

 

 

 

 

 

 

 

 

 

Өнөр СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2018/02481 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Өнөр СӨХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Жамбачүлтэмд холбогдох, дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний төлбөрт 439 280 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Цэцгээ, хариуцагч Г.Жамбачүлтэм, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч Өнөр СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байрлах Номин ХХК-ийн барьсан Өнөр хотхоны 39 дүгээр байрны гарааш 82 зогсоолтой. Гараашийн ашиглалтын зардал 20 000 төгрөгийг сар бүр 1 айлаас авдаг. Нийт 1 600 000 төгрөг СӨХ-д орж ирдэг. Үүнээс харуулын цалинг 3 хүнд, 100 ширхэг гэрлийн цахилгааны хөлс 250 000 төгрөг, үлдэх 150 000 төгрөгийг бусад зардалд зарцуулдаг. Машинаа тавьдаг бүх хүмүүс сар бүрийн тогтмол төлбөр төлдөг. 10 дугаар зогсоолыг эзэмшигч Г.Жамбачүлтэм юм. Манай байрны 1, 2 дугаар давхарт үйлчилгээний төв байрладаг бөгөөд 2018 оны 02 дугаар сард уг үйлчилгээний төвд байрлах үсчингийн газраас ус алдаж гарааш руу орсон. Ингэхдээ 11 дүгээр зогсоолын машин дээр маш их хэмжээний ус алдаж хохирол учруулсан. Ингээд үсчингийн газарт хэлж, 11 дүгээр зогсоолын эзний хохирлыг барагдуулах арга хэмжээ авсан. 11 дүгээр зогсоол руу ус алдахдаа Г.Жамбачүлтэмийн зогсоол руу бага зэргийн ус үсэрсэн байдалтай л байсан. Би Г.Жамбачүлтэм рүү утасдаж ус алдсан, ирж машинаа үз гэж дуудсан. Тэгэхэд би эмнэлэгт хэвтэж байна гээд эмнэлгээсээ шууд ирж машинаа үзсэн. Үүний дараа Г.Жамбачүлтэм машинаа огт холдуулахгүйгээр зогсоолд 1 сар шахам байлгасны дараа машинаа 250 000 төгрөгөөр өнгөлүүлсэн учраас энэ хохирлоо барагдуулна гэсэн. Тэгээд 06 дугаар сар хүртэл гараашийн мөнгө төлөөгүй. 2018 оны ашиглалтын зардал, 2017 оны дулааны зардлыг ч мөн төлөөгүй. Иймд дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний төлбөрт 439 280 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Жамбачүлтэмийн тайлбарт: Би анх энэ зогсоолыг 2010 онд худалдаж авсан. 2017 оны 01 дүгээр сар хүртэл гараашийн ашиглалтын зардал төлдөг байсан. 2018 оны 01 дүгээр сараас хойш төлөөгүй. Намайг эмнэлэгт хэвтэж байх үед 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр СӨХ-оос залгаж авто зогсоол дээрээс ус алдаад хажуу зогсоолын машин дээр ус алдаж, машинаа үзээрэй гэж хэлсэн. Би эмнэлэгээс ирж машинаа үзэхэд ус үсэрсэн байсан. Машин муухай болсон даруйд надад мэдэгдээгүй. Би эмнэлгээс гараад машинаа 2, 3 удаа угаалгаад арилаагүй болохоор өнгөлгөөний авто засвар дээр очиж 270 000 төгрөгөөр өнгөлүүлсэн. Ингээд СӨХ, үсчний аль ч хамаагүй хохирлыг минь барагдуулж өгөхийг шаардсан. 2016, 2017 онуудын цахилгааны төлбөрийг төлсөн. Ус алдсанаас болж хохирол учирсан тул төлбөрийг нь төлөхгүй гэсэн болохоос цахилгаан, халаалт зэргийг мэдэхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Жамбачүлтэмээс автозогсоолын дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөрт 439 280 төгрөг гаргуулан Өнөр СӨХ-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 13 828 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагч Г.Жамбачүлтэмээс 13 828 төгрөг гаргуулан Өнөр СӨХ-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Г.Жамбачүлтэмийн давж заалдах гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Миний хувьд Өнөр СӨХ-д 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ашиглалтын зардлаа 1 сараар ч биш, бөөнд нь 6, 6 сараар нь төлж байсан баримтыг эх хувиар нь хавсаргаж өгсөн. Зөвхөн 2018 оны ашиглалтын зардлаа төлөөгүй. Төлөөгүй шалтгаан нь миний машинд 400 000 төгрөгийн хохирол үүссэн тул өнгөлгөөний мөнгийг СӨХ-ны дарга н.Цэцэгээгээс нэхэмжилсэн. Хэрэв хохирлыг барагдуулж өгөхгүй бол 2018 оны ашиглалтын зардал болох 20 000 төгрөг 12 сар=240 000 төгрөг төлөхгүй гэснээр маргаан үүссэн. Өнөөдөр бусдын өмчид хохирол учруулсан үсчин үсээ засаад л явж байна. Шүүхийн гаргасан шийдвэрт хохирсон иргэн миний хохирлыг хэн барагдуулах талаар тусгаагүй. Иймээс шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн, зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчсөн, уг маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг өөрчлөн зөвтгөх боломжтой.

 

Нэхэмжлэгч Өнөр СӨХ нь хариуцагч Г.Жамбачүлтэмд холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний болон дулааны төлбөр, алдангид нийт 439 280 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх хариуцагчийг автозогсоолын дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөрөөс гадна дулааны төлбөр, алданги төлөх үүрэгтэй гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.

 

Нэхэмжлэгч хариуцагчийн эзэмшлийн автомашины зогсоолын 2016 оны дулааны төлбөрт 66 520 төгрөг, 2017 оны дулааны төлбөрт 66 520 төгрөг, 2018 оны автозогсоолын дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөр, алдангид 306 340 төгрөг, нийт 439 280 төгрөг гаргуулна гэж тайлбарлажээ. /хх 3/

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар хариуцагч Г.Жамбачүлтэм нь өөрийн өмчлөлийн авто зогсоолын халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг нэхэмжлэгч Өнөр СӨХ-д төлөх үүрэгтэй байна.

 

Хариуцагч Г.Жамбачүлтэм уг автомашины зогсоолын ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 2016 онд 210 000 төгрөг, 2017 онд 240 000 төгрөг төлсөн байх ба тэрээр автомашины зогсоолын эзэмшигч болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон, энэ талаар маргаагүй. /хх 15-16/

 

Нэхэмжлэгч Өнөр СӨХ нь шүүхэд 2018 оны 09 сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргасан тул өмнөх 8 сарын хугацааны ашиглалтын зардлыг шаардах эрхтэй. Харин хариуцагчийн өмчлөлийн авто зогсоолын 2016, 2017 онуудын дулааны төлбөрийг шаардах эрхийг нэхэмжлэгч нь эрх бүхий байгууллагаас шилжүүлэн авсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал алданги төлөхөөр зохицуулсан бөгөөд талууд алдангийн талаар тухайлан тохиролцож гэрээ байгуулагдсан гэх баримт хэрэгт авагдаагүй тул алданги шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хариуцагч Г.Жамбачүлтэмээс 2018 оны 1-8 сарын хугацааны автомашины зогсоолын ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 160 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Өнөр СӨХ-д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2018/02481 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 439 280 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Өнөр СӨХ-д олгосугай гэснийг 160 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Өнөр СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 279 280 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтад хариуцагч Г.Жамбачүлтэмээс 13 828 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Өнөр СӨХ-д олгосугай гэснийг хариуцагч Г.Жамбачүлтэмээс 5 450 төгрөг гаргуулсугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13 826 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

А.МӨНХЗУЛ