Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 2481

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 184/ШШ2018/02481

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ө СӨХ/-ны,

Хариуцагч: Г.Ж/-д холбогдох

Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний төлбөрт 439.280 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүх 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, мөн сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Ц, хариуцагч Г.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хишигзаяа нар оролцов.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Ө СӨХ-ны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байрлах “Номин” ХХК-ийн барьсан Өнөр хотхоны 39 дүгээр байрны граж 82 зогсоолтой. Гражийн ашиглалтын зардал сард 20.000 төгрөгийг нэг айлаас авдаг. Нийтдээ 1.600.000 төгрөг СӨХ-д орж ирдэг. Үүнээс харуулын цалинг 3 хүнд, 100 ширхэг гэрлийн цахилгааны хөлс 250.000 төгрөг, үлдэх 150.000 төгрөгийг бусад зардалд зарцуулдаг. Энд машинаа тавьж буй бүх хүмүүс сар бүрийн тогтмол төлбөрийг төлдөг. Уг зогсоолын 10 дугаар зогсоолыг эзэмшигч Г.Ж юм. Манай байрны 1, 2 давхарт үйлчилгээний төв байрладаг бөгөөд 2018 оны 02 сард үйлчилгээний төвд байрлах үсчингийн газраас ус алдаад граж руу нэвтрэн орсон. Ингэхдээ 11 дүгээр зогсоолын машин дээр маш их хэмээний ус алдаж хохирол учруулсан. Үүнийг үсчингийн газарт хэлж, 11 дүгээр зогсоолын эзний хохирлыг барагдуулах арга хэмжээ авсан. 11 дүгээр зогсоол руу ус алдахдаа Г.Жийн зогсоол руу бага зэргийн ус үсэрсэн байдалтай л байсан. Би Г.Ж рүү утасдаж ус алдсан, ирж машинаа үз гэж дуудсан. Тэгэхэд би эмнэлэгт хэвтэж байна гээд эмнэлгээсээ шууд ирж машинаа үзсэн. Үүний дараа  Г.Ж машинаа огт холдуулахгүйгээр зогсоолд нь сар шахам байлгасан. Сарын дараа би машинаа 250.000 төгрөгөөр өнгөлүүлсэн. Энэ хохирлоо барагдуулна гээд надтай ирж уулзсан. Би хэлсэн. Машинд чинь хохирол учраагүй, зогсоол руу чинь ус үсэрсэн л байсан. Үнэхээр хохирсон бол тухайн үед хэлэхгүй, яагаад 20 гаруй хоногийн дараа хэлж байгаа юм бэ гэх зэргээр бид багахан хэмжээний муудалцсан. Г.Ж гарахдаа миний хохирлыг барагдуулахгүй бол гражийн төлбөрийг өгөхгүй гэсэн. Ингээд 6 сар хүртэл Г.Жийг төлбөрөө төлөхийг хүлээсэн. Өгөөгүй. 2018 оны ашиглалтын зардал, 2017 оны дулааны зардлыг мөн төлөөгүй байсан. Г.Ж дүүгийнхээ нэрээр төлбөрөө төлдөг байсан. Дулааны мөнгийг нэмж гаргаж ирлээ. Сар бүр 20.000.000 төгрөг төлдөг байснаа нэмээд 27.000 төгрөг болгочихлоо гэж байна. Бид шалгаж үзээд дулааны мөнгө нэхэмжилж байна гэв.   

Хариуцагч Г.Ж шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн төлөөлөгч 60 гаруй хувьтай ярьж байна. Би анх энэ зогсоолыг 2010 онд худалдаж авч байсан. Би 2017 оны 01 сар хүртэл гражийн ашиглалтын зардал төлдөг байсан. 2018 оны 01 сараас хойш төлөөгүй. Намайг он дамнаад эмнэлэгт хэвтэж байх үед 2018 оны 01 сарын 07-нд билүү дээ СӨХ-оос залгаж авто зогсоолын дээрээс ус алдаад хажуу зогсоолын машин дээр гоожсон. Та ирж машинаа үзээрэй гэж хэлсэн. 11 дүгээр зогсоол нь өвөрмонгол  эзэнтэй, байхаасаа байхгүй нь их байдаг. Тэгээд би эмнэлэг дээрээс ирээд машинаа үзэхэд ус үсэрсэн байсан.  Машин нь муухай болсон даруйд надад мэдэгдэхгүй яасан юм бэ  гэлээ. 11 дүгээр зогсоолын нөхөр хэлэхдээ үсчин бүтэн жил үсийг нь үнэгүй засуулахаар тохиролцсон гэсэн. Би эмнэлгээс гараад машинаа 2,3  удаа угаалгаад арилаагүй. Угаагаад арилахгүй болохоор нь өнгөлгөөний авто засвар дээр очиж үзүүлсэн. Тэгэхэд хар машин өнгөлөхгүй хэцүү гээд хамгийн сүүлд таньдаг хүнээр яриулж байж 350.000 төгрөгөөс хямдруулж 270.000 төгрөгөөр өнгөлүүлсэн. Өглөө 9 цагт ороод шөнийн 1 цагт өнгөлгөөнөөс гарсан. Түүнийгээ маргааш нь СӨХ-ны даргад танилцуулж, үсчин ч бай, СӨХ ч бай хамаагүй миний хохирлыг барагдуул. Хэрвээ төлөхгүй бол СӨХ-ны төлбөр төлөхгүй. Би СӨХ-г санхүүжүүлж байгаа учир танайх миний хохирлыг барагдуулж өг. Хариуцлагаа хүлээ гэсэн. Одоо болохоор шүүхэд 2 удаа нэхэмжлэл гаргаад цахилгааны төлбөр гэж яриад байна. Би бүгдийг нь өгсөн. 2016, 2017 оны төлбөрийг төлсөн. Хоёрдугаарт энэ хүн амьдардаг орон сууц биш, авто машины зогсоол авсан. Тэнд халаалт байхгүй. Ийм дураараа байж болохгүй.  Үүнээс өмнө СӨХ-ны дарга нэг өндөр өвгөн байсан. Энэ миний дүүгийн байр байсан. Байрны мөнгөн дээр авто зогсоолын мөнгө тооцдог байсан ч та сүүлд СӨХ-ны дарга болоод сар бүр төлбөрийг нэмсэн.  Сүүлд 20.000 төгрөг болгосон. Би ус алдсанаас чинь болоод хохирсон учир төлбөрийг төлөхгүй гэсэн. Түүнээс тийм цахилгаан, халаалт зэргийг мэдэхгүй. Шинжээч томилоод шалгуулдаг юм билүү дээ гэв.      

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                Ү Н Д Э С Л Э Х  нь:

            Нэхэмжлэгч Ө СӨХ хариуцагч Г.Жд холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 439.280 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч Ө СӨХ хариуцагчаас Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Москвагийн гудамж, 39 дүгээр байрны зоорийн давхарын 10 дугаартай автозогсоолын өмчлөгч Г.Жээс уг гражийн ашиглалтын зардалд 2016-2017 оны дулааны төлбөрт 133.040 төгрөг, 2018 оны дулааны болон ашиглалтын төлбөрт 306.340 төгрөг, нийт 439.040 төгрөг гаргуулахаар, уг ашиглалтын зардалд 2016 оноос хойш 82 автозогсоол эзэмшигч  нараас сар бүр 20.000-28.280 төгрөгийг хураан авч, сар бүрийн 1.640.000 төгрөгийн хуримтлалаас автозогсоол эзэмшигч нарын автомашины аюулгүй болон бүрэн бүтэн байдлыг хамгаалах 3 ээлжийн харуулын цалин, тус зоорийн давхарт ашиглагддаг 100 ширхэг гэрлийн гэрэлтүүлэг цахилгааны төлбөрт сард 250.000 төгрөг, үлдэх 150.000 төгрөгийг гражийн бусад цэвэрлэгээ засвар үйлчилгээ, үйлчлэгчийн зардалд зарцуулдаг тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж маргадаг.

Хариуцагч Г.Жнь 2018 оны 01 дүгээр сар хүртэл ашиглалтын зардлаа төлдөг байсан, дулааны мөнгө нэхэмжлэх нь үндэслэлгүй, тус зоорийн давхарт 1 ч халаалтын төхөөрөмж байхгүй тул халаалтын мөнгө төлөхгүй, түүнчлэн 2017 оны 12 сарын сүүлээр зогсоолын дээд талд байрлах үсчингээс ус алдан миний өмчлөлийн хар өнгийн машинд арилахгүй толбо бий болгосон угаагаад арилахгүй болохоор нь мэргэжлийн хүмүүсээр өнгөлгөөг 350.000 төгрөгөөс хямдруулж 270.000 төгрөгөөр хийлгэсэн тул уг төлбөрөөс хасан тооцох үндэслэлтэй, дулааны болон ашиглалтын зардлаа дураараа ихэсгэдэг, ус алдсанд СӨХ буруутай учраас би тус зардлыг төлөхгүй, харин миний хохирлыг суутгаад тооцвол нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжтой гэж маргадаг.

Уг харилцааг Монгол улсын СӨХ-ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт заасаны дагуу орон сууцны доод зоорийн давхар нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарахаар заасан байна. Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Москвагийн гудамж, 39 дүгээр байрны зоорийн давхарын 10 дугаартай автозогсоолын өмчлөгч Г.Ж мөн эсэх болон эзэмшигч эсэх талаар талууд маргаагүй. Г.Ж өмчлөгч мөн гэж зөвшөөрдөг.

Монгол улсын Иргэний хуулийн 143 дугаар зүйл, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасны дагуу Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууцны болон сууцны бус зориулалттай дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг СӨХ-нд төлнө гэж заасны дагуу нэхэмжлэгч тал нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Монгол улсын СӨХ-ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, Иргэний хуулийн 148.1, 149 дүгээр зүйлд зааснаар автозогсоол өмчлөгч Г.Ж нь засвар, үйлчилгээний хөлс, зардал үндэслэлтэй эсэхийг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх эрхтэй хэдий ч тус хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх хэсэгт орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгүүд нь Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарахаар заасан байна.

Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт зааснаар сууц өмчлөгчид нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчилнө, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээний зардлыг хуваарилахдаа Иргэний хуулийн 147 дугаар зүйлийг мөрдлөг болгоно гэж заасан байна.

Монгол улсын иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар  үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж заасан байх тул хариуцагч Г.Ж энэ үүргээс чөлөөлөгдөх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Хариуцагч Г.Ж нь СӨХ-ийн үйл ажиллагаатай холбогдуулан болон гэм хорын хохирол гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, мөн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа үндэслэл буюу татгалзлаа нотлоогүй.

Иймд хариуцагч Г.Жээс дундын өмчлөлийн зүйлсийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдон гарсан зардал болох 439.280 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 13.828 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Г.Жээс 13.828 төгрөг гаргуулан Ө СӨХ-нд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол улсын иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Жээс автозогсоолын дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөрт 439.280 төгрөгийг гаргуулан Ө СӨХ-нд олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 13.828 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Г.Жээс 13.828 төгрөг гаргуулан Ө СӨХ-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

    

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б. БАЯРМАА