Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 309

 

Ц.И-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.М, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Яринпил, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 119 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 338 дугаар магадлалтай, Ц.И-д холбогдох 1905000000958 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.М-ын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 22-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 35 настай, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 290 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 483 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасныг журамлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 575 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 635 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, О овогт Ц-ийн И нь

2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 16 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ахмад настан, хүүхдийн эмнэлгийн гадна иргэн Ё.Эыг маргааны улмаас түлхэж подвалны шат руу унасны улмаас эрүүл мэндэд нь “сээрний 11, 12 дугаар нугалмын бүрэн хугарал, мултрал, нугасны гэмтэл, хатуу хальс урагдал, нурууны булчин няцрал, арын холбоосуулын урагдал, бага тархины  аалзан хальс доорх цус хуралт, арын голтын цус хуралт” гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “... шүүгдэгч Ц.И-ыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жил хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 635 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн 212 /хоёр зуун арван хоёр/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож 26 /хорин зургаа/ хоногийн хорих ялыг шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 /гурав/ жил хорих ял дээр нэмж нэгтгэн, шүүгдэгч Ц.И-ын биечлэн эдлэх ялыг 3 /гурван/ жил 26 /хорин зургаа/ хоногийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ц.И-д оногдуулсан 3 /гурав/ жил 26 /хорин зургаа/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.И-аас 7.630.600 /долоон сая зургаан зуун гучин мянга зургаан зуун/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.М-д олгохоор” шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “... шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.М-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.М гаргасан гомдолдоо “... Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц-ийн И-д холбогдсон эрүүгийн 1905000000958 дугаартай хэргийг авч хэлэлцээд түүнийг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож уг зүйл хэсгээр 3 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр таслан шийдвэрлэсэн.

Миний бие дээр дурдагдсан шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч тус шүүхээс гомдлыг хянаж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байгаа бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Ц.И-ын буруутай үйлдлийн улмаас миний ах нас барсан гэж үзэж байгаа тул мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдсэн шинжээчийн дүгнэлтийг хохирогчийн төлөөлөгчийн хувьд зөвшөөрөөгүй. Гэтэл заавал экскумаци хийнэ гэсэн боловч өндөр настай эх, эцгийн сэтгэлийг бодоод бидний зүгээс экскумаци хийлгээгүй билээ. Шүүгдэгчийн санаатай учруулсан хүнд гэмтлийн улмаас ах маань шууд нас бараагүй ч гэсэн түүний буруутай үйлдийн улмаас ахад “сээрний 11, 12 дугаар нугалмын бүрэн хугарал мултрал, нугасны гэмтэл, хатуу хальс урагдал, нурууны булчин няцрал, арын холбоосуудын урагдал, бага тархины аалзан хальс доорх цус харвалт, арын голтын цус хурал” бүхий гэмтэл учирсан нь амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байсан. Хэрэв ийм гэмтэл аваагүй байсан бол ах минь хоёр хоногийн дотор нас барахгүй байсныг анхаарч үзнэ үү. Мөн Ц.И нь хүнд гэмтэл учруулсан атлаа юу ч болоогүй юм шиг орхиод яваад өгсөн. Энэ түүний өөрийнх нь болон гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог. Тухайлбал, шүүгдэгч Ц.И-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Подваль руу унасан байх үед нь нэг залуу гарч ирээд энэ хүнээ авахгүй бол цагдаа дуудлаа гээд байсан ... Би нөгөө залууд ариун цэврийн өрөө орчихоод ирье гэж хэлээд явсан ...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Т-гийн "... найз гэх эрэгтэй нь явсан байсан ...” гэх мэдүүлэг, гэрч Х.Ж-ийн “... цохисон залуу нь цаашаа явахаар нь би араас нь очоод найзыгаа очиж ав түргэн тусламж дуудаж өгөхгүй юм уу гэсэн. Тэгээд уг цохидог залуу би ийшээ явчихаад ирье гэсэн ... Би ажлынхаа Тогосоо эгчийг дуудаад 103 дуудчих гээд дуудуулсан. Тэгэх хооронд нөгөө цохисон залуу зугтаагаад явчихсан. ...” гэх мэдүүлгүүдээр батлагдаж байгаа юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт торгох, хорих ял оногдуулж болох заалттай. Шүүх хорих ял оногдуулахдаа хэт хөнгөн ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Ц.И нь урьд 4 удаа ял шийтгүүлсэн байхад анхан шатны шүүх шийтгэх тогтоолд түүний биеийн байцаалтын хэсэгт урьд 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан мэтээр дутуу бичсэн. Үүнийг давж заалдах шатны шүүх магадлалдаа дурдсан атлаа хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ энэхүү нөхцөл байдлыг анхаарч үзсэнгүй.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг хэлсэн саналдаа “... миний үйлчлүүлэгч анхан болон давж заалдах шатны шүүхийг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаж үзээгүй, хэт хөнгөн ял оногдуулсан гэж гомдол гаргасан бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэх хүсэлт илэрхийлсэн. Миний хувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүсэлтээр энэ хуралд оролцож байна” гэв.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Яринпил хэлсэн саналдаа “... хохирогчийн “танай эхнэр муу хүн” гэх үгнээс асуудал хөндөгдөж, хохирогч Ц.И-ыг эхэлж цохисон бөгөөд хоёр дахь удаагаа цохих гэхэд нь биеэ зайлуулж бултах үед талийгаач хөл муутай хүн учир биеэ татаж авч чадахгүй унасан нь үнэн. Анхан болон давж заалдах шатны шүүх Ц.И-д тохирсон ял оногдуулсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор О.Мөнхбаатар хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... шүүгдэгч Ц.И-д холбогдох хэргийг хянан хэлэлцсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хэргийн бодит байдал, үйл баримтад нийцэж, үндэслэл бүхий гарсан байна. Мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.М-ын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Ц.И нь 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 16 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ахмад настан, хүүхдийн эмнэлгийн гадна иргэн Ё.Э-ыг маргааны улмаас түлхэж подвалны шат руу унагасны улмаас эрүүл мэндэд нь “сээрний 11, 12 дугаар нугалмын бүрэн хугарал, мултрал, нугасны гэмтэл, хатуу хальс урагдал, нурууны булчин няцрал, арын холбоосуулын урагдал, бага тархины  аалзан хальс доорх цус хуралт, арын голтын цус хуралт” гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ц.И-ын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан, хэргийн зүйлчлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч Ц.Ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын хэмжээний дотор ял оногдуулсныг буруутган дүгнэж, өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.М “... Ц.Иын буруутай үйлдлийн улмаас ийм гэмтэл аваагүй байсан бол ах минь хоёр хоногийн дотор нас барахгүй байсан, шүүх хэт хөнгөн ял шийтгэл оногдуулсан, иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэсэн гомдлыг гаргажээ.

Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэл нь тухайн хор уршигт зайлшгүй хүргэсэн нөхцөлд л шалтгаан холбоотой байна. Шалтгаан холбоо нь гэмт үйлдэл болон хор уршиг хоёрын хоорондын хамаарлыг илэрхийлэгч юм. Энэхүү хор уршиг нь хэн нэгэн хүний үйлдэл, эс үйлдлийн улмаас бус харин зөвхөн гэм буруутай этгээдийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдлийн үр дүнд бий болсон байх ёстой.

Үүнээс үзвэл амь хохирогч Ё.Э-ын амь нас хохирсон шалтгаан нь шүүгдэгч Ц.И-ын гэмт үйлдэлтэй шууд шалтгаан холбоогүй нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Тодруулбал, шинжээч эмч Б.Ариунзулын “... талийгаач нь элэгний хатуурал өвчингүй байсан бол дээрх гэмтлүүдийн улмаас нас барахгүй байх байсан” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 1998 дугаартай “... талийгаач элэг хатуурал өвчтэй, уг өвчин нь ээнэгшил алдагдлын шатандаа орж элэгний дутагдлаар нас баржээ”, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 1348 дугаартай “... талийгаачийн гэмтэл, элэг хатуурал ээнэгшил алдагдал шалтгаан холбоогүй, элэгний хатуурал өвчингүй байсан тохиолдолд гэмтлийн явц эмчилгээ эдгэрэлтээс хамаарах байсан” гэх дүгнэлтүүд болон хохирогчийн өвчний түүх зэрэг нотлох баримтуудаар амь хохирогч нь элэг хатуурах өвчтэй, уг өвчин нь ээнэгшил алдагдлын шатандаа орж нас барсан байна.

Шүүх шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээг тодорхойлж, ял оногдуулахдаа хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үйл баримттай харьцуулан үнэлж дүгнэхийн сацуу гэмт хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөл, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал зэргийг бүхэлд нь харгалзан үздэг болно.

Шүүхээс Ц.И-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн хүчин зүйлс, шалтгаан, нөхцөл, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж 3 жил 26 хоног хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.М-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 119 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 338 дугаар магадлалыг хэвээр үлдээсүгэй.

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.М-ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                               ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                    Б.БАТЦЭРЭН

                                                                                                                    Ч.ХОСБАЯР

                                                                                                                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН