Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 210/ма2020/01314

 

 

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2020/01314

 

БНСУ-ын иргэн Б-ны

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/01198 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Б-ны нэхэмжлэлтэй хариуцагч Т- ХХК, Э-ГХОХХК нарт холбогдох

Хамтран ажиллах гэрээний үүрэгт 318 091 825 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Энхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Д.Т- Монгол Улсад амаржсны дараах эх, хүүхдийн сувиллын газар нээн ажиллуулбал их хэмжээний ашиг орлого олох боломжтой талаар хамтран ажиллах санал тавьсныг Б-н сонирхож, 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр цахим шуудангаар бизнес төлөвлөгөөг ирүүлсэн. Түүний явуулсан бизнесийн төлөвлөгөөнд хоёр талаас тус бүр 100 000 ам.долларын хөрөнгө оруулалт хийж хамтарсан компани байгуулан амаржсаны дараах эх хүүхдийн сувиллын газар нээн үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш 3-9 сарын хугацаанд оруулсан хөрөнгөө буцаан авах ашигтай санал тусгагдсан. Талууд бизнесийн түнш буюу Түншлэлийн гэрээ нэртэй гэрээ байгуулан Э- ХХК-ийг хамтран байгуулахаар болж хөрөнгө оруулалтын хувьд Б-н 100 000 ам доллар, Д.Т- 100 000 ам доллар гаргах, компанийн хувьцааг 50:50 хувиар эзэмшихээр тохиролцсон. Б-ны зүгээс 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хөрөнгө оруулалт гэсэн утгаар 100 000 ам.долларыг шилжүүлсэн. Д.Т- 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Э- ХХК-ийг үүсгэн байгуулж гүйцэтгэх захирлаар нь бүртгүүлсэн. Б-н 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Монгол Улсад ирж баримт бичигтэй танилцахад хамтарсан компанийг зөвхөн миний оруулсан хөрөнгө буюу 100 000 ам.долларын дүрмийн сантай байгуулсан болохыг мэдсэн. Дүрмийн сангийн хэмжээ их байвал их хэмжээний татвар төлөх учраас таны оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээгээр компанийг байгуулсан, миний оруулах 100 000 ам.доллар байгаа гэж хэлсэн. 2018 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1-р хороо Юнескогийн гудамж Юнион бюлдинг центрийн А блокны 11 давхарт Сорхун эмэгтэйчүүдийн эмнэлэг, сувилал нэртэйгээр үйл ажиллагааг эхэлсэн. Эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийг авсан эсэхийг тодруулахад ...тусгай зөвшөөрөл гаргадаг хүнд хахууль өгсөн удахгүй зөвшөөрөл гарна... гэж тайлбарласан. Тухайн үед Б-н БНСУлс руу буцсан бөгөөд цаашид тусгай зөвшөөрөлгүйгээр хамтран ажиллах боломжгүй тухай хэлэхэд Д.Т-аас Б-ны хувьцааг 100 000 ам.доллараар худалдан авахаар тохиролцож, 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Хамтран ажиллах гэрээ нэртэй хэлцэл байгуулан 100 000 ам.долларыг 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гэхэд буцаан төлөхөөр тохиролцсон. Мөн 2018 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөр хамтын ажиллагааг дуусгавар болгохоор, Д.Т- байгуулсан компани болон үүсгэн байгуулсан төвийг дангаараа удирдан үйл ажиллагаа явуулахаар заасан. Гэрээнд заасан төлбөр хийх хугацаа болсон ч төлбөрийг шилжүүлээгүй. Төлбөрөө төлөхийг шаардахад 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдөр эмнэлэгийн тоног төхөөрөмжийн үнэ болох 5 000 000 вон, мөн 10 000 000 вон, нийт 15 000 000 воныг төлсөн. Тоног тохөөрөмжийн үнэ болох 5 000 000 вон тусдаа асуудал бөгөөд хөрөнгө оруулалтын 100 000 ам долларт хамааралгүй болно. Тооцооллын хувьд 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Монгол банкны воны төгрөгтэй харьцах албан ханш 2.30 төгрөг байсан тул 10 000 000 воныг төгрөгт шилжүүлбэл 23 000 000 төгрөг, үүнийг тухайн өдрийн ханшаар тооцон ам долларт шилжүүлбэл 9 019 ам доллар болно. Иймд 100 000 ам доллараас буцаан төлсөн 9 019 ам долларыг хасвал 90 980 ам доллар байх ба шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн Монгол банкны ханшаар төгрөгт шилжүүлэн 240 733 080 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэгч энэ хугацаанд БНСУ-аас Монгол улсад ирж очих замын зардал, байрлах зочид буудлын төлбөр, орчуулгын төлбөр, нотариатын үйлчилгээний хөлс, өмгөөллийн зардал зэргээр нийт 77 358 745 төгрөгийн зардал өөрөөс гаргаж давхар хохирол хүлээсэн тул уг мөнгийг нэхэмжилж байгаа болно. Нэхэмжлэгч 2017 оны 11 дүгээр сарын 10-наас 19-ний өдрийн хооронд, 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хооронд, 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 02 дугаар сарын 12-ны өдрийн хооронд, 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 04 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд, 2019 оны 05 дугаар сарын 07-ноос 15-ны өдрийн хооронд тус тус Монгол Улсад ирэх буцах онгоцны зардалд 9 816 200 төгрөг, дээрх хугацаанд зочид буудалд байрлах зэргээр гарсан хэрэглээний зардалд 14 204 447 төгрөг зарцуулсан. Мөн орчуулга, нотариат, өмгөөллийн хөлс гуравт 22 061 158 төгрөгийн зардал гаргасан. Талуудын хоорондох хамтын ажиллагааг дуусгавар болгосон Хамтран ажиллах гэрээний 3-т мөнгийг буцаан төлөх хугацааг 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс хойш 3 сарын дотор 100 000 ам долларыг буцаан төлөхөөр заасан. Мөн энэ гэрээний 5-д эмнэлгийн ямар үйл ажиллагаанд нэхэмжлэгч туслах үүрэгтэйг тухайлан заагаагүй тул хариуцагч талын тайлбар үндэслэлгүй. Иймд нийт 318 091 825 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Д.Т- миний бие Солонгос улсад очих үед Монгол Улсад хамтарсан эмнэлэг байгуулах тухай яриа гарч нэхэмжлэгч Б-н болон бусад 2-3 хүн төсөл болгон хэрэгжүүлэх талаар санаа гаргасан. Нэхэмжлэгч Б-н өөрийн санаачилгаар энэ төслийг хариуцан ажиллах болсон. Б-н Монгол улсад удаа дараа ирж сувилал байгуулах байршил, барилга заслын материал, тавилга тоног төхөөрөмж зэргийг судлан үзэж 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс сувилал байгуулах ажил эхэлсэн. Харилцан ярилцаад төслийн нийт хөрөнгө оруулалтыг тэгш хуваан гаргах байдлаар 50:50 хувийн гадаадын хөрөнгө оруулалт бүхий аж ахуй нэгж байгуулан ажиллах болов. Мөн төслийг санаачлах, хэрэгжүүлэх бүхий л үйл явцад Б-н өөрийн биеэр оролцон удирдан зохион байгуулж, санхүү зарцуулалтыг хянаж байсан. Сувиллын барилга заслын ажил амжилттай, хурдан явагдаж 2018 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Сорхун эх нярайн сувиллын нээлтээ хийсэн. Анхлан ярилцаж тохирсны дагуу нэхэмжлэгч Б-н нээлтээ хийсэн өдрөөс эхлэн тус Сорхун эх нярайн сувиллын захирлаар ажиллаж санхүү, өдөр тутмын бүхий л ажлыг хариуцаж байсан. Шаардлагатай нэмэлт хөрөнгө оруулалтыг компанийн дүрмийн дагуу хоёр талаасаа тэгш хуваан гаргах санал гаргасан. Б-н хүлээн зөвшөөрсөн боловч гэнэт ажилдаа ирэхгүй алга болсон. Нэмэлт хөрөнгө оруулалтын мөнгө босгох гэж Солонгос руу буцсан бөгөөд удахгүй Монголд очно. Тэр болтол чи өөрийн хөрөнгөөр эмнэлгээ аваад явж бай гэж хэлсэн. 2018 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Монголд ирсэн. Б-н цаашид хамтарч ажиллаж чадахгүй гэсэн хариуг өгсөн. Нэхэмжлэгч Б-н цаашид төсөл амжилттай хэрэгжиж, үйл ажиллагааны орлого хангалттай олж эхэлтэл биднийг бүх талаар дэмжин ажиллах, төлбөр, тооцоог тэр хүртэл нэхэхгүй байхаар тохиролцсон. Нээлтээ хийснээс хойш өнөөг хүртэл Сорхун төрсний дараах эх нярайн сувилал тогтмол алдагдалтай ажиллаж ирсэн. Т- ХХК-ийн зүгээс 2019 оны 1 дүгээр улирлын байдлаар нийт 168 012 522 төгрөгийн алдагдалыг хүлээсэн. Миний бие 2018 оны 8 дугаар cap, 11 дүгээр cap, 2019 оны 2 дугаар cap, 5 дугаар саруудад БНСУ-д очих болгондоо нэхэмжлэгч Б-нтай биечлэн уулзаж сувиллын үйл ажиллагааны талаарх тайланг танилцуулж байсан. Түүнээс хөрөнгө оруулалтад 100 000 ам доллар хүлээн авсан, тоног тохөөрөмжийн үнэ болох 5 000 000 вон тусдаа асуудал гэдэгт маргахгүй. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн Хамтран ажиллах гэрээ нэртэй, манай талаас ирүүлсэн Тохиролцооны бичиг нэртэй баримтын 3 дахь заалтад үйл ажиллагаа тогтворжиж, орлого сайжирч эхэлснээр мөнгийг олгохоор тохиролцсон. Өөрөөр хэлбэл болзол тавьж хэлцэл хийгдсэн. Өнөөг хүртэл орлого сайжраагүй тул хэлцэлд заасан нөхцөл бүрдээгүй. Мөн хэлцлийн 5 дах заалтад тусламж үзүүлэх үүрэгтэй гэж заасан байхад мөнгө нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Гэрээнээс учирсан хохирол гаргуулах шаардлагаа нотлохоор ирүүлсэн баримтууд хуульд заасан шаардлага хангаагүй. Уг баримтуудад Консулын тэмдэг дарагдсан байна. Гадаад улсад суугаа Монгол Улсын элчин, консулын газар нотариатчын үүрэг гүйцэтгэхдээ Хууль зүйн сайдын баталсан Нотариатын үйлдэл хийх зааврыг баримтлана. Гэтэл хэрэгт авагдсан баримтууд уг зааврыг зөрчсөн тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан Э-ГХОХХК, Т- ХХК-аас 240 733 080 төгрөгийг гаргуулж, БНСУ-ын иргэн Б-нд олгож, үлдэх 77 358 745 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 748 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тэмдэгтийн хураамжид 1 361 615 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх БНСУ-ын иргэн Бён Сон Гуан, Т- ХХК-ийг төлөөлж Д.Т- нар Улаанбаатар хотод Э-нэртэй компанийг хамтран үүсгэн байгуулах, Бизнесийн түнш нэртэй хэлцлийн төслийг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр цахим хэлбэрээр солилцсон болох нь хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон хүчин төгөлдөр гэрээ гэж буруу дүгнэлт хийж улмаар Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх заалтыг баримтлсныг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй. Анхан шатны шүүх ...компанийг хамтран үүсгэн байгуулах, компанийн үндсэн хөрөнгөд хэн аль нь хөрөнгө оруулах, компанийн хувьцааг 50:50 хувиар эзэмших, ашгийн хуваарилалт хөрөнгө оруулалтын хувьд тулгуурлахаар... байгааг дүгнэсэн атлаа хамтран ажиллах талаарх эрх зүйн зохицуулалтыг хуулийн этгээд байгуулахгүйгээр гэж Иргэний хуулийн 48 дугаар бүлэгт тодорхойлж өгсөөр байхад хамтран ажиллах гэрээний зохицуулалтаар асуудлыг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Дээрх хүчин төгөлдөр хэлцэл гээд байгаа тохиролцоо нь бичгээр хийгдсэнийг шүүх хүлээн зөвшөөрсөн бол Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан эсэхийг мөн адил дүгнэх учиртай. Энэ талаар дүгнэлт хийгээгүй нь шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Шүүх маргааны үйл баримтыг хамтарсан компани байгуулж хамтран ажилласан гэж дүгнэсэн бол компанийн талаархи, түүний хувьцаа, хувьцаа эзэмшигч, хувь нийлүүлсэн хөрөнгө зэргийн талаархи эрх зүйн зохицуулалтыг харах ёстой. Энэ талаар дүгнэлт хийгээгүй нь шийдвэр нь хууль ёсны байх хуулийн шаардлагатай нийцээгүй. Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийн Хувьцаа нь тухайн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлд оролцох эрхийг нотлох бөгөөд харин компанийн эд хөрөнгийг тусгайлан өмчлөх эрхийг нотлохгүй. гэсэн заалтыг харгалзан үзээгүй нь компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө, компанийн өөрийн хөрөнгө болон компанийн үндсэн хөрөнгө-ийн ялгааны талаар дүгнэлт хийгээгүй нь анхан шатны шүүхийн шийдвэрээс харагдана. Компанийн үйл ажиллагааны нэг төрөл болсон Сорхун нэртэй сувилалын газар хоёрыг ч ялгаж ойлголгүйгээр шийдвэрлэсэн нь 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 479 дүгээр зүйлийн 479.1-д зааснаар гэрээг цуцалжээ гэсэн дүгнэлтээс нь харагдаж байна. Компанийн тухай хуулиар компанийн хувьцаа эзэмших эрхээ шилжүүлэх буюу компанийн хувьцаа эзэмшигч биш болох, Иргэний хуулийн тодорхой заалтын дагуу тухайн гэрээнээс татгалзах, хамтран ажиллах гэрээнээс гарах ойлголтын ялгааг анхан шатны шүүх олж хараагүй нь хариуцагчийн гаргаж тавьсан болзолт хэлцэлийн талаархи үндэслэлийг хэрэгсэхгүй орхиж байгаагаас харагдаж байна. Дээр дурдсан үндэслэлүүд, хуулийн заалтууд нь нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоход хангалттай үндэслэл тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч нь хариуцагч Э-ХХК, Т- ХХК нарт холбогдуулан гэрээний үүрэгт 318 091 825 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан. /хх 1-2, 32-36/

Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Бён Сон Гуан, Т- ХХК-г төлөөлж Д.Т- нар Улаанбаатар хотод Э-нэртэй компанийг хамтран үүсгэн байгуулах, компанийн үндсэн хөрөнгөд хэн аль нь тус бүр 100 000 ам долларын хөрөнгө оруулах, компанийн хувьцааг 50:50 хувиар эзэмшихээр бизнесийн түнш нэртэй хэлцлийн төслийг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр цахим хэлбэрээр солилцсон болох нь хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон. /1хх 11-12, 118-120, 3 хх 29-38/

Зохигчид энэ үйл баримтад болон хариуцагч 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 100 000 ам доллар хүлээн авсанд маргаагүй. /1хх 115,16 /

Анхан шатны шүүх хариуцагчаас нэхэмжлэгчид буцаан олговол зохих мөнгөн хөрөнгийн талаар зөв дүгнэсэн гэж үзнэ.

Хэрэгт авагдсан баримтаар талууд эмнэлгийн үйл ажиллагаа явуулах талаар тохиролцсон, Э-ГХОХХК нь гадаад худалдаа, гахайн аж ахуй гэсэн өөр чиглэлээр байгуулагдсан байна. /хх20, 21/

Талуудын явуулахаар тохиролцсон үйл ажиллагааны төрөл буюу амаржсаны дараах эх, хүүхдийн асаргаа сувиллын үйл ажиллагаа нь Аж ахуйн үйлчилгээний тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.12.3-т зааснаар тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх үйл ажиллагаа байна.

Аж ахуйн үйлчилгээний тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.12.3-т эмнэлгийн тусламж үзүүлэх бүх төрлийн үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлнэ гэж заасан байхад талууд эрх аваагүй атлаа хэсэг хугацаанд энэ чиглэлийн үйл ажиллагааг явуулж улмаар ашиг гарахгүй байгаа үндэслэлээр хоорондоо маргаж байсан үйл баримт тогтоогдсон. Талуудын явуулсан үйл ажиллагаа, хэлцлийн үндэслэлээс үзэхэд тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагааг явуулсан тохиролцоо нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл байх тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй юм.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагчаас төлөгдсөн төлбөрийг хасч, үлдэх 240 733 080 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон хууль хэрэглээний өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/01198 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 476 дугаар зүйлийн 476.1, 227 дугаар зүйлийн 227.3 гэснийг 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 361 615 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Ш.ОЮУНХАНД