Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2022/00668

 

 

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2022/00668

 

 

БНСУ-ын иргэн Бён Сун Гуан

/Byun Syng Kwan/-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/01198 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1314 дүгээр магадлалтай,

БНСУ-ын иргэн Бён Сун Гуан /Byun Syng Kwan/-ны нэхэмжлэлтэй,

ТОДББ ХХК, Эм энд Кэй медикал солиушн ГХОХХК нарт холбогдох

 

Хамтран ажиллах гэрээний үүрэгт 318,091,825 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Зохигчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Нямдаваа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхзаяа, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Бён Сун Гуан /Byun Syng Kwan/ нь хариуцагч ТОДББ ХХК, Эм энд Кэй медикал солиушн ГХОХХК нарт холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт 318,091,825 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

 

2. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/01198 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан Эм энд Кэй медикал солиушн ГХОХХК, ТОДББ ХХК-аас 240,733,080 төгрөгийг гаргуулж, БНСУ-ын иргэн Бён Сун Гуанд олгож, үлдэх 77,358,745 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,748,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тэмдэгтийн хураамжид 1,361,615 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1314 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/01198 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 476 дугаар зүйлийн 476.1, 227 дугаар зүйлийн 227.3 гэснийг 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 476 дугаар зүйлийг буруу тайлбарлаж, хэрэглэвэл зохих Компанийн тухай хуулийн холбогдох заалтуудыг хэрэглэж чадалгүйгээр 2020.05.06-ны өдөр 181/ШШ2020/01198 дугаар шийдвэр гаргасныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020.06.19-ний өдрийн 1314 дүгээр магадлалаараа залруулж чадаагүй гэж үзэж байгаа тул хариуцагчийн өмгөөлөгчийн хувиар дээрх шийдвэр, магадлалтай хэргийг хянуулахаар хяналтын журмаар гомдол гаргаж байна. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэг нь ...хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэх-ийн тулд хамтран ажиллах эрх зүйн зохицуулалтыг тодорхойлон өгч хамтран ажиллах гэрээ-ний хамгийн гол онцлогийг хуульчилсан байдаг байхад анхан шатны шүүх энэ онцлогийг үл хэрэгсэн нэхэмжлэгч болон хариуцагч нарыг Эм энд кэй медикал солиушн нэртэй компанийг хамтран үүсгэн байгуулах... гэж дүгнэснээрээ шийдвэр нь хууль ёсны болох боломжоо алдсаныг давж заалдах шатны шүүх хуульд нийцүүлж дүгнэхийн оронд харин ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчмаас давж нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээс давуулж, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчсөн хэлцэл гэж үзэж, ...мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөх ямар ч боломж, үндэслэл алга. Энэ нь талуудын хүсэл зориг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.12.3-т зааснаар эмнэлгийн тусламж үзүүлэх бүх төрлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл-тэй этгээдтэй хамтран ажиллах-д байсан уу, эсхүл хамтарсан компани байгуулж эмнэлгийн тусламж үзүүлэх бүх төрлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авч цаашид ажиллахад байсан уу гэдэгт шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйтэй холбоотой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, эхэлж хуулийн этгээд байгуулж хуулиар хориглоогүй болон тодорхой болзол заасан тусгай зөвшөөрөлгүй, дараа нь түүнийхээ нэр дээр хуульд заасан болзлыг хангаж эмнэлгийн тусламж үзүүлэх үйлчилгээ буюу амаржсаны дараах эх, хүүхдийн асаргаа сувилал эрхлэх тусгай зөвшөөрөл авах, эсхүл нэгэнт авсан тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдтэй хамтран ажиллах асуудал 2 өөр ойлголт, хуулийн 2 өөр зохицуулалтаар шийдвэрлэх асуудал атал давж заалдах шатны шүүх амаржсаны дараах эх, хүүхдийн асаргаа сувиллын үйл ажиллагаа эрхлэх эрх аваагүй атлаа... ийм үйл ажиллагаа хамтран эрхлэхээр тохиролцоо хийсэн нь хууль зөрчсөн үйлдэл болсон гэх утгатай дүгнэлт хийж байгаа нь харин ч өөрийнх нь яриад байгаа Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийг зөрчихийг зөвшөөрөөд байгаа мэт харагдуулж байна. Ингэснээрээ шүүх нэгэнт байгуулагдсан хамтарсан компани-ийн цаашдын хувь заяа, түүний хувьцаа, хувьцаа эзэмшигчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, хувь нийлүүлсэн хөрөнгө-ийн хувь заяа зэргийг шийдвэрлэх асуудлыг бүрхэгдүүлж, шийдэрлэхэд түвэгтэй болгож, дуусахгүй маргааны эх үүсвэрийг тавьсанд гомдолтой байна. Иймд миний зүгээс Компанийн тухай хуулиар компанийг яаж байгуулах, цааш нь яаж авч явах, цааш явж болохгүй бол хувьцаа эзэмшигч нь өөрийнхөө эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хэрхэн хамгаалах, компанид эзэмшиж байгаа хувьцаагаа хэрхэх, энэ талаар хэн ямар шийдвэр гаргах, ерөөс хувьцаа эзэмшиж байгаа утга нь, эрх нь, үүрэг нь юунд байдаг юм гэх мэт үй олон зохицуулалтыг үл ойшоон, ядаж Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийн Хувьцаа нь тухайн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлд оролцох эрхийг нотлох бөгөөд харин компанийн эд хөрөнгийг тусгайлан өмчлөх эрхийг нотлохгүй. гэсэн заалтыг ч харгалзан үзээгүй нь компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө, компанийн өөрийн хөрөнгө болон компанийн үндсэн хөрөнгийн ялгааны талаарх анхан шатны шүүхийн дутуу дулимаг ойлголтыг залруулж чадаагүй нь давж заалдах шатны шүүхийн гол алдаа гэж үзэж байна. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.06-ны өдрийн 181/ШШ2020/01198 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.19-ний өдрийн 1314 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, дээр дурдсан үндэслэлүүд, хуулийн заалтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.19-ний өдрийн 1314 дугаар магадлалыг хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.06-ны өдрийн 181/ШШ2020/01198 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч Эм Энд Кей медикал солиушн ГХОХХК, ТОДББ ХХК-аас 240,733,080 төгрөгийг гаргуулж, нэхэжлэгч БНСУ-ын иргэн Бён Сун Гуанд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 77,358,745 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Шүүх дээрх байдлаар дүгнэхдээ талуудын хооронд хамтран ажиллах гэрээний үүрэг үүссэн хүчин төгөлдөр гэрээ байна гэж дүгнээд нэхэмжлэгчийн 2017 оны 11 дүгээр сараас 2019 оны 05 дугаар сарын хооронд БНСУ-аас Монгол улсад зорчсон 5 удаагийн ирэх, буцах онгоцны зардал, хэрэглээний зардал, орчуулгын, нотариатын үйлчилгээний, хууль зүйн туслалцааны зардал зэрэг нийт 77,358,745 төгрөг гаргуулах шаардлагыг гэрээнээс учирсан шууд бодит хохирол гэж үзэх үндэслэлгүйгээс гадна баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн байдаг. Харин магадлалд дурьдсанаар талуудын хооронд гэрээний бус үүрэг үүссэн, хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулагдсан байна гэж дүгнэн хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн. Ингэснээр нэхэмжлэгчийн хохиролд шаардсан 77,358,745 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага шийдвэрлэгдэх боломжтой болсон гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие үзэж байна. Магадлалын хянавал хэсэгт ...Аж ахуйн үйлчилгээний тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.12.3-т эмнэлгийн тусламж үзүүлэх бүх төрлийн үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлнэ гэж заасан байхад талууд эрх аваагүй атлаа хэсэг хугацаанд энэ чиглэлийн үйл ажиллагааг явуулж улмаар ашиг гарахгүй байгаа үндэслэлээр хоорондоо маргаж байсан үйл баримт тогтоогдсон... гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болсон. Нэхэмжлэгч тал хэрэгт авагдсан Түншлэлийн гэрээнээс шүүхийн дээрх дүгнэсэн үндэслэлээр буюу ...эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийг авсан эсэхийг Бён Сун Гуан нь Д.Тоднямаас тодруулахад ...тусгай зөвшөөрөл гаргадаг хүнд нь хахууль болгож мөнгө өгсөн удахгүй зөвшөөрөл гарна санаа зоволтгүй... гэх тайлбарыг өгсөн нь хууль бус үйл ажилалагааг явуулж байна гэх ойлголтыг өгч улмаар гэрээнээс татгалзах болсон юм. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар "...гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан байх тул хохиролд нэхэмжилсэн 77,358,745 төгрөгийг нэмж гаргуулахаар хяналтын журмаар гомдол гаргаж байна. Иймд шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж 77,358,745 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

6. Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Бён Сун Гуан нь Эм энд Кэй медикал солиушн ГХОХХК, ТОДББ ХХК-д тус тус холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт шилжүүлсэн 240,733,080 төгрөг, гэрээнээс учирсан хохирол, зардалд 77,358,745 төгрөг, нийтдээ 318,091,825 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

 

7. Анхан шатны шүүх Эм энд Кэй медикал солиушн ГХОХХК, ТОДББ ХХК-аас 240,733,080 төгрөгийг гаргуулж, БНСУ-ын иргэн Бён Сун Гуанд олгож, үлдэх 77,358,745 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхижээ.

 

8. Хэргийн баримтаас үзэхэд БНСУ-ын иргэн Бён Сон Гуан, ТОДББ ХХК-ийг төлөөлж Д.Тодням нар Улаанбаатар хотод Эм энд Кэй медикал солиушн нэртэй компанийг хамтран үүсгэн байгуулах, компанийн үндсэн хөрөнгөд тус бүр 100,000 ам долларын хөрөнгө оруулах, компанийн хувьцааг 50:50 хувиар эзэмших, ашгийн хуваарилалт хөрөнгө оруулалтын хувьд тулгуурлахаар Бизнесийн түнш нэртэй хэлцлийн төслийг 2017.10.27-ны өдөр цахим хэлбэрээр солилцсон, хариуцагч нь нэхэмжлэгчээс 2017.10.31-ний өдөр 100,000 ам доллар хүлээн авсан үйл баримтын тухайд талууд маргаагүй.

 

9. Эм энд Кэй медикал солиушн ГХОХХК-ийг хоёр хувьцаа эзэмшигчтэй, тус бүр 50 хувийн хувьцаа эзэмших, гүйцэтгэх захирлаар Д.Тодням байхаар тусган компанийг үүсгэн байгуулахад шаардагдах бичиг баримтыг бүрдүүлж, 2017.11.03-нд бүртгэх байгууллагад бүртгүүлсэн байна.

 

10. Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д нийцсэн хүчин төгөлдөр гэрээ хийгдсэн, хамтын ажиллагааны дагуу 2018 оны 1 дүгээр сард Сорхун нэртэй сувиллын газрыг хамтран нээн ажиллуулж байсан, хамтын ажиллагааг 2018 04.01-ний өдрөөс дуусгавар болгох, сувиллын үйл ажиллагааг хариуцагч дангаар үргэлжлүүлэхээр, түүнчлэн нэхэмжлэгчийн оруулсан хөрөнгө болох 100,000 ам долларыг буцаан олгохоор тохиролцсон үйл баримтад зохигчид маргаагүй, талууд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 479 дүгээр зүйлийн 479.1-д зааснаар гэрээг цуцалсан гэж дүгнэн, хариуцагчаас 240,733,080 төгрөг гаргуулж, харин гэрээнээс учирсан хохирол, зардалд 77,358,745 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгохдоо ...гэрээнээс учирсан шууд бодит хохирол гэж үзэх үндэслэлгүйгээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэжээ.

 

11. Давж заалдах шатны шүүх ... талуудын тохиролцсон үйл ажиллагааны төрөл буюу амаржсаны дараах эх, хүүхдийн асаргаа сувиллын үйл ажиллагаа нь Аж ахуйн үйлчилгээний тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.12.3-т зааснаар тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагаа байна. ...талууд эрх аваагүй атлаа хэсэг хугацаанд энэ чиглэлийн үйл ажиллагааг явуулж, улмаар ашиг гарахгүй байгаа үндэслэлээр хоорондоо маргаж байсан үйл баримт тогтоогдсон. Талуудын явуулсан үйл ажиллагаа, хэлцлийн үндэслэлээс үзэхэд тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагааг явуулсан тохиролцоо нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл байх тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж дүгнэн, хариуцагчаас 240,733,080 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 56 дугаар зүйлийн 56.5 дахь заалтыг хэрэглэх ёстой гэсэн хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан байна.

 

12. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй.

 

13. Хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримтын талаар ялгаатай дүгнэлт хийж, эрх зүйн үндэслэлийг өөр өөрөөр тодорхойлсноос хууль хэрэглээний хувьд зөрүүтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг зөв гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Хэргийн баримт, зохигчийн тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхойгүй байна. Нэхэмжлэгч нь компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч атлаа тухайн хуулийн этгээдийг үүсгэн байгуулахад хувь нийлүүлсэн 100,000 ам.доллараа хариуцагч буюу нөгөө хувьцаа эзэмшигчээсээ шаардаж байгаа нь ойлгомжгүй, нөгөөтэйгүүр компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигчийн хувьд анх оруулсан хөрөнгөө буцаан гаргуулахаар шаардсан ч хувьцаа эзэмшигч хэвээрээ үлдэж байгаа хууль зүйн үндэслэл тодорхойгүй байна.

 

14. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож байгаа тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ...давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь ...хохиролд шаардсан 77,358,745 төгрөгийг гаргуулах шаардлагыг хангах үндэслэл болсон гэсэн гомдлыг хангахгүй.

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоос ...хоёр шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэсэн нь үндэслэл бүхий байх тул түүний гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

15. Хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд хууль хэрэглээний дүгнэлт хийж, маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэн, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/01198 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1314 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 1,361,615 төгрөг, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 544,740 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Д.ЦОЛМОН