| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Азуйсэдийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 182/2018/01024/И |
| Дугаар | 210/МА2018/01740 |
| Огноо | 2018-07-25 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2018/01740
| 2018 оны 07 сарын 25 өдөр | Дугаар 210/МА2018/01740 |
Д.Очирбатын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2018/01319 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Д.Очирбатын нэхэмжлэлтэй, хариуцагч Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд холбогдох,
Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Очирбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.
Нэхэмжлэгч Д.Очирбатын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Миний бие Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлаар ажиллаж байгаад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайдын 2017 оны 01 сарын 03-ны өдрийн Б/15 тоот тушаалаар ажлаасаа үндэслэлгүй халагдсан бөгөөд шүүхэд хандсаны үндсэн дээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 сарын 31-ний өдрийн 425 дугаартай шийдвэрээр намайг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, 2017 оны 01 сарын 03-ны өдрөөс 2017 оны 05 сарын 31-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 5 469 224 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг Улсын дээд шүүхийн 2017 оны 11 сарын 06-ны өдрийн 441 дугаар тогтоолоор хэвээр үлдээж, шийдвэ хүчин төгөлдөр болсон. Өнөөдрийн байдлаар хариуцагч нь намайг ажилд аваагүй, тэтгэмжийг олгоогүй байна. Иймд миний бие Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 06 сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны тайлбарт: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг нэхэмжлэгч хэтрүүлж нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн өмнөх ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг шүүхээс шийдвэрлэж, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэдгийг тогтоосон бөгөөд энэ хугацаанаас эхлэн 3 сарын дотор нэхэмжлэх ёстой байсан. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 14 273 829 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Очирбатад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар дээрх олговроос шимтгэл тооцож, Д.Очирбатын нийгмийн болон эрүүл мэндийн идаатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Очирбатын гомдол нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 201 359 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.Очирбатад олгож, хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 229 319 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд: Нэхэмжлэгч Д.Очирбатын нэхэмжлэлтэй хэргийн шийдвэр, магадлалыг Улсын дээд шүүх 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 441 дугаартай тогтоолоор шийдвэрлэсэн болно. Энэхүү шүүхийн шийдвэр гарсан өдрийг нэхэмжлэгч эрхээ зөрчсөнийг мэдсэн буюу мэдэх боломжтой байсан өдөр гэж үзнэ. Нэхэмжлэгч нь эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан хугацааг өөрөөр тогтоохтой холбоотой нотлох баримт шүүхэд ирүүлээгүй байсан тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байсан болно. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан олговрыг нэмж шаардаж байгаа тохиолдолд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан 3 сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байсан. Шүүх нэхэмжлэгчийн нэг өдрийн цалин хөлсийг тогтоохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасныг зөрчиж, ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцсон нь хуульд нийцээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн хугацааны цалин хөлсийг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Нэхэмжлэгч Д.Очирбат нь хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд холбогдуулж ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 11 650 593 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/15 дугаартай тушаалаар нэхэмжлэгч Д.Очирбатыг Сэлэнгэ аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан байх ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 425 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 610 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 441 дугаартай тогтоолоор нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5 469 224 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасан үүргийг биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь ажилгүй байсан 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговрыг шаардах эрхтэй.
Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас нэхэмжлэгч Д.Очирбатын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 14 273 829 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.
Ажил олгогч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гүйцэтгэх хуудас бичигдэж, 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2/3642, 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2/6255, 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2/7809 дугаар мэдэгдлээр ..шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг... хариуцагч байгууллагад мэдэгдэж байсан. Шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгч Д.Очирбатыг 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд хандан нэхэмжлэл гаргасныг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2018/01319 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
А.МӨНХЗУЛ