Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 210/ма2020/01315

 

 

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2020/01315

 

Т- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2020/00657 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Т- ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б- ХХК-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 2 090 522 722 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т- ХХК нь Б- ХХК-тай 2017 оны 5 сарын 31-ний өдөр 2 000 000 000 тэрбум төгрөгийг Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Гүнжийн аманд баригдаж буй Гүнжийн хотхон төслийн барилгын ажлыг санхүүжүүлэх зориулалтаар, сарын 2,2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгохоор харилцан тохиролцож 12/17-95 тоот зээлийн гэрээ байгуулсан. Гэрээгээр 2017 оны 6 сарын 02-ны өдөр 2 000 000 000 тэрбум төгрөгийн зээлийг Б- ХХК-ийн 100000164665 тоот дансанд олгосон. Тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2017 оны 5 сарын 31-ний өдөр 12/17-96 тоот барьцааны гэрээ, 2017 оны 5 сарын 31-ний өдрийн 12/17-97 фидуцийн гэрээг тус тус байгуулсан.

Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр дууссан боловч зээл бүрэн төлөгдөөгүй. Зээлдэгч нь зээлд 535 068 619 төгрөг, хүүд 586 483 392 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 14 311 326 төгрөг төлсөн.

2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар зээлд 1 464 931 381 төгрөг, хүүд 446 501 980, нэмэгдүүлсэн хүүд 62 113 186, нийт 1 973 546 547 төгрөг төлөх үүрэгтэй байна. Банкны зүгээс удаа дараа мэдэгдэж, үүргээ гүйцэтгэх хангалттай хугацаа олгосон боловч зээл төлөгдөөгүй тул гэрээний үүрэгт нийт 1 973 546 547 төгрөг гаргуулж өгнө үү. Б- ХХК-ийн өмчлөлийн Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг, Номт Манзушир өргөө 1 байр, А хэсэг тоот хаягт байрлалтай худалдаа үйлчилгээний зориулалттай, 521,86 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-1427003295 дугаартай хөрөнгө, Б- ХХК-ийн өмчлөлийн Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг, Номт Манзушир өргөө 1 байр, В хэсэг тоот хаягт байрлалтай худалдаа үйлчилгээний зориулалттай, 502,31 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-1427003292 дугаартай хөрөнгө, Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг, Номт Манзушир өргөө 1 байр, С хэсэг тоот хаягт байрлалтай худалдаа үйлчилгээний зориулалттай, 502,31 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-1427003293 дугаартай хөрөнгө, Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг, Номт Манзушир өргөө 1 байр, D хэсэг тоот хаягт байрлалтай худалдаа үйлчилгээний зориулалттай, 521,86 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-1427003294 дугаартай хөрөнгө, Тус барьцааны гэрээний хавсралтад заасан дараах 88 ширхэг машин, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийг барьцаалснаас 88 ширхэг хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Т- нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ зээлийн гэрээний үүргийг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөр тооцон нийт 1 973 546 547 гаргуулах нэхэмжлэл гаргасан. Гэвч энэхүү хугацаанаас хойш зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр хийгдээгүй. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээ чөлөөлөхгүй үндэслэл болохгүй гэж зааснаар өмнө нэхэмжилсэн хүүг 97 480 146 төгрөгөөр, нэмэгдүүлсэн хүүг 19 496 029 төгрөгөөр нийт нэхэмжлэлийн шаардлагыг 116 976 175 төгрөгөөр нэмэгдүүлж байгаа болно гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б- ХХК нь Т-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн үлдэгдэлд эд хөрөнгө шилжүүлэх саналыг гаргаж, нэхэмжлэгчтэй эвлэрэн тохиролцохоор санал хүргүүлсэн байгаа болно. Талууд 2017 оны 05 дугаар сарын 31-ны өдөр сарын 2.2 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай 2 000 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болсон. Т- хүчин төгөлдөр гэрээ гэж үзээд уг зээлийн гэрээний дагуу зээлсэн мөнгөө хүүтэй нэхэж байгаа бол ядаж гэрээний хугацаа болох 2 жилийн хүүг түүний нэмэгдүүлсэн хүүтэй хамт нэхэмжлэх ёстой. Гэтэл 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гэрээний хугацаа дууссан байхад түүнээс хойш дахин хүү бодоод түүнээс нэмэгдүүлсэн хүү нэхээд байгаа нь хууль бус юм. Иймд нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага 116 976 175 төгрөгийг, мөн үндсэн нэхэмжлэлээс гэрээ дуусгавар болсон байхад нэхсэн буюу 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 11 сарын 06-ны өдрийг хүртэл 5 сарын хүү, нэмэгдүүлсэн хүү 198 887 913 төгрөгийг мөн нэхэмжлэх эрхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дүгээр зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б- ХХК-аас 2 090 522 722 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т- ХХК-д олгож,

Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б- ХХК нь төлбөрийг гүйцэтгээгүй тохиолдолд 12/17-96 дугаар Барьцааны гэрээний зүйл болох гэрээний 2.2.Б-д заасан, гэрээний хавсралт 1-д заасан Б- ХХК-ийн 1 004 140 417 төгрөгийн үнэ бүхий 88 ширхэг машин тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл болон барьцаа хөрөнгө болох Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-1427003295 дугаарт бүртгэлтэй, Төв аймгийн Зуунмод сумын 1-р баг, Номт Манзушир өргөө 1 байр А хэсэг тоотод байршилтай, 521,86 м.кв талбайтай, Худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-1427003292 дугаарт бүртгэлтэй, Төв аймгийн Зуунмод сумын 1-р баг, Номт Манзушир өргөө 1 байр В хэсэг тоотод байршилтай, 502,31 м.кв талбайтай, Худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-1427003293 дугаарт бүртгэлтэй, Төв аймгийн Зуунмод сумын 1-р баг, Номт Манзушир өргөө 1 байр С хэсэг тоотод байршилтай, 502,31 м.кв талбайтай, Худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-1427003292 дугаарт бүртгэлтэй, Төв аймгийн Зуунмод сумын 1-р баг, Номт Манзушир өргөө 1 байр D хэсэг тоотод байршилтай, 521,86 м.кв талбайтай, Худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т- ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн 10 025 683 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 70 200 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төлсөн 742 831 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б- ХХК-иас 10 838 714 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т- ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэлийн шаардлагаа 2020 оны 1 дүгээр сарын 17 ны өдөр нэмэгдүүлэхдээ нэг хоногийн хүү 1 274 922 төгрөг байх бөгөөд 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 6 өдрийг хүртэлх 91 хоногоор тооцож 116 976 175 төгрөгөөр нэмэгдүүлж байна гэж шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарласан. Нэмэгдүүлсэн шаардлагаа 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдрөөс шүүхэд нэмэгдүүлсэн шаардлага гаргасан өдрийг хүртэл буюу 2020 оны 1 сарын 17-ны өдрийг хүртэлх 72 хоногийн хүү, нэмэгдүүлсэн хүү болох 91 794 421 төгрөгийг л нэхэх ёстой болохоос нэмэгдүүлсэн шаардлага гаргасан өдрөөсөө хойш шүүх хурал хэд хэдэн удаа хойшилж магадгүй учир уг тооцоолж хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар нь үндэслэлгүй юм. Иймд нэмэгдүүлсэн шаардлага гаргасан өдрөөсөө хойших хүү, нэмэгдүүлсэн хүү болох 25 181 754 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үндэслэлгүй юм. Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэсэн 2020 оны 4 сарын 1 ний өдрийн шүүх хуралдааны бичлэгээс 25 181 754 төгрөгийг хэрэгсэхгүй болголоо гэж танилцуулсан нь тодорхой харагдах тул уг бичлэгийг хэрэгт хавсаргахыг мөн хүсэж байна. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт заасан 2 090 522 722 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэнд өөрчлөлт оруулж үндэслэлгүй нэхэмжилсэн буюу хугацаа нь болоогүй байхад нэхэмжилсэн хүү, нэмэгдүүлсэн хүү 25 181 754 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан зээлийн үлдэгдэл 1 464 931 381 төгрөг, хүү 446 501 980, нэмэгдүүлсэн хүүд 62 113 186, нийт 1 973 546 547 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 116 976 175 төгрөгөөр ихэсгэж, нийт 2 090 522 722 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нэмэгдүүлсэн шаардлага 116 976 175 төгрөгийг, мөн гэрээ дуусгавар болсон байхад буюу 2019 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийг хүртэл 5 сарын хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэх эрхгүй гэж маргажээ. /хх1, 32 38, 96/

Зохигчдын хооронд 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдсан, зээлдүүлэгч 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдөр 2 000 000 000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон.

2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 12/17-95 дугаартай зээлийн гэрээ, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 12/17-96 дугаартай барьцааны гэрээгээр Т- ХХК нь гэрээнд заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлэх, Б- ХХК нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, хүү төлөх үүрэг тус тус хүлээж, гэрээг бичгээр байгуулж талууд гарын үсэг зурсан байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, зээлийн болон барьцааны гэрээ нь 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт тус тус заасан хуулийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ./хх7, 10/

Харин анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт төлүүлэхээр заасныг залруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь эрхээ зөрчигдсөн тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага гаргах бөгөөд Нэмэгдүүлсэн шаардлага гаргахдаа шүүх хурал хэд хэдэн удаа хойшилж магадгүй гэсэн байдлаар тайлбарлан ирээдүй цагт чиглэсэн шаардлага гаргасан гэх хариуцагчийн няцаалт тайлбар үндэслэлтэй юм. Дээрх үндэслэлээр хүү, нэмэгдүүлсэн хүү гэх 25 181 754 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үндэслэлгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн нь шүүх хуралдааны тэмдэглэл, шийдвэрийн үндэслэх хэсгээс тодорхой байх боловч шийдвэрийн тогтоох хэсэгт буруу тооцсоныг залруулах нь зүйтэй. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт 2 090 522 722 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгчид олгох өөрчлөлт оруулж үндэслэлгүй нэхэмжилсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн 25 181 754 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2020/00657 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хариуцагч Б- ХХК-аас 2 090 522 722 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т- ХХК-д олгосугай гэснийг хариуцагч Б- ХХК-аас 2 065 340 968 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т- ХХК-д олгож, 25 181 754 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

-тогтоох хэсгийн 3 дахь заалтад 10 838 714 гэснийг 10 554 855 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283 860 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Ш.ОЮУНХАНД