Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2020/00300

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2020/00300

 

 

Э.Ц -ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2019/02183 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Э.Ц -ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Д -д холбогдох

 

2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Их Монгол Улсын гудамж 105 дугаар байр, 18 тоот хаягт байрлалтай 18 м.кв талбайтай авто зогсоолын өмчлөлийг Э.Ц -т шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болор-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Б.Д тай 3 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулж 20 000 000 төгрөгийг зээлж, тухайн өдрөө Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Их Монгол гудамж, 105 байр, 18 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай авто зогсоолыг барьцаалан гэрээ байгуулсан. Дээрх зээлийн гэрээний дагуу Б.Д д 8 800 000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлж өгсөн бөгөөд 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ хийж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан.

Гэтэл 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Б.Д нь намайг 20 000 000 төгрөгөө төлөөгүй гэж Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст өргөдөл өгч иргэний шүүх дээрх зээлийн гэрээтэй холбоотой шийдвэр гаргавал эрүүгийн хэргийн гомдолоо татна гэсэн. Би 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд очиж эвлэрлийн гэрээ байгуулж, эвлэрлийг баталгаажуулах тухай захирамжийг айлган сүрдүүлж гаргуулсан.

Б.Д нь зээлийн гэрээний дагуу надаас 46 400 000 төгрөг гаргуулснаас гадна миний авто зогсоолыг өмчлөх эрхтэй болсон. 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Б.Д нь үүрэг дуусгавар болгосон хэлцэл болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хуурч мэхлэн хийлгэж, өөртөө их хэмжээний эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан. Миний бие үлдэх төлбөр болох 17 200 000 төгрөгт зах зээлийн ханшаар 25 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий авто зогсоолыг шилжүүлж Б.Д нь зөрүүнд 3 000 000 төгрөг төлнө гэсэн боловч одоог хүртэл төлөөгүй учир гэрээнээс татгалзаж өгсөн авснаа буцаахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.Д , Э.Ц - нарын хооронд байгуулсан гэрээнд Э.Ц - тухайн үл хөдлөх эд хөрөнгөө 3 000 000 төгрөгөөр худалдая, ирээдүйд үнийг төлөх буюу 2 жилийн дараа 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төлье гэж гэрээ байгуулах санал гаргасан. Энэ нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлд заасан хүсэл зоригийн илэрхийллээ нөгөө этгээдийн хамт бодитойгоор илэрхийлэх шаардлагыг нэг бүрчлэн хангаж байна. Энэ гэрээний үүргийг хариуцагчаас биелүүлсэн учир гэрээнээс татгалзах үндэслэлгүй.

Худалдах-худалдан авах гэрээг 3 000 000 төгрөгөөр байгуулаад үүрэг хүлээсэн, хариуцагчаас энэ үүргээ биелүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Б.Д д холбогдох 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Их Монгол улсын гудамж, 105 дугаар байр, 18 тоот хаягт байрлалтай 18 м.кв талбайтай авто зогсоолын өмчлөлийг шилжүүлэхийг даалгах тухай Э.Ц -ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 257 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тус шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 181/ШЗ2019/02055 дугаар захирамжийн үйлчлэл энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нэргүй давж заалдах гомдолдоо: Анх гэрээ байгуулахдаа 20 000 000 гаруй төгрөгийн үнэ бүхий авто зогсоолыг 3 000 000 төгрөгөөр шилжүүлэн авсан, мөн хариуцагч 46 400 000 төгрөг авах шүүхийн шийдвэртэй, уг шийдвэрийн үндэслэл болсон зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болох автозогсоолыг хуурамчаар үнэгүйдүүлэн 3 000 000 төгрөгөөр худалдаж авсан болно. Мөн шүүхэд гэрч мэдүүлэг өгөхдөө 3 000 000 төгрөгийг бодитоор аваагүй эрүүгийн хэргээ хаалгахаар хариуцагчтай тохиролцон хуурамч баримт үйлдсэн байхад шүүхээс үндэслэлгүй шийдвэр гаргажээ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг дутуу үнэлсэн. Үүнд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 334 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлд авто зогсоолын үнэ 25 000 000 төгрөг болохыг тусгасан ба хариуцагч Б.Д тай худалдах-худалдан авах гэрээ хийж 3 000 000 төгрөгөөр авсан, Э.Ц -т мөнгөө өгөөгүй болохоо хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан байдаг. /хх51/ Э.Ц -т мөнгө хүлээлцсэн гэх баримт байгаа боловч мөнгө нь дэвсгэртээр хүлээлгэж өгсөн, авсан гэх гарын үсэг зураагүй нь нэхэмжлэгч Э.Ц -ыг дарамталж бичүүлсэн нь тодорхой харагдаж байна /хх-39/ Хэрвээ шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болвол нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгө үнэгүйдэж, хариуцагч үндэслэлгүйгээр бусдын хөрөнгийг хууль бусаар авах нөхцөл байдлыг үүсгэж байна.

Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байна.

Нэхэмжлэгч Э.Ц - нь хариуцагч Б.Д д холбогдуулан 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, автозогсоолын өмчлөлийг буцаан шилжүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний үүргийг биелүүлсэн гэх үндэслэл заан маргажээ.

Э.Ц - нэхэмжлэлийн үндэслэлээ ... зээлийн гэрээний үүрэг дуусгавар болгох зорилгоор үүрэг дуусгавар болгох хэлцэл болон худалдах-худалдан авах гэрээг байгуулсан, ... намайг 20 сая төгрөгөө төлөөгүй гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагаар шалгуулсан, иргэний шүүхээр зээлийн гэрээтэй холбоотой шийдвэр гаргуулчихвал эрүүгийн гомдлоо татна гэж хэлсэн, ингээд 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн шүүхэд очиж эвлэрлийн гэрээ байгуулан, шүүгчийн захирамжаар надаас зээлийн үүрэгт 46 400 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлүүлсэн атлаа автозогсоолыг өмчлөх эрхтэй болсон, намайг хуурч мэхэлж худалдах-худалдан авах гэрээ байгуулсан ... гэж тайлбарласан байна.

Хэргийн баримтаас үзвэл талууд 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, Б.Д нь Э.Ц -т 20 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлдүүлж, гэрээний үүргийг хангах зорилгоор өөрийн өмчлөлд бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Их монгол гудамжны 105 дугаар байрны 18 тоотод байрлах 18 м.кв талбай бүхий автозогсоолыг барьцаалан гэрээ байгуулж улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх-5,6/

Дээрх зээлийн гэрээний үүргийг дуусгавар болсон тухай хэлцлийг талууд 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хийсэн байна. /хх-7/ Улмаар барьцаа хөрөнгө буюу авто зогсоолыг 3 000 000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж мөн өдрөө автозогсоолыг өмчлөх эрхийг Б.Д гийн нэр дээр шилжүүлжээ. /хх-8/

Уг үйл баримтаас хойш 2 жил орчим хугацааны дараа буюу 2018 онд хариуцагч Б.Д Баянгол дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэст гомдол гаргаснаар нэхэмжлэгч Э.Ц - нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дүгээр хэсэгт заасан гэмт хэрэгт холбоотойгоор шалгагдаж байжээ. /хх-14/ Мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШЗ2018/08565 дугаартай захирамжаар Э.Ц - нь Б.Д д 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний үүрэг 20 000 000 төгрөг, зээлийн хүү 2 000 000 төгрөг, алданги 11 000 000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн үүрэгт 15 600 000 төгрөг, нийт 48 600 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар эвлэрсэн талуудын эвлэрлийг баталгаажуулсан байна. /хх-12/

Дээрхээс дүгнэхэд шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч талын автозогсоол худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж байгаа үндэслэлд хамаарах үйл баримтыг тодруулаагүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарах үйл баримтыг бүрэн тогтоогоогүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулан, хэрэгт цугларсан нотлох баримтыг харьцуулан үнэлж зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг тогтоон, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар 167.1.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2019/02183 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ч.ЦЭНД