| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Азуйсэдийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 181/2017/02756/И |
| Дугаар | 210/МА2018/00120 |
| Огноо | 2018-01-05 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 210/МА2018/00120
| 2018 01 05 | 120 |
Г.Баясмаагийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/02854 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Г.Баясмаагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Скайтел ХХК-д холбогдох
2016 оны 11 сарын 29-ний өдрөөс 2017 оны 07 сарын 27-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 22 715 598 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмөнх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбат, хариуцагчийн өмгөөлөгч М.Бадрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.
Нэхэмжлэгч Г.Баясмаагийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Би Скайтел ХХК-д Дотоод аудитын албаны ахлах аудитор албан тушаалд 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон. Скайтел ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б-282 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1359 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 374 дугаартай магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 511 дугаартай тогтоолоор ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн. Улмаар Скайтел ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Б-457 тоот тушаалаар Скайтел ХХК-ийн Санхүү төлөвлөлтийн газрын Санхүү бүртгэлийн албаны дотоод хяналтын менежерийн албан тушаалд томилогдсон.
Би анхан шатны шүүхийн шийдвэр гарсанаас хойшх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорыг олгож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан боловч Санхүү төлөвлөлтийн газрын захирал олгох боломжгүй, компанийн нөхцөл байдлыг үл хайхран дахин огт ажиллаагүй хугацааны цалинг нөхөж авах тухай ярьж байгаа хүнтэй цаашид хамтран ажиллахыг хүсэхгүй байна гэдгийг илэрхийлсэн. Миний дундаж цалин сарын 2 950 969 төгрөг болохыг шүүхийн шийдвэрээр тогтоосон. Иймд хуульд заасны дагуу 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт \7 cap 15 хоног\ 22 715 598 төгрөгийг Скайтел ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Скайтел ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч нь Скайтел ХХК-ийн Дотоод аудитын албаны ахлах аудиторын албан тушаалд ажиллаж байсан бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирлын 2016 оны 04 сарын 12-ны өдрийн Б-282 тоот тушаалаар ажлаас халагдсан. Нэхэмжлэгч ажлаас үндэслэлгүй халагдсан тухай гомдол шүүхэд гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 29-ний өдрийн 1359 дугаартай шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон. Уг шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч гомдол гаргаж, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 сарын 03-ны өдрийн 374 дугаартай магадлалаар нэхэмжлэгчийг Скайтел ХХК-ийн Дотоод аудитын албаны ахлах аудиторын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 7 cap 18 хоногийн олговорт 23 127 366 төгрөгийг Скайтел ХХК-аас гаргуулж шийдвэрлэснийг Улсын Дээд шүүхийн 2017 оны 04 сарын 25-ны өдрийн 511 дугаартай тогтоолоор магадлалыг хэвээр үлдээсэн. Нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 сарын 03-ны өдрийн 374 дугаар магадлалаар хангасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч нь 2016 оны 11 сарын 29- ний өдрөөс биш, харин уг магадлал гарсан 2017 оны 02 сарын 03-ны өдрөөс хойшхи олговрыг нэхэмжлэх ёстой.
Нэхэмжлэгчийн 2016 оны 04 сарын 13-ны өдрөөс 2016 оны 11 сарын 29- ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт 23 127 366 төгрөг гаргуулахад нэг сарын дундаж цалин 2 950 969 төгрөг, ажлын өдрийн дундаж цалин 137 254.6 төгрөг болж байна. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 2016 оны 04 сарын 13-ны өдрөөс 2016 оны 11 сарын 29-ний өдрийг хүртэл 7 cap 18 хоног гэж тоолон, нэг сарын дундаж цалин 2 950 969 төгрөгийг 7 сараар /5-11 cap/, нэг ажлын өдрийн дундаж цалин 137 254.6 төгрөгийг 18 хоногоор үржүүлж, нийт /20 656 783+2 470 583=/ 23 127 366 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ тооцооллын алдаа гаргасан байна. 2016 оны 04 сарын 13-ны өдрөөс 2016 оны 04 сарын 30-ны өдрийн хооронд календарийн 18 хоног, ажлын 13 өдөр байхад шүүх ажлын 18 өдрөөр тооцож, ажлын 5 өдрийн олговор 686 273 төгрөгийг нэхэмжлэгчид илүү бодож олгосон. Скайтел ХХК нь шүүхийн шийдвэрийн дагуу уг илүү бодогдсон 5 өдрийн 686 273 төгрөгийг нэхэмжлэгчид олгосон тул нэхэмжлэлийн дүнгээс 686 273 төгрөгийг төлсөнд тооцно. Нэхэмжлэгч нь нэгэнт хүлээж авсан 5 өдрийн 686 273 төгрөгийг дахин нэхэмжлэх нь буруу юм.
Скайтел ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 04 сарын 12-ны өдрийн Б-282 тоот тушаалын дагуу Г.Баясмаагийн цалинг 2016 оны 04 cap дуустал ажлын 21 хоногоор тооцон бүрэн олгосон, мөн 2016 оны 05 сарын 06-ны өдрийг дуустал ажлын 5 хоногийн цалин, нийт 2 871 592 төгрөг олгосон байсан. Дээрх шүүхийн шийдвэр гарахаас өмнө нэхэмжлэгчид олгосон ажлын 18 хоногийн цалингийн 2 871 592 төгрөгийг нэхэмжлэлийн дүнгээс төлсөнд тооцон хасна.
Хариуцагч нь Улсын дээд шүүхийн 2017 оны 04 сарын 25-ны өдрийн 511 дугаартай тогтоолыг 2017 оны 05 сарын 15-ны өдөр хүлээн авсан бөгөөд Дотоод аудитын албаны ахлах аудитор албан тушаал байхгүй болсонтой холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасны дагуу Санхүү төлөвлөлтийн газрын Санхүү, бүртгэлийн албаны Дотоод хяналтын менежерийн албан тушаалыг 2017 оны 06 сарын 22-ны өдөр санал болгож, 2017 оны 06 сарын 29-ний өдөр уг саналаа бичгээр өгсөн. Нэхэмжлэгч нь уг өдөр саналыг хүлээн зөвшөөрсөн ч хөдөлмөрийн гэрээний бусад гол нөхцлүүдийн талаарх саналыг авна гэсэн өргөдөл ирүүлсний дагуу 2017 оны 07 сарын 06-ны өдөр хөдөлмөрийн гэрээний бусад гол нөхцлүүдийг мэдэгдсэн. Гэтэл нэхэмжлэгч би хөдөө явах ажилтай боллоо гээд 2017 оны 07 сарын 17-ны өдөр хөдөлмөрийн гэрээний гол нөхцлүүдийг хүлээн зөвшөөрч байна, иймд хөдөлмөрийн гэрээний төслийг өгнө үү гэсэн хариу өгсөн. Хөдөлмөрийн гэрээний төсөлтэй танилцаж байна гэж 10 хоног болж байж зөвшөөрсөн тул тус компанийн гүйцэтгэх захирлын 2017 оны 07 сарын 27-ны өдрийн Б-457 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг ажилд авсан. Хариуцагчийн хувьд 2017 оны 06 сарын 22-ны өдөр нэхэмжлэгчийг ажилд авсан тушаалыг гаргах бүрэн боломжтой байсан ч дээр дурдсаны дагуу нэхэмжлэгчээс шалтгаалж түүнийг ажилд авах ажиллагаа 2017 оны 07 сарын 27-ны өдөр хүртэл сунжирсан болно. Иймд 2017 оны 06 сарын 22-ны өдрөөс хойш хугацааны олговорыг хариуцах үндэслэлгүй гэж үзэж байна.
Нэхэмжлэгч Улсын Дээд шүүхийн 2017 оны 04 сарын 25-ны өдрийн 511 дугаартай тогтоол гарснаас хойш 3 cap гаруй хугацааны дараа буюу 2017 оны 08 сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг зөрчсөн. Нэхэмжлэл гаргасан өдрөөс урагш 3 сарын хугацааг тоолж үзэхэд 2017 оны 7, 6, 5-р сарын олговруудыг нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, түүнээс өмнөх хугацааны олговрыг нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлага нь cap бүрийн цалин хөлс олгох ёстой байсан хугацаанаас хойш 3 сараас хэтрээгүй байх ёстой. 2017 оны 06 сарын 22-ны өдрөөс 2017 оны 07 сарын 27-ны өдрийг хүртэл ажилд авсан тушаал гараагүйд хариуцагч буруугүй тул уг хугацааны олговрыг нэхэмжлэгч нэхэмжлэх эрхгүй болсон. Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй 2017 оны 5 capаас 6 сарын 22-ны өдрийг хүртэлх олговор 5 009 788 төгрөгийг хариуцахад хүрч байгаа боловч өмнө нь (686 273+2 871 592=) 3 557 865 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн талаар дурдсан тул зөрүү 1 451 923 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 21 263 675 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүлээн зөвшөөрсөн 1 451 923 төгрөгийн үнийн дүнгээс эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган нөхөн төлж, нэхэмжлэгчийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх болно гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Баясмаагийн Скайтел ХХК-д холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 22 715 598 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Баясмаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүхээс хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа тоолох журмыг баримтлаагүй гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар хариуцагч Скайтел ХХК нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс үүдэх үр дагаварыг хариуцах атал шүүхээс шийдвэр бүрэн биелэгдсэн эсэхэд дүгнэлт өгөлгүйгээр хөөн хэлэлцэх хугацаа дуусгасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Баясмаа нь ажил олгогч Скайтел ХХК-д шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх, Скайтел ХХК-ийг ажилгүй байсан хугацааны цалин хөлс олговорыг бүрэн олгуулах талаар удаа дараа шаардсан бөгөөд Скайтел ХХК-аас дээрх олговрыг олгохгүй болохыг И-Мэйлээр хариу илгээсэн нь И-Мэйл хаягт хийсэн үзлэг болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон болно. Өөрөөр хэлбэл, хугацаа тоолохдоо Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан бол ийнхүү хойшлуулсан хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох тухай зохицуулалтыг хэрэглээгүй хөөн хэлэлцэх хугацааг дуусгавар болгосон байна.
Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарсныг шүүхээс үнэлээгүй. Нэхэмжлэгч Г.Баясмаа нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамжийг гаргуулсан бөгөөд захирамж гарснаас хойш шүүхийн шийдвэрийг гүйцэтгэсэн болохыг шүүхээс нотлох баримтыг үнэлээгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч Скайтел ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй, ажилд эгүүлэн авахдаа Хөдөлмөрийн хуулийн 21, 24 дүгээр зүйлд заасны дагуу, мөн 36 дугаар зүйлийн 36.2-т заасны дагуу өөр ажил санал болгох үүрэг, ажилгүй байсан хугацааны цалинг сайн дураар биелүүлж олгох талаар шүүхээс нотлох баримтуудыг үнэлээгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.
Нэхэмжлэгч Г.Баясмаа нь хариуцагч Скайтел ХХК-д холбогдуулан 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 22 715 598 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Хариуцагч Скайтел ХХК нэхэмжлэгч Г.Баясмааг Дотоод аудитын албаны ахлах аудиторын албан тушаалд ажиллуулж байгаад 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б-282 тоот тушаалаар ажлаас нь чөлөөлснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан байх ба Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1359 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 374 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 511 дугаартай тогтоолоор нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 23 127 366 төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ.
Хариуцагч Скайтел ХХК нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр биелүүлж, нэхэмжлэгч Г.Баясмааг Санхүү төлөвлөлтийн газрын Санхүү бүртгэлийн албаны Дотоод хяналтын менежерийн албан тушаалд томилсон боловч нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговрыг олгоогүй болох нь зохигчдын тайлбар, хэргийн баримтаар тогтоогдсон.
Хариуцагчийн хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн ажил хөдөлмөр эрхэлж, цалин хөлс авах эрх зөрчигдсөн байх бөгөөд уг эрхийн зөрчил арилсан буюу түүнийг ажилд томилсон 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрын талаар гомдол гаргах хугацаа тоологдоно. Иймд нэхэмжлэгч Г.Баясмааг 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд хандан нэхэмжлэл гаргасныг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт буруу.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 374 дугаартай магадлалаар Г.Баясмаагийн нэг сарын цалинтай тэнцэх олговрыг 2 950 969 төгрөгөөр тогтоосон байх тул 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх цалин хөлстэй тэнцэх олговорт 22 715 593 төгрөг /7 сар*2 950 969=20 656 783 2 950 969/21.5=137 254 15 хоног*137 254=2 058 810 20 656 783+2 058 810= 22 715 593/-ийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/02854 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Баясмаагийн ажилгүй байсан хугацааны олговорт 22 715 593 төгрөгийг хариуцагч Скайтел ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч Г.Баясмаад олгож, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагч Скайтел ХХК-д даалгасугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД С.ЭНХТӨР
А.МӨНХЗУЛ