Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/01711

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/01711

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Энхээгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2018/00948 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Энхээгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Б.Энхээгийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2017/00466 дугаартай шийдвэрээр Б.Энхээгээс 68 905 647 төгрөг гаргуулж Капитал банкинд олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх шийдвэрийн дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 15 дугаар хороолол 69Б байрны 2 тоот 40м2 талбайтай 3 өрөө орон сууцыг хөндлөнгийн шинжээч томилон 86 700 000 төгрөгөөр үнэлүүлсэн байна. Одоо дээрх үнийнхээ 70 хувиар буюу 60 690 000 төгрөгөөр дуудлага худалдаа явуулах мэдэгдлийг 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авлаа. Дээрх шинжээчийн үнэлгээ болон мөн үнэлгээнийхээ 70 хувиар буюу 60 690 000 төгрөгөөр худалдан борлуулна гэснийг огт хүлээн зөвшөөрөхгүй. Миний үл хөдлөх эд хөрөнгө нь өнөөгийн зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн атлаа дахин 30 хувийг нь үгүйсгэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7.9-д заасны дагуу шүүхэд хандаж байна гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тайлбарт: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 466 дугаар шийдвэрээр Б.Энхээгээс 68 905 647 төгрөг гаргуулж Капитал банкинд олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Б.Энхээгийн оршин суух хаяг болох Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо 11/2 дугаар байрны 21 тоот хаягаар хүү Ө.Билгүүнд 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 16/1 дугаартай Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл үлдээсэн. Б.Энхээгийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, шинэчилсэн хаягаар 22 дугаар хорооны 69б байрны 2 тоот орон сууцыг 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр эд хөрөнгө битүүмжлэх тухай 5/17 тоот тогтоолоор битүүмжлэн төлбөр төлөхийг мэдэгдсэн боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн эд хөрөнгө хураах тухай 05/24 тоот тогтоолоор хурааж хадгалалт хамгаалалтыг орон сууцны өмчлөгч Б.Цэндсүрэнд хариуцуулан үлдээж шүүхийн шийдвэр биелүүлэхийг дахин мэдэгдсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу битүүмжлэн хураасан барьцааны орон сууцанд үнийн санал ирүүлэхийг 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1/15384, 1/153825 дугаартай албан бичгээр төлбөр төлөгч, төлбөр авагч болон өмчлөгч нарт мэдэгдэхэд төлбөр төлөгч, өмчлөгч нар дээрх орон сууцыг 300 000 000 төгрөгөөр үнийн санал ирүүлж, төлбөр авагч Капитал банк 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр дээрх үнийн саналаар харилцан тохиролцох боломжгүй хөндлөнгийн шинжээч томилж өгөх хүсэлтийг ирүүлсэн тул 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шинжээч томилох тухай 304 тоот тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилж, зах зээлийн үнийг 86 700 000 төгрөгөөр тогтоосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээний тайлан, үнэлгээг төлбөр төлөгчид хүргүүлэхээр 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр түүний нөхөр С.Өлзийсайханд хүлээлгэн өгч, төлбөр төлөгч Б.Энхээ 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр үнэлгээний тайланг хүлээн авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу 1 сарын хугацаанд худалдан борлуулж төлбөрийг төлөх хүсэлт гаргаж, 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацаа авсан боловч төлбөрийг төлөөгүй болно. Төлбөр төлөгчийн арилжааны банкууд дахь дансны хасалт хийх мэдэгдэл, холбогдох байгууллагуудаас үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх хөрөнгө бүртгэлтэй эсэхийг тодруулахаар хүргүүлсэн боловч мөнгөн хөрөнгө, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө илрээгүй болно гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Б.Энхээгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Төмөрцэцэгийн давж заалдах гомдолд: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 466 дугаар шийдвэрээр Б.Энхээгээс 68 905 647 төгрөг гаргуулж Капитал банкинд олгохоор шийдвэрлэсэн. Хариуцагч нь дээрх шийдвэрийн дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгийг шинжээчээр 86 700 000 төгрөгөөр үнэлүүлсэн. Дээрхи үнийн дүнгийн 70 хувиар буюу 60 690 000 төгрөгөөр дуудлага худалдаа явуулах мэдэгдлийг 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авсан. Миний үл хөдлөх хөрөнгийг өнөөгийн зэх зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн атлаа дахин 30 хувийг нь үгүйсгэсэн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, тухайн маргаанд холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Энхээгийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох гомдлын шаардлагыг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар эс зөвшөөрч маргажээ.

 

Б.Энхээгээс 68 405 669.43 төгрөг гаргуулж Капитал банк ХХК-д олгохоор Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2017/00466 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар Б.Энхээ шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 537 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 15 дугаар хороолол, 69б байрны 2 тоот 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг битүүмжлэн хураажээ.

 

Төлбөр төлөгч тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй, үл хөдлөх эд хөрөнгийг 300 000 төгрөгөөр худалдан борлуулах үнийн санал ирүүлснийг төлбөр авагч Капитал банк ХХК эс зөвшөөрсөн тул шийдвэр гүйцэтгэгч Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилж, тус компанийн 86 700 000 төгрөгөөр тогтоосон үнэлгээний тайланг төлбөр төлөгч Б.Энхээд 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр мэдэгдэж, тэмдэглэл хөтөлсөн байна. /хх 55/

 

 Хэргийн 57 дугаар талд авагдсан төлбөр төлөгч Б.Энхээгийн хүсэлтээр нэхэмжлэгч нь Мөнх-Оргил трейд ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр мэдсэн болох нь нотлогдсон бөгөөд энэ өдрөөс 7 хоногийн дотор хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргах байтал 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд хандаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй, бөгөөд нэхэмжлэгч нь орон сууцыг зах зээлийн үнэ ханшнаас хэт доогуур үнэлсэн гэх тайлбараа нотлож чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Шийдвэр гүйцэтгэгчээс явуулсан ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.2.2, 55.3 дахь хэсэгт заасантай нийцсэн, шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийн холбогдох зүйл хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2018/00948 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

А.МӨНХЗУЛ