Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2019/00032

 

Б гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай     

             Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

    Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2018/00948 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1711 дүгээр магадлалтай,

  Б гийн нэхэмжлэлтэй,

           Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

          Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2017/00466 дугаартай шийдвэрээр Б гээс 68,905,647 төгрөг гаргуулж Капитал банкинд олгохоор болсон. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх шийдвэрийн дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 15 дугаар хороолол 69Б байрны 2 тоот 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг хөндлөнгийн шинжээч томилон 86,700,000 төгрөгөөр үнэлүүлсэн байна. Одоо дээрх үнийнхээ 70 хувиар буюу 60,690,000 төгрөгөөр дуудлага худалдаа явуулах мэдэгдлийг 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авлаа. Дээрх шинжээчийн үнэлгээ болон мөн үнэлгээнийхээ 70 хувиар буюу 60,690,000 төгрөгөөр худалдан борлуулна гэснийг огт хүлээн зөвшөөрөхгүй. Миний үл хөдлөх эд хөрөнгө нь өнөөгийн зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн атлаа дахин 30 хувийг нь үгүйсгэсэн учир шүүхэд хандаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7.9-д заасны дагуу үнэлгээний талаар гомдлоо мэдэгдэл авснаас хойш 7 хоногийн дотор шүүхэд хандана гэсний дагуу хандаж байна гэжээ.

             

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваадоржийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 466 дугаар шийдвэрээр Б гээс 68,905,647 төгрөгийг гаргуулж Капитал банкинд олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Б гийн оршин суух хаяг болох Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо 11/2 дугаар байрны 21 тоотод ирж хүү Ө.Билгүүнд 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 16/1 дугаартай Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл үлдээсэн. Б гийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, шинэчилсэн хаягаар 22 дугаар хорооны 69б байрны 2 тоот орон сууцыг 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр эд хөрөнгө битүүмжлэх тухай 5/17 тоот тогтоолоор битүүмжлэн төлбөр төлөхийг мэдэгдсэн боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн эд хөрөнгө хураах тухай 05/24 тоот тогтоолоор хурааж,  хадгалалт хамгаалалтыг орон сууцны өмчлөгч Б.Цэндсүрэнд хариуцуулан үлдээж шүүхийн шийдвэр биелүүлэхийг дахин мэдэгдсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу битүүмжлэн хураасан барьцааны орон сууцанд үнийн санал ирүүлэхийг 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1/15384, 1/153825 дугаартай албан бичгээр төлбөр төлөгч, төлбөр авагч болон өмчлөгч нарт мэдэгдэхэд төлбөр төлөгч, өмчлөгч нар дээрх орон сууцыг 300,000,000 төгрөгөөр үнийн санал ирүүлж, төлбөр авагч Капитал банк 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр дээрх үнийн саналаар харилцан тохиролцох боломжгүй хөндлөнгийн шинжээч томилж өгөх хүсэлтийг ирүүлсэн тул 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шинжээч томилох тухай 304 тоот тогтоолоор хөрөнгийн үнэлгээний “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилж, зах зээлийн үнийг 86,700,000 төгрөгөөр тогтоосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар хөрөнгийн үнэлгээний тайлан, үнэлгээг төлбөр төлөгчид хүргүүлэхээр 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр түүний нөхөр С.Өлзийсайханд хүлээлгэн өгч, төлбөр төлөгч Б  2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр үнэлгээний тайланг хүлээн авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу 1 сарын хугацаанд худалдан борлуулж төлбөрийг төлөх хүсэлт гаргаж, 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацаа авсан боловч төлбөрийг төлөөгүй болно. Төлбөр төлөгчийн арилжааны банкнууд дахь дансны хасалт хийх мэдэгдэл, холбогдох байгууллагуудаас үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх хөрөнгө бүртгэлтэй эсэхийг тодруулахаар хүргүүлсэн боловч мөнгөн хөрөнгө, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө илрээгүй болно гэжээ.                                           

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2018/00948 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Б гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1711 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2018/00948 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Төмөрцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2018/00948 дугаар шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1711 дүгээр магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Б гээс 68,905,647 төгрөг гаргуулж Капитал банканд олгохоор шийдвэр гарсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх шийдвэрийн дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 15 дугаар хороолол 69Б байрны 2 тоот 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг хөндлөнгийн шинжээч томилон 86,700,000 төгрөгөөр үнэлүүлсэн. Одоо дээрх үнийнхээ 70 хувиар буюу 60,690,000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулах болсныг огт хүлээн зөвшөөрөхгүй. Уг үл хөдлөх эд хөрөнгийг өнөөгийн зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн атлаа дахин 30 хувиар үнэгүйдүүлж байгаад гомдолтой байна. Би үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгч чадаагүй нь миний буруу гэдгийг ойлгосон. Уг орон сууц нь хотын төвийн А зэрэглэлийн байршилтай бүх үйлчилгээнд ойрхон. Иймд шүүхийн шийдвэр болон магадлалыг хүчингүй болгож, миний гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б  нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг  хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаж байгаа тул шаардлага үндэслэлгүй гэж маргажээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2017/00466 дугаар шийдвэрээр Б гээс  68,405,669.43 төгрөг гаргуулж “Капитал банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд хариуцагч байгууллага 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 537 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 69б байрны 2 тоот 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг битүүмжлэн хураасан байна.

Төлбөр төлөгч дээрх орон сууцыг 300,000,000.00 төгрөгөөр худалдан борлуулах үнийн санал ирүүлснийг төлбөр авагч “Капитал банк” ХХК эс зөвшөөрсөн, шийдвэр гүйцэтгэгч нь шинжээчээр “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг томилсон, шинжээчийн 86,700,000.00 төгрөгөөр тогтоосон  үнэлгээний тайланг  төлбөр төлөгч Б д  2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр мэдэгдэж, тэмдэглэл хөтөлсөн үйл баримт тогтоогджээ.

            “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгч Б  мэдсэн болох нь хэргийн 57 дугаар талд авагдсан баримтаар нотлогдож байх тул 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд хандаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн тухай анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Шийдвэр гүйцэтгэгчээс явуулсан ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.2.2, 55.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл хуульд нийцжээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргаанд холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2018/00948 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1711 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.     

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Төмөрцэцэгийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 70,200.00  /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           П.ЗОЛЗАЯА

                                  ШҮҮГЧ                                                  Д.ЦОЛМОН