Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2017/00376

 

Н.Сарантуяагийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн    

2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн  142/ШШ2016/01491 дүгээр шийдвэр,  

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  

2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 22 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Н.Сарантуяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Металл индустриал ХХК-д холбогдох,

200 ширхэг тоолуурын үнэ 56.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Металл индустриал ХХК-ийн хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,                       

Хариуцагчийн төлөөлөгчийн Д.Нансалмаагийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Сарантуяа, түүний өмгөөлөгч С.Батмөнх-Очир, хариуцагчийн төлөөлөгч Д.Нансалмаа, түүний өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Сарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 11-9-1 тоотод оршин суудаг Металл индустриал ХХК-ийн захирал Д.Нансалмаатай бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулан нэг бүр нь 280.000 төгрөгөөр үнэлэгдэх 200 ширхэг буюу нийт 56.000.000 төгрөгийн DTS3 380 вольтын тоолуурыг урьдчилгаагүй, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төлбөрийг хүлээн авахаар тохирч худалдсан юм. Энэхүү гэрээг талууд харилцан тохиролцоод аль аль талынх нь хүсэл зориг хэрэгцээ шаардлагын дагуу хийсэн, тухайн үед худалдан авагчид хэрэгцээ байсны улмаас хийсэн байтал, гэрээнд заасан төлбөр төлөх хугацаа өнгөрөөд байхад худалдан авагч талаас төлбөрөө хийхгүй удаа дараа шаардуулж, шаардлага гаргахаар тухайн төлбөрийг хийхээс татгалзаж, элдэв шалтаг тоочиж, гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа учраас 56.000.000 төгрөгийг Металл индустриал ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани нь ЭБЦТСүлжээ ТӨХК-д эрчим хүчний өртэй. Манай компанийн цахилгааны байцаагч хийж байсан н.Алтанхуяг нь 2015 оны 9 дүгээр сард над руу удаа дараа утсаар залгаж, танай компани сүлжээнд өртэй юм байна, би судлаж мэдлээ, цахилгааны өрөө барагдуулах нэг арга байна. Надад цахилгаан тоолуур их хэмжээгээр байгаа, өрөндөө тоолуур сүлжээнд нийлүүлээд надад та мөнгөтэй болохоороо тооцоо хийгээрэй. Урд нь би танай компанитай хамтарч нэг удаа тоолуур нийлүүлж байсан юмаа гэж над руу ярьснаар, дараа нь нэг удаа бид хоёр Эрдэнэт хотод Сэлэнгэ ресторанд 10 минут орчим уулзаж суусан. н.Алтанхуяг нь Улаанбаатар хотод ирсэн байна гэж удаа дараа утсаар залгаж, гэрийн гадаа хүртэл ирсэн байна уулзая гэж дуудаж байсан. Би гэрт уулзахгүй ойроор нь Скай дэлгүүрийн кофены газарт уулзахаар цаг товлон очиход, зүс танихгүй эмэгтэй дагуулан ирээд, миний тоолуур авах хүн байгаа юм гээд тоолуур авахад гэрээ хэрэгтэй байна. Энэ гэрээ үзүүлэхэд хэрэг болоод байна 1 тоолуураа 280.000 төгрөг гэж ойлгуулсан. Тоолуураа ЭБЦТС ТӨХК-д нийлүүлэхээр зохих мэргэжилтэнгүүдтэй уулзаж, тоолуураа үзүүлэхэд 1 ширхэгийн үнийг 140.000 төгрөгөөр авах боломжтой гэсэн тул н.Алтанхуяг руу ярихад тоолуурыг 140.000 төгрөгөөр өгөхгүй гэсэн учир тоолуурыг буцааж авахыг санал болгоод орхисон. Өнөөдрийг хүртэл тоолуураа аваагүй байна. Миний бодлоор н.Алтанхуяг, Н.Сарантуяа 2 харилцан тохирч, худлаа гэрээ хийн надаар зуруулж, намайг залилахаар оролдсон гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Металл индустриал ХХК-ийн захирал Д.Нансалмаа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие нь 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээг Н.Сарантуяатай байгуулахдаа уг гэрээний зүйл болох 20 ширхэг тоолуурыг өөртөө худалдан авах хүсэлт зориг огт байгаагүй. Харин манай компанийн цахилгааны байцаагч байсан н.Алтанхуяг нь удаа дараа залгаж, танай компани ЦШС-д өртэй юм байна, энэ өрөнд чинь тоолуур өгч оронд нь та надад мөнгөтэй болохоороо мөнгийг цувуулж өгөх боломж байна гэж утсаар ярьсан. Дараа нь энэ тухай уулзаж, энэ талаараа ярьж, надаас тус болохыг гуйсан хэдэн жилийн өмнө н.Алтанхуяг нь манай компанийг хариуцсан цахилгааны байцаагч байхдаа манай тооцоонд тоолуур өгч өрийг хааж, компани түүний мөнгийг нь цувуулан өгч байсан юм. 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 15 цагт Скай дэлгүүр дээр н.Алтанхуяг нь Н.Сарантуяа гэдэг хүнийг дагуулан ирээд энэ хүн тоолуур гаргаж өгөх хүн юм энэ хүнд тоолуур гаргахад гэрээ хэрэгтэй байгаа юм гээд танилцуулаад бэлэн гэрээ гаргаж ирсэн. Гэрээг уншиж үзээч үгүй ач холбогдолгүй ч өгөхгүй шууд гарын үсэг зурчаад байж байтал н.Алтанхуяг ОО-д ороод ирье гээд босч яваад над руу мессеж бичсэн. Мессендээ та тамга дарсан нь дээр гэж бичсэн байсан. Тэгэхээр нь гэрээн дээр нь гарын үсэг зурчаад явах гэж байснаа буцаж очоод тэр 2-ын гэрээн дээр нь тамгаа дарсан. Ингээд гэрээ хийгдсэнээс хойш 17 хоногийн дараа 2015 оны 10 дугаар сарын 24-нд 25 хайрцаг 200 ширхэг тоолуурыг манайд буулгасан байсан. Тэрнээс нь нэг ширхэг тоолуурыг нь аваад миний бие маргааш нь шугам сүлжээний дарга н.Баттуяатай уулзаж танилцуултал н.Ариунболд гэж ахлах инженерээ дуудаж, Металл индустриал ХХК-ийн тооцоонд тоолуурыг тэнцэх эсэхийг шалгаж үзээд төсөвт батлагдсан тендерийн үнээр нь авахыг үүрэг болгосон.

н.Ариунболдтой 3 хоногийн дараа уулзтал энэ тоолуур нь манай тоолуурын шаардлагыг хангасан байна, тендерт авах үнэ нь 140.000 төгрөг тул энэ үнээр нь авъя гэсэн. Энэ үед миний бие н.Алтанхуяг руу залгаж, тоолуурыг чинь 140.000 төгрөгөнд авна гэнэ болох уу гэтэл үгүй 280.000 төгрөгөнд л өгнө, түүнээс доош үнэ байхгүй гэхээр нь өө тэгвэл тоолуураа буцааж ав энэ үнээр чинь авахгүй юм байна гэдгийг тэр дор нь хэлсэн. Энэ хооронд н.Алтанхуяг нь ЦШС-нд ажиллахаа худлаа залилан маягийн юм хийгээд яваад байгаа шүү, осолтой шүү гэж хүн хэлсэн. Иймд, миний бие энэхүү гэрээнээс татгалзаж байх тул 200 ширхэг тоолуурыг биет байдлаар нь буцаан олгохоор шийдвэрлэж өгнө үү. Мөн тоолуур худалдах, худалдан авах 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн гэрээг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д зааснаар хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.Сарантуяа сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлд дурдаж байгаа зүйлүүд нь оргүй худал зүйл бөгөөд анхнаасаа Д.Нансалмаа нь гэрээг бичгээр байгуулахаас өмнө амаараа би чиний тоолуурыг худалдан аваад төлбөрийг нь хэсэгчлэн төлөхгүй ээ, ерөөсөө бөөнөөр нь 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төлчихье, болох уу гэхэд нь би болно оо гээд гэрээндээ энэ хугацааг болоод тоолуурын үнийг 2 талын хүсэл зоригийн дагуу тусгасан юм. Гэрээ байгуулсан өдөр буюу 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Д.Нансалмаа нь гэрээсээ хүрч ирэхдээ Металл индустриал ХХК-ийнхаа тамгыг гэрээг байгуулж баталгаажуулахаар өөрийн биедээ авч ирсэн нь бид энэ гэрээний үнэ болоод төлбөр төлөх нөхцөлийг урьдчилаад ойлголцчихсон байсныг харуулж байгаа юм.

Ийм учраас би Металл индустриал ХХК-ийн захирал Д.Нансалмаагийн хүссэний дагуу өөрөөсөө зардал гарган өөрийн хөрөнгөөр 200 ширхэг буюу нийт 56.000.000 төгрөгийн Монгол улсад мөрдөгдөж байгаа стандарт, чанарын шаардлагыг хангасан DTS3 380 вольтын тоолуурыг тухайн компанид хүлээлгэн өгсөн, гэрээнд заасан үүргээ биелүүлсэн учраас сөрөг нэхэмжлэлд дурьдсанаар буцаан авах ямар ч боломжгүй гэдгээ илэрхийлж байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн  142/ШШ2016/01491 дүгээр шийдвэрээр,  Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан хариуцагч Металл индустриал ХХК-иас 56.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Сарантуяад олгож, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д заасныг баримтлан бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 200 ширхэг тоолуурыг буцаан өгөх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 437.950 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 437.950 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 437.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.          

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 22 дугаар магадлалаар, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1491 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “...Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан хариуцагч Металл индустриал ХХК-иас 56.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Сарантуяад олгосугай... гэснийг “...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Металл индустриал ХХК-иас 200 ширхэг цахилгааны тоолуурын үнэ 56.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Сарантуяад олгосугай...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Д.Нансалмаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 437.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Нансалмаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2016/01491 дүгээр шийдвэртэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлын дагуу 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд 22 дугаар магадлал гаргахдаа хууль хэрэглээний алдаа гаргасан байх тул энэхүү гомдол гаргаж байгааг хүлээн авна уу.

Давж заалдах шатны шүүх нотлох баримтуудыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтуудыг зөв хэрэглээгүй байна. Мөн маргааны үйл баримт, нөхцөл байдлыг бүх талаас бодитойгоор дүгнэсэнгүй. Монгол улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар аливаа байгууллага, хуулийн этгээд эд хөрөнгө бусдад шилжүүлэх тохиолдолд санхүүгийн анхан шатны баримт буюу зарлагын падаан үйлдэх ёстой. Гэтэл Н.Сарантуяа нь маргаан бүхий, худалдан борлогдохгүй байсан тоолуурыг манай компанид авчирч орхичихоод цахилгааны байцаагч н.Алтанхуягийн албан тушаалыг ашиглан намайг хуурч хийсэн гэрээгээр далимдуулан мөнгө авахаар улайрч байгаа юм. Энэ талаар бид тайлбартаа тодорхой бичсэн. Манай сөрөг нэхэмжлэл ч бүрэн үндэстэй байхад хуулийг зөв тайлбарлаж анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөсөнгүй. Анхан шатны шүүх давж заалдах шатны шүүхийн үүний өмнө гарсан магадлалын заалтыг бүрэн биелүүлээгүй байгаад ч дүгнэлт хийсэнгүй.

Иймд, шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулан нэг дэх заалтыг хүчингүй болгон хоёр дахь заалтыг өөрчилж сөрөг нэхэмжлэлийг ханган давж заалдах шатны шүүхийн 22 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Н.Сарантуяа хариуцагч Металл индустриал ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэг 56.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлд зохигчдын хооронд 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг заажээ.

Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа, “...тус компани Эрдэнэт, Булганы Цахилгаан түгээх сүлжээ компанид төлбөрийн өртэй байсан,  ... цахилгааны  байцаагч н.Алтанхуяг төлбөртөө тоолуур өгч өрөө дараад, мөнгийг боломжоороо төл гэсэн  саналыг удаа дараа тавьсан, ... Н.Сарантуяатай хамт ирээд гэрээ байгуулсан. Гэтэл тоолуурын бодит үнэ 280.000 биш 140.000 төгрөг тул ЦТС компани аваагүй... бараагаа буцаан ав гэж нэхэмжлэгчид мэдэгдсэн...” гэж тайлбарлаж, төөрөгдүүлж гэрээ байгуулсан тул гэрээг хүчин төгөлдөр буст тооцно уу гэж сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээгээр  200 ш DTS3-380 вольтын тоолуурыг нэг бүрийг 280.000 төгрөгөөр худалдах, үнэ 56.000.000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төлөхөөр тохиролцсон, гэрээний зүйлийг нэхэмжлэгч, хариуцагчид хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх зохигчдын хоорондох гэрээний харилцааг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх худалдах, худалдан авах гэрээ гэж үзэж шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасантай нийцсэн байна.

Харин хоёр шатны шүүх Н.Сарантуяагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчжээ.

Гэрээ байгуулах болсон нөхцөл буюу худалдан авсан тоолуурыг эрчим хүчний байгууллагад төлөх төлбөртөө тооцон өгөх зорилготой байсан боловч үнийн хувьд алдагдал хүлээх байдал бий болсон,  нэхэмжлэгчтэй байгуулсан худалдах-худалдан авах гэрээний үүргийг биелүүлж, үнийг төлөх боломжгүй бодит шалтгаанаас тухайн гэрээнээс татгалзаж, хэлцлээр шилжүүлэн авсан тоолуурыг буцаан авахыг мэдэгдсэн гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй байна.

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2-т зааснаар хүндэтгэн үзэх шалтгаантай бол гэрээнээс татгалзаж болох тул нэхэмжлэгч Н.Сарантуяа гэрээний үүргийн биелэлт буюу тоолуурын үнийг хариуцагч Металл индустрали ХХК-иас  шаардах  эрхгүй ба харин хариуцагч хэлцлээр шилжүүлэн авсан  200 ширхэг тоолуурыг буцаан  өгөх үүрэгтэй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д зааснаар гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах гэж тодорхойлсон хэдий ч, гэрээний үүргийг биелүүлэх боломжгүйгээс гэрээнээс татгалзсан агуулгатай тайлбар, үндэслэл хэлжээ. Хэргийн баримтаар  “хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн” гэх гэрээг хүчин төгөлдөр буст тооцох   үндэслэл тогтоогдоогүй учир сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн дүгнэлт  зөв байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 22 дугаар магадлалын 1 дэх заалт, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2016/01491 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар  Металл индустриал ХХК-иас 56.000.000 төгрөг гаргуулах Н.Сарантуяагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас 200 ширхэг DTS3 380 вольтын 200 ширхэг тоолуурыг гаргаж, нэхэмжлэгчид олгосугай”  гэж, шийдвэрийн 2 дох заалтаас “... 200 ширхэг тоолуурыг буцаан ...” гэснийг хасч, 3 дах заалтын “ “...үлдээж...” гэснийг “...үлдээсүгэй...” гэж, “... хариуцагчаас 437.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.” гэснийг хасч, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т заасныг баримтлан хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 437.990 төгрөгийг буцаан олгох шүүгчийн захирамж гаргасугай. 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Г.ЦАГААНЦООЖ

                                      ШҮҮГЧ                                                                  Г.АЛТАНЧИМЭГ