Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 22

 

Н.Сгийн нэхэмжлэлтэй,

хариуцагч “М:И” ХХК-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1491 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч : Н.Сгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч : “М:И” ХХК-д холбогдох,

 

200 ширхэг тоолуурын үнэ “56.000.000 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч “М:И” ХХК-ийн “хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй,

 Иргэний хэргийг хариуцагч “М:И” ХХК-ийн захирал Д.Нансалмаагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир, нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Н.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа :

Н.С миний бие 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 11-9-1 тоотод оршин суудаг М:И ХХК-ийн захирал Д.Нансалмаатай бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулан нэг бүр нь 280 000 төгрөгөөр үнэлэгдэх 200 ширхэг буюу нийт 56 000 000 төгрөгний DTS3 380 вольтын тоолуурыг урьдчилгаагүй, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төлбөрийг хүлээн авахаар тохирч худалдсан юм. Энэхүү гэрээг талууд харилцан тохиролцоод аль аль талынх нь хүсэл зориг хэрэгцээ шаардлагын дагуу хийсэн, тухайн үед худалдан авагчид хэрэгцээ байсны улмаас хийсэн байтал, гэрээнд заасан төлбөр төлөх хугацаа өнгөрөөд байхад худалдан авагч талаас төлбөрөө хийхгүй удаа дараа шаардуулж, шаардлага гаргахаар тухайн төлбөрийг хийхээс татгалзаж, элдэв шалтаг тоочиж, гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа учраас 56 000 000/ тавин зургаан сая/ төгрөгийг М:И ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “М:И” ХХК-ийн захирал Д.Нансалмаа шүүхэд гаргасан хариу  тайлбартаа:

Манай компани нь ЭБЦТСүлжээ ТӨХК-д эрчим хүчний өртэй. Манай компаний цахилгааны байцаагч хийж байсан Алтанхуяг нь 2015 оны 09 дүгээр сард над руу удаа дараа утсаар залгаж, Танай компани сүлжээнд өртэй юм байна, би судлаж мэдлээ, цахилгааны өрөө барагдуулах нэг арга байна. Надад цахилгаан тоолуур их хэмжээгээр байгаа, өрөндөө тоолуур сүлжээнд нийлүүлээд надад та мөнгөтэй болохоороо тооцоо хийгээрэй. Урд нь би танай компанитай хамтарч нэг удаа тоолуур нийлүүлж байсан юмаа гэж над руу ярьснаар, дараа нь нэг удаа бид хоёр Эрдэнэт хотод Сэлэнгэ ресторанд 10 минут орчим уулзаж суусан. Алтанхуяг нь Улаанбаатар хотод ирсэн байна гэж удаа дараа утсаар залгаж, гэрийн гадаа хүртэл ирсэн байна уулзая гэж дуудаж байсан. Би гэрт уулзахгүй ойроор нь Скай дэлгүүрийн кофены газарт уулзахаар цаг товлон очиход, зүс танихгүй эмэгтэй дагуулан ирээд, миний тоолуур авах хүн байгаа юм гээд тоолуур авахад гэрээ хэрэгтэй байна. /энэ гэрээ үзүүлэхэд хэрэг болоод байна 1 тоолуураа 280 000 төгрөг/ гэж ойлгуулсан. Тоолуураа ЭБЦТС ТӨХК-д нийлүүлэхээр зохих мэргэжилтэнгүүдтэй уулзаж, тоолуураа үзүүлэхэд 1 ширхэгийн үнийг 140 000 төгрөгөөр авах боломжтой гэсэн тул Алтанхуяг руу ярихад тоолуурыг 140 000 төгрөгөөр өгөхгүй гэсэн учир тоолуурыг буцааж авахыг санал болгоод орхисон. Өнөөдрийг хүртэл тоолуураа аваагүй байна. Миний бодлоор Алтанхуяг, С 2 харилцан тохирч, худлаа гэрээ хийн надаар зуруулж, намайг залилахаар оролдсон гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч “М:И” ХХК-ийн захирал Д.Нансалмаа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Миний бие нь 2015-10-07-ны өдрийн бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээг Н.Стай байгуулахдаа уг гэрээний зүйл болох 20 ширхэг тоолуурыг өөртөө худалдан авах хүсэлт зориг огт байгаагүй. Харин манай компанийн цахилгааны байцаагч байсан Алтанхуяг нь удаа дараа залгаж, танай компани ЦШС-д өртэй юм байна, энэ өрөнд чинь тоолуур өгч оронд нь та надад мөнгөтэй болохоороо мөнгийг цувуулж өгөх боломж байна гэж утсаар ярьсан. Дараа нь энэ тухай уулзаж, энэ талаараа ярьж, надаас тус болохыг гуйсан хэдэн жилийн өмнө Алтанхуяг нь манай компанийг хариуцсан цахилгааны байцаагч байхдаа манай тооцоонд тоолуур өгч өрийг хааж, компани түүний мөнгийг нь цувуулан өгч байсан юм. 2015-10-07-ны өдөр 15 цагт Скай дэлгүүр дээр Алтанхуяг нь С гэдэг хүнийг дагуулан ирээд энэ хүн тоолуур гаргаж өгөх хүн юм энэ хүнд тоолуур гаргахад гэрээ хэрэгтэй байгаа юм гээд танилцуулаад бэлэн гэрээ гаргаж ирсэн. Гэрээг уншиж үзээч үгүй ач холбогдолгүй ч өгөхгүй шууд гарын үсэг зурчаад байж байтал Алтанхуяг ОО-д ороод ирье гээд босч яваад над руу мессеж бичсэн. Мессендээ та тамга дарсан нь дээр гэж бичсэн байсан. Тэгэхээр нь гэрээн дээр нь гарын үсэг зурчаад явах гэж байснаа буцаж очоод тэр 2-ын гэрээн дээр нь тамгаа дарсан. Ингээд гэрээ хийгдсэнээс хойш 17 хоногийн дараа 2015-10-24-нд 25 хайрцаг 200 ширхэг тоолуурыг манайд буулгасан байсан. Тэрнээс нь нэг ширхэг тоолуурыг нь аваад миний бие маргааш нь шугам сүлжээний дарга Баттуяатай уулзаж танилцуултал Ариунболд гэж ахлах инженерээ дуудаж, М:И-ын тооцоонд тоолуурыг тэнцэх эсэхийг шалгаж үзээд төсөвт батлагдсан тэндерийн үнээр нь авахыг үүрэг болгосон. Ариунболдтой 3 хоногийн дараа уулзтал энэ тоолуур нь манай тоолуурын шаардлагыг хангасан байна, тендерт авах үнэ нь 140 000 төгрөг тул энэ үнээр нь авъя гэсэн. Энэ үед миний бие Алтанхуяг руу залгаж, тоолуурыг чинь 140 000 төгрөгөнд авна гэнэ болох уу гэтэл үгүй 280 000 төгрөгөнд л өгнө, түүнээс доош үнэ байхгүй гэхээр нь өө тэгвэл тоолуураа буцааж ав энэ үнээр чинь авахгүй юм байна гэдгийг тэр дор нь хэлсэн. Энэ хооронд Алтанхуяг нь ЦШС-нд ажиллахаа худлаа залилан маягийн юм хийгээд яваад байгаа шүү, осолтой шүү гэж хүн хэлсэн. Иймд миний бие энэхүү гэрээнээс татгалзаж байх тул 200 ширхэг тоолуурыг биет байдлаар нь буцаан олгохоор шийдвэрлэж өгнө үү. Мөн тоолуур худалдах, худалдан авах 2015-10-07-ны өдрийн гэрээг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д зааснаар хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.С сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлд дурьдаж байгаа зүйлүүд нь оргүй худал зүйл бөгөөд анхнаасаа Д.Нансалмаа нь гэрээг бичгээр байгуулахаас өмнө амаараа би чиний тоолуурыг худалдан аваад төлбөрийг нь хэсэгчлэн төлөхгүй ээ, ерөөсөө бөөнөөр нь 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төлчихье, болох уу гэхэд нь би болно оо гээд гэрээндээ энэ хугацааг болоод тоолуурын үнийг 2 талын хүсэл зоригийн дагуу тусгасан юм. Гэрээ байгуулсан өдар буюу 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Д.Нансалмаа нь гэрээсээ хүрч ирэхдээ М:И ХХК-ийнхаа тамгыг гэрээг байгуулж баталгаажуулахаар өөрийн биедээ авч ирсэн нь бид энэ гэрээний үнэ болоод төлбөр төлөх нөхцлийг урьдчилаад ойлголцчихсон байсныг харуулж байгаа юм. Ийм учраас би М:И ХХК-ийн захирал Д.Нансалмаагийн хүссэний дагуу өөрөөсөө зардал гарган өөрийн хөрөнгөөр 200 ширхэг буюу нийт 56 000 000 төгрөгийн Монгол Улсад мөрдөгдөж байгаа стандарт, чанарын шаардлагыг хангасан DTS3 380 вольтын тоолуурыг тухайн компанид хүлээлгэн өгсөн, гэрээнд заасан үүргээ биелүүлсэн учраас сөрөг нэхэмжлэлд дурьдсанаар буцаан авах ямар ч боломжгүй гэдгээ илэрхийлж байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх  2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1491 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан хариуцагч М:И ХХК-аас 56.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Сд олгож, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д заасныг баримтлан бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 200 ширхэг тоолуурыг буцаан өгөх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 437 950 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 437 950 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 437 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч М:И ХХК-ийн захирал Д.Нансалмаа давж заалдсан гомдолдоо:

Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар аливаа байгууллага, хуулийн этгээд эд хөрөнгө бусдад шилжүүлэх тохиолдолд санхүүгийн анхан шатны баримт буюу зарлагын падаан үйлдэх ёстой. Гэтэл Н.С нь маргаан бүхий, худалдан борлогдохгүй байсан тоолуурыг манай компанид авчирч орхичихоод цахилгааны байцаагч Алтанхуягийн албан тушаалыг ашиглан хийсэн гэрээгээр далимдуулан мөнгө авахаар улаарч байгаа юм. Энэ талаар бид тайлбартаа тодорхой бичсэн. Гэтэл анхан шатны шүүх энэ бүхэнд зөв зүйтэй дүгнэлт хийж чадсангүй. Ер нь анхан шатны шүүх давж заалдах шатны шүүхийн магадлалын заалтыг бүрэн биелүүлсэнгүй. Манай сөрөг нэхэмжлэл ч бүрэн үндэстэй байхад хуулийг буруу тайлбарлаж хангасангүй. Иймд 142/ШШ2016/1491 дүгээр шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулан нэг дэх заалтыг хүчингүй болгон хоёр дахь заалтад өөрчлөлт оруулан сөрөг нэхэмжлэлийг хангаж өгөхийг давж заалдах шатны шүүхээс хүсч байгааг хүлээн авна уу гэжээ.

                                                         ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч Н.С нь хариуцагч  “М:И” ХХК-нд холбогдуулан цахилгааны тоолуурын үнэ 56.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн  нэхэмжлэл, хариуцагч “М:И” ХХК нь хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус шүүхэд гаргажээ.

            Анхан шатын шүүх хэргийг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан хариуцагч М:И ХХК-аас 56 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Сд олгож, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д заасныг баримтлан бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 200 ширхэг тоолуурыг буцаан өгөх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгч , хариуцагч нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 07 ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд энэ гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байна.

            200 ширхэг тоолуурыг “М:И” ХХК-нд хүлээлгэн өгсөн болох нь зохигчдын тайлбар болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байх ба энэ талаар зохигчид маргаан үүсгээгүй байна.

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасан ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцож болно. 58.2.1-д хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн бол ноцтой төөрөгдсөн гэж үзнэ. Дээрх тохиолдолд хүсэл зоригоо илэрхийлэх үйлдлээрээ болон гэрээний агуулга, сэдэлт шалтгааны хувьд төөрөлдсөн гэж үзэх нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан бол хэлцэл хийсэнд тооцохоор заажээ.Иймд сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байна.Нэгэнт талууд хүсэл зоригоо илэрхийлэн гэрээ байгуулж, 200 ширхэг цахилгааны тоолуурыг хариуцагч тал хүлээн авч, тодорхой хугацааны дараа үнийг төлөхөөр тохиролцсон байх тул гэрээний үүргийг хариуцагч биелүүлэх үүрэгтэй.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул хариуцагч М:И ХХК-ийн захирал Д.Нансалмаагийн сөрөг нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүссэн давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

            Талууд гэрээ байгуулахдаа зээлийн төлбөрийг хэсэгчлэн төлөх хэмжээ, хугацааны талаар харилцан тохиролцоогүй мөн Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй, талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.  

            Иймд шүүх иргэний хуулийг буруу хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Хариуцагч Д.Нансалмаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 437.950 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 . дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1491 дугаар шийдвэрийн

            1 дүгээр заалтыг “...Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан хариуцагч М:И ХХК-аас 56 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Сд олгосугай... гэснийг “...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч М:И ХХК-иас 200 ширхэг цахилгааны тоолуурын үнэ 56. 000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Сд олгосугай...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр  зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Д.Нансалмаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 437.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ОЮУНЦЭЦЭГ

                            ШҮҮГЧИД                                                     С.УРАНЧИМЭГ

                                                                                                  Б.БАТТӨР