Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 111

 

 

 

 

 

2020 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 207/МА2020/00111

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Б.Соёл-Эрдэнэ, Б.Ганбат

нарт холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШШ2020/00873 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Соёл-Эрдэнэ, Б.Ганбат нарт холбогдох,

Зээлийн төлбөр 27.970.296.62 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч Б.Соёл-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баярлах, Б.Соёл-Эрдэнэ, Б.Ганбат, хариуцагчийн өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн Эрдэнэт салбарын захирал Б.Энхнасан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Батсуурийн Соёл-Эрдэнэ, Бямбаагийн Ганбат нар нь манай банкнаас 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 11300444929 тоот данс бүхий 50.000.000 төгрөгийн бичил зээлийг үндсэн хөрөнгийн зориулалтаар, 36 сарын хугацаатай авсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 25.000.000.02 төгрөг, зээлийн хүүд 13.145.173.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 11.534.43 төгрөгийг төлсөн. Зээлдэгч болон хамтран зээлдэгч нар 2019 оны 12 дугаар сараас зээлийн хугацаа хэтрүүлж, 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш огт төлбөр төлөлгүй өдийг хүрсэн. Банкны зүгээс зээлийг төлүүлэхээр биечлэн уулзаж, утас болон бичгээр зээл төлөхийг удаа дараалан сануулж, мэдэгдэх болон шаардах хуудас өгч байсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч Б.Соёл-Эрдэнэ, Б.Ганбат нар нь 1130044929 тоот зээлийн гэрээний 3.2.1 дэх заалтыг зөрчиж зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй 167 хоног хугацаа хэтэрсэн. 1130044929 дугаартай зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэлийг хангахуулахаар 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1130044929-01 дугаар болон 1130044929-02 дугаар Барьцааны гэрээгээр дараах хөрөнгүүдийг барьцаалсан. Зээлдэгч Б.Соёл-Эрдэнийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 19-р баг, Их залуу Баруун задгай 4 гудамж, 2 тоот хаягтай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г-2101012119 дугаартай, 000319409 дугаар гэрчилгээтэй, 874 м2 өмчлөх эрхтэй газар, Зээлдэгч Б.Соёл-Эрдэнийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 19-р баг, Их залуу Баруун задгай 4 гудамж, 2 тоот хаягтай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2101018782 дугаартай, 000379525 дугаар гэрчилгээтэй, 46.5 м.кв хувийн сууц, Б.Ганбатын өмчлөлийн 4191-ОРХ улсын дугаартай, 01879420 дугаар гэрчилгээтэй, LZZ5CLSB3EN534093 тоот арлын дугаартай, Ноwo маркын ачааны автомашин /зүтгүүр/, Цэрэндондов Мөнхнаран /ВВ78042413/, Дашзэвэг Жигжидсүрэн /ВТ83102919/ нарын өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 6-р баг Ханжаргалан 7 гудамж, 1б тоот хаягтай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г-2003006819 дугаартай, 000239532 дугаар гэрчилгээтэй, 165 м.кв өмчлөх эрхтэй газар. Цэрэндондов Мөнхнаран /ВВ78042413/, Дашзэвэг Жигжидсүрэн /ВТ83102919/ нарын өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 6-р баг Ханжаргалан 7 гудамж, 1б тоот хаягтай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003019595 дугаартай, 000428330 дугаар гэрчилгээтэй, 140 м.кв авто засварын зориулалттай үл хөдлөх хөрөнгө барьцаалсан.

Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1130044929 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 24.999.999.98 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн байдлаарх хүү 2.876.145.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 94.151.59 төгрөг, нийт 27.970.296.62 төгрөгийг иргэн Б.Соёл-Эрдэнэ, Б.Ганбат нараас гаргуулах, зээлдэгч Б.Соёл-Эрдэнэ, Б.Ганбат нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх түхай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Соёл-Эрдэнэ шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

*******ны Орхон аймаг дахь салбараас 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 50.000.000 төгрөг, 36 сарын хугацаатай зээл авсан. Зээлийг хугацаанд нь төлж байгаад 2019 оны 12 дугаар сард буюу өвөл ажил зогссоноос болоод төлж чадаагүй. *******инд 2019 оны 12 дугаар сар хүртэл үндсэн зээлд 25.000.000.02 төгрөг, зээлийн хүүнд 13.145.173.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 11.534.43 төгрөг, нийт 38.156.708.31 төгрөг төлсөн гэжээ. Миний тооцоогоор үндсэн зээлд 30.000.000 төгрөг төлсөн. Үндсэн ззэлээс 20.000.000 төгрөг үлдсэн. Гэтэл 2020 оны 06 дугаар сарын 04-ний едрийн байдлаар *******инд үндсэн зээл 24.999.999.98 төгрөг. хүү 2.876.145.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 94.151.59 төгрөг, нийт 27.970.296.62 төгрөг гэжээ. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Нөхөр Б.Ганбат Өмнөговь аймгийн нүүрсний тээврийн компанид улирлын чанартай ажил хийдэг. Дэлхий нийтийг хамарсан Коронавируст /Ковид-19/-ын цар тахлын улмаас ажил нь зогссон. Ажилдаа хэвийн явж байсан бол зээлээ цаг хугацаанд нь төлөх байсан. Би 8 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулж байгаад боломжгүй болоод 2019 оны 10 дугаар сард худалдсан. Тэрнээс хойш ажилгүй гэртээ хүүхдээ харж байгаа. Биднээс хамаарахгүй нөхцөл байдал үүссэнээс болж ззэлээ төлж чадахгүй байгаагаа хэлсэн. Ойлгохгүй мөнгө нэхэмжилж байгаад гомдолтой байна. Гэрээнд давагдашгүй хүчин зүйл нөлөөлөх юм бол яахаар зохицуулсанг мэдэхгүй байна. Банк зөвхөн өөрийн эрх ашигт нийцсэн бичгийн гэрээнд гарын үсэг зурахыг шаарддаг. Зээл авахын тулд аргагүйн эрхэнд гарын үсэг зурдаг үйлчлүүлэгчээ огт боддоггүй. Монгол улсын эдийн засаг унасан хүнд байдалтай байгааг яагаад ойлгохгүй байгаа юм. Би мөнгөө төлөхгүй гээгүй телнө гэхдээ тодорхой хугацааны дараа төлмөөр байна. "*******инд нийт 38.156.708.31 төгрөг төлсөнөөс зээлийн хүүнд 13.145.173.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 11.534.43 төгрөг, нийт 13.156.708.29 төгрөгийг суутгасныг хүлээн зөвшөөрөхгүй. Үлдсэн 20.000.000 төгрөгийн төлөлтийг 6 сарын хугацаагаар хойшлуулан төлж барагдуулмаар байна. ******* нийгмийн хариуцлагынхаа хүрээнд иргэдийн зээлийн төлөлтийг тодорхой хэмжээгээр хойшлуулж байгаа гэж мэдэгдсэн. Үүний дагуу салбарын захирал, эдийн засагчид хандсан боловч хүлээн аваагүй. Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас болж нөхөр бид хоёрын ажил зогсчихсон. Миний нөхцөл байдлыг харгалзаж зээлийн төлөлтийг хойшлуулахаар нэхэмжлэлийг буцааж, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШШ2020/00873 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Соёл-Эрдэнэ, Б.Ганбат нараас үндсэн зээлийн төлбөрт 14.722.222.11 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 2.876.145.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 94.151.59 төгрөг нийт 17.692.518.75 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-ийн Эрдэнэт салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10.277.777.87 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 159 дүгээр зүйлийн 159.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Соёл-Эрдэнэ, Б.Ганбат нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл зээлийн барьцаанд бариулсан Орхон аймаг, Баян-Өндөр сум, 19 дүгээр баг Их залуу баруун задгай 4-2 тоот хаягт байрлах 46.5 м2 талбайтай Ү-2101018782 улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц, мөн хаягт байрлах Г-2101012119 улсын бүртгэлийн дугаартай 874 м2 газрын хамт, Дархан-Уул аймаг, Дархан сум, 6 дугаар баг, Ханжаргалан 7-1б тоотод байрлах 140 м2 талбайтай Ү-2003019595 улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээ оффисийн барилга, мөн хаягт байрлах Г-2003006819 улсын бүртгэлийн дугаартай 165 м2 газраар болон 41-91 ОРХ улсын дугаартай HOWO маркийн хятад улсад үйлдвэрлэсэн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангах, албадан дуудлага худалдаа явуулахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 297.801 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Соёл-Эрдэнэ, Б.Ганбат нараас 246.412.59 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-ний Эрдэнэт салбарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Соёл-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 50 сая төгрөгийн бичил зээлийг үндсэн хөрөнгийн зориулалтаар, 36 сарын хугацаатай, жилийн 23.52 хувийн хүүтэй зээлж авсан. Уг зээлийг 2019 оны 12 дугаар сар хүртэл графикийн дагуу төлж байсан. Нөхөр Б.Ганбат Өмнөговь аймагт нүүрс тээврийн компанид машин барьдаг. Өвөл 12 дугаар сард сул зогсолт хийсэн ба үргэлжлүүлэн хил хаасан учраас ажилгүй болсон. Би 8 нэрийн дэлгүүрээ 10 дугаар сард худалдсан. Үүнээс болоод бид хоёр ямар ч орлогогүй болсон. Энэ байдлаа цаг алдалгүй *******ны эдийн засагчдаа хэлж, захиралтай нь орж уулзсан. Зээлээ хойшлуулах хүсэлтийг бичгээр өгөхөд аваагүй. Нөхөр ажлаа хийж байсан бол зээлээ цаг хугацаанд нь төлөх байсан. Дэлхий нийтийг хамарсан короновирус цар тахлын улмаас бид хүнд байдалд орсон. Бид мөнгөө төлөхгүй гэж маргаагүй төлнө. Гэхдээ нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй. Бидний байгуулсан гэрээний хугацаа дуусаагүй байгаа. ******* нь нэхэмжлэл гаргахдаа биднийг бодож хүүг зогсоохын тулд шүүхэд хандсан гэж тайлбарласан. Гэтэл зээлийн гэрээ өнөөдрийг хүртэл үргэлжлэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү бодогдож байгаа. Банк иргэдийн байдлыг бодолгүй зөвхөн өөрийн эрх ашгийн төлөө гэрээ байгуулсан. Үүнийг шүүх анхаарч үзэх байх гэж бодсон. Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж, нэхэмжлэлийн шаардлагаас давсан шийдвэр гаргаж биднийг хохироож байна. Иймд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 873 дугаартай шийдвэр хууль ёсны бөгөөд хуулийн шаардлага хангаагүй учир уг шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхи байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн Эрдэнэт салбар нь хариуцагч Б.Соёл-Эрдэнэ, Б.Ганбат нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 27.970.296.62 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Хариуцагч Б.Соёл-Эрдэнэ, Б.Ганбат нар нь ******* ХХК-ийн Орхон салбартай 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулан 50 сая төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 23.52 хувийн хүүтэйгээр зээлсэн ба Б.Ганбат зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон байна.

Зээлийн барьцаанд Орхон аймаг, Баян-Өндөр сум 19 дүгээр баг Их залуу баруун задгай 4-02 тоот хаягт байрлах 46.5м2 талбай бүхий хувийн сууц, 874м2 газар, Дархан-Уул аймаг, Дархан сум 6 дугаар баг Ханжаргалан 7-1б тоотод байрлах 140м2 талбай бүхий оффисын барилга, 165м2 газрын хамт 41-91ОРХ улсын дугаартай Хово маркийн автомашин зэргийг тус тус барьцаалжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэхэд зохигчид зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан8 50 сая төгрөг авсан талаар маргаагүй, зээлийн төлөлт, үлдэгдлийн талаар маргасан байх ба нэхэмжлэгч ******* ХХК зээлдэгч нар үндсэн зээлд 25 сая төгрөг, хүүнд 13.145.173.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 11.534.43 төгрөг төлж 2019 оны 12 дугаар сараас зээлийн хугацаа хэтрүүлж 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй үндсэн зээлийн төлбөр 24.999.999.98 төгрөг, хүү 2.876.145.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 94.151 төгрөгийн үлдэгдэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан хариуцагч Б.Соёл-Эрдэнэ нь үндсэн зээлд 30.000.000 төгрөг төлсөн, одоо 20.000.000 сая төгрөг үлдсэн гэж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргаж мэтгэлцсэн байна.

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн Орхон салбар нь нотлох баримтаар зээл болон барьцааны гэрээ зээлийн эргэн төлөлтийн хуваарь дансны хуулга зэргийг гаргаж өгсөн байх боловч эдгээр нотлох баримтуудаар хариуцагч Б.Соёл-Эрдэнэ нь нэхэмжилсэн үндсэн зээлийн төлбөр 24.999.999.98 төгрөг хүү 2.876.145.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 94.151.59 төгрөг төлөх үүрэгтэй болох нь тогтоогджээ.

Нэхэмжлэгч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлсон гол нотлох баримт болох зээлийн тооцоолол гаргаж ирүүлээгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөгдөх мөнгөн дүн дансны хуулга зөрүүтэй байхад шүүх ямар нотлох баримтыг үнэлж 17.692.518.75 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 10.277.777.87 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь тодорхойгүй. Энэ талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3.-т заасан хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болсон нотлох баримтуудын хууль зүйн болон бодит үндэслэл түүнийг хэрхэн үнэлж байгаа тухай заана гэсэн заалтыг зөрчсөн болно.

Нөгөө талаар нэхэмжлэгч ******* ХХК барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардсан байхад нэхэмжлэлийн шаардлагаар шаардаагүй албадан дуудлага худалдаа явуулахыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих ангид даалгаж шийдвэрлэсэн нь зохигчдын мэтгэлцээгүй, шаардлага гаргаагүй, зүйлийн талаар дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх зарчмыг зөрчжээ.

Иймд анхан шатны шүүх хэргийн бодит байдал, үйл баримтыг үндэслэл бүхий тодорхойлоогүй байх тул нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй гэж үзэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШШ2020/00873 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч Б.Соёл-Эрдэнийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297.805 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД Б.ОЮУНЦЭЦЭГ

С.УРАНЧИМЭГ