Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2018/00130

 

 

 

 

 

 

2018 01 08

130

 

 

Май капитал ХЗХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25ы өдрийн 182/ШШ2017/02035 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Май капитал ХЗХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Анхзулд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 197 107 176 төгрөгийг барьцаа хөрөнгийн үнийн дүнгээс гаргуулах тухай үндсэн, 2010 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 72 тоот, 2011 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 72/03 тоот, 2012 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 72/06 тоот, 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 72/08 тоот, 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 282 тоот зээлийн гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, 2010 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 72/01 тоот зээлиийн болон барьцааны гэрээ, 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 282 тоот барьцааны гэрээг тус тус хүчингүйд тооцож, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбат, хариуцагч Г.Анхзул, хариуцагчийн өмгөөлөгч Б.Гантөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: Май капитал ХЗХ нь 2010 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 72 тоот зээлийн гэрээг Г.Анхзултай байгуулж, 1 5 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2010 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 72/01 тоот барьцааны гэрээг байгуулж уг гэрээгээр Г.Анхзулын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202007072 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 1-р 40 мянгат Б-8 дугаар байрны 18 тоот 36 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлийн болон барьцааны гэрээний хугацааг 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 72/02 тоот гэрээгээр 6 сар, 2011 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 72/04 тоот гэрээгээр 6 сар, 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 72/05 тоот гэрээгээр 6 сар, 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 72/07 тоот гэрээгээр 12 сар, 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 72/09 тоот гэрээгээр 12 сарын хугацаагаар тус тус сунгасан. Мөн зээлийн хэмжээг 2011 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 72/03 тоот гэрээгээр сарын 3 хувийн хүүтэй 1 500 000 төгрөгөөр, 2012 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 72/06 тоот гэрээгээр сарын 2.8 хувийн хүүтэй 10 000 000 төгрөг, 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 72/08 тоот гэрээгээр сарын 2.8 хувийн хүүтэй 10 000 000 төгрөг тус тус нэмэгдүүлэн авсан. Мөн 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 282 тоот зээлийн гэрээгээр 50 000 000 төгрөг зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд Г.Анхзулын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202006989 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 1-р 40 мянгат Б-8 дугаар байрны 19 тоот 36 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Дээрх гэрээг 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 282/02 тоот гэрээгээр 12 сарын хугацаагаар сунгасан.

Г.Анхзултай байгуулсан 2010 оны 72 тоот зээлийн гэрээний хугацаа 2014 оны 05 дугаар сарын 11-ний өдөр, 2012 оны 282 тоот зээлийн гэрээний хугацаа 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр тус тус дуусгавар болсон боловч зээлдэгч нь гэрээний хугацаанд зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй. Манай байгууллага нь зээлийн төлбөрийг төлж барагдуулахыг удаа дараа сануулж, мэдэгдсэн боловч Г.Анхзул нь зээлийн гэрээний хугацаанд зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.3, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т тус тус заасны дагуу зээлдэгч Г.Анхзулаас үндсэн зээлийн төлбөрт 84 380 000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 87 493 850 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 17 498 766 төгрөг, өмгөөлөгчийн зардалд 7 697 060 төгрөг, нотариатын зардалд 37 500 төгрөг, нийт 197 107 176 төгрөгийг зээлийн барьцаа хөрөнгийн үнийн дүнгээс хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Г.Анхзул миний бие нь Май капитал ХЗХ-оос 2010 оны 05 дугаар сарын 11-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж нийт 85 000 000 төгрөгийн зээл авсан. Ах Р.Жаргалжавт туслах зорилгоор тус хоршооны гүйцэтгэх захирал Г.Чингүнжавтай тохиролцсоны үндсэн дээр хоршооны гишүүнээр элсч, мөнгө зээлсэн, мөнгө хүлээн авсан баримтад гарын үсэг зурсан боловч, зээлсэн мөнгийг ах Р.Жаргалжав авч байсан. 2010-2013 оны хооронд хүү төлөлтөд нийт 84 587 160 төгрөгийг Май капитал ХЗХ-д төлсөн. 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс хойш төлөлт хийж чадаагүй. Май капитал ХЗХ-ны нэхэмжилж буй 197 107 176 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Май капитал ХЗХ-ны зүгээс дээрх зээлийг Р.Жаргалжав авч, зарцуулж байгааг мэдэж байсан. Би мөнгийг бодитоор авч байгаагүй нэг л удаа 10 000 000 төгрөгийг авч, ах Р.Жаргалжавт өгсөн. Нийтдээ 5 удаагийн зээлийн гэрээгээр 86 500 000 төгрөг авсан. Зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 1-р 40 мянгатын Б-8 дугаар байрны 18, 19, 20 тоот орон сууцыг барьцаалсан. Одоо зээлийн барьцаанд 18, 19 тоотод байрлах орон сууц байгаа. Байраа авмаар байна гэжээ.

 

Хариуцагч Г.Анхзулын сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Миний бие нь 2010 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 72 тоот зээлийн гэрээгээр 15 000 000 төгрөгийн, 2011 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 72/03 тоот зээлийн гэрээгээр 1 500 000 төгрөгийн, 2012 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 72/06 тоот зээлийн гэрээгээр 10 000 000 төгрөгийн, 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 72/08 тоот зээлийн гэрээгээр 10 000 000 төгрөгийн, 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 282 тоот зээлийн гэрээгээр 50 000 000 төгрөгийн зээлийг тус тус Май капитал ХЗХ-оос аваагүй. Хэдийгээр зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч миний авга ах Р.Жаргалжав нь Май капитал ХЗХ-ны гүйцэтгэх захирал Г.Чингүнжаваас зээл хүсэхэд барьцаа хөрөнгөтэй тохиолдолд зээл олгох талаар харилцан тохиролцсон байдаг. Улмаар Р.Жаргалжав, Г.Чингүнжав нар намайг Май капитал ХЗХ-д гишүүнээр элсүүлж миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, Май капитал ХЗХ-оос Р.Жаргалжавт дээрх зээлүүдийг олгосон. Миний бие нэхэмжлэлд дурдагдсан зээлийг бодитоор буюу мөнгөн хэлбэрээр нэг ч удаа авч байгаагүй, авга ах Р.Жаргалжав дээрх мөнгийг авдаг байсан бөгөөд намайг мөнгө авсан баримт дээр гарын үсэг зуруулдаг байсан. Май капитал ХЗХ-ны зүгээс дээрх зээлийг Р.Жаргалжав авч, зарцуулж байгааг мэдэж байсан төдийгүй барьцаа хөрөнгөтэй гэдэг утгаар нь Г.Анхзул надтай дүр үзүүлсэн зээлийн гэрээг байгуулсан болно. Иймд 2010 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 72 тоот, 2011 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 72/03 тоот, 2012 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 72/06 тоот, 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 72/08 тоот, 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 282 тоот зээлийн гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, 2010 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 72/01 тоот зээлиийн болон барьцааны гэрээ, 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 282 тоот барьцааны гэрээг тус тус хүчингүйд тооцож, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл, 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл тус тус хүчин төгөлдөр бус байна гэжээ. Нөхцөл байдлаас үзэхэд Г.Анхзул нь гэрээ байгуулагдсанаар бий болох үр дагаврыг ухамсарлаж мэдсэний үндсэн дээр гарын үсэг зурсан бөгөөд гэрээ нь хуульд заасан шаардлагыг бүрэн хангасан байх тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон Шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээч Б.Эрдэнэ-Очирын гаргасан 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2424 дугаартай дүгнэлтэд зээлийн болон барьцааны гэрээ, мөнгө хүлээн авсан баримтад зурсан гарын үсгүүд нь хариуцагч Г.Анхзулын өөрийн гарын үсэг мөн болохыг дурдсан байна. Мөн талуудын байгуулсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж байх тул 156 дугаар зүйлийн 156.3-т зааснаар хүчингүйд тооцох үндэслэлгүй байна. 2011 оны 96 тоот зээлийн гэрээг дуусгавар болгож, барьцаанаас Г.Анхзулын өмчлөлийн гэх 19, 20 тоотын орон сууцыг чөлөөлж өгсөн. Одоо тухайн эд хөрөнгөөс 2012 оны 282 зээлийн гэрээний үүрэгт 19 тоот орон сууцыг барьцаалсан. Иймд Г.Анхзулын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Г.Анхзулаас 65 988 299 /жаран таван сая есөн зуун наян найман мянга хоёр зуун ерэн есөн/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Май капитал ХЗХ-д олгож, нэхэмжлэлээс 131 118 877 /нэг зуун гучин нэгэн сая нэг зуун арван найман мянга найман зуун далан долоон/ төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Г.Анхзул нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202007072 дугаарт бүртгэгдсэн Г.Анхзулын өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын Б-8 дугаар байрны 18 тоотод байрлах 36 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Ү-2202006989 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын Б-8 дугаар байрны 19 тоотод байрлах 36 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг тус тус албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10, 156 дугаар зүйлийн 156.3-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул зохигчдын хооронд байгуулагдсан 2010 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 72 тоот, 2011 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 72/03 тоот, 2012 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 72/06 тоот, 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 72/08 тоот, 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 282 тоот зээлийн гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10, 156 дугаар зүйлийн 156.3-т заасны дагуу 2010 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 72/01 тоот зээлиийн болон барьцааны гэрээ, 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 282 тоот барьцааны гэрээг тус тус хүчингүйд тооцож, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202007072, Ү-2202006989 дугаартай үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай Г.Анхзулын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Май капитал ХЗХ-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 143 486 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээн, дутуу төлсөн 268 275 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулах, хариуцагч Г.Анхзулаас 487 891 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Май капитал ХЗХ-д олгож, хариуцагч Г.Анхзулаас сөрөг нэхэмжлэлд төлсөн 663 658 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Батсайхан давж заалдах гомдолдоо: Шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагаас 84 587 160 төгрөгийг хасч шийдвэрлэсэн. Шүүх Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасныг зөрчин дүгнэсэн. Энэ заалт нь үүрэг гүйцэтгэх дарааллыг талуудын хүсэл зориг болон гэрээгээр тогтоосноор шийдвэрлэх тухай бөгөөд уг шийдвэр гарснаар Иргэний хуулийн 216.1-216.3 дахь хэсгийг хэрэглэх боломжгүй юм. Зээлийн гэрээний харилцаа хэвийн үргэлжилж байсан хугацаа буюу 2014 оны 09 сарын 30-ны өдрийн байдлаар 84 587 160 төгрөгийг хэрэглэсэн хугацааны хүү төлж байсан. Г.Анхзул нь энэ тухайгаа шүүхэд 2017 оны 01 сарын 04-ний өдөр өөрийн гараар тайлбар бичиж өгөхдөө тодорхой бичсэн. Мөн талууд зээлийн гэрээний 4 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэлийн дарааллыг тогтоосон байсан. Зээлийн гэрээний дагуу хийгдсэн барьцааны гэрээ нь бүх өрийг төлөхөд бүрэн хүрэлцээтэй. Хариуцагчийн шүүхэд гараараа бичиж өгсөн тайлбараас үзвэл тэрээр авсан зээлээ хүлээн зөвшөөрч байгаа юм. Шүүх талуудын хүлээн зөвшөөрсөн үйл баримтад хөндлөнгөөс дүгнэлт хийсэн. 2011 оны 05 сарын 10-ны өдрийн 72/03 тоот Зээлийн нэмэлт гэрээ, 2012 оны 02 сарын 28-ны өдрийн 72/06 тоот зээлийн нэмэлт гэрээ, 2012 оны 02 сарын 28-ны өдрийн 72/06 зээлийн нэмэлт гэрээнүүд нь 2010 оны 05 сарын 11-ний өдрийн 72 тоот гэрээний салшгүй хэсэг гэдгийг болон нийт зээлийн дүнг хамтатгаж бичээд талууд гарын үсэг зурсан. Мөн 72 тоот зээлийн гэрээг, зээлдэгчийн хүсэлтээр /өргөдлөөр/ сунгаж мөн л талууд гарын үсгээ зурсан. Зээлийн гэрээний бас нэг нөхцөл болох хүүг 2012 оны 02 сарын 28-ны өдрийн 72/06 тоот гэрээгээр 3%, 2012 оны 02 сарын 28-ны өдрийн 72/06 тоот гэрээгээр 2,8% болгон бууруулж тооцсон. Өөрөөр хэлбэл дээрх цаг хугацаанаас хойш эхний 2010 оны 05 сарын 11-ний өдрийн 72 тоот гэрээний сарын хүү 2.8% болж байна.

72 тоот зээлийн гэрээг 2010.11.05-2011.05.11 хүртэл 6 сараар, 2011.05.11-2011.11.11 хүртэл 6 сараар, 2011.11.11- 2012.05.11 хүртэл 6 сараар, 2012.05.11- 2013.05.11 хүртэл 12 сараар, 2013.05.11-2014.05.11 хүртэл 12 сараар сунгаж байсан 72/02, 72/04 ,72/05, 72/06, 72/09 тоот гэрээнүүд хэрэгт авагдсан ба шүүх "... талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ нь ... хуулийн шаардлагыг хангасан байх тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ" гэсэн атлаа нэмэлт зээлийн гэрээнүүд нь 2010 оны 05 сарын 11-ний өдрийн 72 тоот зээлийн гэрээний нөхцлөөр хийгдээгүй гэж үзсэн. Г.Анхзулыг "Май капитал" ХЗХ-д өөрийнх нь хүсэлтээр элсүүлсэн. Хадгаламж зээлийн хоршоо нь гишүүдийн хувь нийлүүлсэн хөрөнгөөр эх үүсвэрээ бий болгодог. Гишүүний хоршоонд оруулсан хөрөнгө оруулалтыг тусд нь дансанд оруулж жилийн эцэст татварын дараах ашгийг, оруулсан хөрөнгийн хувь хэмжээгээр ногдол ашиг болгон гишүүддээ хуваарилдаг. "Май капитал" ХЗХ-ны гишүүнээр элсэхдээ 5000 төгрөгийн хураамж төлдөг. Анхан шатны шүүх зүгээр л бүртгэлийн хураамж төлсөн баримт мэтээр дутуу дүгнэсэн. "Май капитал" ХЗХ-д гишүүнээр элсэн орсон баримт нь бас гишүүний анкет юм. "Май капитал" ХЗХ-ны дүрмийн 11.2-т зааснаар хоршооны гишүүн Г.Анхзул Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 1-р хороонд амьдардаг. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг буруу үнэлэн иргэд хоорондын зээлийн гэрээ гэж үзсэнээс болж хэргийн зүйлчлэл буруутсан. Иргэний хуулийн 451, 452 дугаар зүйлээр зүйлчлээгүйгээс хугацаа зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нь тооцогдолгүй нэхэмжлэлийн шаардлагаас 131 118 877 төгрөгийг хассан. Анхны нэхэмжлэл 163 085 160 төгрөг байсан ба нэхэмжлэлийн шаардлагыг 2017 оны 05 сарын 29-нд, 2017 оны 08 сарын 29-ний өдрүүдэд нэмэгдүүлсэн. Нийт нэхэмжлэлийн шаардлага 197 107 176 төгрөг болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч Май капитал ХЗХ нь хариуцагч Г.Анхзулд холбогдуулан үндсэн зээл 84 380 000 төгрөг, зээлийн хүүд 87 493 850 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17 498 766 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 7 697 060 төгрөг, нотариатын зардал 37 500 төгрөг, нийт 197 107 176 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч 2010 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 72 тоот, 2011 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 72/03 тоот, 2012 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 72/06 тоот, 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 72/08 тоот, 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 282 тоот зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 2010 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 72/01 тоот, 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 282 тоот барьцааны гэрээг тус тус хүчингүйд тооцож,  үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгахыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Зохигчид 2010 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 72 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, хариуцагч нь нэхэмжлэгчээс 15 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй,

2011 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 72/03 тоот гэрээгээр 1 500 000 төгрөгийг,

2012 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 72/06 тоот гэрээгээр 10 000 000 төгрөгийг 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаатай, сарын 2.8 хувийн хүүтэй,

2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 72/08 тоот гэрээгээр 10 000 000 төгрөгийг 2013 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаатай, сарын 2.8 хувийн хүүтэй,

2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 282 тоот гэрээгээр 50 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2.8 хувийн хүүтэй тус тус зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлд хариуцагчийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо 1-40 мянгат, Б-8 байрны 19 тоотод байрлах орон сууц, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1-40 мянгат Б-8 дугаар байрны 18 тоотод байрлах орон сууцыг тус тус барьцаалсан болох нь хэрэгт авагдсан зээл хүсэх тухай өргөдөл, мөнгө олгосон баримт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Талууд 2010 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 72 тоот зээлийн гэрээний хугацааг 2014 оны 05 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 6 удаа, 282 тоот зээлийн гэрээний хугацааг 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 12 сараар тус тус сунгасан, зээлдэгч нь гэрээний хугацаанд нийт 84 587 100 төгрөг төлсөн зэрэг үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан зээлийн болон барьцааны гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол гишүүнээр элсэх журмыг хадгаламж зээлийн хоршооны дүрмээр тогтооно гэж, нэхэмжлэгч Май капитал ХЗХ-ны дүрмийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт хоршооны гишүүнээр элсэх хүсэлтэй иргэний өргөдлийг Тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн, гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ гэж тус тус заажээ. Хэрэгт хариуцагч Г.Анхзулыг хадгаламж зээлийн хоршоонд гишүүнээр элсүүлсэн талаар Тэргүүлэгчдийн хурлын шийдвэр хэрэгт авагдаагүй байх тул хариуцагч Г.Анхзулыг тус хоршооны гишүүн гэж үзэхгүй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах хуулийн үндэслэл тогтоогдсонгүй. Түүнчлэн гэрч Р.Жаргалжав, Л.Ганцэцэг, Р.Цэрэнбадам нарын мэдүүлэг болон хэргийн бусад нотлох баримтаар хариуцагч нь тус хоршоонд гишүүнээр элсэж, өөрийн орлого, хуримтлалыг нэмэгдүүлэх зорилгоор зээл аваагүй, харин барьцаа хөрөнгөгүй ах Р.Жаргалжавтаа өөрийн үл хөдлөх хөрөнгөө барьцаалж зээл авч өгсөн гэх нөхцөл байдал тогтоогдсон. Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзсэн нь зөв.

Шүүх хариуцагчийн зээлийн гэрээний дагуу гүйцэтгэвэл зохих үүргийг 142 840 899 төгрөг гэж тооцоолж, үүнээс зээлдэгчийн өмнө төлсөн 84 587 160 төгрөгийг хасч, 58 253 739 төгрөг гэж тодорхойлон, хариуцагчийг гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс нэхэмжлэгч нотариатын зардалд 37 500 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд 7 697 060 төгрөг төлж хохирсон гэж дүгнээд хариуцагчаас нийт 65 988 299 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд хариуцагч гомдол гаргаагүй байна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд шүүх зохигчдын байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэж үзэж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Шүүх нэмэлт гэрээг 2010 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 72 тоот зээлийн гэрээний нөхцлөөр хийгдээгүй, талууд гэрээний гол нөхцөл болох хүү, хугацааны талаар өөрөөр тохиролцсон гэж дүгнээд гэрээний зүйлийг гэрээнд тухайлан заасан хүү, хугацаагаар тооцоолсон нь зөв болжээ.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25ы өдрийн 182/ШШ2017/02035 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Май капитал ХЗХ-ны төлсөн 813 550 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

А.МӨНХЗУЛ