Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2018/00634

 

М К- ХЗХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2017/02035 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 130 дугаар магадлалтай,

М К- ХЗХ-ны нэхэмжлэлтэй,

Г.А-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 197.107.176 төгрөг гаргуулах, үүргийг барьцаа хөрөнгийн үнийн дүнгээс гаргуулах тухай үндсэн, 2010 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 72 тоот, 2011 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 72/03 тоот, 2012 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 72/06 тоот, 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 72/08 тоот, 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 282 тоот зээлийн гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, 2010 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 72/01 тоот зээлиийн болон барьцааны гэрээ, 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 282 тоот барьцааны гэрээг тус тус хүчингүйд тооцож, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б-ны гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Г.А-, хариуцагчийн өмгөөлөгч Б.Г, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч М К- ХЗХ-ны шүүхэд гаргасан нэхэмжлэлд: М К- ХЗХ нь 2010 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 72 тоот зээлийн гэрээг Г.А-тай байгуулж, 15.000.000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2010 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 72/01 тоот барьцааны гэрээг байгуулж уг гэрээгээр Г.А-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202007072 дугаар, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 1-р 40 мянгат Б-8 дугаар байрны 18 тоот 36 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлийн болон барьцааны гэрээний хугацааг 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 72/02 тоот гэрээгээр 6 сар, 2011 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 72/04 тоот гэрээгээр 6 сар, 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 72/05 тоот гэрээгээр 6 сар, 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 72/07 тоот гэрээгээр 12 сар, 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 72/09 тоот гэрээгээр 12 сарын хугацаагаар тус тус сунгасан. Мөн зээлийн хэмжээг 2011 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 72/03 тоот гэрээгээр сарын 3 хувийн хүүтэй 1.500.000 төгрөгөөр, 2012 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 72/06 тоот гэрээгээр сарын 2.8 хувийн хүүтэй 10.000.000 төгрөг, 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 72/08 тоот гэрээгээр сарын 2.8 хувийн хүүтэй 10.000.000 төгрөг тус тус нэмэгдүүлэн авсан. Мөн 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 282 тоот зээлийн гэрээгээр 50.000.000 төгрөг зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд Г.А-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202006989 дугаар Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 1-р 40 мянгат Б-8 дугаар байрны 19 тоот 36 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Дээрх гэрээг 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 282/02 тоот гэрээгээр 12 сарын хугацаагаар сунгасан. Г.А-тай байгуулсан 2010 оны 72 тоот зээлийн гэрээний хугацаа 2014 оны 5 дугаар сарын 11-ний өдөр, 2012 оны 282 тоот зээлийн гэрээний хугацаа 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр тус тус дуусгавар болсон боловч зээлдэгч нь гэрээний хугацаанд зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй. Манай байгууллага нь зээлийн төлбөрийг төлж барагдуулахыг удаа дараа сануулж, мэдэгдсэн боловч Г.А- нь зээлийн гэрээний хугацаанд зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.3, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т тус тус заасны дагуу зээлдэгч Г.А-аас үндсэн зээлийн төлбөрт 84.380.000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 87.493.850 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 17.498.766 төгрөг, өмгөөлөгчийн зардалд 7.697.060 төгрөг, нотариатын зардалд 37.500 төгрөг, нийт 197.107.176 төгрөгийг зээлийн барьцаа хөрөнгийн үнийн дүнгээс хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.А-ын шүүхэд гаргасан тайлбарт: ...М К- ХЗХ-оос 2010 оны 5 дугаар сарын 11-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж нийт 85.000.000 төгрөгийн зээл авсан. Ах Р.Жаргалжавт туслах зорилгоор тус хоршооны гүйцэтгэх захирал Г.Чингүнжавтай тохиролцсоны үндсэн дээр хоршооны гишүүнээр элсч, мөнгө зээлсэн, мөнгө хүлээн авсан баримтад гарын үсэг зурсан боловч, зээлсэн мөнгийг ах Р.Жаргалжав авч байсан. 2010-2013 оны хооронд хүү төлөлтөд нийт 84.587.160 төгрөгийг М К- ХЗХ-д төлсөн. 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс хойш төлөлт хийж чадаагүй. М К- ХЗХ-ны нэхэмжилж буй 197.107.176 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. М К- ХЗХ-ны зүгээс дээрх зээлийг Р.Жаргалжав авч, зарцуулж байгааг мэдэж байсан. Би мөнгийг бодитоор авч байгаагүй нэг л удаа 10.000.000 төгрөгийг авч, ах Р.Жаргалжавт өгсөн. Нийтдээ 5 удаагийн зээлийн гэрээгээр 86.500.000 төгрөг авсан. Зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 1-р 40 мянгатын Б-8 дугаар байрны 18, 19, 20 тоот орон сууцыг барьцаалсан. Одоо зээлийн барьцаанд 18, 19 тоотод байрлах орон сууц байгаа гэжээ.

Хариуцагч Г.А-ын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: Миний бие М К- ХЗХ-оос зээл аваагүй. Хэдийгээр зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч миний авга ах Р.Жаргалжав нь М К- ХЗХ-ны гүйцэтгэх захирал Г.Чингүнжаваас зээл хүсэхэд барьцаа хөрөнгөтэй тохиолдолд зээл олгох талаар харилцан тохиролцсон байдаг. Улмаар Р.Жаргалжав, Г.Чингүнжав нар намайг М К- ХЗХ-д гишүүнээр элсүүлж миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, М К- ХЗХ-оос Р.Жаргалжавт дээрх зээлүүдийг олгосон. Нэхэмжлэлд дурдагдсан зээлийг бодитоор буюу мөнгөн хэлбэрээр нэг ч удаа авч байгаагүй, авга ах Р.Жаргалжав дээрх мөнгийг авдаг байсан бөгөөд намайг мөнгө авсан баримт дээр гарын үсэг зуруулдаг байсан. М К- ХЗХ-ны зүгээс дээрх зээлийг Р.Жаргалжав авч, зарцуулж байгааг мэдэж байсан төдийгүй барьцаа хөрөнгөтэй гэдэг утгаар нь Г.А- надтай дүр үзүүлсэн зээлийн гэрээг байгуулсан.

Иймд 2010 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 72 тоот, 2011 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 72/03 тоот, 2012 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 72/06 тоот, 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 72/08 тоот, 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 282 тоот зээлийн гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, 2010 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 72/01 тоот зээлиийн болон барьцааны гэрээ, 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 282 тоот барьцааны гэрээг тус тус хүчингүйд тооцож, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл, 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл тус тус хүчин төгөлдөр бус байна гэжээ. Нөхцөл байдлаас үзэхэд Г.А- нь гэрээ байгуулагдсанаар бий болох үр дагаврыг ухамсарлаж мэдсэний үндсэн дээр гарын үсэг зурсан бөгөөд гэрээ нь хуульд заасан шаардлагыг бүрэн хангасан байх тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон Шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээч Б.Эрдэнэ-Очирын гаргасан 2017 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 2424 дугаартай дүгнэлтэд зээлийн болон барьцааны гэрээ, мөнгө хүлээн авсан баримтад зурсан гарын үсгүүд нь хариуцагч Г.А-ын өөрийн гарын үсэг мөн болохыг дурдсан байна. Мөн талуудын байгуулсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж байх тул 156 дугаар зүйлийн 156.3-т зааснаар хүчингүйд тооцох үндэслэлгүй байна. 2011 оны 96 тоот зээлийн гэрээг дуусгавар болгож, барьцаанаас Г.А-ын өмчлөлийн гэх 19, 20 тоотын орон сууцыг чөлөөлж өгсөн. Одоо тухайн эд хөрөнгөөс 2012 оны 282 зээлийн гэрээний үүрэгт 19 тоот орон сууцыг барьцаалсан. Иймд Г.А-ын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2017/02035 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Г.А-аас 65.988.299 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М К- ХЗХ-д олгож, нэхэмжлэлээс 131.118.877 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Г.А- нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202007072 дугаар, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын Б-8 дугаар байрны 18 тоотод байрлах 36 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Ү-2202006989 дугаар Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын Б-8 дугаар байрны 19 тоотод байрлах 36 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг тус тус албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10, 156 дугаар зүйлийн 156.3-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул зохигчдын хооронд байгуулагдсан 2010 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 72 тоот, 2011 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 72/03 тоот, 2012 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 72/06 тоот, 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 72/08 тоот, 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 282 тоот зээлийн гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10, 156 дугаар зүйлийн 156.3-т заасны дагуу 2010 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 72/01 тоот зээлиийн болон барьцааны гэрээ, 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 282 тоот барьцааны гэрээг тус тус хүчингүйд тооцож, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202007072, Ү-2202006989 дугаартай үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай Г.А-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М К- ХЗХ-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.143.486 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээн, дутуу төлсөн 268.275 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулах, хариуцагч Г.А-аас 487.891 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М К- ХЗХ-д олгож, хариуцагч Г.А-аас сөрөг нэхэмжлэлд төлсөн 663.658 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 130 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2017/02035 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч М К- ХЗХ-ны төлсөн 813 550 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Батсайхан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Г.А- нь 2010 оны 5 дугаар сарын 10-ны өдөр “М К-” ХЗХ-нд гишүүнээр элсэх өргөдлийг гаргаж, гишүүнээр элсэх хураамжийг нэхэмжлэгчид төлсөн ба ийнхүү гишүүн болсныхоо хувьд М К- ХЗХ-оос зээл авсан байдаг. Өөрөөр хэлбэл “М К-” ХЗХ-ны дүрмийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Хоршооны гишүүн нь хоршоонд хувь хөрөнгө оруулах, хадгаламж байршуулах, зээл авах эрхтэй” гэж заасны дагуу тус хоршоонд гишүүнээр элсэж, зээл авах хүсэл зоригоо Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу илэрхийлсэн. Мөн хоршооны дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1-д энэхүү дүрмийг хүлээн зөвшөөрсөн түүний үйлчилгээг авч холбогдох хариуцлага хүлээх бүхий иргэд хэн боловч хоршоонд сайн дураараа гишүүнээр элсэж болно хэмээ заасан. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхийн зүгээс хариуцагчаас гаргасан гишүүнээр элсэх хүсэлт, төлсөн хураамж болон “М К- ХЗХ-ны дүрмийн 12.1 дэх хэсэгт дүгнэлт хийлгүйгээр маргааныг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа зээлийн төлбөрийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд төлөх талаар тайлбар гаргасан ба М К- ХЗХ-ны гишүүн учир зээл авах хүсэлт, зээлийн гэрээг сунгах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан талаарх баримтууд хэргийн материалд авагдсан байтал “М К-” ХЗХ-ны тэргүүлэгчдийн тогтоол хэрэгт авагдаагүй гэх үндэслэлээр гишүүн биш хэмээн 2 шатны шүүх дүгнэж буй нь үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтууд Г.А-ыг “М К-” ХЗХ-д өөрийнх нь хүсэлтээр элсүүлсэн. Түүний гараараа бичсэн өргөдөл хавтаст хэргийн 40-р талд бий. Гишүүнээр элсэхдээ хөрөнгийг бэлнээр нь оруулдаг. Гишүүний хоршоонд оруулсан хөрөнгө оруулалтыг тусад нь дансанд оруулж жилийн эцэст татварын дараахь ашгийг, оруулсан хөрөнгийн хувь хэмжээгээр ногдол ашиг болгон гишүүддээ хувиарладаг. “М К-” ХЗХ-ны гишүүний хөрөнгө оруулалтын доод хэмжээ нь 5000 төгрөг юм. Энэ мөнгөө хөрөнгө оруулалтын дэвтэр нээлгэж бичүүлээд гишүүн өөрөө хадгалдаг. Мөн гишүүнээр элсэхдээ 5000 төгрөгийн хураамж төлж элсдэг. Энэ бүхэн хавтаст хэргийн 86-р талд байгаа. Анхан шатны шүүх зүгээр л бүртгэлийн хураамж төлсөн баримт мэтээр дутуу дүгнэсэн. “М К-” ХЗХ-д гишүүнээр элсэн орсон баримт нь бас гишүүний анкет юм. Энэ гишүүний анкет дээр зургаа өгч наалгаад Г.А- нь өөрийн гарын үсгээ зурсан байгаа. /х.х 39/

Г.А-ыг гишүүнээр элсүүлсэн талаар тэргүүлэгчдийн хурлын шийдвэр байгаа бөгөөд өмнөх тохиолдлуудад шүүхэд нотлох баримтаар гаргаж өгч байгаагүй юм. Анхан шатны шүүх зөвхөн хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хийлгүй жил гаруй хугацаа өнгөрөөсөн атлаа тэргүүлэгчдийн хурлын шийдвэр чухал ач холбогдолтой гэж үзсэн юм бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасны дагуу манайхаас авч болох байсан. Хэрэг маргааны нэг мөр, үнэн зөв, хуулийн дагуу шийдвэрлэх хүсэл зориг дутсан гэж үзэж байна. Учир нь хариуцагчийн зүгээс “М К-” ХЗХ-ны гишүүн биш болох талаар, мөн зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээг сунгаж байсан талаар маргаагүй ба хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага өөр байсан. Мөн шүүхийн зүгээс зээлийн гэрээ хүчин төгөлдөр байгуулагдсан хэмээн дүгнэсэн, хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон атлаа Иргэний хуулийн 451.1 дэх хэсгийг хэрэглээгүй нь үндэслэлгүй. Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасныг зөрчиж дүгнэсэн. Г.А-тай зээл ашиглах хугацааг харилцан тохиролцож, сунган үргэлжлүүлж байсан ба зээлийн гэрээний харилцаа хэвийн үргэлжилж байсан хугацаа буюу 2014 оны 9 сарын 30-ны өдрийн байдлаар 84.587.160 төгрөгийг хэрэглэсэн хугацааны хүүд төлж байсан. Г.А- нь энэ тухайгаа шүүхэд 2017 оны 01 сарын 04-ний өдөр өөрийн гараар тайлбар бичиж өгөхдөө тодорхой бичсэн байгаа. Мөн талууд зээлийн гэрээний 4 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэлийн дарааллыг тогтоосон. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 хэсэг бол “...бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжид шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэсэн заалт юм. Зээлийн гэрээний дагуу хийгдсэн барьцааны гэрээ нь бүх өрийг төлөхөд бүрэн хүрэлцээтэй байгаа юм. Гэрээ хэвийн үргэлжилж байхад гүйцэтгэсэн үүргийг өнөөдрийн шийдвэр гаргасны дараа хуулиар тогтоосон дарааллыг зөрчсөн гэж үзэж байгаа нь буруу бөгөөд хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр хуулийн дээрх зохицуулалт нь үүргийн гүйцэтгэлийг хангах дарааллыг зааснаас бус нэгэнт үүссэн үүргээс чөлөөлөх тухай зохицуулалт биш юм. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхийн Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж, үүргийн гүйцэтгэлээс хариуцагчийг чөлөөлсөн нь үндэслэлгүй бөгөөд хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжүүлэх, мөн нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүх Г.А- нь зээлийн нэмэлт гэрээгээр зээлсэн 1.500.000 төгрөг, 10.000.000 төгрөг, 10.000.000 төгрөгийг тус тус зээлэхдээ өмнөх буюу 2010 оны 5 сарын 11-ний өдрийн 72 тоот зээлийн гэрээний нөхцөлөөр М К- ХЗХ-оос зээлж авсан гэх үндэслэл зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна гэж буруу дүгнэснээс болж хариуцагч Г.А-ын “М К-” ХЗХ-той байгуулсан зээлийн гэрээний үүргийг буруу тодорхойлсон. Г.А- нь нийт авсан зээлийн хэмжээ 85.000.000 төгрөг ...2010-2013 оны хооронд хүү төлөлтдөө нийт 84.587.160 төгрөгийг тушаасан ...нэхэмжилж буй 163.085.160 төгрөгийг төлөхөд надад хугацаа олгож мөн төлсөн хүүг харгалзаж өгнө үү” гэсэн тайлбарыг шүүхэд гараараа бичиж өгсөн. Энэ нь авсан зээлээ хүлээн зөвшөөрч байгаа юм. Шүүх, талуудын хүлээн зөвшөөрсөн үйл баримтад хөндлөнгөөс дүгнэлт хийсэн. Шүүх “зохигчид гэрээний нэг нөхцөл болох зээл ашиглуулах хугацааг харилцан тохиролцож, сунган үргэлжлүүлж байсан тухайд маргаагүй болно” мөн талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ нь ...хуулийн шаардлагыг хангасан байх тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ" гэсэн атлаа нэмэлт зээлийн гэрээнүүд нь 2010 оны 5 сарын 11-ний өдрийн 72 тоот зээлийн гэрээний нөхцөлөөр хийгдээгүй гэж үзсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх гэрээ сунгасан байна нэмэлт гэрээ байгуулсан байна гэж зөв дүгнэсэн атлаа зээлийн гэрээний гол нөхцөл болох хүү, хугацаа нь өөр гэж буруу дүгнэсэн. Ингэж хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг буруу үнэлэн иргэд хоорондын зээлийн гэрээ гэж үзсэнээс болж хэргийн зүйлчлэл буруутсан. Иргэний хуулийн 451, 452 дугаар зүйлээр зүйлчлээгүйгээс хугацаа зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нь тооцогдолгүй нэхэмжлэлийн шаардлагаас 131.118.877 төгрөгийг хассан. Шүүх үйл баримтыг зөв тодорхойлолгүй, хуулиар тогтоосон журмын дагуу шийдвэрлэгдээгүйд гомдолтой байна. Анхны нэхэмжлэл 163.085.160 төгрөг байсан ба нэхэмжлэлийн шаардлагыг 2017 оны 5 сарын 29-нд, 2017 оны 8 сарын 29-ний өдрүүдэд нэмэгдүүлсэн. Нийт нэхэмжлэлийн шаардлага 197.107.176 төгрөг болсон.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            М К- ХЗХ нь хариуцагч Г.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 197.107.176 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар шаардсныг хариуцагч эс зөвшөөрч 2010 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 72 тоот, 2011 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 72/03 тоот, 2012 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 72/06 тоот, 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 72/08 тоот, 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 282 тоот зээлийн гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, 2010 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 72/01 тоот зээлиийн болон барьцааны гэрээ, 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 282 тоот барьцааны гэрээг тус тус хүчингүйд тооцож, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

            Анхан шатны шүүх Г.А-аас 65.988.299 төгрөг гаргуулж М К- ХЗХ-д олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, үлдэх шаардлага болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.

           Зохигчдын хооронд 2010 оны 5 дугаар сарын 11-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж, Г.А- нь М К- ХЗХ-с 15.000.000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлж, үүргийн гүйцэтгэлд Улсын бүртгэлийн Ү-2202007072 дугаартай, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат, Б-8 дугаар байрны 18 тоот орон сууцыг барьцаалжээ.

         Талууд нэмэлт гэрээгээр гэрээний хугацааг 5 удаа сунгаснаас гадна тодорхой нөхцөл зааж 21.500.000 төгрөгийг нэмж зээлсэн байна.

             Түүнчлэн зохигчийн хооронд байгуулагдсан 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээгээр Г.А- 50.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2.8 хувийн хүүтэй зээлсэн, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Улсын бүртгэлийн Ү-2202006989 дугаартай, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат, Б-8 дугаар байрны 19 тоот орон сууцыг барьцаалсан, гэрээний хугацааг 12 сараар сунгасан нь тогтоогджээ.

            Нэхэмжлэгч М К- ХЗХ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасны зээлийн гэрээний үүргийг шаардах эрхгүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн ба нэхэмжлэгчийн гаргасан гомдол үндэслэлгүй байна.

            Хадгаламж зээлийн хоршоо тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа эрхлэхдээ зөвхөн тухайн хоршооны гишүүдэд зээл олгохыг хуулиар журамлажээ. Хоршоонд гишүүн элслүүлэх журмыг хоршооны дүрмээр зохицуулах бөгөөд зээлдэгч Г.А-ыг тус хадгаламж зээлийн хоршооны гишүүнээр элсүүлсэн талаарх баримт буюу Тэргүүлэгчдийн хурлын шийдвэр хэрэгт авагдаагүй байна. Иймээс М К- ХЗХ, хоршооны гишүүнд зээл олгосон нь нотлогдоогүй тул хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасантай нийцсэн гэж үзнэ.

            Хэдийгээр хариуцагч Г.А- нь М К- ХЗХ-д гишүүнээр элсэх хүсэлт гаргаж, хураамж төлж байсан хэдий ч хууль болон дүрэмд заасны дагуу хариуцагчийг хоршооны гишүүнээр элслүүлсэн нь тогтоогдоогүй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

         Зээлийн гүйцэтгэвэл зохих үүргийг тодорхойлохдоо шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 216 дугаар зүйлийн 216.4-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

         Дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2017/02035 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 130 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б-ны гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 813.550 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                           ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ