Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2018/01666

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2018/01666

 

 

 

 

 

 

 

 

 

Ерөнхий боловсролын Галакси сургуулийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2018/01630 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ерөнхий боловсролын Галакси сургуулийн нэхэмжлэлтэй, хариуцагч Барилга технологийн коллежид холбогдох,

 

Түрээсийн гэрээний үүрэгт 11 670 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Галбадрах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ерөнхий боловсролын Галакси сургуулийн нэхэмжлэлийлн шаардлага болон тайлбарт: 2017 оны 06 сарын 24-ний өдөр Барилга технологийн коллеж нь манай сургуулийн 2 дугаар байрыг сургалтын зориулалтаар түрээслэхээр гэрээ байгуулсан. Бид гэрээний дагуу үүргээ биелүүлэн байраа бүрэн суллаж Барилга технологийн коллежийг 2017 оны 06 сарын 22-ны өдөр оруулсан. Хариуцагч нь 2017 оны 08 дугаар сараас төлбөрөө төлж эхлэх байсан боловч түрээсийн төлбөрөө төлөхгүй явсаар 2017 оны 11 сарын 01-ний өдөр 8 000 000 төгрөг, 11 сарын 23-ны өдөр 3 000 000 төгрөг, 12 сарын 25-ны өдөр 9 720 000 төгрөг төлсөн. Хариуцагч нь түрээсийн гэрээ дуусгавар болгох хүсэлт тавьсны дагуу 2017 оны 12 сарын 31-ний өдөр гэрээг дуусгавар болгосон. Түрээсийн гэрээний дагуу төлөгдөөгүй төлбөр 7 780 000 төгрөг, гэрээний дагуу алданги 3 890 000 төгрөг нийт 11 670 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Барилга технологийн коллеж шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1. 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар Барилга технологийн коллежоос 11 670 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ерөнхий боловсролын галакси сургуульд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 201 670 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Барилга технологийн коллежоос 201 670 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ерөнхий боловсролын галакси сургуульд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Мөнхзулын давж заалдах гомдолд: Хариуцагчийн өмгөөлөгч авах эрхийг эдлүүлээгүй. Манай сургууль Галакси сургуулиас 500 м.кв талбай бүхий сургуулийн зориулалтаар ашиглахаар анги танхимийг түрээслэсэн боловч уг байрыг бүрэн гүйцэт ашиглаагүй. Мөн гэрээний төлбөрийг хожимдуулсан гэдгээр алданги нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. шүүх алдангийг хэрхэн тооцсон нь тодорхойгүй, алдангийг гэрээний хугацаагаар буюу нийт төлөх үнийн дүнгээр тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Ерөнхий боловсролын Галакси сургууль нь хариуцагч Барилга, технологийн коллежид холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 11 670 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ажлын байр түрээслэх гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн 500 м.кв талбай бүхий байрыг 1 жилийн хугацаатай түрээслүүлэх, хариуцагч нь 1 сарын түрээсийн төлбөрт 6 500 000 төгрөг, 7 сард төлбөр төлөхгүй, 8 сард 3 500 000 төгрөг төлөхөөр тохиролцсон, талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна. /хх 6-8/

 

Хариуцагч дээрх гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ажлын байрыг хүлээлгэн өгсөн байх ба тэрээр 8 дугаар сарын түрээсийн төлбөрт 3 500 000 төгрөг, 9-12 сар хүртэл сар бүр 6 500 000 төгрөг буюу 26 000 000 төгрөг, нийт 29 500 000 төгрөг төлөх үүргээс 20 720 000 төгрөг төлж, 8 780 000 төгрөг төлөөгүй болох нь хэргийн 9-10, 17 дугаар талд авагдсан кассын зарлагын ордер болон нэхэмжлэгчийн харилцагчийн дансны хуулгаар тогтоогдсон.

 

Талууд түрээсийн төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй нөхцөлд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.3 хувиар алданги төлөхөөр гэрээний 4.1-д тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн төлбөр 8 780 000 төгрөг, алданги 3 890 000 төгрөг нэхэмжилснийг шүүх хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.4, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалсан тайлбар, түүнийг нотлох баримтыг ирүүлээгүй байна.

 

Түрээслэгч нь ажлын байрыг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр суллаж өгсөн боловч ашигласан хугацааны түрээсийн төлбөрт 29 500 000 төгрөг төлөх үүргээс 8 780 000 төгрөгийг төлөөгүй байх тул түүнийг алданги төлөх үүргээс чөлөөлөх хуулийн үндэслэлгүй, энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Ю.Сэвлэгмаад итгэмжлэл олгосон байх ба 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр товлогдсон шүүх хуралдааныг итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаагийн хэргийн материалтай танилцах хүсэлтийг үндэслэн хойшлуулсан байна. Хэргийн 55 дугаар талд хариуцагч талд шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримт авагдсан байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй явдалд шүүхийг буруутгах боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2018/01630 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 201 670 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД М.НАРАНЦЭЦЭГ

А.МӨНХЗУЛ