Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 1630

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Алтайн гудамж-28 тоот, Ерөнхий боловсролын галакси сургууль /РД9085211/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, Абука сургуулийн байранд үйл ажиллагаа явуулдаг, Барилга технилогий коллежид холбогдох

 

Түрээсийн гэрээний төлбөрт 11.670.000 төгрөг гаргуулах  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Галбадрах, З.Алтангэрэл, нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

 

                                     ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ерөнхий боловсролын галакси сургууль шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017.06.24-ний өдөр Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, Амарсанаагийн гудамж 2-4 тоотод байрлах манай сургуулийн 2 дугаар байрыг сургалтын зориулалтаар түрээслэх гэрээг Барилга технологийн коллеж байгуулсан юм. Бид гэрээний дагуу үүргээ биелүүлэн байраа бүрэн суллаж Барилга технологийн коллежийг 2017.06.22-ны өдөр оруулсан. Хариуцагч нь 2017 оны 08 дугаар сараас төлбөрөө төлж эхлэх байсан боловч түрээсийн төлбөрөө төлөхгүй явсаар 2017.11.01-ний өдөр 8 сая төгрөг, дараа нь 11.23-нд 3 сая төгрөг төлсөн. Сүүлд 2017.12.25-ны өдөр 9.720.000 төгрөг төлсөн. Хариуцагч нь түрээсийн гэрээ дуусгавар болгох хүсэлт тавьсны дагуу 2017.12.31-ний өдөр гэрээг дуусгавар болгосон. Түрээсийн гэрээний дагуу төлөгдөөгүй төлбөр 7.780.000 төгрөг, гэрээний дагуу алданги бодоход 8.802.860 төгрөг болж байгаа бөгөөд бид алдангийг нийт үнийн дүнгийн 50 хувиар буюу 3.890.000 төгрөг болно. Иймд Барилга технологийн коллежээс түрээсийн төлбөр 7.780.000 төгрөг, болон алданги 3.890.000 төгрөг, нийт 11.670.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Барилга технологийн коллеж шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Галакси бүрэн дунд сургууль түрээсийн гэрээний үүрэгт 11.670.000 төгрөгийг хариуцагч Барилга технологийн коллежоос гаргуулахаар шаардажээ.

 

Шүүх хариуцагч Барилга технологийн коллежийн 2018.04.11-ний өдрийн итгэмжлэлийг үндэслэн тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Эрдэнэд 2018.04.12-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, хариу тайлбар өгөх сүүлийн хугацааг 2018.04.26-ны өдрөөр тогтоосон байна.

 

Уг хугацаа болоход хариуцагч хариу тайлбараа ирүүлээгүй бөгөөд 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр зарлагдсан шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.5-д заасны дагуу 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 12:00 цагт зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагч Барилга технологийн коллежийн нягтлан бодогч Б.Мөнх-Эрдэнэд гардуулжээ. /хх-ийн 53-р тал /

 

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд хариуцагчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.  

 

Галакси сургуулийн эзэмшилд буй 500 м.кв талбай бүхий сургуулийн байрыг 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 1 жилийн хугацаатай Барилга технологийн коллежид түрээсэлсэн, уг гэрээний дагуу 7 дугаар сард түрээсийн төлбөр төлөхгүй, 8 сарын түрээсийн төлбөр 3.500.000 төгрөг, 9 сараас нэг сарын түрээсийн төлбөр 6.500.000 төгрөг байхаар зохигчдын хооронд 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ажлын байр түрээслэх гэрээ байгуулагдсан байна. /хх-ийн 6-8 дугаар тал/

 

Талууд 2017.12.31-ний өдөр уг түрээсийн гэрээг дуусгавар болгосон байх бөгөөд уг хугацаанд хариуцагч Барилга технологийн коллеж 8 сарын түрээсийн төлбөр 3.500.000 төгрөг, 9-12 дугаар сар хүртэл нэг сарын 6.500.000 төгрөгийн төлбөр 4 сараар тооцоход 26.000.000 төгрөг, нийт 29.500.000 төгрөгийг Галакси бүрэн дунд сургуульд төлөхөөр байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан баримтын дагуу хариуцагч нь уг түрээсийн төлбөрөөс 20.720.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 8.780.000 төлбөрийг төлөөгүй байна гэж шүүх үзэв.

 

Учир нь хариуцагчид нэхэмжлэлийн хувийг шүүх гардуулсан, эрх үүрэг танилцуулсан байх бөгөөд тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж татгалзаж байгаа үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар өөрөө нотлох, баримтын цуглуулж гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан ажлын байрны түрээсийн гэрээний 4.1-д заасны дагуу түрээсийн төлбөрийн хугацаа хожимдуулсан хоног тутамд 0,3 хувийн алданги төлөхөөр тохиролцжээ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэх хуулийн заалтын дагуу нэхэмжлэгч нь алданги 3.890.000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

 

Иймд түрээсийн гэрээний дагуу үүргээ гүйцэтгээгүй Барилга технологийн коллежээс түрээсийн төлбөрийн үлдэгдэл 8.780.000 төгрөг, гэрээний 4.1-д заасны дагуу алданги 3.890.000 төгрөгийг нийт 11.670.000 төгрөг гаргуулан Галакси бүрэн дунд сургуульд олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1., 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар Барилга технологийн коллежоос 11.670.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ерөнхий боловсролын галакси сургуульд олгосугай.  

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 201.670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Барилга технологийн коллежоос 201.670 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ерөнхий боловсролын галакси сургуульд олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогч хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                   

                            ДАРГАЛАГЧ                               Г.СОЛОНГО