Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2018/01665

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2018/01665

 

 

 

 

 

 

 

 

 

Ампер хаус ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/01148 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ампер хаус ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Пи Ай Си ХХК-д холбогдох,

 

Төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 47 396 004 төгрөг гаргуулах тухай хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Саранцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ампер хаус ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Ампер хаус ХХК болон Пи Ай Си ХХК-ийн хооронд 2016 оны 03 сарын 14-ний өдөр төлбөр барагдуулах тухай гэрээ байгуулагдсан. Гэрээний дагуу хариуцагч нь төлбөрийг тодорхой шатлалтайгаар төлж барагдуулахаар тохирсон боловч нэхэмжлэл гаргах хүртэл нийт 8 063 250 төгрөгийг барагдуулж, үлдэгдэл 31 597 336 төгрөгийг барагдуулаагүй тул алданги тооцож, нийт 47 396 004 төгрөгийг нэхэмжилж байна. Монхорус трейд ХХК нь Пи Ай Си ХХК-тай 2014 оны 07 сарын 23-ны өдөр бараа бүтээгдэхүүн нийлүүлэх тухай гэрээ байгуулсан. Уг гэрээний 2-т 2014 оны 09 сарын 05-ны өдрийн дотор төлбөр тооцоог барагдуулна гэж заасан. Мөн гэрээний 3.1-д 2014 оны 11 сарын 03-ны өдөр гэрээ дуусгавар болох өдөр гэж тохиролцсон хэдий ч гэрээ дуусгавар болоогүй. Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн төлбөр тооцоо барагдуулах үүргээ биелүүлээгүй. Энэ хугацаанд компанийн үйл ажиллагаа сайжирч 2015 оны 11 сарын 11-ний өдөр Монхорус трейд ХХК нь охин компани байгуулсан. Цахилгааны тоног төхөөрөмжүүд, бараа материал худалдан борлуулах үйл ажиллагааг Ампер хаус ХХК руу шилжүүлэх шийдвэр гарч, Монхорус трейд ХХК нь Ампер хаус ХХК-ийг 2015 оны 12 сарын 11-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн. Ингэснээр Ампер хаус ХХК нь Монхорус трейд ХХК-ийн эрх үүргийг Компанийн болон Иргэний хуулийн дагуу шилжүүлж авсан. Энэ дагуу 2014 оны 07 сарын 23-ны өдөр байгуулагдсан бараа бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх гэрээтэй холбогдолтой эрх үүрэг шилжсэн. Бүх эрх үүрэг бүрэн шилжсэний дараа буюу 2016 оны 03 сарын 14-ний өдөр тус компанитай төлбөр барагдуулах гэрээ байгуулсан учраас хариуцагчаас 47 396 004 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Пи Ай Си ХХК-ийн тайлбарт: 2016 оны 03 сарын 14-ний өдрийн хэлцлийг үндэслэн нэхэмжлэл гаргаж байгаа боловч хариуцагч Пи Ай Си ХХК нь Ампер хаус ХХК-тай ямар нэгэн байдлаар гэрээ байгуулаагүй. 2014 оны 07 сарын 23-ны өдөр Монхорус трейд ХХК болон Пи Ай Си ХХК-ийн хооронд бараа бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулагдсан. Гэрээний хугацаа 2014 оны 11 сарын 01-ний өдөр дуусах байсан. Гэрээний дагуу Монхорус трейд ХХК бараа нийлүүлж байсан. Гэхдээ нийлүүлж байх хугацаандаа Монхорус трейд ХХК өөрсдийнхөө үйл ажиллагаанаас шалтгаалан бараа бэлтгэн нийлүүлэх ажиллагааг хойшлуулах, эсхүл шаардлага хангахгүй бараа нийлүүлэх гэх мэт гэрээний хугацаа сунжирсан. Үүний дараа Пи Ай Си ХХК удаа дараа тооцоо нийлж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Хариуцагч Пи Ай Си ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлдага болон тайлбартПи Ай Си ХХК нь Ампер хаус ХХК-тай 2014 оны 07 сарын 31-ний өдрөөс 2015 оны 03 сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд ямар нэгэн бараа бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй. Харин Монхорус трейд ХХК-тай 2014 оны 07 сарын 23-ны өдөр бараа бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч Ампер хаус ХХК эрх бүхий этгээдээс зохих зөвшөөрлийн гэрээ болон хуульд заасны дагуу итгэмжлэл аваагүй тул тус компанитай байгуулсан 2016 оны 03 сарын 14-ний өдрийн төлбөр барагдуулах гэрээ илт хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 зааснаар зохих этгээдийн зөвшөөрлөөр хийгдээгүй мөн хуулийн шаардлага хангаагүй хэлцэл гэж үзэж байна. Хуулийн этгээд нь Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлд бүртгүүлснээр эрх үүрэг  үүсдэг. Мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар тусгаарлах замаар өөрчлөн байгуулж болно гэж заасан байх боловч бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг дүгнэх боломжгүй болсон. 2016 оны 01 сарын 05-ны өдөр тушаал гарч, 2016 оны 01 сарын 29-ний өдөр шаардах эрх шилжүүлэх тухай албан тоот үйлдэж, 2016 оны 01 сарын 05-ны өдөр мэдэгдэл хүргүүлсэн баримтуудаас харахад шаардах эрх шилжүүлэх шийдвэр гаргахаас өмнө мэдэгдэл хүргүүлсэн. Гэтэл шаардах эрхээ 2016 оны 01 сарын 29-ний өдөр шилжүүлсэн. Мөн 2016 оны 02 сарын 17-ны өдөр итгэмжлэл хийж өгсөн ба уг итгэмжлэл нь хуулийн шаардлага хангаагүй. Зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус, энэ хэлцлийн үр дагаврыг хэрхэн арилгуулах, шаардах эрх үүсэж болохоор хуульчилсан байгаа учраас 8 063 250 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ампер хаус ХХК-ийн тайлбарт: Бичгээр байгуулах хуулийн шаардлага тавигдаагүй, аман хэлцлээр нөгөө тал нь хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үйлдлээр хэрэгжих боломжтой. Зохих этгээдээс зөвшөөрөл авах шаардлага байхгүй. Монхорус трейд ХХК хуулийн дагуу эрх үүргээ шилжүүлсэн. Монхорус трейд ХХК-ийн үйл ажиллагаа өргөжиж томорсон учраас Ампер хаус ХХК-ийг байгуулж, бараа бүтээгдэхүүн борлуулж буй аж ахуйн үйл ажиллагааны эрх хэмжээг 2015 оны 11 сарын 11-ний өдөр хувьцаа эзэмшигч нарын шийдвэр гарч, 2015 оны 12 сарын 11-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн. Монхорус трейд ХХК өөрийнхөө үүргийн дагуу 2016 оны 01 сарын 01-ний өдөр санхүүгийн тооцооллыг гаргахдаа өр авлагаа шилжүүлсэн. Зарим тохиолдолд шүүхээс заавал нотариатаар батлуулж өгсөн байх ёстой гэдэг учраас гэрээ байгуулахдаа нотариатаар батлуулсан итгэмжлэл нь Иргэний хуулийн дагуу хүчин төгөлдөр гэдгийг илтгэж байгаа юм. Тэр үед Ампер хаус ХХК-ийн захирал н.Саранчимэг гэдэг хүн байсан. Компанийн гүйцэтгэх захирал ажилтандаа итгэмжлэл хийж өгсөн нь хүчин төгөлдөр итгэмжлэл юм гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8, 56.5 дахь хэсэгт зааснаар Пи Ай Си ХХК-аас 47 396 004 төгрөг гаргуулж Ампер хаус ХХК-д олгож, 2016 оны 03 сарын 14-ний өдрийн төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх, төлөгдсөн 8 063 250 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Пи Ай Си ХХК-аас 394 930 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ампер хаус ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 394 930 төгрөг, хариуцагчийн төлсөн 500 215 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаагийн давж заалдах гомдолд: Пи Ай Си ХХК нь Ампер хаус ХХК-тай 2014 оны 07 сарын 31-ний өдрөөс 2015 оны 03 сарын 30-ны өдөр хүртэл ямар нэгэн бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, хүлээн авах, ажил гүйцэтгэх гэрээ хэлцэл огт байгуулаагүй харин Монхорус трейд ХХК-тай 2001 оны 07 сарын 23-ны өдөр бараа бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан. Уг гэрээ байгуулагдах үед нэхэмжлэгч Ампер хаус ХХК үүсгэн байгуулагдаж улсын бүртгэлд бүртгэгдээгүй байсан төдийгүй зохих этгээдээс зөвшөөрлийг хууль болон гэрээгээр аваагүй тул талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 03 сарын 14-ний өдрийн төлбөр барагдуулах хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл байна. өөрөөр хэлбэл 2016 оны 02 сарын 17-ны өдрийн Монхорус трейд ХХК-ийн шаардах эрхээ шилжүүлсэн итгэмжлэл нь хуулийн шаардлага хангаагүй, зохих этгээдийн олгосон зөвшөөрөл гэж үзэхэд эргэлзээтэй. Монхорус трейд ХХК-аас Ампер хаус ХХК-д шаардах эрхээ 2016 оны 01 сарын 29-ний өдөр шилжүүлсэн тухай Пи Ай Си ХХК-д мэдэгдсэн баримт нь хуулийн шаардлага хангахгүй байхад шүүх нотлох баримтаар үнэлсэн. Иймд талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 03 сарын 14-ний өдрийн төлбөр барагдуулах гэрээ илт хүчин төгөлдөр бус хэлцэл тул хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

 Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Ампер хаус ХХК нь хариуцагч Пи Ай Си ХХК-д холбогдуулан төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 31 597 336 төгрөг, алданги 15 798 668 төгрөг, нийт 47 396 004 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 8 063 250 төгрөг гаргуулахыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 

Зохигчдын хооронд 2016 оны 03 сарын 14-ний өдөр байгуулагдсан төлбөр барагдуулах гэрээгээр хариуцагч Пи Ай Си ХХК нь 2014 оны 07 сарын 31-ний өдрөөс 2015 оны 03 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд хүлээн авсан бараа, материалын төлбөр 39 660 586 төгрөгийг Монхорус трейд ХХК-ийн охин компани болох  нэхэмжлэгч Ампер хаус ХХК-д төлөх үүрэг хүлээсэн байна.

 

Талууд дээрх гэрээг дүгнэж 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдэж, хариуцагч нь 8 063 250 төгрөг төлж, 31 597 336 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хх 13/

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь зөв болжээ.

 

Хариуцагч нь Монхорус трейд ХХК-тай 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан бараа бэлтгэн нийлүүлэх гэрээний үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэгч нь шаардах эрхгүй гэж тайлбарлажээ.

 

Хэргийн 35-39 дүгээр талд авагдсан баримтаар хариуцагч Пи Ай Си ХХК нь Монхорус трейд ХХК-тай 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр бараа бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж, Монхорус трейд ХХК цахилгаан угсралтын цахилгааны кабель утас, цахилгаан самбар нийлүүлэх, Пи Ай Си ХХК нь барааны үнэд 78 876 288 төгрөг төлөхөөр тохиролцсон, захиалагч нь 34 215 702 төгрөг төлж, 44 660 586 төгрөг төлөөгүй байна.

 

Монхорус трейд ХХК-ийн 2015 оны 11 сарын 11-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр охин компани болох Ампер хаус ХХК-ийн үйл ажиллагааг 2016 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлүүлэн, компани тусгаарлах ажлыг үе шаттайгаар явуулж, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Пи Ай Си ХХК-тай байгуулсан бараа бэлтгэн нийлүүлэх гэрээний үүрэгт төлөгдөх 44 660 580 төгрөгийн шаардах эрхийг нэхэмжлэгч Ампер хаус ХХК-д шилжүүлсэн нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.6 дахь хэсэгт заасантай нийцсэн. /хх 54, 63/

 

Нэхэмжлэгч Ампер хаус ХХК нь 2015 оны 12 сарын 11-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлснээр түүний иргэний эрх зүйн чадвар үүссэн байх ба Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Пи Ай Си ХХК нь төлбөр барагдуулах гэрээ байгуулагдсаны дараа 8 063 250 төгрөгийн төлбөр төлсөн тул талуудын хооронд хэлцэл хийгдсэн гэж үзнэ, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Зохигчид 2016 оны 03 сарын 14-ний өдрийн төлбөр барагдуулах гэрээг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлэн баримт үйлдэж, төлбөр барагдуулах үүрэг хүлээсэн, гарын үсэг зурж байгуулсан байх ба уг хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч гэрээний үлдэгдэл төлбөр 31 597 336 төгрөг төлөх үүрэгтэй.

 

Талууд гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй нөхцөлд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.3 хувиар алданги төлөхөөр гэрээний 5.1-д тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн төлбөр 31 597 336 төгрөг, алданги 15 798 668 төгрөг, нийт 47 396 004 төгрөг шаардах эрхтэй.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул 2016 оны 03 сарын 14-ний өдрийн төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.     

 

Хэргийн 99 дүгээр талд авагдсан Ампер хаус ХХК-ийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Ж.Уранчимэгт олгосон итгэмжлэл нь Монхорус трейд ХХК-ийн шаардах эрхээ шилжүүлсэн итгэмжлэл биш байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/01148 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 895 145 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД М.НАРАНЦЭЦЭГ

А.МӨНХЗУЛ