Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 01148

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 10 өдөр                   Дугаар 183/ШШ2018/01148                             Улаанбаатар хот

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:, А ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч, ПХХК-/РД:/-д холбогдох,

төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 47,396,004 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Саранцэцэг, Б.Буянтогос, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа, нарийн бичгийн даргаар Б.Туул нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Буянтогос шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “А ХХК болон ПХХК нарын хооронд 2016.03.14-ны өдөр төлбөр барагдуулах тухай гэрээ байгуулагдсан. Гэрээний дагуу хариуцагч компани нь төлбөрийг тодорхой шатлалтайгаар төлж барагдуулахаар заасан боловч нэхэмжлэл гаргах хүртэл нийт 8.063.250 төгрөгийг барагдуулж, үлдэгдэл 31.597.336 төгрөгийг барагдуулаагүй байгаа учраас гэрээний дагуу алданги тооцож нийт 47.396.004 төгрөгийг хариуцагч талаас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Монхорус трейд ХХК нь ПХХК-тай 2014.07.23-ны өдөр бараа бүтээгдэхүүн нийлүүлэх тухай гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасны дагуу байгуулсан. Уг гэрээний 2 дугаар зүйлд зааснаар 2014.09.05-ны өдрийн дотор төлбөр тооцоог барагдуулна гэсэн байгаа. Мөн гэрээний 3.1 дүгээр зүйлд зааснаар 2014.11.03-ны өдөр гэрээ дуусгавар болох өдөр гэж талууд тохиролцсон хэдий ч гэрээ дуусгавар болоогүй. Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн төлбөр тооцоо барагдуулах үүргээ биелүүлээгүй. Энэ хугацаанд компанийн үйл ажиллагаа сайжирч 2015.11.11-ны өдөр Монхорус трейд ХХК нь охин компани байгуулсан. Цахилгааны тоног төхөөрөмжүүд, бараа материал худалдан борлуулах үйл ажиллагааг А ХХК руу шилжүүлье гэсэн хуулийн дагуу шийдвэр гарч, Монхорус трейд ХХК нь А ХХК-ийг 2015.12.11-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн. Ингэснээр А ХХК нь Монхорус трейд ХХК-ийн эрх үүргийг Компанийн хуулийн дагуу болон Иргэний хуулийн дагуу шилжүүлж авсан. Энэ дагуу 2014.07.23-ны өдөр байгуулагдсан бараа бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх гэрээтэй холбогдолтой эрх үүрэг шилжсэн. Хавтаст хэргийн 7, 66-71 дүгээр хуудсанд Монхорус трейд ХХК-ийн охин компани болсон талаар баримт байгаа. Үүнээс гадна Монхорус трейд ХХК-ийн 2016 оны санхүүгийн тайланд үйл ажиллагаа, эрх хэмжээгээ шилжүүлсэн талаарх нотлох баримтыг өгсөн байгаа. Үүнд санхүүгийн асуудал давхар яригдана. Тодорхой хэмжээний өр авлагуудыг давхар А ХХК-руу шилжүүлсэн. Өр авлага нь нийт 463.000.000 төгрөг байгаа, үүнд хариуцагч талаас авах авлагыг бас дурдсан. Компанийг тусгаарласан нь өөрийн аж ахуйн үйл ажиллагааны бүх эрх үүргийг эсхүл тухайн аж ахуйн үйл ажиллагааны зарим хэсгийн эрх үүргийг шинээр байгуулагдаж буй компанид шилжүүлэх замаар хэрэгждэг. Тийм учраас А ХХК нэхэмжлэл гаргах эрхтэй, үүний дагуу ПХХК-д 2016.01.05-ны өдөр Монхорус трейд ХХК-иас мэдэгдэл хүргүүлсэн. А ХХК гэх компани байгуулсан, худалдан борлуулах үйл ажиллагаа шилжиж байгаа гэдгийг хуулийнхаа дагуу албан ёсоор бүх харилцагч нартаа мэдэгдсэн байдаг. Бүх эрх үүрэг бүрэн шилжсэний дараа буюу 2016.03.14-ны өдөр тус компанитай төлбөр барагдуулах гэрээ байгуулсан учраас хариуцагч талаас нийт 47.396.004 төгрөгийг нэхэмжлэгчид гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Үндсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. 2016.03.14-ны өдрийн хэлцлийг үндэслэж үндсэн нэхэмжлэлийг гаргаж байгаа боловч хариуцагч ПХХК нь А ХХК-тай ямар нэгэн байдлаар гэрээ байгуулж байгаагүй. 2014.07.23-ны өдөр Монхорус трейд ХХК болон ПХХК нарын хооронд бараа бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэрээний хүчинтэй хугацаа нь 2014.11.01-ны өдөр дуусах байсан. Гэрээний дагуу Монхорус трейд ХХК бараа нийлүүлж байсан. Гэхдээ нийлүүлж байх хугацаандаа Монхорус трейд ХХК өөрсдийнхөө үйл ажиллагаанаас шалтгаалан бараа бэлтгэн нийлүүлэх ажиллагааг хойшлуулах, эсхүл шаардлага хангахгүй бараа нийлүүлэх гэх мэт гэрээний хугацаа сунжирсан. Үүний дараа ПХХК удаа дараа тооцоо нийлж байсан. Гэхдээ А ХХК-тай байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзэж сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа. Сөрөг нэхэмжлэлтэй холбоотойгоор үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа сөрөг нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: “ПХХК болон А ХХК нарын хооронд байгуулагдсан 2016.03.14-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бусд тооцуулах, ПХХК-иас А ХХК-д төлсөн 8.063.250 төгрөгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар А ХХК-иас буцаан гаргуулах гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. ПХХК нь А ХХК-тай 2014.07.31-ны өдрөөс 2015.03.30-ны өдөр хүртэлх хугацаанд ямар нэгэн бараа бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээ хийгээгүй. Харин Монхорус трейд ХХК-тай 2014.07.23-ны өдөр бараа бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж ажилладаг. Нэхэмжлэгч А ХХК-ийг үүсгэн байгуулж, улсын бүртгэлд бүртгэгдээгүй. Мөн А ХХК эрх бүхий этгээдээс зохих зөвшөөрлийн гэрээ болон хуульд заасны дагуу итгэмжлэл аваагүй тул тус компанитай байгуулсан 2016.03.14-ний өдрийн төлбөр барагдуулах гэрээ илт хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар зохих этгээдийн зөвшөөрлөөр хийгдээгүй мөн хуулийн шаардлага хангаагүй хэлцэл гэж үзэж байгаа. Хуулийн этгээд нь Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлд бүртгүүлснээр эрх үүрэг  үүсдэг. Мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар тусгаарлах замаар өөрчлөн байгуулж болно гэж заасан байх боловч бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг дүгнэх боломжгүй болсон. Мэдэгдэл хүргүүлсэн гэх асуудал нь иргэний асуудал биш, хуулийн этгээд бол мэдэгдлийг албан ёсоор мэдэгдэх ёстой. 2016.01.05-ны өдөр тушаал нь гарч, 2016.01.29-ны өдөр шаардах эрх шилжүүлэх тухай албан тоот үйлдэж, 2016.01.05-ны мэдэгдэл хүргүүлсэн. Баримтуудаас харахад шаардах эрх шилжүүлэх шийдвэр гаргахаас өмнө мэдэгдэл хүргүүлсэн. Гэтэл шаардах эрхээ шилжүүлэхдээ 2016.01.29-ны өдөр шилжүүлсэн. Мөн 2016.02.17-ны өдөр итгэмжлэл хийж өгсөн ба уг итгэмжлэл нь хуулийн шаардлага хангаагүй. Мэдэгдлийг ямар эрх бүхий этгээд хэзээ хүлээн авч, үүний дараа гэрээ байгуулагдсан гэж баримтаар баталгаажсан байх ёстой. Зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус, энэ хэлцлийн үр дагаврыг хэрхэн арилгуулах, шаардах эрх үүсэж болохоор хуульчилсан байгаа учраас 8.063.250 төгрөгийг буцааж авахаар сөрөг нэхэмжлэл гаргасан” гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Буянтогос сөрөг нэхэмжлэлийн талаар хариу тайлбарлахдаа: “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцлийг зааж өгсөн ба уг заалтыг баримтлах үндэслэл байхгүй гэж үзэж байна. Бичгээр байгуулах хуулийн шаардлага тавигдаагүй, аман хэлцлээр нөгөө тал нь хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үйлдлээр хэрэгжих боломжтой. Зохих этгээдээс зөвшөөрөл авах шаардлага байхгүй. Монхорус трейд ХХК хуулийн дагуу эрх үүргээ шилжүүлсэн. Монхорус трейд ХХК-ийн үйл ажиллагаа өргөжиж томорсон учраас А ХХК-ийг байгуулж, бараа бүтээгдэхүүн борлуулж буй аж ахуйн үйл ажиллагааны эрх хэмжээг 2015.11.11-ны хувьцаа эзэмшигч нарын шийдвэр гарч, 2015.12.11-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн. Ингэж бүртгүүлснээр эрх хэмжээ шилжсэн. Хариуцагч талын тайлбарлаж байгаа мэдэгдэл хүргүүлсэн хугацаа, эрх хэмжээний тухай ярьсан асуудал нь аль хэдийнээ шийдэгдсэн асуудал. Улсын бүртгэлд бүртгүүлсэн үйлдлээрээ хуулийн дагуу эрх үүрэг шилжиж байгаа. Монхорус трейд ХХК өөрийнхөө үүргийн дагуу 2016.01.01-ний өдөр санхүүгийн тооцооллыг гаргахдаа өр авлагаа шилжүүлсэн. Үүнтэй холбоотойгоор 2016.01.05-ны өдөр мэдэгдлийг бүх аж ахуйн нэгжүүд рүү явуулсан. Ганц ПХХК руу биш. Итгэмжлэлтэй холбоотой асуудал яригдаж байна. Зарим тохиолдолд шүүхээс заавал нотариатаар батлуулж өгсөн байх ёстой гэдэг учраас гэрээ байгуулахдаа нотариатаар батлуулсан итгэмжлэл нь Иргэний хуулийн дагуу хүчин төгөлдөр гэдгийг илтгэж байгаа юм. Тэр үед А ХХК-ийн захирал н.Саранчимэг гэдэг хүн байсан. Компанийн гүйцэтгэх захирал ажилтандаа итгэмжлэл хийж өгсөн нь хүчин төгөлдөр итгэмжлэл юм. Хэрвээ итгэмжлэл, гэрээ байхгүй байсан тохиолдолд төлбөр барагдуулах гэрээг заавал бичгээр байгуулах шаардлага байдаггүй. Бид нар албан ёсоор мэдэгдэл хүргүүлсэн” гэв.

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч гэрээний үлдэгдэл төлбөр 31,597,336 төгрөг, алданги 15,798,668 төгрөг нийтдээ 47,396,004 төгрөг гаргуулахыг хүссэн, хариуцагч эс зөвшөөрч төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, төлсөн 8,063,250 төгрөгийг буцаан шаардсан сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

 

Хэргийн баримтаас үзэхэд А ХХК, ПХХК-ийн хооронд 2016.03.14-ний өдрийн төлбөр барагдуулах гэрээ байгуулсан, гэрээний 1.1-д “төлөгч нь 2014.07.31-нээс 2015.03.30-ны өдрийг хүртэл хугацаанд хүлээн авсан бараа, материалын төлбөрийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлж барагдуулах, гэрээний 2.1-д гэрээний үнийн дүн 39,660,586 төгрөг, үүний 50 хувь буюу 19,330,293 төгрөгийг 2016.03.20-ний дотор төлөх, үлдэгдэл 50 хувийг 2016.04.05-ны өдрийн дотор тус тус төлөх, гэрээний 5.1-д хугацаандаа төлбөрөө бүрэн төлөөгүй тохиолдолд хэтрүүлсэн хоног тутам төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,3 хувийн алданги төлөхөөр тус тус тохирсон байна.

 

2017.05.19-ний өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаагаар А ХХК, ПХХК-ийн хоорондын 2015.01.01-ний өдрөөс 2016.12.31-нийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ 2 байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангүй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд ПХХК-нь 31597,336 төгрөгийн  өглөгтэй гарсан байна.

 

Хариуцагч ПХХК нь 2014.07.23-ны өдрийн ХХ14/14 дугаар бараа бэлтгэн нийлүүлэх гэрээг Монхорус трейд ХХК-тай байгуулсан байх бөгөөд энэхүү гэрээгээр цахилгааны кабель болон цахилгааны самбарын нийт үнэ 78,876,288 төгрөг, гэрээний үнэд нийлүүлэх барааны нийт үнэ, тэдгээрт төлөх татвар, төлбөрийг багтаасан, нийлүүлэх барааны үнийн тодорхой хувийг хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоосон байна.

 

Хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон байх тул талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 

Монхорус трейд ХХК, ПХХК-ийн хоорондын тооцооны үлдэгдлийн баталгаагаар 2015.03.01-нээс 2015.09.31-нийг хүртэлх хугацааны өгч авалцсан зүйлээ нэг бүрчлэн нийлж үзээд ПХХК нь 44,660,586 төгрөгийн өглөгтэй гарсан байна.  

 

Охин компани болох А ХХК-ийн үйл ажиллагааг  2016.01.01-нээс эхлүүлэхтэй холбогдуулан  тусгаарлах ажлыг үе шаттайгаар явуулахаар Монхорус трейд ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2015.11.11-ний өдрийн 185/17 дугаар шийдвэр гарсан, улмаар 2016.01.05-ны өдөр харилцагч байгууллагаас авах авлага, өгөх өглөг А ХХК-д шилжиж байгааг харилцагч нарт мэдэгдсэн, хариуцагч ПХХК-д холбогдох 44,660,580 төгрөгийг шаардах эрхийг 2016.01.29-ний өдөр А ХХК-д шилжүүлсэн байна.

 

А ХХК-ийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа зэргээс үзэхэд 2015.12.11-нд улсын бүртгэлд бүртгүүлснээр хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар үүссэн, Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.6-д зааснаар Монхорус ХХК шаардах эрхээ шилжүүлсэн байна.

 

А ХХК, ПХХК хоорондоо 2016.01.01-нээс 2016.03.31-нийг хүртэлх хугацааны тооцоог нийлж, төлөгч компани нь 39,660,586 төгрөгийг өглөгтэй гарсаныг 2016.05.03-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаагаар тогтоосон, хариуцагч ПХХК нь 2016.12.28-ны өдөр А ХХК-ийн дансанд 8,000,000 төгрөгийг төлбөрт шилжүүлсэнээр үлдэгдэл төлбөр 31,597,336 төгрөг болсоныг талууд 2017.05.19-ний өдөр баталгаажуулсан байна.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд төлбөр барагдуулах гэрээний 1.1-д зааснаар “төлөгч нь 2014.07.31-нээс 2015.03.30-ны өдрийг хүртэл хугацаанд хүлээн авсан бараа, материалын төлбөр”-ийг төлөх хугацааг тохирч буйгаа мэдсэн тул үлдэгдэл төлбөр 31,597,336 төгрөг, алданги 15,798,668 төгрөг нийтдээ 47,396,004 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгов.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул 2016.03.14-ний өдрийн төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх, төлөгдсөн 8,063,250 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн хариуцагчийн шаардлагыг хангах боломжгүй байна.     

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118, 73 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8, 56.5 дахь хэсэгт зааснаар ПХХК-иас 47,396,004 төгрөг гаргуулж А ХХК-д олгож, 2016.03.14-ний өдрийн төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх, төлөгдсөн 8,063,250 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ПХХК-иас 394,930 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 394,930 төгрөг, хариуцагчийн төлсөн нийт 500,215 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Д.ЭНХЦЭЦЭГ