Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2018/01662

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2018/01662

 

 

 

 

 

 

 

 

Н.Уламжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2018/01798 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н.Уламжаргалын нэхэмжлэлтэй, хариуцагч Я.Сүглэгмаад холбогдох,

 

Гэрээний үүрэгт 68 048 431 төгрөг гаргуулах тухай хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Уламжаргал, түүний өмгөөлөгч Б.Баярмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н.Уламжаргалын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Я.Сүглэгмаа 2014 оны эхээр хамтарч хүнсний дэлгүүр ажиллуулъя, үйл ажиллагааг нь би аваад явна гэж санал тавьсаны дагуу Баянзүрх дүүрэг 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр ашиглалтанд орсон 16 давхар барилгын 1 давхарт байрлах өөр өөрсдийн орон сууцны дундын ханыг нь нурааж, нийлүүлэн том талбай гарган Нархан нэртэй хүнсний дэлгүүр нээсэн. дэлгүүрийг 2015 оны 4 сараас 2016 оны 9 сар хүртэл ажиллуулсан. Бид хамтын ажиллагааг дуусгавар болгож, дэлгүүр тохижуулсан, дэлгүүрт эргэлтийн хөрөнгө болгон хийсэн хөрөнгө оруулалт бусдад өгөх өглөг, бусдаас авах авлагаа тооцож, Я.Сүглэгмаа нь дор дурдсан төлбөрийг надад өгөхөөр тохирсон боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн төлбөр төлсөнгүй. Үүнд: 

2015 оны 03 сарын 25-ны өдөр Төрийн банкнаас 170 000 000 төгрөг зээлж, түүнээс 62 000 000 төгрөгийг дэлгүүрт зориулж, энэ зээлийн мөнгөнөөс Я.Сүглэгмаад 10 000 000 төгрөг зээлдүүлсэн боловч одоог хүртэл төлөөгүй тул үндсэн зээл 10 000 000 төгрөг, алданги 5 000 000 төгрөг нийт 15 000 000 төгрөгийг

Миний бие Начин заан ломбарданаас 10 000 000 төгрөгийг сарын 3.5%-ийн хүүтэй зээлсэн ба энэ мөнгийг Я.Сүглэгмаа бид хоёр тэнцүү хэмжээгээр буцаан төлөхөөр тохирсон. Гэвч зээлийг хугацаанд нь төлж чадаагүй, хугацаа хэтэрсэн бөгөөд би барьцаалсан эд хөрөнгөө алдахгүйн тулд ломбарданд 10 709 045 төгрөг төлж уг зээлийг дуусгасан тул Я.Сүглэгмаад оногдох хэсэг 5 292 482 төгрөгийг, 

Нархан дэлгүүрт зарах архины үнийг төлөх зорилгоор Сайн ломбардаас 2016 оны 02 сард зээлсэн 6 000 000 төгрөгийг тэнцүү хувааж, тус бүр 3 000 000 төгрөгийг 6 000 000 төгрөгт оногдох сарын 4,5% хүүгийн хамт төлөхөөр тохирсон. Би зээлийг 2 сарын хүүгийн хамт 6 540 000 төгрөгөөр хаасан тул Я.Сүглэгмаагаас үндсэн зээл 3 000 000 төгрөг, хүү 420 000 төгрөг нийт 3 420 000 төгрөгийг

Я.Сүглэгмаа өөрийнхөө Киви дэлгүүрт зарах зорилгоор 5 503 340 төгрөгийн Солонгос бараа авсан;

 Бид иргэн н.Сэлэнгээгээс 5 000 000 төгрөг зээлж авсан бөгөөд би н.Сэлэнгэд 5 000 000 төгрөг төлсөн тул 2 500 000 төгрөгийг

Бид дэлгүүргийн үйл ажиллагаанд хамтарч ажиллахдаа тус тусдаа хөрөнгө оруулахаар тохирч байсан учир би Төрийн банкнаас 170 000 000 төгрөгийн зээл авч 62 000 000 төгрөгийг оруулсан. Харин Я.Сүглэгмаа иргэн н.Хосбаяраас 50 000 000 төгрөгийн зээл авч дэлгүүрийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийхээр тохирсон. Би уг зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцсон бөгөөд зээлийн мөнгийг Я.Сүглэгмаа дэлгүүрийн хөрөнгө оруулалтаар ашигласан. Гэтэл Я.Сүглэгмаа нь н.Хосбаяраас авсан зээлээ эргүүлэн төлж чадаагүйн улмаас би хамтран хариуцагчаар татагдаж, Я.Сүглэгмаа, Н.Уламжаргал нараас 72 000 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 517 950 төгрөгийн хамт гаргуулж, Б.Хосбаярт олгохоор шийдвэрлэсэн. Одоо би өөрт оногдох хэсгийг төлдөг. Я.Сүглэгмаагийн хөрөнгө оруулалтаар би хариуцлага хүлээсэн тул миний хөрөнгө оруулалттай холбоотой хэсэгт Я.Сүглэгмаа хариуцлага хүлээх учиртай. Иймд дэлгүүрийн үйл ажиллагаанд оруулсан 62 000 000 төгрөгийн 52 000 000 төгрөгийг тэнцүү хувааж 26 442 947 төгрөг, түүнд ногдох хүү 9 889 662 төгрөг, нийт 36 332 609 төгрөг, бусад мөнгөн төлбөрийг нэмж нийт 68 048 431 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Я.Сүглэгмаагийн тайлбарт:  Иргэн Н.Уламжаргалын 2018 оны 01 сарын 22-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч Я.Сүглэгмаагаас 16 565 822 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Уламжаргалд олгож, нэхэмжлэлээс 15 170 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 498 190 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч Я.Сүглэгмаагаас 316 629 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Уламжаргалд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаярын давж заалдах гомдолд: Миний бие 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр өвчний учир шүүх хуралдаанд очиж чадаагүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолж эмнэлгийн магадлагааг хүсэлтийг хамт хүргүүлсэн боловч хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, мэтгэлцэх эрхийг зөрчсөн. Начин заан ломбардны 2 гэрээ, Сайн ломбардны 1 гэрээ, нийт 3 гэрээг шүүхийн журмаар нөгөө талаас гаргуулах хүсэлт гаргасныг шүүх нэхэмжлэгч тал гаргаж өгнө гэсэн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Иймд хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Н.Уламжаргал нь хариуцагч Я.Сүглэгмаад холбогдуулан хамтарч дэлгүүр ажиллуулахаар гарсан зардал 68 048 431 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардаж буй нэхэмжлэлийн үндэслэлээ Төрийн банк ХХК-аас зээлдэн авсан 170 000 000 төгрөгөөс Я.Сүглэгмаад зээлдүүлсэн 10 000 000 төгрөгийг алданги 5 000 000 төгрөгийн хамт 15 000 000 төгрөг, Я.Сүглэгмаагийн Начин заан ломбарданд төлөх 5 292 482 төгрөг, Сайн ломбарданд төлөх 3 420 000 төгрөг; иргэн н.Сэлэнгэд төлөх 2 500 000 төгрөг, солонгос барааны үнэ 5 503 340 төгрөг, Төрийн банк ХХК-аас зээлдэн авсан мөнгөн хөрөнгөөс дэлгүүрийн үйл ажиллагаанд оруулсан хэсэг болох 36 332 609 төгрөг гаргуулах гэж тодорхойлсон байхад нэхэмжлэлийн шаардлагаас дэлгүүрийн үйл ажиллагаанд оруулсан хөрөнгө оруулалт 36 332 609 төгрөг гаргуулах шаардлагыг нотлох баримтын хамт тусгаарласан тул давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзэж, шийдвэрлэх боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт шүүх нэхэмжлэлийн шаардлагуудаас заримыг нь тухайн хэрэгт хамтатган шийдвэрлэх шаардлагагүй, эсхүл боломжгүй гэж үзвэл нэхэмжлэлийн шаардлагыг тусгаарлаж болохоор заасан байна. Нэхэмжлэлийн үндэслэл, түүнийг хариуцах этгээд нь нэг байхад шүүх хуулийн дээрх заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, хэргийг тусгаарласан нь буруу.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийн хамт эмнэлгийн магадлагаа ирүүлсэн байх бөгөөд уг магадлагаанд өвчний чөлөө олгосон болон дуусах хугацааг заагаагүй гэх үндэслэлээр шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хангахгүй орхисон нь буруу биш.

 

Гэвч шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн байх ба хариуцагчид нэхэмжлэлийн шаардлагаас аль хэсгийг тусгаарлаж, аль хэсгийг шийдвэрлэсэн болохыг хэргийн нэг оролцогчид мэдэх боломж олгоогүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хангаагүй гэж үзэх үндэслэл болно.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2018/01798 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 316 630 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД М.НАРАНЦЭЦЭГ

А.МӨНХЗУЛ