Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 123/2017/0035/З |
Дугаар | 221/MA2018/0402 |
Огноо | 2018-07-16 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 221/MA2018/0402
2018 оны 07 сарын 16 өдөр | Дугаар 221/МА2018/0402 | Улаанбаатар хот |
|
|
|
“А и” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, Төв аймгийн Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Ц нарыг оролцуулан хийж, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 123/ШШ2018/0010 дугаар шийдвэртэй, “А и” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Засаг дарга, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдэд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 123/ШШ2018/0010 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.5, 19.11-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А и” ХХК-ийн Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Төв аймгийн засаг дарга, Төв аймгийн Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч нарт холбогдуулан гаргасан “Төв аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 89 дүгээр тоот дэмжихгүй санал, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 41 дүгээр хуралдааны тэмдэглэлийн “А и” ХХК-д холбогдох хэсэг, Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 53 дугаар тоот тогтоолын “А и” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З давж заалдах гомдолдоо: “ ... Шүүхээс “... Энэ маргааны хувьд асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь 2015 оны 11 дүгээр сард холбогдох Засаг даргын саналыг авсан боловч 2017 оны 06 дугаар сард хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзан шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч аж ахуй нэгжийн хувьд орон нутгийн захиргааны байгууллагын гаргасан байгаа актуудаас тусдаа эрх бүхий байгууллагын дараагийн шийдвэр гарсан байгаагаар маргаж буй актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд хөндөгдөөгүй болох нь тогтоогдож байна ...” гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхээс хэрхэн шууд хөндөгдөөгүй талаар нотолж чадаагүй гэж үзэж байна. Төв аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 89 тоот дэмжихгүй санал.Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 41 дүгээр хуралдааны тэмдэглэлийн “А и” ХХК-д холбогдох хэсэг. Төв аймгийн Дэлгэрхаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 53 тоот тогтоолын “А и” ХХК-д холбогдох хэсэг нь Захиргааны актын шинжийн нэг хэлбэр болох “тодорхой нэг этгээдэд чиглэсэн буюу “ хаяглагдсан этгээдэд зориулж гаргасан актууд бөгөөд тодорхой нэг этгээдэд зориулж зохицуулалт агуулсан байх тул шууд эрх ашгийг хөндөх шийдвэр гэж үзэж байна. Захиргааны еранхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан иргэн, аж ахуй нэгжийн хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байхгүй байхад гарсан захиргааны акт нь дараагийн гарах захиргааны актын үндэслэл болж буйгаараа нэхэмжлэгч аж ахуй нэгжийн эрхийг шууд хөндөж байна.
Мөн шүүхээс “... Маргаан бүхий актууд нь хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзэхээргүй боловч ...” гэж дүгнэсэн хирнээ Ашигт малтмал газрын тосны газар нь хянан шийдвэрлэх эрх үүргийн хүрээнд орон нутгийн төрийн захиргааны байгууллагын санал холбогдох хуульд нийцсэн эсэхийг нягтлан хянаж шийдвэрлэх атал тус асуудлыг шийдвэрлэхдээ орон нутгийн Засаг даргын санал үндэслэл болгон дурдсан..” гэж зөрүүтэй дүгнэлт хийж Захиргааны хэргийн шүүх өөрийн чиг үүрэгт хянан шийдвэрлэх захиргааны актыг төрийн захиргааны байгууллагa шийдвэр гаргах үедээ хянан естой байсан тул одоо Захиргааны хэргийн шүүх хянах боломжгүй мэтээр утга агуулгын зөрүүтэй дүгнэлт хийсэн.
Иймд Төв аймаг дахь Захиргааны Хэргийн Анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дугаар 123/ШШ2018/0010 тоот шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анахн шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.
Нэхэмжлэгч “А и” ХХК нь шүүхэд “Төв аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 89 дүгээр “дэмжихгүй” санал, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 41 дүгээр хуралдааны тэмдэглэл, тус аймгийн Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 53 дугаар тогтоолын “А и” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс “А и” ХХК-ийн гаргасан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т /тухайн үед хүчин төгөлдөр байсан/ “энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол энэ талаар аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх ...”-ээр гэж заасны дагуу 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6/8559 дүгээр албан бичгээр Төв аймгийн Засаг даргад мэдэгдэл хүргүүлжээ.
Тус аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгчийн хүсэлт болгосон талбай байрших Дэлгэрхаан сумын болон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн “... хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй ...” гэсэн саналыг үндэслэн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 89 тоот “Дэмжихгүй” гэсэн саналыг Кадастрын хэлтэст хүргүүлсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх...” гэс заасанд нийцсэн байна.
Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хуралдаж, 53 дугаар тогтоолоор “... Тарган багийн нутагт бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг нутаг, гол ус татарч ширгэх үзэгдэл гардаг болсон тул тухайн багийн иргэд 100 хувь эсэргүүцсэн ...” гэх үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “Дэмжихгүй” гэж шийдвэрлэн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хуралд хүргүүлжээ.
Тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хуралдаж дээрх Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 53 дугаар тогтоолоор ирүүлсэн саналыг харгалзан үзэж, Дэлгэрхаан суманд 1462.13 га газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих боломжгүй гэж шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч Дэлгэрхаан сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Ц “... Тарган багийн нутаг бол манай сумын хамгийн бэлчээрийн гарц сайтай нутаг маань юм, малчид малаа бэлчээх газаргүй болж сүүлийн жилүүдэд хүндрэлтэй байгаа тул хайгуул хийлгэхийг дэмжих боломжгүй гэж үзсэн. ...” гэсэн тайлбар, хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгчийн хүссэн хайгуулын талбайд малчин Р.Ц, Х.Э, Л.Ш нарын өвөлжөө, хаваржааны газар давхaцсан, зарим малчдын өвөлжөө хаваржаа нь уг талбайн гадна байрлаж байгаа нь тогтоогдсон байх боловч малын бэлчээр зөвхөн өвөлжөө хаваржааны 700 м.кв газраар хязгаарлагдахгүй тул хариуцагчийн дээрх тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй байна.
Иймээс маргаан бүхий актуудыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.12-д “...” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээргүй байна.
Гагцхүү Ашигт малтмалын тухай хуулийн 19.3, 19.4-д Кадастрын хэлтсээс ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газраар кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдээгүй буюу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэний дараа орон нутгийн удирдлагын саналыг авахаар хүргүүлэхээр заасны улмаас ашигт малтмалын асуудал эрхэлсэн захиргааны байгууллага болон орон нутгийн удирдлагын шийдвэрийг хэрхэн уялдуулан шийдвэрлэх талаар зохицуулаагүйгээс нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл авах ашиг сонирхол хөндөгдөж байгаа боловч маргаан бүхий актууд хууль зөрчөөгүй, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол нь зөрчигдөөгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 847 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “А и” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгч “А и” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ