Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2020/00250

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2020/00250

 

 

 

А.Э -гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2019/03145 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч А.Э -гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч А.Б , Б.Ч нарт холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг А.Э -ы нэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагч нарт даалгах, мөн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгоох нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч А.Э -ы итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Э - нь Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Туул-14 гудамж, 268 тоот хаягт байрлах, ГД-000105021, нэгж талбарын 18641311770716 дугаартай, Г-2205001930 дугаартай, 276 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар болон Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Туул-14 гудамж, 268 тоот хаягт байрлах, ГД-000220953, Ү-2205025493 дугаартай 74.25 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөддөх эд хөрөнгийг 2012 онд гэр бүлийн гишүүдээсээ өв залгамжлан авсан.

А.Б , түүний эхнэр Б.Болормаа нар нь мөнгөний хэрэгцээ гарч, дээрх үл хөдлөх хөрөнгийг ашиглан, барьцаалж бусдаас зээл авахыг А.Э -аас хүссэн. Үүний дагуу А.Э - нь тухайн үед зөвшөөрч, дээрх үл хөдлөх хөрөнгө, газрыг барьцаалж, зээл авах, ашиглах эрх бүхий итгэмжлэлийг 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Б.Болормаад олгосон. Гэтэл тэр өдрөө Б.Болормаа нь У.Бямбажав гэдэг хүнээс 15 000 000 зээлэхээр боллоо, чи өөрөө гэрээнд гарын үсэг зурах хэрэгтэй байна гэсний дагуу 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зурж өгсөн. Тус зээлийн 15 000 000 төгрөгийг Б.Болормаа дангаараа авсан ба А.Э - нэг ч төгрөг аваагүй. Б.Болормаа нь зээл авна гэж А.Э -аас авсан 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн итгэмжлэлийг ашиглан, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө тус бүрийг 5 000 000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээг Б.Ч , А.Б нартай байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэн, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг А.Б , Б.Ч ын нэр дээр шилжүүлсэн байсан болохыг олж мэдсэн.

А.Э -ы зүгээс дээрх гэрээ байгуулагдсаныг хүлээн зөвшөөрөхгүй. Б.Болормаа нь У.Бямбажавт төлөх өрийг төлж чадахгүй, Б.Болормаад банк болон банк бус санхүүгийн байгууллагаас зээл олгохгүй байсан болохоор Есөн шижир ББСБ ХХК-аас зээл авахын тулд өмчлөх эрхийг гэрчилгээг Б.Ч ын нэр дээр шилжүүлсэн. Гэтэл үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ шилжүүлэхэд өндөр татвар төлөхөөр байсан тул 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр тус бүрийг 5 000 000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээнүүдийг Б.Ч той байгуулсан байсан. Мөн дээрх үйл явдал болсны дараа Б.Ч нь үл хөдлөх эд хөрөнгийг ганцаараа дур мэдэн бусдад шилжүүлэхээс сэргийлж, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, тус бүрийг 5 000 000 төгрөгөөр худалдсан мэтээр, Б.Ч оос гадна А.Б ийн нэрийг хамт оруулсан гэрээг байгуулж, уг худалдах-худалдан авах гэрээг үндэслэж, үл хөдлех эд хөрөнгийн гэрчилгээг Б.Ч , А.Б нарын нэр дээр гаргуулан авсан.

Б.Болормаа, Б.Ч , А.Б нарын хооронд хийгдсэн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээ нь Б.Ч ыг дур мэдэж, хувийн сууц, газрыг бусдад худалдахаас сэргийлэх зорилгоор байгуулсан, А.Б ийн нэрийг өмчлөгчөөр нэмж бүртгэхэд чиглэсэн гэрээ байх ба энэ гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.

Халхавчлагдсан хэлцэл буюу газрыг 40 000 000 төгрөгөөр, хувийн сууцыг 20 000 000 төгрөгөөр Б.Ч той байгуулсан, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээ байх ба уг гэрээ нь Иргэний хуулийн 56.1.2 дахь хэсэгт заасны дагуу дүр үзүүлэн хийсэн хэлцэл байх тул мөн адил хүчин төгөлдөр бус байна. Учир нь, Б.Болормаа нь У.Бямбажавд төлөх өрийг төлж чадахгүй болсон, Б.Болормаад банк болон банк бус санхүүгийн байгууллагаас зээл олгохгүй байсан учир Б.Ч гэх гуравдагч этгээдийн нэр газар, хувийн сууцын өмчлөх эрхийг шилжүүлж, түүний нэрээр Есөн шижир ББСБ ХХК-иас зээл авах зорилгоор, өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Ч ын нэр дээр шилжүүлэхийн тулд 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр худалдах-худалдан авах гэрээг байгуулсан.

Бусдын нэрд дээр зээл авахуулахын тулд гадаад илэрхийлэл буюу өмчлөх эрхийн гэрчилгээ нь Б.Ч , А.Б нарт шилжсэн гадаад хэлбэрийг бий болгох зорилгоор, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан байх ба бодитоор худалдах-худалдан авах харилцаа үүсээгүй юм.

Б.Болормаа, А.Б , Б.Ч нар нь банк бусаас авсан зээлээ төлөхийн тулд А.Э -ы газар болон хувийн сууцыг бусдад зарах, эсхүл бусад байдлаар гуравдагч этгээдэд шилжүүлэх эрсдэл үүсч, А.Э -ий эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, газар, хувийн сууцаар хохироод байна.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл нь байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр бус байх буюу эрх зүйн үр дагавар үүсэхгүй тул мөн зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг А.Э -ийн нэр дээр буцаан шилжүүлж өгөхийг хариуцагч нарт даалгаж, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч А.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эхнэр Б.Болормаад мөнгө хэрэг болоод, би дүү А.Э -аас газар, хашаа, байшингаа барьцаалаач гэж гуйсан. Гэтэл эхнэр зээлээ төлж чадахгүй, өөр хүнээс зээл авч, өмнөх өрөө төлөхөөр болсон тул 5 000 000 төгрөгөөр Б.Ч д дээрх газар, хувийн сууцыг шилжүүлэхээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Уг үл хөдлөх эд хөрөнгийг бусдад алдахаас болгоомжилж, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тус газар болон хувийн сууцыг тус бүрийг 5 000 000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээг А.Болормаатай Б.Ч , бид 2 дүр үзүүлэн байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрсдийн нэр дээр гаргуулж авсан. Бидэнд тус газар болон орон сууцыг үнэн санаанаасаа худалдан авах хүсэл байгаагүй. Улмаар уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан татварыг багаар төлөхийн тулд 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тус бүрийг 5 000 000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээг байгуулсан.

Миний хувьд уг газар болон хувийн сууцыг худалдан авах хүсэл зориг байгаагүй, дээрх гэрээний төлбөрт А.Э -д мөнгө, эд хөрөнгө шилжүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Б.Ч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Болормаа нь өөрийн хүсэлтээр маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг өөр газарт өндөр барьцаанд тавиж, У.Бямбажавын зээлийг хаах талаар надад санал тавьсны үндсэн дээр би хүлээн зөвшөөрч У.Бямбажавын зээлийг төлүүлэх нөхцөлтэйгээр үл хөдлөх хөрөнгийг А.Б ийн хамтран өмчлөгчөөр бүртгүүлэн, Есөн шижир ББСБ ХХК-д барьцаалан, зээл авч өгсөн. Хэлцэлийн талууд хүсэл зоригоо илэрхийлэн чөлөөт хэлцэлийн үндсэн дээр үл хөдлөх хөрөнгө шилжүүлэн шударга эзэмшигч болох Есөн шижир ББСБ ХХК-ийн барьцаанд тавьсан эдгээр хөрөнгө нь одоо Есөн шижир ББСБ ХХК-ийн байрьцаанд байхад А.Б бид 2-оос нэхэж байгаа нь ойлгомжгүй байна. ББСБ-д тавьсан зээлээ төлөөд, У.Бямбажавын зээлийг анх тохирсон ёсоор төлж дууссан тохиолдолд би тухайн эд хөрөнгийг ямар нэгэн маргаангүй шилжүүлж өгнө. Гэвч Б.Болормаа, А.Э - нар нь зээлээ төлж барагдуулахгүй байгаа тул барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэх боломжгүй.

А.Э -ы итгэмжлэлээр Б.Болормаа бидний хооронд 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хийгдсэн худалдах-худалдан авах гэрээ нь А.Э -ы өөрийн биер хүсэл зоригоо тодорхой илэрхийлж, худалдах эрх олгож, нотариатаар батлуулж өгсөн хүчин төгөлдөр итгэмжлэлийн дагуу хийгдсэн хууль зөрчөөгүй, улсын буртгэлд бүртгэгдсэн, хүчин төгөлдөр гэрээ учир түүнийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлгүй. Итгэмжлэл олгосоныхоо эрсдэлийг А.Э - өөрөө хариуцах ёстой. Мөн А.Э -ы итгэмжлэлээр Б.Болормаа бидний хооронд хийгдсэн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн, мөн өдөр байгуулсан гэрээнүүд нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй, хүчин төгөлдөр болоогүй, бодит биелэл үр дүн үүсээгүй учир байгуулагдаагүй гэж үзэх үндэслэлтэй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан үндэслэлд хамаарахгүй.

Иймд 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийг зөрчөөгүй, хүчин төгөлдөр хэлцэл бөгөөд би хууль ёсны дагуу хамтран өмчилж байгаа учир биднээс буцаан шаардах эрхгүй. Түүнчлэн, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д заасны дагуу 2018 оны 11 дүгээр сарын 22-ний өдөр хийгдсэн худалдах-худалдан авах гэрээний дагуу А.Э -ы үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх А.Б болон бидний өмчлөлд шилжиж, А.Э -ы өмчлөх эрх дуусгавар болсон тул мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь буцаан шаардах эрхгүй. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Есөн шижир инвест ББСБ ХХК-ийн төлөөлөгч М.Гантулга шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А.Э - нь Б.Болормаад 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдах, бэлэглэх, арилжих, зээлийн барьцаанд бариулах, зээл авах, гэрээ байгуулах, үүргийн гүйцэтгэл хангуулах бүрэн эрхийг 1 жилийн хугацаатай олгосон. Төлөөлөгч Б.Болормаа нь энэхүү итгэмжлэлийн дагуу уг үл хөдлөх хөрөнгийг 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Б.Ч той худалдах-худалдан авах гэрээ байгуулж, өмчлөх эрхээ шилжүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч нь итгэмжлэлийнхээ үр дагаврыг ухамсарлаж Б.Болормаад итгэмжлэл өгсөн, одоо барьцаагаа суллаж авахын тулд үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж, хариуцагч А.Б нь үнэхээр хууль бус юм хийсэн мэтээр тайлбар гаргаж, барьцаа хөрөнгийг буцаан өгөх талаар тайлбар гаргаж байгаа нь ах дүү нар хуйвалдан бичиг баримт бүрдүүлж, зээл авчихаад одоо зээлээ төлж чадахгүй, графикийн дагуу зээлээ төлөхгүй хугацаа хэтэрсэн байгаа болохоороо нэхэмжлэл гаргаж хугацаа хожих, цаашлаад барьцаа хөрөнгөө суллуулах зорилгоор манай компанийн эрх ашгийг хохироож байна.

Иймд хууль ёсны итгэмжлэлийн үндсэн дээр үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж, хууль ёсны өмчлөгч Б.Ч , А.Б нар нь манай компаниас зээл авах өргөдөл гаргаж, зээлийн гэрээ байгуулж, барьцааны хууль зүйн үр дагаварыг ойлгож, хүсэл зоригоо илэрхийлсэн хүчин төгөлдөр, хуулийн дагуу үйлдэл байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56 дугаар зүйлийн 56.4-т заасан үндэслэлгүй тул хариуцагч А.Б , Б.Ч нарт холбогдох, Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Туулын 14 гудамж, 268 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 18641311770716 дугаартай, улсын бүртгэлийн Г-2205001930 дугаарт бүртгэлтэй, 276 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг, улсын бүртгэлийн Ү-2205025493 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Туулын 14 гудамж, 268 тоот хаягт байршилтай, 74.25 м.кв талбайтай хувийн сууцны өмчлөх эрхийг А.Э -ы нэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагч нарт даалгаж, өмчлөгчөөр тогтоолгоох тухай нэхэмжлэгч А.Э -ы нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 349 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Болортуяа давж заалдах гомдолдоо: Шүүх 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн газар болон хувийн сууцыг худалдах-худалдан авах гэрээг талууд худадах-худалдан авах хүсэл зориг байхгүй боловч гэрээний төлбөрт худалдагчийн өр төлбөрийг төлснөөр барагдуулсан гэж тайлбарлажээ.

Гэтэл талуудын хоорондын тайлбар, гэрчийн мэдүүлэг, баталгаагаар худалдах-худалдан авах гэрээний төлбөрийг төлөөгүй болохыг баталдаг.

Гуравдагч этгээдэд А.Э -ы өр төлбөрийг шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь худалдах-худалдан авах гэрээний төлбөр гэдэг нь нотлогдохгүй, А.Э -, А.Б , Б.Ч нарын хооронд худалдах-худалдан авах гэрээний төлбөрийг У.Бямбажавын зээлийн төлбөрт шилжүүлэх тохиролцоо байхгүй.

Хэрэв Б.Ч нь У.Бямбажавт А.Э -ы өр төлбөрийг өмнөөс нь төлсөн бол А.Б , Б.Болормаа нараас У.Бямбажавт зээлийн гэрээний үүрэгт /хх32/ 12 000 000 төгрөг төлөхийг шаардахгүй юм.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч А.Э - нь хариуцагч А.Б , Б.Ч нарт холбогдуулан Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг А.Э -ы нэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагч нарт даалгах, мөн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгоох нэхэмжлэл гаргасан байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасныг баримтлан А.Э -ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг нэхэмжлэгч талаас эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч А.Э -ы итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэсувд, хариуцагч Б.Ч , А.Б , гуравдагч этгээд Есөн шижир инвест ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэг нар эвлэрэн хэлэлцээд эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчдын эвлэрлийн гэрээгээр

1.Нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2019/02985 дугаартай захирамжийн дагуу хариуцагч нарын төлөх зээлийн үлдэгдэл 11 466 821 төгрөгийг хариуцагч А.Б ийн нэрийн өмнөөс 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор Есөн шижир инвест ББСБ ХХК-д төлөх үүрэг хүлээнэ.

2.Нэхэмжлэгч хариуцагч нарын зээлийн үлдэгдлийг уг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд Есөн шижир инвест ББСБ ХХК нь барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туул 14 гудамж, 268 тоот хаягт байрлах ГД-000105021, нэгж талбарын 18641311770716 дугаартай, Г-2205001930 дугаартай, 276 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар болон ГД-000220953, Ү-2205025493 дугаартай 74.25 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж, албан бичгийг улсын бүртгэлд өгөх, мөн үл хөдлөх эд хөрөнгүүдийн гэрчилгээг нэхэмжлэгчид эх хувиар нь хүлээлгэн өгөх үүрэг хүлээнэ.

3.Нэхэмжлэгч зээлийн үлдэгдлийг бүрэн төлж, Есөн шижир инвест ББСБ ХХК барьцаа хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлснээс хойш 10 хоногийн дотор хариуцагч Б.Ч , А.Б нар нь дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхийг үнэ төлбөргүйгээр А.Э -д шилжүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгч А.Э -ы нэр дээр шилжүүлэх үүрэг хүлээнэ.

4.Энэхүү гэрээ нь өөр бусад гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй болно.

5.Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нь үүргээ тус бүр биелүүлээгүй тохиолдолд энэхүү эвлэрлийн гэрээг баталсан шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр тохиролцжээ.

Дээрх эвлэрлийн гэрээг нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцүүлж байгуулсан, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасанд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2019/03145 дугаар шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2019/02985 дугаартай захирамжийн дагуу хариуцагч нарын төлөх зээлийн үлдэгдэл 11 466 821 төгрөгийг хариуцагч А.Б ийн нэрийн өмнөөс 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор Есөн шижир инвест ББСБ ХХК-д төлөх, нэхэмжлэгч, хариуцагч нарын зээлийн үлдэгдлийг уг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд Есөн шижир инвест ББСБ ХХК нь барьцааны хөрөнгө болох Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туул 14 гудамж, 268 тоот хаягт байрлах ГД-000105021 дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын 18641311770716, улсын бүртгэлийн Г-2205001930 дугаарт бүртгэлтэй 276 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, ГД-000220953 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2205025493 дугаарт бүртгэлтэй, 74.25 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх албан бичгийг улсын бүртгэлд өгч, мөн үл хөдлөх эд хөрөнгүүдийн гэрчилгээг нэхэмжлэгчид эх хувиар нь хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч зээлийн үлдэгдлийг бүрэн төлж, Есөн шижир инвест ББСБ ХХК барьцаа хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлснээс хойш 10 хоногийн дотор хариуцагч Б.Ч , А.Б нар нь дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхийг үнэ төлбөргүй, мөн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгч А.Э -ы нэр дээр тус тус шилжүүлэх үүрэг хүлээлгэхээр эвлэрсэн талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нь үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 245 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

Ч.ЦЭНД