Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2020/00247

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2020/00247

 

 

 

М.А нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2019/02315 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч М.А , Н.Уранчимэг нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Б -д холбогдох

 

Хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 1 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч М.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч М.А , Н.Уранчимэг нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.А , Н.Уранчимэг нар хамтдаа барилгын заслын ажил хийдэг бөгөөд Үнэгүй.мн сайт дээр 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр зар тавьсаны дагуу мөн сарын 12-ны өдөр Д.Б - утсаар холбогдон, байраа янзлуулна гэсэн. Ингээд түүний Цэлмэг хотхон 86-36 тоот 3 өрөө байрыг нь очиж үзээд засвар хийхэд 1 400 000 төгрөгийн ажлын хөлстэй болохыг хэлэхэд Д.Б - нь 1 000 000 төгрөгөөр засвар хийж өгөх хүсэлт гаргасныг хүлээн зөвшөөрсөн. Мөн сарын 13-ны өдөр Д.Б -той хамт явж материал авч, 15-ны өдөр байрны заслыг эхэлж, эмульс, хана тэгшилгээ, цонхны амалгаа, плинтус, обой наах зэрэг ажлуудыг 19-ний өдрийн орой гэхэд хийж дууссан. Хийсэн ажлаа дуусмагц Д.Б -од мэдэгдэж, хүлээж авахыг хэлсэн боловч, завгүй байна, байрны түлхүүрийг орхиод яв гэсэн. Түүнээс хойш ажлын хөлсөө нэхсэн боловч одоог хүртэл төлөөгүй тул 1 000 000 төгрөгийг Д.Б -оос гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Б - шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие М.А гэдэг хүнийг танихгүй. Би интернэтээр Н.Уранчимэг гэдэг хүнтэй холбоо барьж, орон сууцаа янзлуулсан нь үнэн. Гэхдээ хөлсийг 1 000 000 төгрөгөөр биш 500 000 төгрөгөөр тохирсон. Нийт наасан обойны 90 хувийн ирмэг хууларсан, эмульсийн хувьд их хэмжээгээр халтардсан, цонхны хэсгийн тэгшилгээ огт хийгдээгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Б -оос үүргийн гүйцэтгэлд 1 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.А , Н.Уранчимэг нарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.А аас улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 28 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б -оос улсын тэмдэгтийн хураамжид 28 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Д.Б - давж заалдах гомдолдоо: Миний бие шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг компанийхаа албан бичигтэй өгсөн боловч намайг оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг хийсэн. Нэхэмжлэгч М.А нь хэргийн оролцогч биш байхад шүүх хуралдаанд оролцуулж хууль зөрчсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна

Нэхэмжлэгч М.А , Н.Уранчимэг нар нь хариуцагч Д.Б -од холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 1 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Талууд 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр аман хэлбэрээр харилцан тохиролцож М.А , Н.Уранчимэг нар Д.Б -ын орон сууцанд засвар хийх, Д.Б - нь ажлын хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон. /хх33,40/ Шүүх тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж шүүх зөв тодорхойлсон байна. Иймээс гэрээний нэг тал нөгөө талаасаа үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч нар засварын ажил хийгдсэн үйл баримтын талаар зохигчид маргаангүй, харин нэхэмжлэгч нарыг ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүй гэх үндэслэл заан хариуцагч маргасан байх боловч уг тайлбараа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй. Түүнчлэн ажлын хөлсний хэмжээг 500 000 төгрөгрөгөөр тохиролцсон гэж тайлбараа нотлоогүйн зэрэгцээ доголдолтой ажил гэж мөн маргаснаар үнийн талаарх тайлбар нь няцаагдаж байна.

Шүүх хариуцагч Д.Б -ыг нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэн, түүнээс ажлын хөлсөд 1 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хариуцагч Д.Б - шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг шийдвэрлэсэн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.

Хэргийн баримтаас үзэхэд анхан шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр товлогдсон шүүх хуралдааныг хариуцагчийн өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах, шүүх хуралдаанд оролцох эрхийг нь хангах үүднээс 1 удаа хойшлуулж байжээ. /хх-36/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эрх тэгш байх зарчимд үндэслэн явагддаг учир мөн сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанд ирүүлсэн хариуцагчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгон хэргийг хянан шийдвэрлэснийг хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2019/02315 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 28 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

Ч.ЦЭНД