Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 183/ШШ2019/02315

 

2019 оны 10 сарын 31 өдөр

                Дугаар 183/ШШ2019/02315

                    Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М.А-ын нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэгч: Н.У-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.Б-д холбогдох,

 

Үүргийн гүйцэтгэлд 1.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: ..... нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.А, Н.У нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.У, М.А нар хамтдаа барилгын заслын ажил хийдэг бөгөөд үнэгүй.мн сайт дээр 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр зар тавьсаны дагуу 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Д.Б утсаар холбогдон, байраа янзлуулна гэсэн. Ингээд 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн орой ......... тоот 3 өрөө байрыг нь очиж үзэхэд 1.400.000 төгрөгийн ажлын хөлстэй болохыг хэлэхэд Д.Б нь 1.000.000 төгрөгөөр засвар хийж өгөх хүсэлт гаргасан. Ингээд уг хүсэлтийг хүлээн авч, 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Д.Б-той хамт явж материал авч, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр байрны заслыг эхэлж, эмульс, хана тэгшилгээ, цонхны амалгаа, плинтус, обой наах зэрэг ажлуудыг 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн орой гэхэд хийж дууссан. Хийсэн ажлаа дуусмагц Д.Б-д мэдэгдэж, хүлээж авахыг хэлсэн боловч, завгүй байна, байрны түлхүүрийг орхиод яв гэсэн. Түүнээс хойш ажлын хөлсөө нэхсэн боловч одоог хүртэл төлөөгүй тул 1.000.000 төгрөгийг Д.Б-оос гаргуулж өгнө үү гэв. 

 

Хариуцагч Д.Б 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие М.А гэдэг хүнийг танихгүй. Би интернэтээр н.У- гэдэг хүнтэй холбоо барьж, орон сууцаа янзлуулсан нь үнэн. Иймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

Хариуцагч Д.Б 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 1.000.000 төгрөгөөр биш 500.000 төгрөгөөр ажлыг хийлгүүлэхээр тохирсон. Нийт наасан обойны 90 хувийн ирмэг хууларсан, эмульсын хувьд их хэмжээгээр халтардсан, цонхны хэсгийн тэгшилгээ огт хийгдээгүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

М.А, Н.У нарын нэхэмжлэлтэй, Д.Б-д холбогдох, үүргийн гүйцэтгэлд 1.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч М.А, Н.У нарын “...бид Д.Б-ын хүсэлтээр түүний Хан-Уул дүүрэг, ......... тоот 3 өрөө орон сууцанд дотор заслын ажил буюу эмульс, хана тэгшилгээ, цонхны амалгаа, плинтус, обой наах зэрэг ажлуудыг хийсэн. Тухайн үед ажлын хөлс 1.400.000 төгрөг болох талаар Д.Б-д хэлэхэд 1.000.000 төгрөгөөр хийж өгөхийг гуйсан тул зөвшөөрсөн. Гэтэл одоог хүртэл ажлын хөлсөнд нэг ч төгрөг төлөхгүй зугтаасаар байна. Иймд 1.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч Д.Б хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж “...би М.А гэдэг хүнийг танихгүй. Би интернэтээр н.У- гэдэг хүнтэй холбоо барьж, орон сууцаа янзлуулсан нь үнэн, ажлын хөлсийг 1.000.000 төгрөгөөр биш 500.000 төгрөгөөр тохирсон, наалгасан обойны 90 хувь нь ирмэгээрээ хууларсан, эмульсын хувьд их хэмжээгээр халтардсан, цонхны хэсгийн тэгшилгээ огт хийгдээгүй” гэсэн хариу тайлбар гаргажээ.

 

            Ажиллагч М.А, Н.У нар Хан-Уул дүүрэг, .........тоот 3 өрөө орон сууцны дотор заслын ажил буюу эмульс, хана тэгшилгээ, цонхны амалгаа, плинтус, обой наах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэх, ажиллуулагч Д.Б нь хөлс төлөхөөр амаар харилцан тохиролцсон болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан Хөлсөөр ажиллах гэрээ талуудын хооронд байгуулагдсан байна гэж дүгнэв.

 

            Хариуцагч Д.Б нь “ажиллагч нь ажлыг хийж гүйцэтгэсэн, ажлын хөлс төлөөгүй” талаар маргаагүй ба тэрээр шүүхэд “...ажлын хөлсийг 1.000.000 төгрөгөөр биш 500.000 төгрөгөөр тохирсон, наалгасан обойны 90 хувь нь ирмэгээрээ хууларсан, эмульсын хувьд их хэмжээгээр халтардсан, цонхны хэсгийн тэгшилгээ огт хийгдээгүй” гэсэн хариу тайлбарыг ирүүлсэн хэдий боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар түүнтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.

 

            Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу нэхэмжлэгч М.А, Н.У нар тохиролцсон ажлыг хийж гүйцэтгэсэн тул хариуцагч Д.Б-оос ажлын хөлс 1.000.000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй юм.

 

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Д.Б-оос хөлсөөр ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.А, Н.У нарт олгох нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасантай нийцэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Б-оос үүргийн гүйцэтгэлд 1.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.А, Н.У нарт олгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.А-аас улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 28.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-оос улсын тэмдэгтийн хураамжид 28.550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Ж.СЭМЖИД