Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2020/00246

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2020/00246

 

 

 

Ж.Б -ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШШ2019/03050 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Ж.Б -ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Б -д холбогдох

 

Зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 4 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Ж.Б - шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Сэлэнгэ үүлдрийн улаан халзан үхэр үржүүлж өсгөдөг. Б.Б - нь 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 4 тооны үхэр буюу 1 сувай үхэр 1 200 000 төгрөг, 1 хязаалан эр үхэр 1 300 000 төгрөг, 2 шүдлэн үхрийг 2 000 000 төгрөгөөр тус тус худалдан авахаар амаар тохирч зээлээр өгсөн. Урьд нь бид бие биеэ мэддэг, махны ченж хийдэг учир зээлээр үхэр өгч аваад ямар нэгэн маргаан гардаггүй байсан.

Б.Б - Дархан-Уул аймагт байдаг байсан ба би гэр орноор нь очдог байсан. Тухайн үед эргэлтийн мөнгөгүй болчихлоо 02 дугаар сарын 01-ний өдөр өгнө гэж тохирсон. Гэтэл хугацаандаа өгөхгүй учир утсаар холбогдож асуухад удахгүй өгнө гэсээр үүргээ биелүүлээгүй. 2015 онд гэрт нь очиход нүүгээд сураггүй алга болсон байсан учир эрэн сурвалжлуулж хаягийг нь олсон. Одоо шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа комиссын тогтоолыг үндэслэн багасгаж 3 850 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золзаяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч нь зээлээр авсан 4 үхрийн талаар маргаагүй ба харин төлөх үнийн талаар 3 200 000 төгрөгт багтааж авсан тул харилцан тохиролцож 2 000 000 төгрөгийг төлнө гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч Д.Бадралаас 3 850 000 /зурван сая найман зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Б -т олгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1 д зааснаар нэхэмжлэгч Ж.Б -аас тэмдэгтийн хураамжид тушаасан 86 950 төгрөгийг улсын орлогоды хэвээр үлдээж хариуцагч Д.Бадралаас 76 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золзаяа давж заалдах гомдолдоо: Хариуцагч Б.Б - нь 4 тооны үхэр буюу улаан халзан, сувай , хязаалан эр үхэр, 2 шүдлэн үхрийг 3 200 000 төгрөгт тооцож авсан учир 3 850 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй, амаар хэлэлцэж тохирсон. Үхэрний үнийг 3 850 000 төгрөг гэж тохиролцсон баримт хэрэгт байхгүй.

Иймд хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн 3 200 000 төгрөгт нэхэмжлэлийг шийдвэрлэн, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Ж.Б - нь хариуцагч Б.Б -д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 4 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Талууд худалдах-худалдан авах гэрээг аман хэлбэрээр байгуулж, улмаар Б.Б - нь Ж.Б -аас 4 ширхэг үхэр худалдаж авсан үйл баримтад маргаагүй, харин гэрээний үнийн талаар маргаж байна.

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын үнэлгээний комиссын 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2 дугаар Үнэлгээ тогтоох тухай тогтоолыг шүүхэд гарган өгчээ./хх29/ Уг баримт нь маргааны үйл баримтыг тогтооход ач холбогдолтой байх боловч хариуцагчид уг хэргийн материалыг танилцуулсан талаар баримт байхгүй байх тул мэтгэлцэх боломжоор хангагдсан гэж үзэх боломжгүй.

Давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШШ2019/03050 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 76 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Т.ТУЯА

Ч.ЦЭНД