Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 184/ШШ2019/03050

 

 

 

 

2019 оны 11 сарын 28 өдөр                   Дугаар 184/ШШ2019/03050                              Улаанбаатар хот

 

                                        

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: С аймаг, З сум, 0 дугаар баг, М хаягт оршин суух А овогт Ж-ын Б /регистрийн дугаар: АА00000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: СХД, 00 дүгээр хороо, 0-00 байр, 0 тоот хаягт оршин суух Б овогт Б-гийн Б /регистрийн дугаар: АА00000000/-д /утас 000000000/ -д холбогдох

Зээлээр худалдах худалдан авах гэрэний үүрэгт 4 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Б, түүний өмгөөлөгч  Д.Эрдэнэ-Оргил  /№1104/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Чогчмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хөдөө мал малладаг. Сэлэнгэ үүлдрийн улаан халзан үхэр үржүүлж өсгөдөг. Б.Б бид хоёрын хооронд 2014 оны 12 сарын 19-нд 4 тооны үхэр буюу сувай үхэр 1ш, 1 200 000 төгрөг, хязаалан эр үхэр 1 ш, 1 300 000, шүдлэн үхэр 2ш 2 000 000 төгрөгөөр амаар тохирч зээлээр өгсөн. Урьд нь бид бие биеэ мэддэг, махны ченж хийдэг учир зээлээр үхэр өгч аваад ямар нэгэн маргаан гардаггүй байсан.

Б.Б Дархан-Уул аймагт байдаг байсан ба би гэр орноор нь очдог байсан. Тухайн үед эргэлтийн мөнгөгүй болчихлоо 2 сарын 1-нд өгнө гэж тохирсон юм. Гэтэл хугацаандаа өгөхгүй учир утсаар холбогдож асуухад удахгүй өгнө гэсээр үүргээ биелүүлээгүй. 2015 онд гэрт нь очиход амьдарч байсан байрнаасаа  нүүгээд явсан амьдрахаа больсон бөгөөд сураггүй болсон. Иймд эрэн сурвалжуулж хаягыг олсон юм. Одоо шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа комиссын тогтоолыг үндэслэн багасгаж 3 850 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Мөн Би Сэлэнгэ аймгийн Зүүн бүрэн сумд мал маллаж амьдардаг энэ асуудлыг шийдвэрлүүлэх зорилгоор олон удаа ирж хүндрэл гарч байгаа тул хариуцагчийг оролцуулахгүйгээр шийдвэрлэнэ үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “... Хариуцагч нь зээлээр авсан 4 үхрийн талаар маргаагүй ба харин төлөх үнийн талаар 3 200 000 төгрөгт багтааж авсан тул харилцан тохиролцож 2 000 000 төгрөгийг төлнө гэж тайлбарлаж маргаж байгаа боловч төлнө ... ” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Б нь Б.Б-д холбгдуулж зээлээр 4 тооны үхэр худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 4 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа багасган 3 850 000 төгрөгийг нэхэмжилжээ.

Хариуцагч Б.Б нь 2014 оны 12 сарын 19-нд нэхэмжлэгч Ж.Б-аас 4 тооны Сэлэнгэ үүлдрийн улаан халзан үхэр буюу сувай үхэр 1ш 1 200 000 төгрөг, хязаалан эр үхэр 1 ш 1 300 000 шүдлэн үхэр 2ш 2 000 000 төгрөгөөр тооцон, 2014 оны 2 сарын 1-нд өгөхөөр тохирч гэрээг амаар байгуулж зээлээр авсан болох нь зохигчдын өөрсдийн тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно” гэж зааснаар гэрээ байгуулагдсан гэж үзлээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар зээлээр худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсэн ба нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Хариуцагч Б.Б нь амаар тохирсон хугацаандаа үүргээ биелүүлээгүй хаягаа өөрчилснөөс түүнийг 2015 оны 05 сарын 14-нд 451 дугаар шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжилж, хаяг тогтоосон тухай цагдаагийн байгууллагын 2019 оны 9 сарын 9-ний өдрийн 32/613272 тоот албан бичиг зэргээр нотлогдож байна. /хх4, 6/

Тэрээр зээлээр авсан 4 үхрийн талаар маргаагүй ба харин төлөх үнийн талаар 3 200 000 төгрөгт багтааж авсан тул харилцан тохиролцож 2 000 000 төгрөгийг төлнө гэж тайлбарлаж маргаж байгаа боловч төлнө гэж зөвшөөрч байгаа үнийн дүнг ямар баримтыг үндэслэж тооцсон нь тодорхойгүй бөгөөд татгалзлаа нотолсон баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ” гэж зааснаар хариуцагч Б.Б үүргээ шударгаар биелүүлэх ёстой гэж тайлбарлаж байгаа нь хуульд нийцэж байна.

Нэхэмжлэгч нь Сэлэнгэ аймгийн Зүүн бүрэн сумын үнэлгээний комиссын 2019 оны 11 срын 05-ны өдрийн № 2 тоот үнэлгээ тогтоох тухай баримтыг үндэслэн  нэхэмжлэлийн шаардлагаа 3 850 000 төгрөгөөр тооцож нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн шаардлагаа багасгасан хэмжээнд хангаж шийдвэрлэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасныг баримтлан цугларсан нотлох баримт нотолгоог үндэслэн шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 100 дугаар зүйлийн 100.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч Б.Б-аас 3 850 000 /зурван сая найман зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Б-т олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1 д зааснаар нэхэмжлэгч Ж.Б-аас тэмдэгтийн хураамжид тушаасан 86 950 төгрөгийг улсын оролгод хэвээр үлдээж хариуцагч Б.Б-аас 76 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Л.ОЮУНЦЭЦЭГ