Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2018/01653

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2018/01653

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Даваажавын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21ий өдрийн 102/ШШ2018/01663 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Л.Даваажавын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Дэжидэд холбогдох,

 

6 150 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин, хариуцагч Д.Дэжид, хариуцагчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч Л.Даваажавын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Д.Дэжид нь 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 6 150 000 төгрөгийн барилгын хөрөнгө оруулалт хийж өгнө үү гэсний дагуу би БНСУ-д амьдардаг охин Л.Байгалмаагаас уг мөнгийг авч, Д.Дэжидэд зээлдүүлсэн. Гэтэл Д.Дэжид нь зээлсэн мөнгөө буцааж өгөхгүй байна. Иймд Д.Дэжидээс 6 150 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Дэжидийн тайлбарт: Н.Байгалмаа нь тухайн үед Солонгос улсад ажиллаж амьдарч байсан. Тэрээр өөрөө Түмка (Түвдэн) гэх найзынхаа ятгалгаар сүлжээний бизнест орохоор болж, өөрийнх нь өмнөөс бэлэн мөнгийг нь аваад барилга гэх сүлжээнд хөрөнгө оруулалтаар намайг очоод бүртгүүлээд өгөөч гэж гуйсны дагуу би түүний хүсэлтээр мөнгийг аваачиж тушааж тус болсон. Түүний сонгосон Барилга гэх сүлжээний бизнесийн компани маш олон хүнийг хамруулж, өдөрт нь бэлэн мөнгө тарааж, олон хүмүүсийг татаж байсан тэр Лимитлесс бридж ХХК нь хариуцах ёстой. Тэрхүү сүлжээ нь нэг хүн 2 050 000 төгрөгөөр элсэж ороход 7 хүн доор нь элсэж орсны дараа 5 000 000 төгрөг буцаан олгож байсан. Мөн 2 050 000 төгрөгөөр нэг хүний суудалд элсэж ормогц 300 000 төгрөгийн урамшуулал буцаан олгож байсан. Тэгээд 3 суудлаар буюу 6 150 000 төгрөгөөр элсэлт хийсэн юм. Гурван хүний шууд урамшуулалд 900 000 төгрөг олгогдохоос 300 000 нь дээд спонсорт нь олгогдсон. Харин үлдэх 600 000 төгрөгийг намайг түр авч хэрэглэхийг зөвлөсөн. Тэр мөнгийг аваад мөнгө нэмээд нэг суудлаар ороод 5 000 000 төгрөгийн ашгийг олж аваад 600 000 төгрөгийг буцааж төлөөрэй гэсэн юм. Тухайн өдөр Л.Байгалмаа ээжээс мөнгө аваад тушаачх гэж хэлсний дагуу ээж рүү нь ярьсан. Би гэрт нь очиж 6 150 000 төгрөг аваад Барилга гэх сүлжээ ажиллуулж байгаа компани руу очих гэтэл орлого хүлээж авах цаг нь дуусах гээд байсан. Тэгээд өөрийн танил ах н.Баярсайхан бас тэр сүлжээнд орох гээд очсон байна гэсэн тул н.Баярсайхан ах руу утсаар яриад ...орлого авах цаг дуусахаас өмнө очиж амжихгүй байна. Та дансаар мөнгө аваад тушаагаад өгөөч гэж хэлсэн. Тэр хүн зөвшөөрч н.Наранчимэг гэх хүний дансаар хүлээн авч өөрийнхөө мөнгөтэй нийлүүлж 8 200 000 төгрөгийг Лимитлесс бридж ХХК-д бэлнээр тушааж, тус компанийн захирал н.Эрдэнэдалай гэх хүнтэй гэрээ хийсэн. Тэрхүү сүлжээний матрицаар мөнгө авч байгаагаа хөрөнгө оруулалт гэж хэлж зээлийн гэрээ хүртэл хийж байсан. Дээрх 6 150 000 төгрөгтэй холбоотой Лимитлесс бридж ХХК-д холбогдуулж Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст эрүү үүсгэж, хэргийг Улсын Мөрдөн байцаах газарт н.Эрхэмбаатар гэх байцаагч шалгаж байгаа. Тэгээд ч дээрх мөнгийг н.Баярсайханаас хүлээж авсан тус компани төлөх учраас би хүлээн зөвшөөрөхгүй. Би Л.Байгалмаагийн өгсөн зааварчилгааны дагуу түүний өгсөн даалгаврыг гүйцэтгэсэн. Дээрх эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлээгүй байхад иргэний хэрэг шийдэхгүй тул надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Дэжидээс 6 150 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Даваажавт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113 350 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Дэжидээс 113 350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Даваажавт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд: Энэ хэргийн нэхэмжлэгч нь Л.Даваажав биш бөгөөд Л.Даваажавыг нэхэмжлэл гаргах эрхтэй эсэхэд дүгнэлт хийсэнгүй. Шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлд н.Байгалмаа өөрөө хохирсон талаар дурдаж өөрийн ээж Л.Даваажаваар дамжуулан мөнгийг өгч байсан тухай тусгасан. Сүүлд н.Байгалмаа гэх хүний нэрийг дарж Л.Даваажав гэх нэрээр сольсон. Энэ нь маргааны харилцааг даалгаврын гэрээний харилцаа бус зээлийн гэрээ байсан мэтээр харагдуулсан. Н.Байгалмаа нэхэмжлэгчтэй нэхэмжлэлийн хувийг шүүхээс гардуулсна. Энэ баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Н.Байгалмаа нь нэхэмжлэлээ өөрийн ээж Л.Даваажаваар гаргаж байгаа болгон өөрчлөөд өөрөө түүнээс итгэмжлэл авсан байдлаар өөрөө өөртэйгээ итгэмжлэл хийлгэж хуурамч нотлох баримт гаргаж өгснийг шүүх анхаарч үзээгүй. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний харилцаа байсан гэдгийг нотлох ямар ч баримт гаргаж өгөөгүй байхад шүүх хэрэгт авагдсан баримтыг үнэн зөв талаас нь үнэлээгүй. Хариуцагчийн тайлбар, татгалзалд уг мөнгө нь н.Байгалмаа бид 2-ын харилцааны үр дүнд өгөлцөж авалцсан мөнгө болох нь хэргийн баримтаар тогтоогдоно. Мөн цагдаад хохирогчоор гомдлоо гаргаж нэхэмжлэх эрх нээлттэй байгаа атлаа надаас нэхэж хохироож байгааг шүүх үнэн зөвөөр тогтоож чадсангүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Л.Даваажав 6 150 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Д.Дэжид эс зөвшөөрч маргасан бөгөөд шүүх хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Шүүх иргэний хэрэг үүсгэсэн захирамж гаргахдаа нэхэмжлэгчийг Л.Даваажав гэж тодорхойлсон боловч хэргийн 1 дүгээр тал дахь нэхэмжлэлийн өргөдөлд бичигдсэн нэхэмжлэгчийн овог нэр засвартай, хэргийн 118 дугаар тал дахь хариуцагчийн хүлээн авсан нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгч нь Л.Байгалмаа гэж бичигдсэн байх ба хэргийн 10 дугаар талд шүүх нэхэмжлэгч Л.Байгалмаагийн 1 хуудас нэхэмжлэлийг хариуцагч Д.Дэжидэд хүлээлгэн өгсөн тухай баримт авагдсан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг Л.Даваажав тодруулсныг шүүх хариуцагчид гардуулан өгсөн байх ба ингэснээр хариуцагчид нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа этгээдийн талаар ойлгомжгүй байдал үүснэ.

 

Шүүх дээрх алдаагаа залруулаагүй, нэхэмжлэгчийг солих ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасан журмын дагуу хийгээгүй байна. Нэхэмжлэл гаргасан этгээд нь хэн болох, Л.Даваажавын итгэмжлэлээр Л.Байгалмаа нэхэмжлэл гаргаж байна уу гэдгийг тодруулах шаардлагатай, энэ тодорхойгүй байдлаас болж хэргийн оролцогчийн тухайн маргаанд холбогдуулан тайлбар, нотлох баримт гаргах эрх бүрэн хэрэгжээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагдаагүй гэж үзнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21ий өдрийн 102/ШШ2018/01663 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

А.МӨНХЗУЛ