Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 1663

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 15 дугаар байр, 43 тоотод оршин суух, Халзгай овогт Лхамсүрэнгийн Даваажав /РД:пэ56022104/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 28 дугаар байр, 26 тоотод оршин суух, Их мянган овогт Доржийн Дэжид /РД:уд71081500/-д холбогдох

 

6,150,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин, хариуцагч Д.Дэжид, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Дэжид нь 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр манай гэрээс 6,150,000 төгрөгийг барилгад хөрөнгө оруулалт хийнэ гэж авч явсан. Анх надтай утсаар ярихдаа “10 хоногийн дотор 15,000,000 төгрөг болгож өгнө, яаралтай мөнгөө тушаагаарай” гэсэн  тул би Солонгос улсаас ээжтэйгээ утсаар ярьж өгүүлсэн болно. Гэвч одоог хүртэл худал хэлээд яваад байна. Тэр барилгаас бэлэн орж ирсэн 2,000,000 төгрөгийг хамран ажилладаг хүмүүстэйгээ завшсан болно. Тиймээс ээжээс минь авсан 6,150,000 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 төгрөг, нийт 6,260,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: Д.Дэжид нь 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр надтай уулзаад “надад яаралтай мөнгөний хэрэг гарчихлаа, та надад 6,150,000 төгрөг зээлээч, би удахгүй буцааж өгнө. Би барилгад хөрөнгө оруулах гэсэн юм” гэж хэлсэн. Би Д.Дэжидийн үгэнд итгэж өөрийн БНСУ-д амьдардаг охин Л.Байгалмаагаас 6,150,000 төгрөгийг шилжүүлэн авч Д.Дэжидэд зээлдүүлсэн. Гэтэл Д.Дэжид нь зээлсэн мөнгөө буцааж өгөхгүй удсан тул би удаа дараа нэхсэн. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх хугацаандаа өөрийн хүүхдүүдээр ч нэхүүлж байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл зээлсэн мөнгөө буцаан төлөхгүйн тулд янз бүрийн худал шалтаг шүүхэд тоочиж намайг хохироож байна. Иймд Д.Дэжидээс 6,150,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Дэжид нь 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгч Л.Даваажавтай уулзаж “...надад яаралтай мөнгөний хэрэг гарчихлаа. Та надад 6,150,000 төгрөг зээлээч. Би барилгад хөрөнгө оруулах гэж байгаа, хэдхэн хоногийн дотор 15,000,000 төгрөг болгоод буцааж аваад төлнө” гэж хэлсэн. Л.Даваажав нь өөрийн охиноос асууж зөвлөлдсөн бөгөөд Л.Байгалмаа нь “гайгүй байх, удахгүй өгчих байх” гэж хэлсэн байдаг. Л.Даваажав нь өөрт байсан мөнгө нь 6,150,000 төгрөг хүрээгүй тул өөрийн охин Бүгд Найрамдах Солонгос улсад ажиллаж амьдарч байсан Л.Байгалмаагаас 6,150,000 төгрөгийг шилжүүлэн авч Д.Дэжидэд зээлүүлсэн. Гэтэл Д.Дэжид нь зээлсэн мөнгөө буцааж өгөхгүй удсан тул удаа дараа нэхсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл зээлсэн мөнгөө буцаан төлөхгүй, “хөрөнгө оруулалт удахгүй бүтэхээр өгнө” гэж тайлбарлаж байсан. Иймд Д.Дэжидээс 6,150,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулж өгнө үү.

Хариуцагчийн зүгээс хэргийн болсон үйл баримтыг илт гуйвуулж ярьж байна. Хариуцагч Л.Дэжид нь өөрөө Л.Байгалмаад хандаж “...барилгын хөрөнгө оруулалт хийгээч” гэж гуйсан байдаг. Ингээд тэрээр Л.Байгалмаагийн төрсөн эх болох нэхэмжлэгч Л.Даваажаваас 6,150,000 төгрөгийг очиж өөрийн биеэр авсан, одоо болтол буцааж төлөөгүй. Ийм учраас Л.Даваажав өөрийн зээлсэн мөнгийг Д.Дэжидээс буцаан шаардах эрхтэй. Л.Байгалмаа болон Д.Дэжид нарын хооронд зээлийн гэрээ байна уу, даалгаварын гэрээ байна уу энэ нь бидний маргаанд хамааралгүй. Тусдаа шийдвэрлэгдэх өөр эрх зүйн маргаан юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Л.Байгалмаа нь надаас 6,150,000 төгрөгийг нэхэмжилжээ. Дээрхи мөнгийг би төлөх ёсгүй, би хариуцахгүй. Н.Байгалмаа нь тухайн үед Солонгос улсад ажиллаж амьдарч байсан. Тэрээр өөрөө Түмка (Түвдэн) гэх найзынхаа ятгалгаар сүлжээний бизнест орохоор болж, өөрийнх нь өмнөөс бэлэн мөнгийг нь аваад “барилга” гэх сүлжээнд хөрөнгө оруулалтаар намайг очоод бүртгүүлээд өгөөч гэж гуйсны дагуу би түүний хүсэлтээр мөнгийг аваачиж тушааж тус болсон. Гэтэл энэ мөнгийг надад өгсөн мэтээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь бодит байдалд огт нийцэхгүй буруу ойлголт бөгөөд өөртөө учирсан эрсдэлийг надаас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ мөнгийг би хариуцахгүй. Л.Байгалмаагийн өөрийнх нь сонгосон “Барилга” гэх сүлжээний бизнесийн компани маш олон хүнийг хамруулж, өдөрт нь бэлэн мөнгө тарааж, олон хүмүүсийг татаж байсан тэр “Лимитлесс бридж” ХХК нь хариуцах ёстой. Тэрхүү сүлжээ нь нэг хүн 2,500,000 төгрөгөөр элсэж ороход 7 хүн доор нь элсэж орсны дараа 5,000,000 төгрөг буцаан олгож байсан. Мөн 2,500,000 төгрөгөөр нэг хүний суудалд элсэж ормогц 300,000 төгрөгийг шууд урамшууллыг буцаан олгож байсан. Л.Байгалмаа нь энэ бүхнийг өөрөө мэдэж байсан. Тэгээд 3 суудлаар буюу 6,150,000 төгрөгөөр элсэлт хийсэн юм. Гурван хүний шууд урамшуулалд 900,000 төгрөг олгогдохоос 300,000 нь дээд спонсорт нь олгогдсон. Харин үлдэх 600,000 төгрөгийг намайг түр авч хэрэглэхийг зөвлөсөн. Тэр мөнгийг аваад мөнгө нэмээд нэг суудлаар ороод 5,000,000 төгрөгийн ашгийг олж аваад 600,000 төгрөгийг буцааж төлөөрэй гэсэн юм. Тухайн өдөр Л.Байгалмаа нь нада “ээж дээрээс очоод мөнгө аваад тушаагаадах” гэж хэлсний дагуу ээж рүү нь ярьсан. Ээж нь надад “би дөнгөж эмнэлгээс гарч байна. Хоёр цагийн дараа гэрээс ирээд аваарай” гэж хэлсэн. Би гэрт нь очиж 6,150,000 төгрөгийг аваад “Барилга” гэх сүлжээ ажиллуулж байгаа компани руу очих гэтэл орлого хүлээж авах цаг нь дуусах гээд байсан. Тэгээд өөрийн танил ах н.Баярсайхан бас тэр сүлжээнд орох гээд очсон байна гэсэн тул н.Баярсайхан ах руу утсаар яриад “...орлого авах цаг дуусахаас өмнө очиж амжихгүй байна. Та дансаар мөнгө аваад тушаагаад өгөөч” гэж хэлсэн. Тэр хүн зөвшөөрч н.Наранчимэг гэх хүний дансаар хүлээж авсан өөрийнхөө төгрөгтэй хүн мөнгөтэй нийлүүлж 8,200,000 төгрөгийг “Лимитлесс бридж ХХК-д бэлнээр тушааж, тус компанийн захирал н.Эрдэнэдалай гэх хүнтэй гэрээ хийсэн. Тухайн сүлжээний компани нь цахилгаан шат оруулж ирж, барилгын компанид нийлүүлдэг гэж ярьж байсан. Тэрхүү сүлжээний матрицаар мөнгө авч байгаагаа хөрөнгө оруулалт гэж хэлж зээлийн гэрээ хүртэл хийж байсан. Өдрийн 13-15 цагийн хооронд орлого авдаг, 15 цагаас 17 цагийн хооронд сургалт өгдөг, тэгээд 19 цагт тухайн өдрийн элссэн хүмүүсийн ашиг болох 5,000,000 төгрөгийг тараадаг байсан. Би энэ тухай мэдээллийг Л.Байгалмаагаас өөрөөс нь анх сонсож мэдсэн бөгөөд Л.Байгалмаа намайг “та биеэрээ очоод сайн судлаадах” гэсний дагуу би тэнд очиж, тэнд цугларсан хүмүүсээс асууж судлахад үнэхээр 5,000,000 төгрөгийг олгоод хүмүүсийн зургийг аваад гарын үсэг зуруулан шууд урамшуулал олгож байсан. Л.Байгалмаа нь урьд өмнө нь олон сүлжээнд орж ажиллаж ашиг авч байсан гээд намайг өөрийнхөө орсон сүлжээ болгонд урьдаг, хамтарч ажиллаач гэж ятгадаг байсан. Тэр үедээ ч ббрбб БНСУ-д ажиллаж амьдарч байсан. Анх бид Фэйсбүүкээр танилцаад “Органо” кофений сүлжээнд удаа дараа урьж байсан. Мөн надад өөрөөсөө мөнгө гаргаад элсүүлээд өгье гэдэг байсан. Дараа нь “Жи тайм” гэдэг сүлжээнд Л.Байгалмаа орж ажиллаад 2 удаа 20,000,000 төгрөг авсан. Та орчих гээд байхаар нь өөрт байсан 280,000 төгрөгөөр “н.Ганчимэг гэх хүний нэр дээр тушаа” гэсний дагуу дансаар хийж элсэн орж байсан. Ингээд 2 жил орчим байнга харилцаатай байсан болохоор надаар элсэлтийн мөнгө өгч барилгад тушаалгасан. Тэр нь удалгүй 5 дугаар сарын 29-ний өдөр гэхэд мөнгөө өгөхөө болиод хэл ам болсон хүмүүсээс зугтаагаад олдохоо больсон. Би н.Баярсайхан ахтай хамт олон удаа хойноос нь хүмүүстэй нийлж хөөцөлдөж байсан. Сүүлд нь тэр хүмүүсийг цагдаад залилангийн хэрэг үүсгэн шалгаж байна гэж сураг сонссон. Л.Байгалмаа энэ бүхнийг мэдэж байгаа. Өөрөө сонгож орсон сүлжээний бизнес нь залилан болж дампуурна гэж тэр үед мэдээгүй орсон байж болно. Гэхдээ тэр залилан мэхэлсэн компани болон тэр хүмүүсээс нэхэхгүй надаас нэхэмжилж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй. Би зөвхөн түүний хүсэлтээр даалгавар гүйцэтгэсэн. Дээрхи 6,150,000 төгрөгтэй холбоотой “Лимитлесс бридж” ХХК-д холбогдуулж Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст эрүү үүсгэж, одоо хэргийг Улсын Мөрдөн байцаах газарт н.Эрхэмбаатар гэх байцаагч шалгаж байгаа. Тэгээд ч дээрхи мөнгийг н.Баярсайханаас хүлээж авсан тус компаии төлөх учрааас би хүлээн зөвшөөрөхгүй. Би Л.Байгалмаагийн өгсөн зааварчилгааны дагуу түүний өгсөн даалгавар гүйцэтгэсэн. Үүнийг надаас мөнгө хүлээн авсан С.Баярсайхан мэдэж байгаа. Дээрхи мөнгөтэй холбоотой хэрэг мөрдөн байцаалтанд шалгагдаж байгаа тул эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлээгүй байхад иргэний хэрэг шийдэхгүй тул надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Дэжид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Л.Байгалмаа, Л.Даваажав нар нь намайг гүтгэж байна. Би нэхэмжлэгч Л.Даваажавын охин Л.Байгалмаатай анх фэйсбүүк /facebook/-ээр дамжуулан танилцаж байсан. Би түүний зааварчилгааны дагуу сүлжээний бизнест түүний мөнгийг хийж өгөх, хэрхэн сүлжээний бизнес ажилладаг талаар түүнд судалж өгөх зэргээр л тусалдаг байсан. 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Л.Байгалмаа над руу ярьсан. Тэрээр надад “...манай ээж Л.Даваажаваас очоод 6,150,000 төгрөг аваад барилгын хөрөнгө оруулалтад хийгээд өг” гэж хэлсэн. Уг зааврынх нь дагуу би очиж Л.Байгалмаагийн ээж болох Л.Даваажаваас 6,150,000 төгрөгийг авсан. Энэ нь нэг төрлийн сүлжээний бизнес бөгөөд нэг суудал буюу 2,050,000 төгрөг тушаахаар нэг сарын дараа 5,000,000 төгрөг болгож өгдөг зарчимтай юм. Элсэж орох 1 суудлын үнэ нь 2,050,000 төгрөг бөгөөд Л.Байгалмаа нь надад 3 суудлын мөнгө гэж 6,150,000 төгрөг өгсөн. “Лимитлесс бридж” ХХК нь хэрвээ 1 хүний нэр дээр 4 суудал буюу 8,200,000 төгрөг тушаах юм бол нэмж 1 ширхэг суудал буюу эрх бэлэглэдэг. Бэлгийн суудлаар 5,000,000 төгрөгийн шагнал авдаг. Л.Байгалмаа нь надад “...та 3 суудлын мөнгө буюу 6,150,000 төгрөг тушаачих. Тэгээд хоёулаа бэлгийн суудлын 5,000,000 төгрөгийг нь хувааж авья” гэж хэлсэн учир би мөнгийг нь тушаахаар ээжээс нь авсан. Ингээд уг мөнгийг би барилгын хөрөнгө оруулалтын бизнес болох “Лимитлесс бридж” ХХК-д тушаахаар очсон. Тэнд очоод Д.Наранчимэг гэх хүний дансаар дамжуулж 6,150,000 төгрөгийг тушаасан. Ингээд гэрээ хийх гэтэл надад бичиг баримт байгаагүй учир би тухайн үед байсан зүс таних С.Баярсайхан гэж ахыг гуйсан. Тэрээр өөрөө 2,050,000 төгрөг буюу нэг суудлын мөнгө тушаасан байсан бөгөөд миний төлсөн 6,150,000 төгрөгийг нийлүүлж нийтдээ 8,200,000 төгрөгийг тушаасан гэж тухайн сүлжээний бизнесийг эрхлэгч “Лимитлесс бридж” ХХК-ийн захирал гэх Д.Эрдэнэдалайтай 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр “Зээлийн гэрээ” байгуулсан. Ингээд л үндсэндээ миний оролцоо дууссан юм. Гэтэл 2017 оны 6 дугаар сард “Лимитлесс бридж” ХХК нь дампуурсан. Улмаар хохирогч нар нь гомдол гаргаж уг хэргийг одоо эрүүгийн журмаар шалгаж байгаа. Би Л.Байгалмаад “би шаардлагатай бол гэрчийн мэдүүлэг өгөхөд бэлэн” гэж хэлж байсан. Л.Байгалмаа надаас гуйгаад байсан тул 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр очиж “мөнгийг хүлээн авч барилгын бизнест оруулсан” гэж бичиг хийж өгсөн нь үнэн. Нэгэнт би нэхэмжлэгч Л.Даваажавын охин Л.Байгалмаагийн даалгаварыг гүйцэтгэсэн. 6,150,000 төгрөгийг зээлж аваагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Л.Даваажав нь хариуцагч Д.Дэжидэд холбогдуулж 6,150,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсаныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрсөн /хх 1, 60 дугаар хуудас/.

 

Хариуцагч Д.Дэжид нь 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Л.Даваажаваас 6,150,000 төгрөг хүлээн авсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй. Харин уг хүлээн авсан мөнгөний зориулалтын талаар маргаж байна. 

 

Тодруулбал, нэхэмжлэгч өөрийн шаардлагын үндэслэлээ “...би өөрийн охин Л.Байгалмаагаас 6,150,000 төгрөгийг шилжүүлэн авч Д.Дэжидэд зээлсэн боловч тэрээр буцааж өгөхгүй байна” гэж, хариуцагчийн зүгээс өөрийн татгалзлаа “...би нэхэмжлэгчийн төрсөн охин Л.Байгалмаагийн хүсэлт, даалгаварын дагуу 6,150,000 төгрөгийг сүлжээний бизнест оруулсан болохоос мөнгийг нь зээлж аваагүй юм” гэж тус тус тайлбарласан. 

 

Аливаа этгээдийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, үүний хариуд хөлс төлөх хоёр талын харилцан үүрэг хүлээсэн гэрээг даалгавын гэрээ гэж үзэхийг Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасан.

 

 Хэдийгээр хариуцагчийн зүгээс “...би Л.Байгалмаагийн даалгаварыг гүйцэтгэсэн” гэсэн тайлбарыг гаргах боловч нэхэмжлэгч Л.Даваажав болон Д.Дэжид нарын хооронд даалгаварын гэрээний харилцаа үүссэн болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байна /хх 4 хуудас/.  

 

Харин зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсчээ. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхийг уг хуулийн зүйл, хэсгээр зохицуулагдсан.

 

Харин гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлсэн эсэх буюу гэрээний дагуу мөнгийг шилжүүлсэн эсэх тал дээр маргаан гарсан тохиолдолд мөнгө, эд хөрөнгийг шилжүүлсэн байх нь гэрээг байгуулагдсанд тооцох үндэслэл болохыг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгээр зохицуулжээ. 

 

Нэгэнт Д.Дэжид 6,150,000 төгрөгийг хүлээн авсан эсэх талаар маргаагүй тул шүүхийн зүгээс нэхэмжлэгч Л.Даваажавт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлсэн мөнгөө буцаан шаардах эрх бий болсон гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Дэжидээс 6,150,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Даваажавт олгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Дэжидээс 113,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Даваажавт олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                         Н.ХАНГАЛ