Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2018/01652

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2018/01652

 

 

 

 

 

 

 

 

 

Оч шим ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29ий өдрийн 184/ШШ2018/01365 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Оч шим ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Донж хаус ХХК-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 7 000 000 төгрөг, алданги 3 500 000 төгрөг, нийт 10 500 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Оч шим ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартОч шим ХХК нь гадаад худалдаа, барилгын захиалгат хийц чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Донж хаус ХХК-тай оффисийн барилгын гараашийн гарц дээр саравч, пандус бүхий ган раммтай нержавик 201/К8 алтан шаргал толин өнгөлгөөтэй ганжуулсан шилэн хийцийн ажлыг нэмэгдсэн өртгийн албан татвар тооцоогүй 27 000 000 төгрөгийн төсөвт өртөгтэйгээр 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр гэрээ байгуулан хийж гүйцэтгэсэн. Тус компани урьдчилгаа болох 20 000 000 төгрөгийг 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр өгч, ажлын гүйцэтгэлийг бүрэн хүлээж авсан боловч үлдэгдэл төлбөр 7 000 000 төгрөгийг өгөөгүй. Төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн алдангид 3 500 000 төгрөг, нийт 10 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Донж хаус ХХК хариу тайлбар ирүүлээгүй болно.

 

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Донж хаус ХХК-аас 7 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Оч шим ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 3 500 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Оч шим ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Донж хаус ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 126 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Оч шим ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Н.Гэрэлт-Одын давж заалдах гомдолд: Хариуцагч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантуяа 2018 оны 05 сарын 29-ний өглөө 04 цагт яаралтай түргэн тусламжийн 103 дугаарын утас руу дуудлага өгч, байнгын асаргаанд байдаг нөхөр П.Мөнхбаатарыг үзүүлж, 08-09 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн гэмтлийн эмчид үзүүлсэн байдаг. Тэрээр шүүгчийн туслахад шүүх хуралдаанд очих боломжгүй талаар хэлж, хойшлуулахыг хүссэн боловч шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд явуулсан. Хариуцагч нь хариу тайлбар өгөөгүй боловч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй талаар шүүх хуралдаанд мэтгэлцэх байсан. Шүүх гэнэт тохиолдож болох хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэх ёстой байсан. Иймд шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Оч шим ХХК нь хариуцагч Донж хаус ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 7 000 000 төгрөг, алданги 3 500 000 төгрөг, нийт 10 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь Донж хаус ХХК-ийн оффисын барилгын үүдний тамбур ган карказ, рам, нержавик /к8/ алтан шаргал өнгөтэй мэдрэгч хаалга бүхий шилэн хийц, гражийн гарц дээрх саравч, пандус бүхий ган рамтай, нержавик ган 201/к8/ алтан шаргал толин өнгөлгөөтэй ганжуулсан шилэн хийц ажлыг хийж гүйцэтгэх, хариуцагч нь ажлын хөлсөнд 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 20 000 000 төгрөг, ажил гүйцэтгэж дууссанаар үлдэгдэл 7 000 000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байх бөгөөд шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэн, ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн, захиалагч нь ажлын хөлсөнд урьдчилгаа 20 000 000 төгрөг төлж, үлдэгдэл 7 000 000 төгрөгийг шилжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 7 000 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалсан тайлбар, түүнийг нотлох баримтыг ирүүлээгүй, шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны явцад алдангид 3 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжээгүй, талууд гэрээгээр алданги төлөх талаар тохиролцоогүй тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантуяад шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт заасан журмын дагуу мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн ирээгүй болохоо баримтаар нотлоогүй байна. Энэ тохиолдолд анхан шатны шүүхээс хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29ий өдрийн 184/ШШ2018/01365 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126 950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

А.МӨНХЗУЛ