Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2020/00245

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2020/00245

 

 

 

Б.Б -ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2019/02042 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Б.Б -ын нэхэмжлэлтэй

ХариуцагчЖ.Э.Э.Э - ХХК, Төрийн банк ХХК-д холбогдох

 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, уг орон сууц өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах, Төрийн банк ХХК болонЖ.Э.Э.Э - ХХК нарын хооронд 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан 162 тоот зээлийн барьцааны гэрээний 51 дүгээр байрны 27 тоотод холбогдох хэсгийг зээлийн барьцаанаас чөлөөлүүлэхийг тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхмарал, Д.Тамир

Хариуцагч Төрийн банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн Б.Б -о шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдөрЖ.Э.Э.Э - ХХК-тай 57/1-27 дугаар бүхий орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулсан. Тус гэрээний дагуу хариуцагч нь өөрийн хөрөнгө, материалаар захиалагч талын захиалгын дагуу Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан, Дүнжингаравын гудамжинд байрлах 51 тоот орон сууцыг чанартай барьж гүйцэтгэн тус барилгын 1-р орц, 27 тоотод байрлах 53,4 кв.м талбай бүхий 2 өрөө орон сууцыг захиалагч тал болох нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн. Харин нэхэмжлэгчийн зүгээс тус гэрээний 4.2 дахь хэсэгт заасан 37 385 000 төгрөгийн үндсэн төлбөрийг төлж барагдуулах үүргийг хүлээж, ийнхүү төлж барагдуулсны үндсэн дээр 5.2.4 дэх хэсэгт зааснаар тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авах эрхийг баталгаажуулан байгуулсан байдаг. Хэдийгээр орон сууцны гэрээний 2.1 дэх хэсэгт гүйцэтгэгч нь барилгын ажлын үр дүнг 2013 оны 9 дүгээр сард багтаан захиалагчид хүлээлгэн өгнө хэмээн заасан байсан чЖ.Э.Э.Э - ХХК-ийн барилгыг барьж дуусгах хугацаа удаашрах болсон тул тус компанийн хүсэлтээр орон сууц захиалгаар бариулах гэрээний нэмэлт өөрчлөлтийг 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулж, мөн оны 9 дүгээр сард гэснийг 2014 оны 5 дугаар cap болгон өөрчилж, хугацаа сунгасантай холбогдуулан компанийн гуйлт, хүсэлтийн дагуу орон сууцны үнийг 41 385 000 төгрөг болгон өөрчилсөн. Миний бие орон сууцны гэрээний дагуу төлөхөөр тохиролцсон үндсэн төлбөр болох 37 380 000 төгрөгийг 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулсан ба нэмэлт өөрчлөлтийн дагуу нэмэгдүүлсэн төлбөр болох 4 000 000 төгрөгийг орон сууц ашиглалтад орсон үед нь буюу 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлж барагдуулсан учир гэрээний 5.2.4 дэх хэсэгт заасны дагуу орон сууцны өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авч улсын бүртгэлд бүртгүүлэх бүрэн эрхтэй болсон. Би үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авахаарЖ.Э.Э.Э - ХХК-аас удаа дараа шаардахад гаргаж өгөхгүй байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.Ж.Э.Э.Э - ХХК-ийн хаяг тодорхойгүй байсан тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2017/03442 дугаар шийдвэрийн дагуу эрэн сурвалжлуулсан. Би болон миний хүүхдүүд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ авахаар Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст мэдүүлэг гаргасан боловч орон сууц ньЖ.Э.Э.Э - ХХК болон Төрийн банк ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн барьцааны гэрээ бүртгэлтэй байна гэх үндэслэл бүхий татгалзсан хариуг авсан. Би миний өмчлөх эрхтэй орон сууцыг надад мэдэгдэлгүйгээр ийнхүү барьцаанд тавьсан талаар мэдээд Төрийн банк ХХК-д уг орон сууцыг барьцаанаас суллаж өгөхийг шаардсан албан бичгийг хүргүүлсэн. Төрийн банк ХХК-ийн зээлийн барьцаа хөрөнгийг чөлөөлөх боломжгүй гэх хариу өгсөн.Ж.Э.Э.Э - ХХК нь орон сууцны гэрээний 5.1.4 дэх хэсэгт заасныг зөрчиж надад мэдэгдэж зөвшөөрөл авалгүйгээр үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавьсан.

Орон сууц захиалгаар бариулах гэрээний 1.6, 5.1.4, 5.2.2, 5.2.4, 6.2, 6.3 дахь хэсэг, Иргэний хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн холбогдох зүйлийг тус тус үндэслэн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан, Дүнжингаравын гудамжинд байрлах 51 тоот, 53.4 кв.м талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр намайг тогтоон, Нийслэлийн Улсын бүртгэлийн газарт үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг миний нэр дээр гаргаж өгөхийг даалгах, Төрийн банк ХХК болонЖ.Э.Э.Э - ХХК-ийн хооронд 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан 162 тоот зээлийн барьцааны гэрээний 51 дүгээр байрны 27 тоотод холбогдох хэсгийг зээлийн барьцаанаас чөлөөлүүлж өгнө үү гэв.

 

Хариуцагч Төрийн банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:Ж.Э.Э.Э - ХХК нь 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 162 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 2 500 000 000 төгрөгийг сарын 1.8 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн барьцаанд Хан-Уул дүүргийн 11 хороо, Зайсан хороолол, Дүнжингарав гудамж 51 тоот 14.100 м.кв талбай бүхий 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, Хан-Уул дүүрэг, Зайсангийн аманд байрлах 0,2628 га газрыг барьцаалсан. Мөн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 162/3 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр дээр байгуулсан зээлийн гэрээг 3 сарын хугацаагаар сунгасан. Банк ньЖ.Э.Э.Э - ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу захиран зарцуулж, гүйцэтгэл дутуу барилгын ажлыг бүрэн дуусгасан боловч оршин суугчдын төлсөн мөнгийг банкны зээлэнд төлөөгүй байгаа ньЖ.Э.Э.Э - ХХК-ийн буруутай үйл ажиллагаа байна. Төрийн банк ХХК нь Б.Б -ын хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, түүнтэй эрх зүйн ямар нэгэн харилцаанд ороогүй ба зээлийн өрөө барагдуулсан үед барьцааг суллахад татгалзах зүйлгүй болно.

Өмчлөгчөөр тогтоолгох, Улсын бүртгэлийн газарт үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах, Зээлийн, барьцааны гэрээг хэсэгчлэн хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай энэхүү маргааныг шүүх хянахдаа банкны барьцаа хөрөнгийг шүүхийн журмаар чөлөөлөх, эдийн засгийн харилцааны асуудлыг хуулийн буюу энэхүү арга технологийг ашиглан зээлийн барьцаанд тавигдсан барьцаа хөрөнгийг чөлөөлөх асуудал шударга ёсны зарчимд үл нийцнэ гэж үзэж байна.

Иймд талуудын хооронд байгуулагдсан зээлийн барьцааны гэрээнүүд хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХариуцагчЖ.Э.Э.Э - ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:Ж.Э.Э.Э - ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 153 дугаар зүйлийн 153.1-д заасныг баримтлан Хори мэргэд овогт Балжиннямын Балдангомбыг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан, Дүнжингаравын гудамжинд байрлах 51 тоот орон сууцны 27 тоотод байрлах, 53.4 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, Төрийн банк ХХК-д холбогдох Төрийн банк ХХК болонЖ.Э.Э.Э - ХХК нарын хооронд 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан 162 тоот зээлийн барьцааны гэрээний 51-р байрны 27 тоотод холбогдох хэсгийг зээлийн барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан, Дүнжингаравын гудамжинд байрлах 51 тоот орон сууцны 27 тоотод байрлах, 53.4 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэхийг улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа Б.Б -о татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 505 275 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчЖ.Э.Э.Э - ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 435 075 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б -од олгон шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхмарал давж заалдах гомдолдоо: Шүүх Б.Б -о болонЖ.Э.Э.Э - ХХК-ийн хооронд 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан орон сууц захиалгаар бариулах гэрээг хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ гэж зөв дүгнэсэн. Б.Б -о ньЖ.Э.Э.Э - ХХК-д гэрээний үүргийг дуусгавар болгохоор хүсэл зоригоо илэрхийлэх буюу тухайн орон сууцыг бусдад барьцаалах, худалдах, түрээслэхийг зөвшөөрсөн албан ёсны зөвшөөрлийг олгосноос бусад тохиолдолдЖ.Э.Э.Э - ХХК нь гэрээний 5.1.4-т заасны дагуу орон сууцыг барьцаалахгүй байх үүрэг хүлээсэн.Ж.Э.Э.Э - ХХК нь нэхэмжлэгчийн зөвшөөрлийг авалгүйгээр Төрийн банк ХХК-тай барьцааны гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, гэрээний болон дээрх хуулийн заалтыг харгалзан үзэлгүйгээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Жи эм эс эс ХХК нь гэрээгээр орон сууцыг 2014 оны 5 дугаар сард ашиглалтад оруулна гэсэн үүрэг хүлээсэн атлаа мөн оны 5 дугаар сарын 21-ний өдөр Төрийн банк ХХК-тай барьцааны гэрээ байгуулсан нь уг гэрээг байгуулахдаа үнэн санаанаасаа бус хөнгөмсгөөр хандаж, үүнийгээ илэрнэ гэж тооцож байгуулсан шинжтэй байна. Шүүх үүнийг харгалзан үзэж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-т заасныг хэрэглээгүй.

Төрийн банк ХХК-ийн зүгээсЖ.Э.Э.Э - ХХК-ийг захиалагчтай орон сууц захиалгын гэрээ байгуулсан гэдгийг зээлийн эргэн төлөлт, барьцаа хөрөнгийг судлах журмаар мэдэж байснаа хүлээн зөвшөөрч, мэдүүлсэн байдаг. Гэтэл шүүхээсЖ.Э.Э.Э - ХХК-ийн бүхэлд нь барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгөд нэхэмжлэгчийн өмчлөлдөө шилжүүлэн авах эрх үүссэн орон сууц орж байгааг харгалзан үзэлгүйгээр 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн эрхийн улсын бүртгэлд бүртгэлийн Ү-22060204797 дугаарт бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч ньЖ.Э.Э.Э - ХХК болох нь тогтоогдож байна, барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хуульд заасан шаардлагыг хангасан байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, нотлох баримт болон хэргийн үйл баримтыг бүрэн үнэлээгүй шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

ХариуцагчЖ.Э.Э.Э - ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байхад шүүх үнэлээгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Б.Б -о нь хариуцагчЖ.Э.Э.Э - ХХК, Төрийн банк ХХК нарт холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, уг орон сууц өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах, Төрийн банк ХХК болонЖ.Э.Э.Э - ХХК нарын хооронд 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан 162 тоот зээлийн барьцааны гэрээний 51 дүгээр байрны 27 тоотод холбогдох хэсгийг зээлийн барьцаанаас чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргажээ. Шүүх хуралдааны үеэр нэхэмжлэлийн шаардлагын орон сууцны өмчлөгчөөр бүртгэхийг даалгах хэсгээс татгалзсаныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэсэн байна.

1.Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын тухайд:

Б.Б -о ньЖ.Э.Э.Э - ХХК-тай байгуулсан 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 57/1-27 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан-Соёмбот уулын хормойд Моунтайн вийв ресиденс /Mountain view residence/ хотхонд баригдаж буй барилгын 1 дүгээр орцны 27 тоот, 53.4 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны үнэ болох 41 385 000 төгрөгийг тус компанид бүрэн төлсөн, харин ажил гүйцэтгэгч тал нь орон сууцыг 2014 оны 5 дугаар сард багтаан захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй үйл баримтыг шүүх зөв тогтоож, тэдгээрийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасанд нийцжээ. /хх-9,90,91/

ХариуцагчЖ.Э.Э.Э - ХХК дээрх нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн байх бөгөөд шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж, нэхэмжлэгчийг дээрх орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн нь гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөхгүй тул анхан шатны шүүх зөв шийдвэрлэсэн. Энэ шийдвэрт талууд гомдол гаргаагүй байна.

2.Төрийн банк ХХК болонЖ.Э.Э.Э - ХХК нарын хооронд 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан 162 тоот зээлийн барьцааны гэрээний 51 дүгээр байрны 27 тоотод холбогдох хэсгийг зээлийн барьцаанаас чөлөөлүүлэх шаардлагын тухайд:

Төрийн банк ХХК,Ж.Э.Э.Э - ХХК нь 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Дүнжингарав гудамж, 51 тоот дахь 14 100 м.кв талбай бүхий 80 хувийн гүйцэтгэлтэй барилгыг барьцаалахаар харилцан тохиролцон, мөн өдрөө үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь тэдгээрийн тайлбар, барьцаа гэрээ зэрэг баримтаар тогтоогдсон байна. /хх47,48,91-93/ Ингэснээр барьцааны гэрээний талуудын хооронд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. /хх47-48/

Нэхэмжлэгч Б.Б -о дээрх гэрээг талууд байгуулахдаа түүнд мэдэгдээгүй, эрхийг нь зөрчсөн гэх үндэслэлээр 27 тоот орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэдЖ.Э.Э.Э - ХХК, Төрийн банк ХХК-тай 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр барьцааны гэрээ байгуулах үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хорооллын Дүнжингарав гудамж, 51 тоотын 14 100 м.кв талбай бүхий ажилчдын зориулалтаар баригдаж буй 80 хувийн гүйцэтгэлтэй барилга нь бүхэлдээ хариуцагчЖ.Э.Э.Э - ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байжээ. /хх-47 тал/

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчЖ.Э.Э.Э - ХХК-ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авсан хариуцагч Төрийн банк ХХК-ийн хувьд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцох эрхтэй. Тодруулбал, хариуцагч нарын хооронд барьцааны гэрээ байгуулагдах үед нэхэмжлэгч Б.Б -од Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх үүсээгүй байсан. Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэгдсэнээр нотлогддог тул барьцааны гэрээний талууд нэхэмжлэгчээс зөвшөөрөл авах хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд хариуцагч нарын хооронд байгуулсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4, 56.1.8-д заасан үнэн санаанаасаа бус, хөнгөмсгөөр хандаж, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахгүй, харин хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн хуулийн хүчин төгөлдөр гэрээ байна.

Нэхэмжлэгч Б.Б -о нь орон сууц захиалгаар бариулах гэрээний 5.1.4-т заасан захиалагчийн захиалсан орон сууцыг гуравдагч этгээдэд худалдахгүй, түрээслэхгүй, барьцаалахгүй байх үүргээ хариуцагчЖ.Э.Э.Э - ХХК зөрчсөн, үүний улмаас түүнд хохирол учирсан тохиолдолд гэрээний үүргээ шаардах эрхийг хуулиар нээж өгсөн болохоос уг гэрээний тал бус этгээдийн зохих журмын дагуу олж авсан барьцааны эрхэд хамаарах үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэхээр шаардах эрх олгосон заалт бус юм. Гэрээний үүрэг зөвхөн гэрээ байгуулсан талуудад хамааралтай.

Анхан шатны шүүх энэ талаар хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуулийг буруу тайлбарласан гэх давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдэврийг өөрчлөх боломжгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2019/02042 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

Ч.ЦЭНД