Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 182/ШШ2019/02042

 

 

 

 

 

 

 

 

                      2019        11          20  

                  182/ШШ2019/02042

    

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.Б-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: “Ж” ХХК,

 

Хариуцагч: “Т.Б” ХХК нарт холбогдуулан

 

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан, Дүнжингаравын гудамжинд байрлах 51 тоот орон сууцны 27 тоотод байрлах, 53.4 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, уг орон сууц өмчлөгчөөр бүртгэхийг улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах, “Т.Б” ХХК болон “Ж” ХХК нарын хооронд 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан 162 тоот зээлийн барьцааны гэрээний 51-р байрны 27 тоотод холбогдох хэсгийг зээлийн барьцаанаас чөлөөлүүлэхийг хүссэн иргэний хэргийн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Д.Т, хариуцагч “Т.Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э, нарийн бичгийн дарга Ш.У нар оролцов.

                             ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 

Монгол Улсын иргэн Б.Б миний бие 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын хуулийн этгээд болох “Ж” ХХК (Улсын бүртгэлийн дугаар: 9011211059, Регистрийн дугаар: 5338255)-тай 57/1-27 дугаар бүхий “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” /цаашид “Орон сууцны гэрээ” гэх/-г байгуулсан болно. Тус гэрээний дагуу хариуцагч нь өөрийн хөрөнгө, материалаар захиалагч талын захиалгын дагуу Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, Дүнжингаравын гудамжинд байрлах 51 тоот орон сууцыг чанартай барьж гүйцэтгэн тус барилгын 1-р орц, 27 тоотод байрлах 53,4 кв.м талбай бүхий 2 өрөө орон сууц (цаашид “Үл хөдлөх эд хөрөнгө” гэх)-ыг захиалагч тал болох нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн юм. Харин нэхэмжлэгчийн зүгээс тус гэрээний 4.2 дахь хэсэгт заасан 37.385.000 төгрөгийн үндсэн төлбөрийг төлж барагдуулах үүргийг хүлээж, ийнхүү төлж барагдуулсны үндсэн дээр 5.2.4 дэх хэсэгт зааснаар тус Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авах эрхийг баталгаажуулан байгуулсан байдаг. Хэдийгээр Орон сууцны гэрээний 2.1 дэх хэсэгт гүйцэтгэгч нь барилгын ажлын үр дүнг 2013 оны 09-р сард багтаан захиалагчид хүлээлгэн өгнө хэмээн заасан байсан ч “Ж” ХХК-ийн барилгыг барьж дуусгах хугацаа удаашрах болсон тул тус компанийн хүсэлтээр “Орон сууц захиалгаар бариулах гэрээний нэмэлт өөрчлөлт”-ийг 2013 оны 11-р сарын 01-ний өдөр байгуулж, 2013 оны 09-р сард гэснийг 2014 оны 5-р cap болгон өөрчилж, хугацаа сунгасантай холбогдуулан компанийн гуйлт, хүсэлтийн дагуу орон сууцны үнийг 41.385.000 төгрөг болгон өөрчилсөн юм. Миний бие Орон сууцны гэрээний дагуу төлөхөөр тохиролцсон үндсэн төлбөр болох 37.380.000 төгрөгийг 2013 оны 12-р сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулсан ба нэмэлт өөрчлөлтийн дагуу нэмэгдүүлсэн төлбөр болох 4 сая төгрөгийг орон сууц ашиглалтад орсон үед нь буюу 2014 оны 11-р сарын 25-ны өдөр төлж барагдуулсан бөгөөд гэрээний үндсэн үүрэг болох төлбөрийг төлснөөр Орон сууцны гэрээний 5.2.4 дэх хэсэгт “гэрээгээр тохиролцсон төлбөрийн графикийн дагуу орон сууцны төлбөрийг бүрэн төлж дуусгаснаар орон сууцны өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авах эрхтэй”, 6.2 дахь хэсэгт “Захиалагч нь орон сууцны төлбөрийг бүрэн төлсний дараа түлхүүрийг гардан авна”, 6.3 дахь хэсэгт “Түлхүүр хүлээлгэн өгсөн өдрөөс захиалагчид орон сууцыг өмчлөх эрх шилжсэнд тооцно” хэмээн заасны дагуу Үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авч, улсын бүртгэлд бүртгүүлэх бүрэн эрхтэй болсон билээ. Нэхэмжлэгч миний бие төлбөрийг бүрэн төлж барагдуулсан үеэс эхлэн гэрээнд заасан эрхээ хэрэгжүүлж, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авахаар “Ж” ХХК-иас удаа дараа шаардаж байсан боловч хариуцагчийн зүгээс барилгыг улсын комисс хүлээн авах ажиллагаа удаашралтай байгаа талаар шалтаг тоочиж хугацаа хойшлуулж байсан тул арга буюу 2017 онд Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, “Ж” ХХК-ийг хариуцагчаар татсан боловч хариуцагч компанийн хаяг тодорхойгүй, холбогдох албан тушаалтнууд нь шүүхэд хүрэлцэн ирэхгүй, олдохгүй байсан учраас компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Гүйцэтгэх захирал Б.Г-ийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг Баянгол Дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны шүүхэд гаргасан байдаг. Тус шүүхийн 2017 оны 12-р сарын 19-ний өдрийн 102/ШШ2017/03442 тоот шийдвэрийн дагуу Нийслэлийн Баянгол Дүүрэг дэх Цагдаагийн Хоёрдугаар Хэлтэс Б.Г-ийн хаягийг олж тогтоон 2019 оны 05-р сарын 24-ний өдөр 3035/2516 тоот мэдэгдэл хүргүүлсэн юм. Эрэн сурвалжлах ажиллагаа хийгдэж байх хугацаанд би болон миний хүүхдүүд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ авахаар Хан-Уул Дүүргийн Бүртгэлийн Хэлтэст мэдүүлэг гаргасан боловч “ХУД, 11-р Хороо, Зайсан, Дүнжингаравын гудамж, 51-р байр, 27 тоот орон сууц нь “Ж” ХХК болон “Т.Б” ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 05-р сарын 21-ний өдрийн барьцааны гэрээ бүртгэлтэй байна” гэх үндэслэл бүхий татгалзсан хариуг авсан юм. Би миний өмчлөх эрхтэй орон сууцыг надад мэдэгдэлгүйгээр ийнхүү барьцаанд тавьсан талаар мэдээд “Т.Б” ХХК-д уг орон сууцыг барьцаанаас суллаж өгөхийг шаардсан албан бичгийг хүргүүлсэн боловч банкнаас “Т.Б” ХХК болон ”Ж” ХХК-ийн хооронд 2014 оны 05-р сарын 21-ний өдөр 162 тоот Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээ байгуулагдсан. Уг гэрээний дагуу 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан бөгөөд зээлдэгч нь зээлийн төлбөртэй байх тул зээлийн барьцаа хөрөнгийг чөлөөлөх боломжгүй” гэх хариуг 2019 оны 06-р сарын 06-ны өдрийн 19/3312 тоот албан бичгээр хүлээж авлаа. “Ж” ХХК нь Орон сууцны гэрээний 5.1.4 дэх хэсэгт заасан Захиалагчийн захиалсан орон сууцыг гэрээний хугацааны турш гуравдагч этгээдэд худалдахгүй, түрээслэхгүй, барьцаалахгүй байх, барилга баригдаж дууссаны дараа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн ажиллагаанд тусалж, холбогдох бичиг баримтыг саадгүй гарган өгөх” үүргээ зөрчиж, надад мэдэгдэж, зөвшөөрөл авалгүйгээр Үл хөдлөх эд хөрөнгийг “Т.Б” ХХК-ийн барьцаанд тавьсан нь уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй этгээд болох Б.Б миний эрх ашгийг илт хохироосон, залилан мэхэлсэн шинжтэй үйлдэл гэж үзэхээс өөр аргагүй байна. Мөн “Т.Б” ХХК нь барилгыг барьцаанд авахдаа тухайн байрыг захиалж, төлбөрөө төлж барагдуулсан, барьцааны гэрээний дагуу эрх ашиг, сонирхол нь шууд хөндөгдөх надад мэдэгдэж, зөвшөөрөл аваагүй учраас миний хууль ёсны дагуу олж авсан өмчлөх эрхийг илт дээрэнгүй санаатайгаар зөрчиж байна гэж үзэх үндэслэлтэй байгаа юм. Миний бие Монгол улсын Боловсролын салбарт 52 жил ажиллаж гавьяаны амралтад гарахдаа төрөлх сургуулийнхаа удирдлагаас хөнгөлөлттэй нөхцөлөөр байр авах эрхээр шагнуулж энэхүү байрыг авсан бөгөөд асуудал даамжирсаар энэ түвшинд хүрсэнд туйлын гомдолтой байгааг минь ойлгон хүлээж авна гэдэгт итгэлтэй байна. Тиймээс № 57/1-27 дугаар бүхий Орон сууц захиалгаар бариулах гэрээний 1.6, 5.1.4, 5.2.2, 5.2.4, 6.2, 6.3 дахь хэсэгт заасныг болон Монгол Улсын Иргэний хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн холбогдох зүйлийг тус тус үндэслэн Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, Дүнжингаравын гудамжинд байрлах 51 тоот орон сууцны 53.4 кв.м талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр намайг тогтоон, Нийслэлийн Улсын Бүртгэлийн Газарт үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг миний нэр дээр гаргаж өгөхийг даалгах, “Т.Б” ХХК болон “Ж” ХХК-ийн хооронд 2014 оны 05-р сарын 21-ний өдөр байгуулагдсан 162 тоот Зээлийн барьцааны гэрээний 51-р байрны 27 тоотод холбогдох хэсгийг зээлийн барьцаанаас чөлөөлүүлж өгнө үү гэв.

 

Хариуцагч “Т.Б” ХХК шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Тус шүүхэд иргэн Б.Б-ын гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан хариуцагч “Т.Б” ХХК дараах тайлбарыг гаргаж байна.

“Ж” ХХК нь 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 162 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 2.500.000.000 төгрөгийг сарын 1,8%-ийн хүүтэй 12 сарын хугацаатай авсан. Зээлийн барьцаанд ХУД-ийн 11 хороо, Зайсан хороолол, Дүнжингарав гудамж 51 тоот 14.100 м.кв талбайтай 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, ХУД-ийн Зайсангийн аманд байрлах 0,2628 га газрыг барьцаалсан. Мөн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 162/3 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр дээр байгуулсан зээлийн гэрээг 3 сарын хугацаагаар сунгасан. Эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр өмчийн эрх албажин баталгааждаг хууль эрх зүйн орчинд банк албан ёсны буюу "‘Ж” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Зээлийн барьцаа хөрөнгө болох 14.100 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө нь нийт 188 айлын орон сууц бөгөөд тухайн компани дээрх орон сууцыг гүйцээн барих зориулалтаар Т.Б наас 2.5 тэрбум төгрөгийн зээл авч, орон сууц захиалгын хүлээгдэж буй орлогоор зээлийг эргэн төлөх зориулалттай байсан боловч Т.Б ны зээлийг хааж дуусгаагүй байна /Орон сууцны түлхүүрийг 2015 оны 9 дүгээр сард хүлээлгэн өгсөн байдаг/. Өөрөөр хэлбэл зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу захиран зарцуулж, гүйцэтгэл дутуу барилгын ажлыг бүрэн дуусгасан боловч оршин суугчдын төлсөн мөнгийг банкны зээлэнд төлөөгүй байгаа нь компанийн өөрийн буруутай үйл ажиллагаа байна. Т.Б ны зээлийн барьцаанд 72 айлын 3592 м.кв талбай үлдсэн. Банк иргэн Б.Б хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, түүнтэй эрх зүйн ямар нэгэн харилцаанд ороогүй ба компани зээлийн өрөө барагдуулсан үед барьцааг суллахад татгалзах зүйлгүй болно. Иргэн асуудлаа “Ж” ХХК-тай тохиролцон шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Өмчлөгчөөр тогтоолгох, Улсын бүртгэлийн газарт үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах, Зээлийн, барьцааны гэрээг хэсэгчлэн хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай энэхүү маргааныг шүүх хянахдаа банкны барьцаа хөрөнгийг шүүхийн журмаар чөлөөлөх, эдийн засгийн харилцааны асуудлыг хуулийн буюу энэхүү арга технологийг ашиглан зээлийн барьцаанд тавигдсан барьцаа хөрөнгийг чөлөөлөх асуудал шударга ёсны зарчимд үл нийцнэ гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр барилга захиалагч, гүйцэтгэгч нарын асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх санаа нь тун хор уршигтай, үр дагавар нь муу жишиг тогтоох, улмаар банк санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх болно. Улсын бүртгэлийн байгууллага нэг бус удаа хууль журмыг чанд сахин ажиллаж байгаа нь энэ эгзэгтэй үед харагдаж байгаа ба шүүх анхаарч үзнэ гэж найдаж байна. “Т.Б” ХХК, “Ж” ХХК-ийн хооронд байгуулсан Зээлийн болон барьцааны хуулийн хүчин төгөлдөр хамтын ажиллагаа үргэлжилж байгаа ба барилга бүхэлдээ барьцаанд авагдсан, төлөгдсөн дүнгээр чөлөөлөгдөж байгаа гэдгийг анхаарч үзэх нь зүйтэй байна. Иргэн Б.Б захиалсан гэгдэж байгаа уг орон сууцыг банк хурааж авах, худалдан борлуулах ажиллагааг явуулаагүй бөгөөд “Ж” ХХК зээлийн төлбөрийн үлдэгдэл өрийг хэсэгчлэн болон бүрэн барагдуулсан тохиолдолд уг барьцаа хөрөнгийг суллаж ёсны өмчлөгчид шилжүүлэх болно. “Ж” ХХК 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар нийт 1.8 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч компанийг зээл төлсөн дүнд дүйцүүлэн 188 айлын барьцаанаас 113 айлыг чөлөөлсөн байгаа ба одоо 72 ширхэг орон сууц зээлийн барьцаанд байна. Хууль, өмчлөгч өмчөө хэн нэгнээс зөвшөөрөл авалгүйгээр захиран зарцуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах эрхийг хамгаалан баталгаажуулдаг. Зээлийн гэрээ байгуулагдах үед болон өнөөдрийг хүртэл Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэлтэй уг өмчийн албан ёсны өмчлөгч нь компани мөн. Зээлдэгч “Ж” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдээгүй байхад барьцаа хөрөнгө чөлөөлөх боломжгүй мөн талуудын хооронд байгуулагдсан зээлийн барьцааны гэрээнүүд хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч “Ж” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа:

“Ж” ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж байна. Эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                

Шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг хэлэлцээд

                                                                                                    ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч “Т.Б” ХХК, “Ж” ХХК нарт холбогдуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан, Дүнжингаравын гудамжинд байрлах 51 тоот орон сууцны 27 тоотод байрлах, 53.4 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, уг орон сууцны өмчлөгчөөр бүртгэхийг улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах, “Т.Б” ХХК болон “Ж” ХХК нарын хооронд 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан 162 тоот зээлийн барьцааны гэрээний 51-р байрны 27 тоотод холбогдох хэсгийг зээлийн барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Б.Б нь шүүх хуралдаан дээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан, Дүнжингаравын гудамжинд байрлах 51 тоот орон сууцны 27 тоотод байрлах, 53.4 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэхийг улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай шаардлагаасаа татгалзсан тул уг татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

Хариуцагч “Т.Б” ХХК нь иргэн Б.Б хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, түүнтэй эрх зүйн ямар нэгэн харилцаанд ороогүй, харин “Ж” ХХК нь манай банкнаас зээл авсан. Уг компани нь зээлээ төлж барагдуулсан тохиолдолд барьцааг суллах болно. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

 

Хариуцагч “Ж” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг ирүүлжээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзэв.

Нэхэмжлэгч Б.Б болон “Ж” ХХК-ийн хооронд 2013 оны 06 дугаар сарын 10-ны өдөр “Орон сууц захиалгаар бариулах тухай” гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээний дагуу “Ж” ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, зайсан Соёмбот улсын хормойд “M” орон сууцны 1-р орц 27 тоот 53.4 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг захиалагч талд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон нь зохигчийн тайлбар, орон сууц захиалгаар бариулах гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /Хавтаст хэргийн 7-10 дугаар тал/

 

Талуудын хооронд байгуулагдсан уг гэрээгээр нэхэмжлэгч Б.Б нь орон сууцны нийт үнэ 37.380.000 төгрөгийг төлөх, “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний нэмэлт өөрчлөлтөөр 41.385.000 төгрөгийг төлөх, гэрээний 2.1-д заасан хугацааг 2014 оны 05 дугаар сард багтаан захиалагчид хүлээлгэн өгөхөөр өөрчилсөн. Төлбөрийг Б.Б нь 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 10.000.000 төгрөг, 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 10.000.000 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 13.000.000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 4.500.000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 3.885.000 төгрөгийг тус тус төлсөн. Уг төлбөрийн тухайд талууд маргаагүй.

 

Дээрх “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, гэрээний гол нөхцөл болох үнэ, ажлын хэмжээ, ажлын хөлс, ажлын үр дүнг тодорхойлсон, мөн эрх бүхий этгээд гарын үсгээ зурж, хуулийн этгээдийн тамга тэмдгийг дарж баталгаажуулсан байх бөгөөд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д “талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан байвал” бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзнэ гэж заасны дагуу зохигчийн хооронд хуульд нийцсэн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч “Ж” ХХК-д 41.385.000 төгрөгийг төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн нь хариуцагчийн тайлбараар тогтоогдлоо.

 

Иймд нэхэмжлэгч Б.Б-ыг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан, Дүнжингаравын гудамжинд байрлах 51 тоот орон сууцны 27 тоотод байрлах, 53.4 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоох нь зүйтэй гэж үзэв.

 

“Т.Б” ХХК болон “Ж” ХХК нарын хооронд 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан 162 тоот зээлийн барьцааны гэрээний 51-р байрны 27 тоотод холбогдох хэсгийг зээлийн барьцаанаас чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч “Т.Б” ХХК болон “Ж” ХХК нар зээлийн гэрээ байгуулж, зээлийн барьцаанд “Ж” ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Дүнжингарав гудамж 51 тоот, улсын бүртгэлийн Ү-2206024797 дугаарт бүртгэгдсэн 14.100 м.кв талбайтай, ажилчдын байрны зориулалттай, 80 хувийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан хэлцэл хавтаст хэргийн 44-48 дугаар талд авагджээ.  

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл “Ж” ХХК нь 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ” байгуулж зээлийн барьцаанд “Ж” ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Дүнжингарав гудамж 51 тоот, улсын бүртгэлийн Ү-2206024797 дугаарт бүртгэгдсэн 14.100 м.кв талбайтай, ажилчдын байрны зориулалттай, 80 хувийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан бөгөөд уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ нь хариуцагч “Т.Б” ХХК-ийн барьцаанд байгаа болох нь 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 162 дугаартай, ”Т.Б” ХХК, “Ж” ХХК нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д “талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан байвал” бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзнэ гэж заасны дагуу 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан дээрх “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ” нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон гэрээний гол нөхцлийг тодорхойлсон, талууд зөвшөөрч гарын үсгээ зурсан хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2013 оны 06 дугаар сарын 10-ны өдөр “Ж” ХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан. Төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Т.Б надад мэдэгдэхгүйгээр уг орон сууцыг барьцаанд авсан нь хууль зөрчсөн... гэж тайлбарласан.

 

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хороолол Дүнжингарав гудамж 51 тоотын 14.100 м.кв талбайтай, ажилчдын байрны зориулалттай, 80 хувийн үл хөдлөх эд хөрөнгө нь 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206024797 дугаарт бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь “Ж” ХХК болох нь үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна гэж заажээ.

 

Нэхэмжлэгч нь “Ж” ХХК-тай 2013 оны 06 дугаар сарын 10-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулсан байхад “Т.Б” ХХК нь уг орон сууцыг надад мэдэгдэлгүйгээр барьцааны гэрээ байгуулсан учир хууль зөрчсөн гэж маргасан боловч нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй юм.

 

Өөрөөр хэлбэл зохих этгээдээс зөвшөөрөл авахаар зохицуулсан хуулийн заалтыг зөрчиж, зөвшөөрөлгүйгээр хэлцэл байгуулсан тохиолдолд дээрх хуулийн заалт хамаарах юм.

 

Иймд нэхэмжлэгч Б.Б “Т.Б” ХХК-д холбогдуулан, “Т.Б” ХХК болон “Ж” ХХК нарын хооронд 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан 162 тоот зээлийн барьцааны гэрээний 51-р байрны 27 тоотод холбогдох хэсгийг зээлийн барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хариуцагч “Ж” ХХК нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй, хариуцагчийн эзгүйд шүүх хуралдаан хийх талаар бичгээр хүсэлт ирүүлсэн тул хариуцагчийн эдгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                             ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 153 дугаар зүйлийн 153.1-д заасныг баримтлан Б.Б-ыг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан, Дүнжингаравын гудамжинд байрлах 51 тоот орон сууцны 27 тоотод байрлах, 53.4 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, “Т.Б” ХХК-д холбогдох “Т.Б” ХХК болон “Ж” ХХК нарын хооронд 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан 162 тоот зээлийн барьцааны гэрээний 51-р байрны 27 тоотод холбогдох хэсгийг зээлийн барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан, Дүнжингаравын гудамжинд байрлах 51 тоот орон сууцны 27 тоотод байрлах, 53.4 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэхийг улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа Б.Б татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 505.275 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ж” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 435.075 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ч.ДАВААСҮРЭН