Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 132

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 207/МА2020/00132

 

Э.Одсүрэнгийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Л.Баасанням, Э.Эрдэнэбулган, Б.Батзориг нарт

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Баттөр, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 142/ШШ2020/001142 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Э.Одсүрэнгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Л.Баасанням, Э.Эрдэнэбулган, Б.Батзориг нарт холбогдох,

Гэм хорын хохиролд 6.256 000.төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч Э.Эрдэнэбулган, хариуцагч Л.Баасаннямын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтуяа нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Одсүрэн, хариуцагч Л.Баасаннямын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтуяа, хариуцагч Э.Эрдэнэбулган, Э.Эрдэнэбулганы өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

Нэхэмжлэгч Э.Одсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Э.Одсүрэн нь 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 15 цагийн үед өөрийн эзэмшлийн 15-35 ОРБ улсын дугаартай Приус-20 маркийн цагаан өнгийн автомашиныг найз Балжиннямын дүү Л.Баасанням нь та машинаа өгөөч найзуудтайгаа уулзчихаад маргааш орой буцаагаад авчирч өгье гээд гуйгаад байхаар нь машинаа өгөөд явуулсан юм. Гэтэл маргааш нь буюу 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 13 цагийн үед Баасаннямын ээж нь над руу утсаар залгаад чиний 15-35 ОРБ улсын дугаартай Приус-20 маркийн автомашиныг чинь хүн унаж яваад онхолдсон гэж ярьсан. Тэгээд юу болсныг асуухад Л.Баасанням нь манай найзууд болох Б.Батзориг, Э.Эрдэнэбулган нар нь шөнө намайг унтчихсан хойгуур надаас хэлэлгүй таны машины түлхүүрийг аваад тус сумын Майхан толгой гэх газарт согтуугаар барьж яваад онхолдсон талаар хэлсэн. Улмаар миний бие нь Л.Баасанням, Б.Батзориг, Э.Эрдэнэбулган нарт холбогдуулан Булган аймгийн Цагдаагийн газар хандсан боловч хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн. 15-35 ОРБ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Ашид билгүүн ХХК-иар үнэлүүлэхэд 6256000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд Л.Баасанням, Б.Батзориг, Э.Эрдэнэбулган нараас учирсан хохирлыг арилгах талаар удаа шаардахад удахгүй өгнө гэж явсаар өнөөдрийг хүрсэн. Иймд Э.Одсүрэн миний эд хөрөнгөнд учирсан хохирол болох 6256000 төгрөгийг Л.Баасанням, Б.Батзориг, Э.Эрдэнэбулган нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.Эрдэнэбулган шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг ПДУ 4-34А тоотод оршин суух Боржигон овогт Э.Одсүрэн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Л.Баасанням/ фв00281118/, утасны дугаар 95826763, Э.Эрдэнэбулган/Гк00262315/, утасны дугаар 95320623, Б.Батзориг/ГК02281916/, утасны дугаар 85171142 нарт холбогдуулан гэм хорын хохирол болох 256 000 / зургаан сая хоёр зуун тавин зургаан мянган төгрөг нэхэмжилсэн байдаг. Элбэгсүрэн овогтой Эрдэнэбулган миний бие нь Эрдэнэбаатар овогтой Одсүрэнгийн гаргасан нэхэмжлэлийн хариу тайлбар хүргүүлж байна.Үүнд:

1. Ашид билгүүн ХХК -иар 15-35 орб улсын дугаартай приус-20 маркийн авто машинд үнэлгээ хийлгэсэн дүнг хүлээн зөвшөөрөхгүй учир нь тус машин нь 2004 онд үйлдвэрлэгдсэн Монголд 2016 онд орж ирсэн эдэлгээний хувьд он хуучирсан, удаан хугацаанд элэгдэлд орсон машины эд анги, эдэлгээг зах зээлийн үнэлгээгээр буюу он залуу сүүлийн үеийн Приус-20 авто машины хамгийн дээд үнэлгээгээр үнэлүүлсэн нь бодит үнэлгээ биш байсан.

2. Э.Эрдэнэбулган миний бие нь 2020 оны 05 дугаар сарын 22-ны шөнө 01-02 цагийн үед Мажаа амралтын газраас Л.Баасаннямаас зөвшөөрөл аваад машиныг Булган аймгийн Хангал сум ортол уг машинд ямар нэгэн гэмтэл гаргаагүйгээр барьж очсон. Надтай хамт явсан Б.Батзориг нь намайг машиныг түр орхиж гарах хооронд зөвшөөрөлгүйгээр машиныг бариад явах замдаа зам тээврийн осол гаргасан байсныг би маргааш өглөө нь мэдсэн иймд тухайн машины гэмтээсэн гэм буруутай хүн нь тодорхой буюу Б.Батзориг байхад Э.Эрдэнэбулган, Л.Баасанням нараас хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм.

3. Булган аймгийн Цагдаагийн газар шалгаж үзээд хэрэг бүртгэл нээхээс татгалзаж прокурорт шилжүүлсэн. Булган аймгийн прокурорын газрын 2020 оны 06 дугаар сарын 23-ний өдөр дугаар 213 тоот мэдэгдэх хуудсаар Б.Батзориг нь приус-20 маркийн цагаан өнгийн 15-35 ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооны үнэмлэхгүй, согтуугаар жолоодож осол гаргасныг нотолсон байгаа зэргийг хянаж уг нэхэмжлэлийг Э.Эрдэнэбулган миний биед хамааралгүй тул гэм хор гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Баасанням шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Э.Одсүрэнгийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.Баасанням би танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир уг 15-25 ОРА дугаартай приус маркийн цагаан өнгийн автомашиныг би 2020-05-21-ны өдөр Э.Одсүрэнгээс нэг өдөр унуулаач гэж гуйхад надад уг тээврийн хэрэгслийг зөвшөөрч өгч явуулсан юм. Гэтэл Мажаа амралт руу машинтайгаа очоод амарч байх хойгуур надад мэдэгдэлгүй Э.Элбэгсүрэн, Б.Батзориг нар нь унаж яваад уг тээврийн хэрэгслийг гэмтээж эвдсэн байсан. Иймд би уг гэм хорын нэхэмжлэлийг хариуцах үндэсгүй тул надад холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Батзориг шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 

Миний бие Б.Батзориг /ГК02281916/ 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр найз Э.Эрдэнэбулганы утсаар ярьсны дагуу түүнтэй болон түүний найз болох Л.Баасанням нартай Мажаа амралт руу приус 20 маркийн автомашинаар явсан. Дээрх автомашиныг Баасанням танил Одсүрэнгээс гуйж авсан. Бид өөрсдийн хайхрамжгүй байдлаас болж, хэн хэн маань хариуцлага алдан тухайн ахын автомашинд хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч хохирлыг хуваан төлөх хүсэлттэй байна. Хохирогч Э.Одсүрэнд учирсан 6 256 000 төгрөгийн хохирлыг тухайн үед хамт явсан Л.Баасанням /ФВ00281118/ болон Э.Эрдэнэбулган /ГК00262315/ мөн миний бие хуваан төлөх хүсэлттэй байгаагаа мэдэгдэж байна. Та бүхэн миний байдлыг харгалзан үзэж хохирлыг хуваан төлүүлж өгнө үү гэжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 142/ШШ2020/01142 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 499 дүгээр зүйлийн 499.3.-д заасныг тус тус баримтлан хариуцагч Л.Баасансүрэн, Э.Эрдэнэбулган, Б.Батзориг нараас тус бүр 2 085 333 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Авто прайм ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115 046 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 115 046 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Э.Эрдэнэбулган давж заалдсан гомдолдоо: Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 01142 тоот шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Э.Эрдэнэбулган миний бие давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Анх 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр би гэртэй унтаж байтал Хосбаяр Баасанням нар манайд ирээд Амралтад явах уу" гэхэд нь би үгүй ээ хэдэн өдөр нойргүй барилга дээр ажиллаад ядраад байна аа гэж хэлсэн Баасанням г Яасан сүртэй юм бэ гээд үг хаяад хамт явъя гээд шалаад нойр сэргээгээд бид хамт явахаар болоод манайхаас гараад явсан. Баасанням бүгдээрээ Манай 2 эгчийнд очиж банштай цай ууя гээд биднийг дагуулаад эгчийндээ очсон. Тэнд нь Шинэбаяр, 2 эгч нь 1 жаахан охинтой байж байсан. Тэгээд бүгдээрээ цай хооллоо идчээд сууж байхад Баасанням 2 эгчдээ хандаж Амралтанд бөөнөөрөө явий гэж уриалсан. Эгч нар нь ч зөвшөөрч бүгд явахаар болоод байж байтал. Батзориг над руу залгаад хаана байна гэхэд нь би Бааскагийн \ Баасанням\ эгчийнд байна аа амралтад явлаа гэж хэлтэл Баасанням хажуугаас хэн юм гэж асуухад нь би Батзориг байнаа гэж хэлсэн. Гэтэл Баасанням Наадах чинь мөнгөтэй байгаа. Би наадахаар чинь юм авхуулна гээд байхаар нь би Батзоригоос хамт явах уу гэхэд тэгье гээд ирэхээр болсон. Ингээд би гэр лүгээ явж хувцсаа сольё оо гээд Баасаннямаас унаж явсан рпиз маркийн 15-35 орб улсын дугаартай авто машины түлхүүрийг нь гуйж аваад Хосбаяртай хамт гэртээ очиж төрсөн эгч Нарантуяа, Энхтуул нарт амралтад яваад ирий гэж хэлээд зөвшөөрөл авч хувцсаа авчаад буцаад ирэхэд тэднийд Батзориг ирчихсэн байсан. Би ороод л Баасаннямд Найз нь Хангал руу найз охин дээрээ энэ машинаар чинь оччихоод ирий шүү гээд гуйхад Баасанням зөвшөөрч тэгээ андаа гэж хэлсэн юм. Тэгж хэлхийг хажууд байсан Батзориг сонсож байсан гэрч. Бид бүгдээрээ чихэлдэж суугаад Баасаннямын таньдаг дэлгүүрт тэд ороод баахан л идэж уух юм авсан. Би 10000 төгрөг өгчхөөд машинд нь сууж байсан удалгүй бүгдээрээ дэлгүүрээс гарч ирээд амралт руу хөдөлцгөөсөн. Эрдэнэтээс гараад "Мажаа" гэх амралт орохоор болоод гурван замын уулзвар өнгөрөөд явж байхад Баасанням надад хандаж Чи сайн замаа мэддэгээрээ барь гээд машинаа надад өгсөн. Би машиныг нь бариад Мажаа амралт орсон. Бид 1 гэр аваад ачаагаа буулгаж оруулж байтал. Баасанням Мажаа амралтын ойролцоо байдаг 4 дүгээд подиом руу Оргио гэдэг найзынх руугаа Батзориг бид хоёрыг очоод Оргиогоос хоолны мах, бас өөрийг нь аваад ир гээд надад түлхүүрээ өгсөн. Бид 2 Оргио гэдэг найзынд нь очтол найз нь байхгүй байсан учир бид буцаад Мажаа амралт орсон. Тэд гэртээ галаа түлчихсэн архиа ууя гээд сууж байсан. Ингээд архи тойруулж надад өгсөн би ч маш их ядраад нойр хүрээд уух дургүй байсан болохоор уруулаа хүргээд л өгсөн. Гэтэл уугаач наадхаа уухгүй юм бол яах гэж ирсэн юм гээд намайг шахаад даруулга гээд ус өгөхөөр нь архийг нь балгаад усруу нууцаар хийчихсэн юм. Энэ мэт хэд хэдэн удаа нөгөө өгсөн архийг нь усанд хийсэн юм. Архи нь ч дуусаад хамгийн сүүлд Баасанням хэн энэ архи хийгээд байгаа юм бэ гэхэд нь чимээгүй байж байгаад усаа гаргаж асгасан. Ингээд сууж байтал би галд нозоороод нойрч хүрээд орон дээр утсаа оролдоод л суугаад нэлээн байж байгаад Хосбаяр, Баасанням, Батзориг бид 4 тамхи татах гэж гарсан. Энэ үед би өдөр хэлсэндээ хангал явлаа андаа гэж Баасаннямд хэлтэл өө нээрээ тийм гээд түлхүүрээ гаргаад надад өгсөн. Тэгээд бид гэрлүү ороод хэсэг сууж байгаад найз нь явлаа гэхэд Баасанням За Булгаа эрт яваа гэсэн. Тэгтэл Алтаншагай гэх цуг явж байсан эгч юу бэ? Хэн хаашаа явах гэж байгаа юм. Машины түлхүүр хаана байна гэсэн би Надад байна гэхэд гараас булаагаад авчхаад Булгаа чи архи уусан согтуу байгаа биз дээ гэхээр нь Би Үгүй эгээ таныг шахаад байхаар чинь жүжиглэсэн юмаа гэхэд намайг янз янзаар л шалгаад байсан. Энэ үед хажуугаас Баасанням Өдөр гуйсан юмаа эгээ өгчихөө гэсэн юм. Ингээд намайг согтоогүй байсан учраас надад түлхүүр буцааж өгөөд Алтаншагай гэдэг эгч заа за аятайхан яваарай гэж хэлээд түлхүүр өгсөн. Баасанням надтай хамт гараад бид 2 машин асаагаад байж байтал Батзориг гараад ирсэн. Баасанням Чи яах гэж байгаа гэхэд Батзориг би Булгаатай явна гээд зөрүүдлээд нөгөөдөх нь чи явахгүй шүү гээд байсан. Би бие засахаар цааш яваад ирэхэд тэд байхгүй байхаар нь орчихсон байна гэж бодоод хөдлөөд явсан. Би мажаа амралтаас гараад нэлээн хол явж байгаад Батзоригийг машинд суусан гэж мэдсэн. Тэгээд өө одоо 2 лаа яаж буцна гэхэд Батзориг Би бариад буцчих уу гэхээрнэ хахаха чи яг чадах уу гээд инээлдэж хөхрөлдөө л явж байтал Батзориг унтчихсан байсан. Би явсаар Хангал суманд найз охиныхоосоо холхон очоод машина тавьчхаад Батзоригийг сэрээгээд би очоод ирий. Чи унтаж байгаарай гэхэд за за даараад байна паараа тавиад өгөөч гэхээр нь тавьж өгчхөөд буугаад яасан. Тэгээд найз охиноо дуудаж гаргаж ирээд уулзаад хэсэг юм яриж байгаад гэрээсээ гарч ирснээ аав ээждээ хэлээгүй гэхээр нь найз охиноо гэр лүү нь оруулчхаад машин дээрээ очтол машин ч Батзориг ч байхгүй байсан. Гайхаад янз бүрийн юм бодоод утас руу нь залгасан боловч утас нь холбогддоггүй болохоор нь буцаад найз охин дээрээ очоод Батзориг байдаггүй ээ гээд хэд хэд утас руу нь залгаж байгаад маш их ядраад нойр хүрээд байсан болохоор граашд нь ороод унтаад өгсөн. Унтаж байсан чинь Батзориг залгаад Булгаа машиныг нь 3 дугаар подиом дээр унагаачлаа гээд өглөө надад хэлсэн. Би ч эхэндээ итгээгүй. Чи нээрээ яриад байгаа юм уу гэсэн чинь нээрээ гэсэн юм. Би Хангал сумын урагшаа гүйгээд зам тосоод машинд суугаад явсан. Гэтэл замд ерөөсөө онхолдож унасан машин харагдахгүй байсан. Тэгээд цаашлаад явж байтал Батзориг явган зам дагаад явж байсан. Замаас нэлээн зайтайдуу. Би их гайхаад.........Мажаа амралтан дээр ирээд Баасаннямд хэлээд нөгөө хүмүүстэйгээ ярилцаж байгаад би Эрдэнэбаяр гэдэг найз руугаа залгаад машинтайгаа хүрээд ирээч гээд дуудсан. тэгээд удалгүй ч портэр машинтайгаа яваад ирсэн. Тэгээд бүгд сууж яваад Батзориг дээр очиж юу болсон, яасан машинаа яасан гэхэд машиныг чинь унагаацан майхан толгойд байгаа гэсэн. Хэлсэн газар луу очтол унагаасан газраасаа машин байгаагүй. Батзориг онхолдсон газраасаа унаж яваад өөр газар аваачих тавьсан байсан. Машин голын зах дээр байсан. Тэгээд цагдаад дуудаж, эзэнд нь хэлье гэтэл Батзориг байж байл даа гээд байлгаад байсан. Тэгээд унаж ирсэн портер машинд Эрдэнэбаяр гэх найзаараа унасан машинаа ачуулсан. Энэ үед Баасанням Батзоригт байсан 30,000 төгрөгийг авч яваад Хангал сум ороод пиво авчирсан байсан. Би тэр пивоноос нь уусан. Тэгээд унасан машинаа ачаад мажаа амралтан дээр аваачаад буулгасан. Бид яах учраа олохгүй байтал Баасанням ээждээ энэ тухай хэлсэн. Ээж нь ахад нь хэлсэн учраас ах нь цагдаад хандсан байсан. Ийнхүү цагдаа ирээд унасан машиныг Хангалын журмын хашаанд аваачиж хийгээд Батзориг Хосбаяр Баасанням яг уусан цаг хугацаа маань хэрэг явдал болсноос хойш бүгд мэдсэний дараа би архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэж ойлгуулах гэсэн юм. Энэ бүхний талаар Булган аймгийн цагдаагийн газарт хүн бүрээс авсан мэдүүлэгт тодорхой байдаг тул уг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж хаасан материалыг энэ хэрэгт татаж хянуулах хүсэлтэй байна.

Хариуцагч нар иргэний хэргийн шүүх дээр шал өөр зүйл ярьж намайг үндэслэлгүй худал гүтгэж байсан. Миний хэлэх үг гэвэл тэдний гүтгээд байгаа хэсгийг тодруулж тайлбарлах, үнэн зөвийг бодитойгоор нь нотлох гэсэн юм. Үүнд Баасанням анх л надад өөрөө түлхүүрээ гараараа өгсөн. Тасарч унтаагүй байсан мөртлөө намайг түлхүүр хулгайлсан гэж худал мэдүүлж байгаа юм. Үүнийг гэрчлэх хүн бол Батзориг, Алтаншагай, Хосбаяр нар эхлээд түлхүүр авч байхыг харсан. Тэд бүгд харсан бөгөөд үнэнг хэлэхгүй, харин ч би юу ч мэдэхгүй гэж мэдүүлсэн байна. Алтаншагай гэх эмэгтэй бол өөрөө өгчхөөд надаас аваад явсан гэсэн мэдүүлэг өгсөн байдаг үүнийг шүүх анхааран хэргийг дахин бүх талаас нь шалгаж үзэхийг хүсэж хэрэгт гэрчээр Алтаншагай, Хосбаяр нарыг оруулж асуулгах хүсэлтэй байна. Хосбаяр, Алтаншагай, Шинэбаяр, Баасанням гэх хүмүүс бол бүгд урьдын найз нөхөд хуурай эгч дүүсийн холбоотой хүмүүс болохоор бүгд мэдүүлгээ нийлүүлж миний эсрэг тааруулж өгсөн. Дээрх хэрэг маргаанд хариуцлага хүлээж буй хүмүүс тус бүр нь Булган аймгийн цагдаагийн байгууллагад анх өгсөн мэдүүлгээр үнэн зөв мэдүүлсэн байдаг тул хэргийг бодитоор дүгнэж, хэний гэм буруутай үйлдлээс хэрэг гарсан болох, гэм хор уршгийг хэн хэн яаж хариуцах ёстой зэрэг бүхий л ялгамжтай байдлыг оновчтой тогтоож оногдуулахад нэн шаардлагатай нотлох баримт тул хэрэгт харьцуулан судлуулахаар татаж хянуулах. Энэ нь хэргийг үнэн зөв шийдвэрлүүлэх хүсэлтэй байгааг минь хүлээн авна уу. Би эрх зүйн мэдлэг дутмаг мөн тэдэнд итгэж. үнэн бодит байдлаар нь хэлэх байх гэж бодож байтал анхан шатны шүүхэд ямар ч үндэслэлгүй худал ярьж гүтгэсэнд маш их гомдолтой байна. Ашид билгүүн ХХК-иар приус-20 маркийн 15-35 ОРБ улсын дугаартай 2004 онд үйлдвэрлэгдсэн. Монголд 2016 онд орж ирсэн. Эдэлгээний хувьд үйлдвэрээс гараад 16 жил болсон он хуучирсан машиныг хэт өндөр үнээр буюу он запуу сүүлийн үеийн нэмэлт тоноглолтой приус-20 автомашины хамгийн дээд үнэлгээгээр биднийг оролцуулахгүй үнэлсэн нь бодит үнэлгээ гэж үзэх үндэслэлгүй байгаа юм. Би анх л үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй дахин хийлгэх хүсэлт гаргаж байсан, гэвч огт хүлээн аваагүй. Маргаан бүхий хэрэгт 2 талыг байлцуулж уг авто машины эвдрэл гэмтлийг тогтоож улмаар засан сайжруулж болох эсэх талаар дүгнэлт гарсны дараа эвдрэлд үнэлгээ хийх ёстой байсан. Гэтэл нэг талын санаачилгаар хийсэн үнэлгээ нь бодит байдалд нийцэхгүй гарсан байх тул дахин үнэлгээ хийлгэх хүсэлтэй байна.

Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 01142 тоот шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Баасаннямын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтуяа давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Одсүрэнгийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.Баасанням. Э.Эрдэнэбулган, Б.Батзориг нарт холбогдох гэм хорын хохирол 6 256 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий маргааныг хянан шийдвэрлэсэн Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн №142/ШШ2020/01142 тоот шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтуяа би 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч танилцаад эс зөвшөөрч энэ гомдлыг гаргаж байна.

Э.Одсүрэнгийн эзэмшлийн 15-25 ОРА улсын дугаартай приус-20 маркийн авто машиныг 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Л .Баасанням нь Э.Одсүрэнгээс гуйж аваад өөрөө жолоодон Хосбаяр, Мөнгөншагай. Э.Эрдэнэбулган, Б.Батзориг нарын хамт Мажаа амралтын газарт очсон байна. Уг тээврийн хэрэгслийг Э.Эрдэнэбулган, Батзориг нар нь Л.Баасаннямын зөвшөөрөлгүй жолоодож яваад замын хажуу руу оруулж тээврийн хэрэгсэлд гэм хор учруулсан дээр талууд маргаагүй. Хариуцагч Л.Баасаннямын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтуяа би Булган аймгийн прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн 2020 оны 06 дугаар сарын 23- ны өдрийн 4/72 дугаартай прокурорын тогтоол болон хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан материалтай танилцаад Булган аймгийн цагдаагийн газар мэдээлсэн 1075 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол хэрхэн шийдвэрлэгдсэн, шийдвэрлэгдсэн бол хэний буруутай үйлдлийн улмаас уг осол болсон талаарх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг гаргуулахаар хүсэлт гаргасан. Гэрч Хосбаяр, Мөнгөншагай нар нь Л.Баасаннямыг унтаж байхад Э.Эрдэнэбулган өмднийх нь карманаас нь ухаж машины түлхүүрийг зөвшөөрөлгүй авч явсан зэрэг мэдүүлгээр нотлогддог гэтэл шүүх үндэслэх хэсэгтээ Л.Баасаннямыг бусдад өөрийн буруугаас ашиглах боломж олгосон нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж хариуцагч нарын хэний гэм буруутай үйлдлийн улмаас 6 256 000 төгрөгийн гэм хор үүссэнг тогтоохгүйгээр хариуцагч Э.Эрдэнэбулган, Батзориг нарын торгуулсан гэх ганцхан үгээр талууд маргаагүй гэх үндэслэлээр хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж хүсэлтийг хангаагүй ба хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 497.2, 499.3 дугаар зүйл заалтыг буюу хуулийг буруу тайлбарлан үндэслэлгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд Анхан шатны шүүх нь иргэний хэрэгт авагдсан нотлох баримтад хууль ёсны болоод үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дугаар зүйлд заасны дагуу гомдол гаргаж байна. Иймд Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн №142/ШШ2020/01142 тоот шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийг оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Одсүрэн нь хариуцагч Л.Баасанням, Э.Эрдэнэбулган, Б.Батзориг нарт холбогдуулан хохирол - 6.256.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Одсүрэн нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотолж хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад буюу Ашид билгүүн ХХКомпани 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Приус-20 маркийн, 15-35 ОРБ улсын дугаартай автомашины эвдрэл, хохирлыг үнэлгээг 6.256.000 төгрөгөөр үнэлж шинжээчийн дүгнэлт гаргасан байна.

Шинжээчээр тогтоогдсон Ашид билгүүн ХХК нь үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй эсэх тодорхойгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч болон шүүгчийн захирамжийн дагуу шүүхэд ирүүлсэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан материал болон шинжээчийн дүгнэлтэд тухайн байгууллагын хуулбар үнэн тэмдэглэл хийгдээгүй баримтыг шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4.-т заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй байна.

Шүүх хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад гаргасан дээрх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтанд үнэлж, машины хохирол -6.256.000 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн хувааж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэж нэхэмжлэлийг хангах нөхцөл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцээгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэгт байгаа нотлох баримтын хүрээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 142/ШШ2020/01142 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч Э.Эрдэнэбулганы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48.316 төгрөг, хариуцагч Л.Баасаннямын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48.400 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Б.БАТТӨР

Б.ОЮУНЦЭЦЭГ