Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 694

 

 

 

 

 

 

 

 

 

 

З.Батсайханд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                       

          Ялтан З.Батсайханы өмгөөлөгч Д.Баасансүрэн,                                  

          Хохирогч Г.Цэнгэнжаргал,

          Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч С.Олзод, Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 61 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан З.Батсайхан, түүний өмгөөлөгч Д.Баасансүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудаар 2016 2603 0253 дугаартай З.Батсайханд холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Бэсүд овгийн Зандангийн Батсайхан, 1992 оны 11 дүгээр сарын 23-нд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “Яргайт цамхаг” ХХК-д барилгын гадна фасадны ажилчин ажилтай байсан, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 3 дугаар гудамжны 113 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ДО92112310/,

 

З.Батсайхан нь 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр 18-19 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Буянт-Ухаагийн 16 дугаар гудамжны 113 тоотод “өөрийн төрсөн эх Г.Цэнгэнжаргалтай архины мөнгө өгсөнгүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж “та нарыг ойртвол ална” гэж хүч хэрэглэхээр заналхийлж догшин авирлаж танхайрсан, танхайрах явцдаа төрсөн эцэг Х.Зандангийн эзэмшлийн эд хөрөнгийг /монгол гэрийг гадна талаас нь гэрийн зүүн талын хана, туурга болон цагаан бүрээс, хаалга зэргийг галдан шатаасан/ санаатайгаар устгах гэмт хэргийг галдан шатаах аргаар үйлдэж бусдад 190.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: З.Батсайханы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: З.Батсайханыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар галдан шатаах аргаар устгах, алхыг зэвсгийн чанартай хэрэглэж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, З.Батсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар З.Батсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 6 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялын зарим болох 1 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн З.Батсайханы эдлэх ялыг 7 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар З.Батсайханд оногдуулсан 7 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, З.Батсайханд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар З.Батсайханы цагдан хоригдсон 3 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулж тооцож, З.Батсайхан нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн иштэй алхыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг даалгаж шийдвэрлэжээ.

 

            Ялтан З.Батсайхан гаргасан давж заалдах гомдолдоо “...Би уг хэргээс болж маш их зүйл ухаарч, үнэхээр их гэмшиж байна. Намайг галдан шатааж устгасан гэж зүйлчилж байгааг ойлгохгүй байна. Би тусдаа гарч амьдраагүй болохоор энэ гэр манай гэр бүлийн дундын өмч. Би алх барьж хэнийг ч цохиогүй байхад намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 гэдэг хүнд зүйл ангиар ялласанд гомдолтой байна. Тухайн үед алх бариад “ойртвол ална шүү” гэж айлгаад зугтаая гэж бодсон. Би өөрийн ар гэр, эцэг, эхээсээ уучлалт гуйсан. Иймд энэ байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

 

            Ялтан З.Батсайханы өмгөөлөгч Д.Баасансүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

            Нэгдүгээрт. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн талаар

            1. Яллах дүгнэлтэд “...төрсөн эцэг Х.Зандангийн эзэмшлийн эд хөрөнгийг санаатайгаар устгах гэмт хэргийг үйлдсэн...” гэжээ.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас түүний эцэг Х.Зандан хохирсон гэж ялласан байж түүнийг хохирогчоор тогтоож байцаалт аваагүй, шүүх хуралдаанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал үүсээгүй байхад түүнийг төлөөлөх эрхгүй Г.Цэнгэнжаргал, З.Отгонбаатар нарыг хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тогтоол үйлдсэн ба хууль ёсны төлөөлөгч хэсэгт гарын үсэг зураагүй зэрэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл юм.

            2. Тус эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа Г.Цэнгэнжаргал, З.Отгонбаатар нарыг хохирогчоор тогтоож, мэдүүлэг авсан боловч З.Батсайханд ял сонсгож, яллагдагчаар татахдаа хохирогч З.Отгонбаатартай холбоотой үйлдлийг шалгаагүй орхигдуулж, яллах дүгнэлтэд хохирогчоор оруулаагүй байна.

            Энэ талаар улсын яллагч “...З.Отгонбаатарт гэмтлийн зэрэг байхгүй, гомдол саналгүй гэхээр нь юугаар ч тогтоогоогүй...”/хх 145 ар тал/, “...үүнтэй холбогдуулан хэрэгсэхгүй болгосон зүйл байхгүй...” гэжээ.

            Эндээс харахад Г.Цэнгэнжаргал, З.Отгонбаатар 2 тухайн үед хамт байсан байхад З.Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсгээр хохирогчоор тооцож, тус зүйлээр З.Батсайханд сонсгосон ялыг хүчингүй болгосон тул З.Отгонбаатарыг яллах дүгнэлтэд оруулаагүй, Г.Цэнгэнжаргал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсгийн хохирогч мэтээр ойлгогдож байна. Иймд З.Отгонбаатарт холбогдох үйлдлийг шийдвэрлээгүй орхигдуулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 214 дүгээр зүйлийн 214.1.5 дахь хэсгийг зөрчиж байна.

            Нөгөө талаар танхайн гэх үйлдэл нь анхнаасаа хувийн харьцаанаас үүдэлтэй бусдын амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг тул гэмтлийн зэрэг байхгүй, гомдол саналгүй гэснээр хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй болохыг улсын яллагч өөрөө нотолж байна.

            Хоёрдугаарт. Хэргийн зүйлчлэл болон гэмт хэргийн бүрэлдэхүүний талаар.

            1. Шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээрт “...З.Батсайханыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар галдан шатаах аргаар устгах, алхыг зэвсгийн чанартай хэрэглэж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд...” тооцсон гэжээ.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсгээр зүйлчилсэн үйлдэл нь гэрч З.Отгонбаатарын мэдүүлэг “...ах З.Батсайхан уурандаа намайг сууж байхад хөл рүү өшиглөөд байсан. Тэрээр өөрөө согтуу байсан болохоор намайг хүчтэй чанга цохиж, өшиглөж чадаагүй. Би өөрийгөө хамгаалаад ах З.Батсайханаар бараг цохиулаагүй. Гэхдээ миний хамар луу гараараа хальт шүргэснээс болж бага зэрэг цус гарсан. Тэрнээс надад ямар нэгэн гэмтэл учраагүй. Тэгээд З.Батсайхан ах архины мөнгө өгсөнгүй гээд мөн ээж рүү дайраад цохих гэж дайрахаар нь би дундуур нь ороод ээжийг авч гэрээсээ гартал З.Батсайхан ах гэртээ ганцаараа үлдсэн...”/хх 37 ар тал/, З.Батсайханы мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг “...тэгтэл тэр хоёр намайг гэрт орхиод гадаа гарсан. Гарахдаа гэрт үлдээгээд гэрийн хаалгыг гадна талаас нь хаасан...”/хх 62/-аар танхайн гэх үйлдэл төгссөн болох нь тодорхой харагдаж байна.

            Энэ үйлдэл нь анхнаасаа танхайрах гэмт хэргийн шинж агуулаагүй ба уг гэмт хэргийн гол объект нь нийгмийн хэв журам байдаг. Энэ асуудал өөрийн гэрт болсон гэр бүлийн хоорондын маргааны шинжтэй ба олон нийтийг илтэд хүндэтгэн үзээгүй буюу нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчөөгүй байвал хүний амь бие, эрүүл мэнд, эрх, эрх чөлөө, алдар хүнд, нэр төрийн эсрэг гэмт хэргээр зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Улсын Дээд шүүхийн тайлбарт тусгасан. Мөн улсын яллагч З.Отгонбаатарт гэмтлийн зэрэг байхгүй, гомдол саналгүй гэхээр нь юугаар ч тогтоогоогүй...” /хх 145 ар тал/ гэсэн хариултаас хувийн сэдэлттэй болох нь нотлогдож байна.

            Хэрэв энэ үйлдлийг танхай гэж үзээд байгаа бол танхайрах явцад алх хэрэглээгүй төгссөн байтал үргэлжилсэн үйлдлээр танхайрах явцдаа галдан шатаасан гэж зүйлчлэх үндэслэлгүй бөгөөд Улсын Дээд шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 41 тоот тогтоолын 3.2 дахь хэсэгт “...хувийн эд хөрөнгөө санаатайгаар устгах, гэмтээх нь танхайрах гэмт хэргийн шинжтэй байвал зөвхөн танхайрах гэмт хэргээр зүйлчилнэ” гэснийг баримтлах ёстой.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсгээр зүйлчилсэн үйлдэл нь “...бид хоёр гадаа хашаандаа зогсож байтал З.Батсайхан гарч ирээд нэг асаагуур гаргаж ирээд “энэ гэрийг чинь шатаана” гэж хэлээд гэрийн хажууд байдаг нүүрс хагалдаг урт иштэй алхыг барьчихаад асаагуураараа гэрийн зүүн талаас нь буюу гадна талаас нь шатааж эхэлсэн...”/хх 37 ар тал/ юм.

            Шүүх бусдын эд хөрөнгийг санаатайгаар галдан шатаах аргаар устгасан гэж үзэж гэм буруутайд тооцсон. Улсын Дээд шүүхийн тогтоолд “эд хөрөнгийг устгах гэж түүнийг зориулалтаар нь ашиглах боломжгүй болгохыг хэлнэ” гэж тайлбарласан.

            Эндээс харахад одоо халдлагын зүйл болох гэртээ амьдарч байгаа нь хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлогдох тул эд хөрөнгө устгасан гэж яллах хууль зүйн үндэслэл үгүйсгэгдэж байна.

            Энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн нь “...энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусдад хүнд хор уршиг учирсан бол...” гэжээ. Ийм хор уршиг учруулах арга нь галдан шатаах буюу нийтэд аюултай бусад арга юм. Өөрөөр хэлбэл үйлдсэн аргаас илүү хор уршиг нь хүнд байхыг шаардаж байна.

            Улсын яллагч яллах дүгнэлтдээ “...З.Батсайхан нь нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрсан, танхайрах явцдаа төрсөн эцэг Х.Зандангийн эзэмшлийн эд хөрөнгийг санаатайгаар устгах гэмт хэргийг галдан шатаах аргаар үйлдсэн...” гэжээ. Улсын Дээд шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 41 дүгээр тогтоолд “танхайрах явцдаа бусдын бие махбодид хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулсан, эд хөрөнгийг устгасан, гэмтээсэн зэргийг догшин авирлаж гэж үзнэ” хэмээн тайлбарласан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэг үгүйсгэгдэж байна.

            Гуравдугаарт: Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, учруулсан хохиролд ял оногдуулах талаар Эрүүгийн хуулийн зарчим зөрчсөн талаар.

            Улсын Дээд шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 41 дүгээр тогтоолд дурдсанаар танхайрах явцдаа бусдын эд хөрөнгийг устгасан, гэмтээсэн бол догшин авирласан гэж үзэх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэг үгүйсгэгдэж байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар догшин авирласан гэмт хэргийн шинжийг тус хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт зааснаар хэлбэрийн төдий агуулсан боловч ялимгүйн учир нийгэмд аюулгүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй байх үндэслэлтэй байна.

            Эрүүгийн хуулийн 6 дугаар зүйлд заасан “...гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал...”, 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсгийг харгалзан үзэхгүй үйлдсэн гэмт хэрэгт нь илэрхий хүнд ял оногдуулж мөн хуулийн 7 дугаар зүйлд заасан энэрэнгүй ёсны зарчмыг зөрчсөн шийтгэх тогтоол гаргасанд гомдолтой байна.

            Дөрөвдүгээрт: Эд зүйлийн үнэлгээний талаар.

            Эд зүйлийг үнэлсэн үнэлгээ /хх 21/ нь хохирогчийн 2016 онд худалдаж авсан үнээр комисс баталсан нь үндэслэлгүй юм. Аливаа эд зүйлийг үнэлэхдээ тухайн эд хөрөнгийн элэгдэл хорогдлыг заавал тооцон үзэж бодит хохирлын хэмжээг гаргах ёстой.

            Гэтэл уг үнэлгээ нь 2000 онд 600.000 төгрөгөөр худалдаж авсан гэрийн эд зүйлсийн тухайн үеийн үнэлгээг гаргаж, түүнээс элэгдэл хорогдлыг хасаж тооцож гаргаагүй нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл бодитоор худалдан авсан 190.000 төгрөгөөс 16 жилийн элэгдэл хорогдлыг тооцож бодит дүн гарах ёстой юм.

            Ийнхүү бодит хохирлыг үнэн зөв тооцон гаргаснаар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нийцэх төдийгүй шүүгдэгчийн өөрт оногдох хувийн эд хөрөнгө гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм.

            Тав: Хэрэг хариуцах чадвартай эсэх талаар.

            1. З.Батсайхан нь шүүх сэтгэц эмгэг судлалын 238 тоот дүгнэлтээр /хх 42/ архины хамааралтай эсэхийг оношлох Мичигоны сорилоор 20 оноо буюу архинд донтох өвчний 2 дугаар үе, архины хараат байдлын дунд үе гэж тодорхойлжээ. Тус дүгнэлтээр “...уг сэтгэцийн байдал нь олдмол бөгөөд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үүсдэг...”, “...архинд донтох энгийн хараат байдлын хам шинж сэтгэцийн эмгэгтэй...” байгаа боловч эмнэлгийн байнгын хяналтад байдаг гэх баримт үгүй байна гэжээ.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт “шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт ...шүүхийн дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримт, шүүхээс бусад нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэл, шалтгааныг тодорхойлно” гэж заасан. Гэтэл Шүүх сэтгэц эмгэг судлалын 238 тоот дүгнэлтийг яллах талаас харж “...З.Батсайхан нь хэрэг үйлдэх үедээ архинд донтох эмгэгийн хараат байдлын хам шинж, энгийн согтолттой байсан бөгөөд эмгэг согтолтод ороогүй болно. З.Батсайхан нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэсэн дүгнэлт нь тус хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1.3 дахь хэсгийг зөрчин, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авч бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй байх тул мөн хуулийн 317 дугаар зүйлийн 317.1.2 дахь хэсэгт заасан хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэж үзнэ.

            Энэхүү дүгнэлтээс харахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй, өөрөөр хэлбэл сэтгэцийн архаг өвчтэй, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, эсхүл оюун ухааны хомсдолтой буюу өөр бусад хүнд өвчний улмаас сэтгэцийн хувьд өөрийн үйлдэл, эс үйлдэхүй, нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлах буюу үйл ажиллагаагаа удирдан жолоодох чадваргүй болсон этгээдэд ял оногдуулахгүй гэж зааснаар ял оногдуулахгүй байх хууль зүйн үндэслэлтэй байна.

            Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийн 6, 7 дугаар зүйл, 22 дугаар зүйлийн 22.1, 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэг болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 23.1, 42.4, 214.1.5, 296.1, 317 дугаар зүйлийн 317.1.1-317.1.3, 318, 319.1.3, 319.1.4, 321.1.3 дахь хэсгүүдийг ноцтой зөрчиж, шүүгдэгчийн хууль ёсны эрх ашгийг хохироож, эрх зүйн байдлыг хүндрүүлж ял оногдуулсан тул мөн хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт зааснаар тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү, мөн давж заалдах шатны шүүх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах үндэслэлтэй гэж үзвэл З.Батсайханд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг батлан даалтанд гаргаж өгнө үү...” гэв.

            Хохирогч Г.Цэнгэнжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Миний бие мөрдөн байцаалтын шатанд хүү З.Отгонбаатарын хэлснээр мэдүүлэг өгсөн, би яг З.Батсайханыг гэрийг галдан шатааж байгааг хараагүй, тухайн үед хашааны гадаа зогсож байсан. Манай хүү З.Батсайхан архи уугаад байдаггүй, мөн би хохирлоо бүрэн барагдуулж авсан...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “Шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох зарим зүйлийг мөрдөн байцаалтын шатанд шалгаагүй, мөрдөн байцаалт гүйцэд биш хийгдсэнийг шүүхийн хэлэлцүүлгээр нөхөн гүйцэтгэх боломжгүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэжээ.

 

З.Батсайханд холбогдох хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Х.Занданг иргэний нэхэмжлэгчээр тогтоох тогтоол үйлдсэн /хх 31/, түүнийг иргэний нэхэмжлэгчээр байцаасан /хх 32/, гэрчээр байцаасан /хх 33-34/, Г.Цэнгэнжаргал, З.Отгонбаатар нарыг хохирогчоор тогтоож, /хх 24, 29/ тэдгээрийг хохирогчоор байцаасан /хх 25-28, 29-30/ зэрэг ажиллагааг хийсэн атлаа Хан-Уул дүүргийн прокурорын газраас яллагдагч З.Батсайханы үйлдсэн гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэхдээ “...танхайрах явцдаа төрсөн эцэг Х.Зандангийн эзэмшлийн эд хөрөнгийг санаатайгаар устгах гэмт хэргийг галдан шатаах аргаар үйлдэж бусдад 190.000 төгрөгийн хохирол учруулсан...” гэсэн нь ойлгомжгүй, гэмт хэргийн улмаас хэнд ямар хэмжээний хохирол учирсан эсэх, хэргийн хохирогчийг зөв тогтоогоогүйгээс хохирогчийн эдлэх хуульд заасан эрхийг хязгаарласан байна.

 

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлд зааснаар З.Батсайханы гэмт үйлдлийн улмаас хохирол хүлээсэн этгээдийг хохирогчоор тогтоож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасан “…гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ…”-г нотолж бодит хохирлыг зөв тогтоох шаардлагатай гэж үзлээ.     

           

            Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан Шүүх сэтгэц эмгэг судлалын 238 дугаартай “...З.Батсайхан нь архинд донтох энгийн хараат байдлын хам шинж, сэтгэцийн эмгэгтэй байгаа боловч эмнэлгийн байнгын хяналтад байдаг гэх баримт үгүй байна...” гэсэн дүгнэлтийг үндэслэн, З.Батсайханы хувийн байдал тогтоогдсон гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн нь эргэлзээ төрүүлэхүйц байх тул нэмэлт шинжилгээ хийлгэж шинжээчийн дүгнэлт гаргуулсны дараа эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

            Дээрх үндэслэлүүдээр давж заалдах гомдол гаргасан ялтан З.Батсайханы өмгөөлөгч Д. Баасансүрэнгийн  гомдлыг хүлээн авах үндэслэлтэй гэж үзэв.

 

            Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 61 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, З.Батсайханд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцаасугай.

 

            2. Хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газарт очтол З.Батсайханд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

            3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргахгүй, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Л.ДАВААСҮРЭН

 

                                 ШҮҮГЧИД                                              О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                                                                    Ж.ЭРДЭНЭЧИМЭГ