Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 61

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч С.Олзод, шүүгч Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Баясгалан хөтөлж, 

иргэдийн төлөөлөгч Б.Чулуунхүү

            улсын яллагч Х.Жанибек,                              

            хохирогч Г.Цэнгэнжаргал,

            шүүгдэгч З.Батсайхан, түүний өмгөөлөгч Д.Баасансүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

  Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 153 дугаар зүйлийн 153.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүд овогт Зандангийн Батсайханд холбогдох 201626030253 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, эрэгтэй, 25 настай, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, "Яргайт цамхаг" ХХК-­нд барилгын гадна фасадны ажилчин, ам бүл 5, эцэг, эх ах, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 9-р хороо, Буянт-Ухаагийн 3-р гудамж 113 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Бэсүд овогт Зандангийн Батсайхан /РД: ДО92112310/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч З.Батсайхан нь 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр 18-19 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 16 дугаар гудамжны 113 тоотод өөрийн төрсөн эх Г.Цэнгэнжаргалыг архины мөнгө өгсөнгүй" гэх үл ялих  зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин алхыг зэвсгийн чанартай хэрэглэж "та нарыг ойртвол ална" гэж хүч хэрэглэхээр заналхийлж догшин авирлаж танхайрсан, танхайрах явцдаа төрсөн эцэг Х.Зандангийн эзэмшлийн монгол гэрийг гадна талаас нь гэрийн зүүн талын хана, туурга болон цагаан бүрээс, хаалга зэргийг галдан шатааж санаатайгаар устгах гэмт хэрэгт холбогджээ.                                                          

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба цагаатгах талуудын саналаар болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрчийн гаргасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч З.Батсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 02 дугаар сарын 16-ны орой ажлаа тараад нилээн согтуу гэртээ ирээд ээж, дүүгээсээ мөнгө гуйхад өгөхгүй болохоор нь муудалцсан. Тэгтэл ээж, дүү хоёр намайг гэрт цоожилчихоод гараад явахад нь би араас нь гэрийн хаалгаа эвдээд гэрээс гарсан. Би өглөө эрүүлжүүлэхэд сэрэхдээ болсон асуудлын талаар хүмүүсээс сонссон. Би яг юу болсон талаар сайн санахгүй байна. Би архины мөнгө нэхээгүй, гадагшаа гарах гээд мөнгө гуйсан юм. Би тамхи татдаг боловч мөрдөн байцаалтын шатанд гэрээ шатаасан гэж хэлээгүй, ээж рүүгээ алх барьж дайраагүй. Тухайн үед манай авга ах нас барчихсан байсан болохоор би сэтгэл санаагаар унаад архи уусан байсан. Зандан бол манай эцэг юм. Бид хамтдаа амьдардаг бөгөөд манай гэр бидний дундын өмч гэв.

Шүүгдэгч З.Батсайхан мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: "2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр өглөө манай гэрт 0.33 хэмжээтэй, ерөөл нэртэй архи байсныг авч гараад гадаа ганцаараа уусан. Тэгээд би буцаж ирээд гэртээ хэсэг байж байгаад дахиад гудамжаар явж байгаад нэг танихгүй эрэгтэй хүнтэй таараад надад үлдсэн 10000 орчим төгрөгөөр 0.75 хэмжээтэй, Монгол стандарт нэртэй нэг шил архи аваад тэр ахтай хамт гэрийнхээ ойролцоо гудамжинд хувааж уусан. Тэгээд би тэндээсээ гэр рүүгээ харьсан. Гэрт иртэл ээж Г.Цэнгэнжаргал, дүү З.Отгонбаатар нар ирчихсэн байсан. Тэр үед уусан архиндаа болоод их согтчихсон байсан. Согтуудаа би ээжээс "та надад 10.000 төгрөг өгчих, архи авч уух гэсэн юм" гэж гуйсан. Тэгээд нэг мэдтэл дүү 3.Отгонбаатартай маргалдаж уурандаа дүүгийнхээ хөл рүү нь нэг удаа өшиглөсөн. Гэмтэл учрахаар өшиглөөгүй. Дүү намайг унтуулах гэж байгаад хамраа шүргүүлсэн. Тэгсэн чинь дүүгийн хамарнаас нь цус гарсан. Би дүүгийнхээ нүүр, хамар, ам руу цохиогүй. Тэгтэл тэр хоёр намайг гэрт орхиод гадаа гарахдаа  гэрийн хаалгыг гадна талаас нь хаасан. Тэгэхээр нь би гэрийнхээ хаалгыг түлхээд гартал ээж, дүү хоёр хашаанд надад харагдахгүй байсан. Тэгэхээр нь буцаад гэртээ орох гэтэл хаалга хаагдчихаад онгойхгүй байхаар нь гадна талаас нь өшиглөхөд хаалга эвдэрсэн. Гэрт хүн байгаагүй, би гэрийн хажуу талын нүүрсний хэсгээс хар өнгийн иштэй, урт алхыг авсан. Тэгээд би тэрнээс хойш яг юу болсон талаараа сайн санахгүй байна. Ямар ч байсан тухайн үед архины мөнгө өгөөгүй болохоор уур хүрээд гэрээ шатаасан байсан. Би жижиг улаан өнгийн хуванцар гадаргуутай асаагуур халаасандаа хийгээд явж байсан. Тэр үед бензин болон бусад төрлийн шатах шингэн хэрэглээгүй. Нэг мэдсэн чинь би гэр дээрээ гарчихсан алхаа барьчихсан зогсож байсан ба гэр зүүн талаасаа шатаж байсан. Харин гал командын хүмүүс ирчихсэн гэрийн шатаж байгаа хэсэг рүү ус шүршсэн. Тэгэхээр нь би гэр дээрээсээ буугаад цаашаа хашаа даваад гудамжаар доошоо уруудаж зугтаагаад хойшоо гудамжаар гараад хуучин 9 дүгээр хорооны байрны хажуу талын 1 давхар байшин дээр гарсан. Яаж тэр байшин дээр гарснаа сайн мэдэхгүй байна. Тэгээд байшин дээр гараад байж байтал цагдаа нар ирсэн. Тэгээд цагдаа нар намайг буугаад ир гэхээр нь би хэсэг байж байгаад байшингийн дээвэр дээрээс бууж цагдаа нарт баригдаж эрүүлжүүлэхэд орсон. Би өөрийн хийсэн үйлдэлдээ их ичиж гэмшиж явдаг болсон. Шатаасан гэрийг 1999 онд намайг жаахан байхад аав Х.3андан авч байсан. Аавын эзэмшлийн гэр. Аав Х.3андан надад уг гэрээ өвлүүлж үпдээгээгүй. Би эх Г.Цэнгэнжаргалд хохирлын мөнгө гэж цалингаасаа 180.000 төгрөг бэлнээр өгсөн. Тэр мөнгөөр ээж шинэ гэрийн хаалга, хана, туурга, цагаан бүрээс, бүслүүр зэргийг авсан гэжээ. /хх-ийн 58-61-р хуудас/,

 

Хохирогч Г.Цэнгэнжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 02 дугаар сарын 16-ны орой хүү З.Батсайхан архи уучихаад гэртээ ирээд бага хүү Отгонбаатар бид хоёроос архины мөнгө 10.000 төгрөг нэхэхээр нь би загнаад мөнгө өгөөгүй юм. Гэтэл миний гар утас дуугараад би утсаар ярих гээд гарсан хойгуур З.Батсайхан дүү Отгонбаатартайгаа маргалдаж байсан. Тэгээд гэртээ орох гээд эргээд хартал гэрээс утаа гараад эхэлсэн. Уг нь би цагдаа дуудъя гэж бодож байсан боловч манай хажуу талын айлын хүн цагдаа дуудсан байсан. Би хүү З.Батсайханыг гэрээ шатааж байхыг хараагүй. Тухайн гэр нь бидний дундын өмч тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.  Би өмнө нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ хүү Отгонбаатарын ярьснаар мэдүүлэг өгсөн. Манай гэрийн туурганы тал, ханын 4 толгой л шатсан бөгөөд энэ гэрийг 2000 онд манай гэр бүлийн хүн машин давсаар сольж авч байсан тул уг гэр нь бидний дундын өмчлөлийнх юм. Тухайн өдөр хүү З.Батсайхан нилээд согтуу байсан. Цахилгааны утаснаас болж гал гарч гэр шатсан. Бид одоо энэ гэртээ амьдарч байгаа. Манай хүү З.Батсайхан байнга архи уугаад байдаггүй, энэ өвөл авга ах нь нас бараад сэтгэл санаа нь их тавгүй байсан болохоор тухай өдөр архи уусан байсан. Хүмүүжлийн тал дээр манай хүүхэд З.Батсайханд ямар нэгэн доголдол байхгүй гэв.

Хохирогч Г.Цэнгэнжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 02 дугаар сарын 16-ны орой 17 цагийн үед ажлаа тараад бага хүү Отгонбаатарын хамт гэртээ ирээд байж байтал манай дунд хүү Батсайхан гаднаас согтуу орж ирсэн. Тэгээд надаас 10.000 төгрөг өгчих архи авч уух гэсэн гэхээр нь би Батсайханыг загнаад чи яахаараа мөнгө нэхэж байгаа юм бэ? арай дэндэж байгаа юм биш үү? хүү минь хэрдээ л байгаарай гэж хэлсэн. Тэгсэн уурлаад бага дүү Отгонбаатарыг хөлөөрөө өшиглөөд гараараа цохиж аваад хамраас нь цус гаргаад дараа нь намайг бас гараараа цохиж авсан. Тэгэхээр нь хүү бид 2 гараад зугтаасан. Тэгтэл Батсайхан гэрээс нэг гартаа хар иштэй алх барьчихсан нэг гартаа асаагуур барьчихсан зогсож байгаад манай гэрийн зүүн урьд хэсгийн гадна бүрээснээс гал тавьж шатааж эхэлсэн. Тэгээд Батсайханыг болиоч гэсэн чинь ойртвол ална шүү гээд алх барьчихсан зогсоод байсан. Манай хөрш айлын хүн цагдаа, гал 2 дуудаад удалгүй галынхан ирээд гал унтраасан. Одоогоор гэрээ бүрэн янзалсан. Нэг шинэ хана, нэг хаалга, нэг туурга, гаднах цагаан бүрээс, өрхний өнгө зэргийг нийт 180.000 төгрөгөөр худалдан авсан. Уг мөнгийг Батсайхан өөрөө гаргасан. Одоо надад гомдол санал байхгүй. Батсайхан дүүгээ тухайн үед өшиглөж, алгадаж байсан гэж би өмнөх мэдүүлэгтээ мэдүүлсэн. Миний харснаар бол тухайн үед дүүгээ тийм хүчтэй, гэмтэл учрахаар  өшиглөөгүй. Уг шатаагдсан гэрээ 1999 оны 09 дүгээр сарын үед нөхөр Х.Зандан нь өөрөө 600.000 төгрөгөөр Говь-Алтай аймгаас хувь хүнээс худалдан авч байсан. Одоо уг гэр нөхөр Х.Зандангийн өмчлөлд байдаг. Би өмнөх өгсөн мэдүүлэгтээ хүү З.Батсайхан намайг цохьсон гэж хэлчихсэн. Гэхдээ тухайн үед хүү З.Батсайхан намайг цохиж зодоогүй. Тухайн үед айж сандарсандаа дээрх байдлаар мэдүүлсэн байна гэжээ. /хх-ийн 23-26 дугаар хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Х.Зандан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ ...хүү З.Батсайханыг гэрээ шатаах үед би Өмнөговь аймагт ажлаар явж байсан. Би уг өдрийн маргааш нь гэртээ иртэл манай гэрийн гадна хэсэг буюу зүүн хэсгээрээ хэсэг газар нь шатсан байсан. Гэрийн зүүн хана, зүүн талын туурга, хаалга эвдэрч хүрээ нь шатсан байсан. Шатсан болон эвдэрсэн хэсгийг ашиглах боломжгүй болгосон байсан. Угаасаа удаан хугацааны турш хэрэглэсэн гэр байсан. Тэгээд юу болсон талаар асуухад З.Батсайхан нь "согтуудаа гэртээ агсам тавьж гэрээ шатаасан" гэсэн. Сүүлд нь З.Батсайхан өөрийнхөө цалингаар ээждээ 180.000 төгрөг өгч шинээр гэртээ хаалга, хана, туурга, бүрээс, бүслүүр зэргийг худалдан авсан. Шатаагдсан гэрийг би 2000 он гарахаас өмнө худалдан авч байсан санагдаж байна. Би яг хэдэн төгрөгөөр авч байснаа санахгүй байна. Уг гэр нь миний эзэмшлийн гэр гэжээ. / хх-ийн 30 дугаар хуудас/,

 

Гэрч З.Отгонбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ах З.Батсайхан 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр намайг ээж Цэнгэнжаргалтай хамт гэртээ байж байтал оройны 18 цагийн үед гаднаас согтуу орж ирээд хөргөгчөө авч гарна гээд байсан ба яах гэж байгаа юм гэсэн чинь зарж архи ууна гэсэн. Тэгэхээр нь би түүнийг хөөе болиоч гэхэд ээж бид хоёроос архины мөнгө нэхэж эхэлсэн. Ээж бид хоёр мөнгө өгөөгүй, юун архи яриад байгаа юм бэ, амьдрал хэцүү байна гэж хэлсэн. Тэгтэл ах З.Батсайхан уурлаад намайг сууж байхад хөл рүү өшиглөөд байсан. Тэрээр өөрөө согтуу байсан болохоор намайг хүчтэй чанга цохиж, өшиглөж чадаагүй. Би өөрийгөө хамгаалаад ах З.Батсайханаар бараг цохиулаагүй. Гэхдээ миний хамар руу гараараа хальт шүргэснээс болж бага зэрэг цус гарсан. Тэрнээс биш надад ямар нэгэн гэмтэл бол учраагүй. Тэгээд ах З.Батсайхан архины мөнгө өгсөнгүй гээд мөн ээж рүү дайраад ээжийг цохих гэж дайрахаар нь би дундуур нь ороод ээжийг авч гэрээсээ гартал З.Батсайхан ах гэртээ ганцаараа үлдсэн. Бид хоёр гадаа хашаандаа зогсож байтал З.Батсайхан гарч ирээд нэг асаагуур гаргаж ирээд энэ гэрийг чинь шатаанаа гэж хэлээд гэрийн хажууд байдаг нүүрс хагалдаг урт иштэй алхыг барьчихаад ойртвол ална гэж бид хоёрт хэлээд асаагуураараа гэрээ зүүн талаас нь буюу гадна талаас нь шатааж эхэлсэн. Тэгэхээр нь бид хоёр чи болиоч ээ, гэрээ шатаана гэж юу байх вэ дээ гэтэл ах З.Батсайхан болихгүй байсан. Энэ байдлыг хажуу айлын нэг ах харсан. Хажуу айлын ах утсаараа гал команд болон цагдаа дуудсан. Гал команд цагдаа нараас түрүүлж ирсэн, ойролцоогоор 5-6 минутын дараа ирсэн. Харин гэрийн шатааж эхэлсэн хэсэг дээшээ гал нь асаж нэг талаараа шатаж байсан. Галаа асаасныхаа дараа З.Батсайхан ах гэр дээрээ гараад зогсчихсон. Тэгээд тэрээр мөн ойртвол алхаараа цохино гээд байсан. Бид нар түүн рүү ойртож чадаагүй. Ойр хавьд дээрх үйл явдлыг өөр хүн хараагүй. Хажуу хашааны ах л харсан. Тэгээд байж байтал гал командын гал сөнөөгчид ус шүршдэг машинтайгаа ирээд гэр рүү ус шүршиж шатаж байгаа хэсгийг унтраасан. Тэр үед З.Батсайхан гэр дээрээ гарчихсан зогсож байсан ба гэр рүү ус шүршсэн болохоор доошоо буусан. Гал унтрахад манай гэрийн зүүн хэсгийн ханын туурга, зүүн талын хана, хаалганы зүүн хэсэг шатсан байсан. Бусад хэсэг бол зүгээр байсан. Ээж бид хоёр гэрээс гарахдаа би З.Батсайхан ахыг гэрт байхад нь хаалгыг гадна талаас нь хаагаад цуурган түгжээгээр нь түгжчихсэн. Гэтэл тэрээр гэрийнхээ хаалгыг дотор талаас нь цохиж эвдэж гарч ирээд дээрх үйлдлийг хийсэн. Гал команд ирж гал унтраасны дараа З.Батсайхан ах гэрээс бууж алхаа аваад цаашаа хашаа даваад цагдаа нараас зугтаагаад гүйсэн. Тэгээд яг хаана баригдсан болохыг нь мэдэхгүй байна. Удалгүй 3.Батсайхан ахаас өөрийнх нь мөнгөөр гэрээ янзуулсан гэжээ. /хх-ийн 35-36-р хуудас/

 

Гэрч Ж.Батсайхан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ " 2016 оны 02 дугаар сарын 16-ны орой хөрш хашааны эмэгтэй миний дүү цагдаа дуудаад өгөөч, миний хүү намайг гэртээ оруулахгүй байна гэж хэлсэн. Тэгээд хартал Батсайхан гэдэг залуу гэрийнхээ гадаа үүдэнд нэг алх барьчихсан зогсож байсан. Тэгснээ гэрийнхээ үүдний хэсгээс  эхлээд асаагуураар гэрийг гадна талаас нь шатааж эхэлсэн. Харин би түргэн тусламж болон гал команд цагдаа руу дуудлага өгсөн гэжээ. /хх-ийн 33-34-р хуудас/,

Гал унтраасан тухай 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 21/616 дугаартай нотломж /хх-ийн 17-19-р хуудас/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 238 тоот дүгнэлтэнд:

3.Батсайхан нь хэрэг үйлдэх үедээ Архинд донтох эмгэгийн хараат байдлын хам шинж, энгийн согтолттой байсан бөгөөд эмгэг согтолтонд ороогүй болно.

3.Батсайхан нь хэрэг хариуцах чадвартай байна гэжээ. /хх-ийн 40-41-р хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-4-р хуудас/,

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-6-р хуудас/,

шүүгдэгч З.Батсайханы ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

 

Шүүгдэгч З.Батсайхан нь 2016 оны 2 дугаар сарын 16-ны орой 19 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 16 дугаар гудамжны 113 тоотод хохирогч Г.Цэнгэнжаргалыг  архины мөнгө өгсөнгүй гэх шалтгаанаар агсам тавьж, та нарыг ойртвол ална гэж алхыг зэвсгийн чанартай хэрэглэж танхайрсан,

           Танхайрах явцдаа гэр бүлийн дундын өмч болох монгол гэрийн хаалгыг эвдэж, гэрийн зүүн талын хана, туурга болон цагаан бүрээс зэргийг галдан шатааж, устгаж 190.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 Хохирогч Г.Цэнгэнжаргалын ...надаас 10.000 төгрөг өгчих архи авч уух гэсэн гэхээр нь би Батсайханыг загнаад чи яахаараа мөнгө нэхэж байгаа юм бэ? арай дэндэж байгаа юм биш үү? хүү минь хэрдээ л байгаарай гэж хэлсэн. Тэгсэн уурлаад бага дүү Отгонбаатарыг хөлөөрөө өшиглөөд гараараа цохиж аваад хамраас нь цус гаргаад дараа нь намайг бас гараараа цохиж авсан. Тэгэхээр нь хүү бид хоёр гараад зугтаасан. Тэгтэл Батсайхан гэрээс нэг гартаа хар иштэй алх барьчихсан нэг гартаа асаагуур барьчихсан зогсож байгаад манай гэрийн зүүн урьд хэсгийн гадна бүрээснээс гал тавьж шатааж эхэлсэн. Тэгээд Батсайханыг болиоч гэсэн чинь ойртвол ална шүү гээд алх барьчихсан зогсоод байсан. Манай хөрш айлын хүн цагдаа, гал хоёр дуудаад удалгүй галынхан ирээд гал унтраасан. Одоогоор гэрээ бүрэн янзалсан. Нэг шинэ хана, нэг хаалга, нэг туурга, гаднах цагаан бүрээс, өрхний өнгө зэргийг нийт 180.000 төгрөгөөр худалдан авсан. Уг мөнгийг Батсайхан өөрөө гаргасан. Одоо надад гомдол санал байхгүй. Уг шатаагдсан гэрээ 1999 оны 09 дүгээр сарын үед нөхөр Х.Зандан нь өөрөө 600.000 төгрөгөөр Говь-Алтай аймгаас хувь хүнээс худалдан авч байсан гэх мэдүүлэг /хх-ийн 23-26 дугаар хуудас/,

Гэрч З.Отгонбаатарын "... 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр намайг ээж Цэнгэнжаргалтай хамт гэртээ байж байтал орой 18 цагийн үед ах З.Батсайхан гаднаас согтуу орж ирсэн. Тэгээд хөргөгчөө авч гарна гээд байсан ба яах гэж байгаа юм гэсэн чинь зарж архи ууна гэсэн. Ээж бид хоёр боль гэтэл өөдөөс би авч гарна, ломбарданд тавьж архи авч ууна гээд байсан. Тэгэхээр нь би түүнийг хөөе болиоч чи гэхэд ээж бид хоёроос архины мөнгө нэхэж эхэлсэн. Архины мөнгө өгчих гээд байсан. Ээж бид хоёр мөнгө өгөөгүй юун архи яриад байгаа юм бэ, амьдрал хэцүү байна гэж хэлсэн. Тэгээд ах З.Батсайхан архины мөнгө өгсөнгүй гээд ээжийг цохих гэж дайрахаар нь би дундуур нь ороод ээжийг авч гэрээсээ гартал З.Батсайхан ах гэртээ ганцаараа үлдсэн. Бид хоёр гадаа хашаандаа зогсож байтал З.Батсайхан гарч ирээд нэг асаагуур гаргаж ирээд "энэ гэрийг чинь шатаанаа" гэж хэлээд гэрийн хажууд байдаг нүүрс хагалдаг урт иштэй алхыг барьчихаад ойртвол ална гэж бид хоёрт хэлээд асаагуураараа гэрээ зүүн талаас нь буюу гадна талаас нь шатааж эхэлсэн. Тэгэхээр нь бид хоёр чи болиоч ээ, гэрээ шатаана гэж юу байх вэ дээ гэтэл ах З.Батсайхан болихгүй байсан. Энэ байдлыг хажуу айлын буюу хажуу хашаанд амьдардаг нэг ах харсан. Тэр хүн ахыг бас болиоч ээ гэж хэлж байсан боловч үгэнд нь орохгүй байсан. Тэгээд ойртвол ална гээд байхаар нь айгаад бид хэд ойртож чадаагүй. Хажуу айлын ах утсаараа гал команд болон цагдаа дуудсан. Гал команд ирж гал унтраасны дараа З.Батсайхан ах гэрээс бууж алхаа аваад цаашаа хашаа даваад цагдаа нараас зугтаагаад гүйсэн. Тэгээд яг хаана баригдсан болохыг нь мэдэхгүй байна. Удалгүй 3.Батсайхан ахаас мөнгө гаргуулж гэрээ янзуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/

Гэрч Ж.Батсайханы ...хөрш хашааны эмэгтэй "миний дүү цагдаа дуудаад өгөөч, миний хүү намайг гэртээ оруулахгүй байна гэж хэлсэн. Тэгээд хартал Батсайхан гэдэг залуу Монгол гэрийнхээ гадаа үүдэнд нэг алх барьчихсан зогсож байсан. Тэгснээ гэрийнхээ үүдний хэсгээс эхлээд асаагуураар гэрийг гадна талаас нь шатааж эхэлсэн. Харин би түргэн тусламж болон гал команд цагдаа руу дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 33-34- р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Х.Зандангийн "...хүү З.Батсайханыг гэрээ шатаах үед нь би Өмнөговь аймагт ажлаар явж байсан. Би уг өдрийн маргааш нь гэртээ иртэл манай гэрийн гадна хэсэг буюу зүүн хэсгээрээ хэсэг газар нь шатсан байсан. Гэрийн зүүн хана, зүүн талын туурга, хаалга эвдэрч хүрээ нь шатсан байсан. Шатсан болон эвдэрсэн хэсгийг ашиглах боломжгүй болгосон байсан. Угаасаа удаан хугацааны турш хэрэглэсэн гэр байсан. Тэгээд юу болсон талаар асуухад З.Батсайхан нь "согтуудаа гэртээ агсам тавьж гэрээ шатаасан" гэсэн. Сүүлд нь З.Батсайхан өөрөө ажлынхаа цалингаар ээждээ 180.000 төгрөг өгч шинээр гэртээ хаалга, хана, туурга, бүрээс, бүслүүр зэргийг худалдан авсан. Шатаагдсан гэрийг би 2000 он гарахаас өмнө худалдан авч байсан санагдаж байна. Би яг хэдэн төгрөгөөр авч байснаа санахгүй байна. Уг гэр нь миний эзэмшлийн гэр гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,

 

Гал унтраасан тухай 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 21/616 дугаартай нотломж /хх-ийн 17-19-р хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-6-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч З.Батсайхан нь танхайрах гэмт хэрэг үйлдээгүй гэр бүлийн хоорондын асуудал байсан. Нийгмийн хэв журам зөрчөөгүй. Түүнчлэн З.Батсайхан нь эцэг Зандан, ээж Цэнгэнжаргал болон ах дүү нарын хамт амьдардаг. Монгол гэрт өмчлөлийн гэрчилгээ байдаггүй. Гэр бүлийн дундын өмч. Иймд бусдын эд хөрөнгийг устгасан гэж үзэхгүй, өөрийнхөө эд хөрөнгийг гэмтээсэн. Иймд З.Батсайханы үйлдэл гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй тул түүнийг цагаатгаж өгнө үү гэж мэтгэлцэж байна.

Шүүгдэгч З.Батсайханы хохирогч /төрсөн эх/ Г.Цэнгэнжаргалыг архины мөнгө өгсөнгүй гэснээр шалтаглан агсам тавьж, ойртвол ална гэж алх барьж айлган сүрдүүлж, улмаар асаагуураар гэрээ шатаасан үйлдэл нь монгол хүний эцэг эхээ хүндлэх уламжлалыг үл тоомсорлон, айлган сүрдүүлж, өөрийн ичгүүргүй догшин зан авираар шүүгдэгчийн гэмт үйлдэлдээ хандаж буй субьектив тал илэрч байна.

 Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч нараас гаргасан мэдүүлгээр  Г.Цэнгэнжаргал, Х.Зандан нар 1989 онд гэрлэсэн, уг монгол гэрийг 1999 онд 600.000 төгрөгөөр худалдаж авахад З.Батсайхан 8 настай байсан гэжээ.

          Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж зааснаас үзэхэд гэмт хэргийн халдлагын зүйл болох монгол гэр нь гэр бүлийн дундын өмч гэж үзэх үндэслэлтэй хэдий ч Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2-т Өмчлөгч нь бусдад гэм хор учруулах замаар өмчлөх эрхээ урвуулан ашиглахыг хориглоно гэж заасныг шүүгдэгч З.Батсайхан зөрчиж, гэр бүлийн гишүүдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, эд хөрөнгө өмчлөх зэрэг Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон иргэний эрхийг ноцтой зөрчсөн байна.

Дээрх байдлаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүгдэгч З.Батсайханы үйлдэл гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэл няцаагдаж байх тул шүүгдэгч З.Батсайхан алхыг зэвсгийн чанартай хэрэглэж танхайрсан, бусдын эд хөрөнгийг санаатайгаар галдан шатаах аргаар устгах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

         

          Шүүгдэгч З.Батсайханы анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан түүний хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлж жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

          Шүүгдэгч З.Батсайхан нь хохирогч Г.Цэнгэнжаргалд 180.000 төгрөг төлсөн ба хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн тул  шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

           Шүүгдэгч З.Батсайханыг 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хойшлуулашгүйгээр баривчилсан 03 хоногийг  түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

           Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн иштэй алхыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн  283.1, 286, 290, 294, 295, 296, 297, 301 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Бэсүд овогт Зандангийн Батсайханыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар галдан шатаах аргаар устгах, алхыг зэвсгийн чанартай хэрэглэж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Зандангийн Батсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил, 01 сарын /таван жил нэг сар/ хугацаагаар хорих,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2-т зааснаар 5 жил 06 сарын /таван жил зургаан сар/ хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар З.Батсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2-т зааснаар оногдуулсан 5 жил 06 сар /таван жил зургаан сар/ хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар оногдуулсан 5 жил 01 сар /таван жил нэг сар/ хорих ялын зарим болох 1 жил 06 сар /нэг жил зургаан сар/ хорих ялыг нэмж нэгтгэн З.Батсайханы эдлэх ялыг 07 жилийн /долоон жил/ хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар З.Батсайханд оногдуулсан 7 жил /долоон жил/ хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Зандангийн Батсайханд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар З.Батсайханы цагдан хоригдсон 03 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулж тооцсугай.

 

7. Шүүгдэгч З.Батсайхан нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн иштэй алхыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, нар тогтоолыг эс зөвшөөрвөл, иргэний нэхэмжлэгч нь тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт тус тус тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Батсайханд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Х.ОДБАЯР

 

                      ШҮҮГЧИД                                           С.ОЛЗОД

 

                                                                                   Ц.ДАЙРИЙЖАВ