Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2018/0397

 
     

В.Г-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.С, Х.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Г нарыг оролцуулан, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, В.Г-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Засаг дарга, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

   Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр:

   1 дэх заалтаар: Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, захиргааны акт “Орхон аймгийн Засаг даргын 1998 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 08 тоот шийдвэрийг үндэслэн “В Ф” ХХК-д олгосон 2004 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “Түр хугацаагаар газар ашиглах эрхийн гэрчилгээ” №000 тоот, 2006 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн “Газар ашиглуулах гэрээ, Орхон аймгийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 433 тоот захирамжийн 1 дүгээр хавсралтын 12 дахь хэсэг, “В Ф” ХХК-ийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “Газар эзэмших эрхийн гэрчилгээ” №00000 тоот, Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” А/277 тоот захирамжийн 1 дүгээр хавсралтын 9 дэх хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоож, 35 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг В.Г-т эзэмшүүлэх тухай захиргааны акт гаргахыг Орхон аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

   2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалтыг баримтлан В.Г-ийн Орхон аймгийн Засаг дарга, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Газрын алба болон “В Ф” ХХК-ийн хооронд байгуулсан 2007 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 131 дугаар эзэмшил газрын төлбөрийн гэрээг илт хууль болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, энэхүү шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

   Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хуульд үндэслэн шийдвэр гаргаагүй тухайд:

“В Ф” ХХК нь 2004 оноос хойш өнөөдрийг хүртэл маргаан бүхий газрыг Газрын тухай хуульд заасан журмын дагуу ашиглаж, эзэмшиж ирсэн бөгөөд Газрын төлбөрийг өнөөдрийг хүртэл төлсөөр ирсэн. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн Орхон аймгийн Засаг даргын 1998 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 08 тоот шийдвэрийг үндэслэн “В Ф” ХХК-д олгосон 2004 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “Түр хугацаагаар газар ашиглах эрхийн гэрчилгээ” 000 тоот, 2006 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн “Газар ашиглуулах гэрээ”, Орхон аймгийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 433 тоот захирамжийн 1 дүгээр хавсралтын 12 дахь хэсэг, “В Ф” ХХК-ийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газар эзэмших эрхийн 00000 тоот гэрчилгээ”, Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” А/277 тоот захирамжийн 1 дүгээр хавсралтын 9 дэх хэсгийг тус тус илт хууль бус болохыг анхан шатны шүүх тогтоож шийдвэрлэсэн. Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг шүүхээс хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт, Захиргааны ерөнхий хуульд заасан Захиргааны актыг илт хууль бусад тооцох хуулийн зохицуулалтад үндэслэлгүйгээр шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь Захиргааны актыг илт хууль бусад тооцох үндэслэлүүдийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тодорхой заасан байтал үүнийг шийдвэрт заалгүйгээр шууд илт хууль бус гэж тодорхойгүй байдлаар бичсэн нь үндэслэл муутай болжээ.

Нотлох баримтыг буруу үнэлсэн тухайд:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт буюу 18 дахь талд “М Ф” ХХК-иас тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан, “М Ф” ХХК нь “Э” XXK-иac худалдан авсан бөгөөд уг “Э” ХХК-ний захирал болох Г.Л-д Эрдэнэт хотын захирагчийн 1998 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн, 08 тоот захирамжаар уг павильоны газрыг олгосон, 1998 оны 08 тоот захирамжаар газар эзэмших эрх В.Г-т шилжих байтал “В Ф” ХХК-д маргаан бүхий газрыг эзэмшүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм” гэсэн нь шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтад үндэслээгүй болохыг харуулж байна. Учир нь хэрэгт “Э” ХХК-ийн захирал нь Г.Л болох талаар баримт авагдаагүй бөгөөд “Э” ХХК болон “М Ф” ХХК нарын хооронд 2001 оны 05 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан “Блокон павильон худалдах худалдан авах” гэрээнд “Э” ХХК-ийг төлөөлж Ж-ийн П, “М Ф” ХХК-ийг төлөөлж тухайн үеийн “М Ф” ХХК-ийн захирал С.М гэх хүн тус тус гарын үсэг зурсан. Газар эзэмших эрх шилжих асуудал нь Газрын тухай хуульд зааснаар талуудын хүсэл зоригоо илэрхийлэх байдлаар буюу холбогдох төрийн захиргааны байгууллагад хүсэлт гаргаж холбогдох нотлох баримт, тэмдэгтийн хураамж төлж шилждэг болохыг шүүх анхаарч үзээгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд:

“В Ф” ХХК нь энэхүү хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны ажиллагааны явцад буюу 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багт байрлах 35 мкв худалдаа үйлчилгээний зориулалттай павильоныг улсын бүртгэлийн 00000 дугаарт бүртгэж үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн 00000 дугаар бүхий гэрчилгээ олгосон Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгож, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн 00000 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна. Үүнтэй холбоотойгоор “В Ф” ХХК-ийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэж дуусах хүртэл В.Ганзоригийн нэхэмжлэлтэй хэргийг түдгэлзүүлэх талаар хүсэлтүүдийг гаргасан боловч шүүх хүлээж аваагүй нь буруу болсон. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх “Нэхэмжлэгч В.Г нь “М Ф” ХХК-иас Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багт байрлах Сэлэнгэ рестораны урд байрлах 35 мкв талбай бүхий павильоныг 2002 оны 07 дугаар сарын 01-ний өдөр худалдан авч уг худалдах худалдан авах гэрээг үндэслэн 2002 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймаг дахь Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэн Ү-00000 дугаарт бүртгүүлэн 00000” гэрчилгээ авсан байх ба түүний өмчлөх эрх баталгаажсан бөгөөд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар В.Г дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч гэж үзэх үндэслэлтэй байна” гэж үзэж дүгнэсэн. Энэ нь хэргийг түдгэлзүүлэлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шийдвэр гарахад нөлөөлсөн гэх үндэслэлд хамаарахаар байна.

“В Ф” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага солигдсон нь В.Г-ийн өмчлөх эрх хөндөгдсөн гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй тухайд:

“В Ф” ХХК-ийг үүсгэн байгуулагч болох Д.Б бөгөөд Д.Б нь компанийн гүйцэтгэх удирдлагаар өөрийн төрсөн ах болох Д.Л-д гүйцэтгэх удирдлагыг буюу гүйцэтгэх захирлын албан тушаалыг шилжүүлсэн. Энэхүү компанийн гүйцэтгэх удирдлага солигдох үйл ажиллагаа нь Компанийн тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу явагдсан. Гэтэл шүүх компанийн гүйцэтгэх удирдлага солигдсон нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан зарчмыг алдагдуулж В.Г-ийн үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхэд халдсан, хууль бус шийдвэр гэж үзэхээр байна хэмээн дүгнэж “В Ф” ХХК-ийг буруутгасан нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэх үндэслэлд хамаарахаар байна. “В Ф” ХХК нь маргаан бүхий газрыг дангаараа эзэмшиж ирсэн бөгөөд цаашид ч дангаараа эзэмших юм. Гэтэл шүүх “В Ф” ХХК-ийн захирал Д.Б, иргэн В.Г нар нь уг маргаан бүхий газрыг хамтран эзэмших хүсэлтэй байгаа нь нотлогдож байна гэх агуулга бүхий дүгнэлтийг хийсэн нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй төдийгүй хэрэгт авагдаагүй баримтыг үндэслэж өөрийн бодол санаагаа шийдвэрт тусгасан мэт харагдаж байна.

Ийнхүү анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул нэхэмжлэлийг зарим хэсгийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

   Анхан шатны шүүх нэхэмжлэгч В.Г-ийн “Орхон аймгийн Засаг даргын 1998 оны 05 дугаар сарын 25-ний өдрийн 08 дугаар захирамжийг үндэслэн “В ф” ХХК-д 2004 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 000 дугаар “Түр хугацаагаар газар ашиглах эрхийн гэрчилгээ”-г олгосныг, мөн Орхон аймгийн Засаг дарга болон “В ф” ХХК-ийн хооронд байгуулсан 2006 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр газар ашиглуулах гэрээ байгуулсныг, “В ф” ХХК-д олгосон 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газар эзэмших эрхийн 00000 тоот гэрчилгээ”-г, Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 433 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын 12 дахь хэсэг, 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” А/277 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын 9 дэх хэсэгт заасныг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

   1. Анх нэхэмжлэгч В.Г нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын багт Оюут багт байрлах Сэлэнгэ рестораны урд байрлах 35 м.кв талбайтай павильон болох үл хөдлөх эд хөрөнгийг “худалдах, худалдан авах гэрээ”-ээр 2002 оны 07 дугаар сарын 01-ны өдөр “М ф” ХХК-иас худалдан авч, улмаар 2002 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймаг дахь Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын багт Оюут багт байрлах Сэлэнгэ рестораны урд байрлах 35 м.кв талбайтай павильон болох үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлийн Ү-00000 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 00000 дугаар эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг В.Г-т олгож, нэхэмжлэгч В.Г нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын багт Оюут багт байрлах Сэлэнгэ рестораны урд байрлах 35 м.кв талбайтай павильоны өмчлөгч болжээ.

   Гэтэл нэхэмжлэгч В.Г-ийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын багт Оюут багт байрлах Сэлэнгэ рестораны урд байрлах 35 м.кв талбайтай павильоны доорх газрыг 2004 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 000 дугаар гэрчилгээгээр “В ф” ХХК-д түр хугацаагаар Орхон аймгийн Засаг дарга эзэмшүүлсэн байна.

   Хариуцагч нь маргаан бүхий Орхон аймгийн Баян-Өндөр сумын багт Оюут багт байрлах Сэлэнгэ рестораны урд байрлах павильоны доорх 35 м.кв газрыг “В ф” ХХК-д эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг олгохдоо Орхон аймгийн Засаг даргын 1998 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаар захирамжийг үндэслэл болгосон нь илт үндэслэлгүй болжээ.

   Учир нь Орхон аймгийн Засаг даргын 1998 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаар захирамжаар “Э-С” компанийн өмнө талыг 20 м.кв газрыг иргэн Г.Л-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн захиргааны акт бөгөөд гуравдагч этгээд “В ф” ХХК-д газар эзэмшүүлэх, ашиглуулахаар гаргасан шийдвэр биш болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

   Тиймээс “В ф” ХХК-д Орхон аймгийн Баян-Өндөр сумын багт Оюут багт байрлах Сэлэнгэ рестораны урд байрлах павильоны доорх 35 м.кв газрыг эзэмшүүлсэн, ашиглуулсан шийдвэр гараагүй байхгүй байхад 2004 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “Түр хугацаагаар газар ашиглах эрхийн 000 дугаар гэрчилгээ”-гээр гуравдагч этгээд “В ф” ХХК-д маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн нь илт хууль бус гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

   Тодруулбал, 2004 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн түр хугацаагаар газар ашиглах эрхийн 000 дугаар гэрчилгээгээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багт байрлах Сэлэнгэ рестораны урд байрлах павильоны доорх 35 м.кв газрыг “В ф” ХХК-д эзэмшүүлэх, ашиглуулах үндэслэл байгаагүй. Мөн В.Г-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг бусдад эзэмшүүлэх, ашиглуулах Газрын тухай хуульд заасан нөхцөл бүрдээгүй байхад тэрхүү газрыг “В ф” ХХК-д эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан илт хууль бус шийдвэрийг захиргааны байгууллага гаргасан болох нь тогтоогдож байна.

   Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар маргаан бүхий “Түр хугацаагаар газар ашиглах эрхийн” 2004 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 000 дугаар гэрчилгээ нь илт хууль бус захиргааны акт юм.

   Нэгэнт гуравдагч этгээд “В ф” ХХК-д маргаан бүхий газрыг эзэмшүүлэх, ашиглуулахаар гаргасан “Түр хугацаагаар газар ашиглах эрхийн” 2004 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 000 дугаар гэрчилгээ гэх анхны захиргааны акт нь илт хууль болох нь тогтоогдсон тул энэхүү хууль бус захиргааны актаас хойш гаргасан маргаан бүхий газартай холбоотой “В ф” ХХК-д холбогдох бүх захиргааны акт буюу “Орхон аймгийн Засаг дарга болон “В ф” ХХК-ийн хооронд байгуулсан 2006 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр газар ашиглуулах байгуулсан гэрээ, “В ф” ХХК-д олгосон 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газар эзэмших эрхийн” 00000 тоот гэрчилгээ, Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 433 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын 12 дахь хэсэг, 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” А/277 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын 9 дэх хэсэг мөн илт хууль бус болох нь тогтоогджээ.

   Өөрөөр хэлбэл, илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй байдаг бөгөөд хариуцагчийн зүгээс “В ф” ХХК-д газар эзэмшүүлэхээр, ашиглуулахаар ямар нэгэн захирамж гараагүйтэй адил бөгөөд маргаан бүхий захиргааны актууд нь ямар нэгэн үр дагавар үүсгэхгүй гэж үзэх үндэслэлтэй.

   Хариуцагч Орхон аймгийн Засаг дарга нь гуравдагч этгээд “В ф” ХХК-д газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчсөн, нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

   2. “Орхон аймгийн Баян-Өндөр сумын багт Оюут багт байрлах Сэлэнгэ рестораны урд байрлах павильоны доорх 35 м.кв газрыг В.Г-т эзэмшүүлэх захирамж гаргахыг Орхон аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

   Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд иргэн, аж ахуй нэгж байгууллага газар эзэмших тухай хүсэлтийг ямар журмаар гаргах, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, холбогдох албан тушаалтан нь хүсэлтийг хүлээн авах, бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагааг хэрхэн гүйцэтгэхийг тусгайлан зааснаас үзвэл “газар эзэмшүүлэх шийдвэр” нь газар эзэмших иргэн, хуулийн этгээдийн бичгээр гаргасан хүсэлтэд үндэслэн байхыг хуулиар зохицуулсан.

   Нэхэмжлэгч В.Г маргаан бүхий газрыг эзэмших талаар хүсэлт гараагүй, нөгөөтэйгүүр маргаан бүхий газар дээрх эрхийн улсын бүртгэлийн Ү-00000 дугаарт бүртгэлтэй, өмчлөх эрхийн 00000 дугаар гэрчилгээтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын багт Оюут багт байрлах Сэлэнгэ рестораны урд байрлах 35 м.кв талбайтай павильон болох үл хөдлөх хөрөнгийн өмчлөлтэй нэхэмжлэгч В.Г, гуравдагч этгээд “В ф” ХХК-ийн захирал Д.Б нар нь өмчлөлийн маргаантай байгаа болох нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

   Мөн анхан шатны шүүх, “2007 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 131 дүгээр эзэмшил газрын төлбөрийн гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зөв байна.

   Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн “Тогтоох” хэсэгт баримталбал зохих хуулийн заалтыг буруу баримталсан байх тул холбогдох хуулийн заалтыг зөвтгөсөн өөрчлөлтийг хийх нь зүйтэй гэж шүү үзлээ.

   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

   1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтын “Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т...” гэснийг “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т...” гэж өөрчлөн, “...тогтоож,” гэсний дараа “үлдэх...” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, өмгөөлөгч М.Г нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

   2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                 Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                 С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                 Э.ХАЛИУНБАЯР