Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 347

 

А.О, Ч.М нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатар, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Энхзаяа, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны  02 дугаар сарын 18-ны өдрийн 133 дугаар шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 14 дүгээр магадлалтай, А.О, Ч.М нарт холбогдох 1941000410254 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч А.О-гийн өмгөөлөгч Б.Энхзаяагийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1972 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 47 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 07 сарын 16-ны өдрийн 226 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 200,000 төгрөгийн эд хөрөнгө хураах нэмэгдэл ял, 13,303,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, Х овогт А-н О,

2. Монгол Улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Х овогт Ч-ын М нар нь

Бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хуулиар хязгаарлалт тогтоосон бараа болох валют буюу 6 ширхэг нийт 6,04 кг жинтэй алт /алтан гулдмай/-ыг биедээ, өмсөж явсан өмд, гадуур хувцасны халаас, дотуур өмд, хөхний даруулганы дотор талд нууж явганаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь авто замын шалган нэвтрүүлэх боомтоор зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх “... шүүгдэгч А.О, Ч.М нарыг нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуульд заасны дагуу хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О, Ч.М нарыг тус тус 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.О, Ч.М нарын баривчлагдсан 48 цаг буюу 2 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож тус бүрийн эдлэх ялаас хасч тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 6, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 6 ширхэг 704.507.636.08 төгрөгийн үнэ бүхий нийт 6015,6 грамм алтыг улсын орлого болгохоор Монгол банканд шилжүүлж, 1 ширхэг камерын бичлэгийг хэрэгт хавсаргахаар” шийдвэрлэсэн байна.

 Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх  “... шийтгэх тогтоолын 6 дахь заалтыг “Монгол Улсын Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч А.О, Ч.М нарт хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 704.507.636.08 төгрөгийн үнэ бүхий, 6 ширхэг, нийт 6015,6 грамм алтыг улсын орлого болгохоор Монгол банкинд шилжүүлж, 1 ширхэг камерийн бичлэгийг хэрэгт хавсаргасугай.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.О-гийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

 Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч А.О-гийн өмгөөлөгч Б.Энхзаяа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийг мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтэй тус тус холбон зөв тайлбарлаж, анхан шатны шүүхийг “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид шүүгдэгч нарын үйлдэл хамаарч байгааг зөв тодорхойлж, торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна” гэж дүгнээд, харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 хэсгийг үндэслэсэн нь буруу байсан алдааг залруулж Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийг буруу тайлбарлан албадлагын арга хэмжээ хэрэглэхдээ тус зүйлийн 2 дахь хэсгийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан төхник, хэрэгслийг ойлгоно” гэсэн хэрэглэх ёстой заалтыг хэрэглэхгүйгээр шүүгдэгчийн өмчлөх эрхэд хууль бусаар халдаж, эрх зүйн байдлыг нь хуульд байхгүй үндэслэлээр дордуулсан явдал нь энэхүү гомдлыг гаргах үндэслэл болж байна.

 Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ЗЗ дугаар шийтгэх тогтоолтой эрүүгийн хэргийг хянан үзэж тогтоох хэсгийн 6 дахь заалтад өөрчлөлт оруулсан Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 14 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт нийцүүлэн өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор О.Мөнхбаатар гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч А.О, Ч.М нарт холбогдох хэргийг хянан хэлэлцсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал хэргийн бодит байдал, үйл баримтад нийцэж үндэслэл бүхий гарсан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч А.Огийн өмгөөлөгч Б.Энхзаяагийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

А.О, Ч.М нар нь бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хуулиар хязгаарлалт тогтоосон бараа болох 6 ширхэг нийт 6.04 кг жинтэй алт /алтан гулдмай/-ыг биедээ, өмсөж явсан өмд, гадуур хувцасны халаас, дотуур өмд, хөхний даруулганы дотор талд нууж явганаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь авто замын шалган нэвтрүүлэх боомтоор зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд А.О, Ч.М нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн тэдгээрийн үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан, хэргийг зөв зүйлчилсэн байна.

Мөн шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж, шүүгдэгч нарт хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял /500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох/ шийтгэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Тухайн гэмт хэргийн хадгалсан зүйл /эд мөрийн баримт/ болох Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн алтыг хураан авах шийдвэрийг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан бөгөөд энэ нь шүүгдэгч нарын гэмт хэргийн холбогдолгүй өмчлөх эрхийг хязгаарласан, хориглосон шинжгүй болно.

Эд мөрийн баримтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл, уналга, зэвсэг, хэрэгсэл, гэмт үйлдлийн замаар олсон мөнгө, үнэ бүхий зүйл, бусад эд зүйлс, гэмт хэргийн ул мөр үлдсэн, агуулсан, түүнчлэн гэмт хэрэг, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг илрүүлэх, хэргийн байдлыг тогтоох, тэдгээрийн гэм бурууг нотлох, үгүйсгэх, эсхүл хөнгөрүүлэхэд ач холбогдол бүхий эд зүйлс хамаарах бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж дууссаны эцэст тэдгээрийг хэрхэх асуудлыг шүүх шийдвэрлэдэг болно.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нар нь улсын хилээр хязгаарласан бараа бүтээгдэхүүн болох алтыг холбогдох хууль, журамд зааснаар гаалийн бүрдүүлэлт хийлгүйгээр хууль бусаар нэвтрүүлж, худалдан борлуулж ашиг олох зорилготой байсан бөгөөд энэхүү алт нь тухайн гэмт хэргийг тодорхойлох үндсэн шинжид хамаарч байх тул түүнийг нь хураан авч, улсын орлого болгосон шүүхийн шийдвэр хууль зөрчөөгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Энхзаяагийн “... магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад” өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид гэмт хэрэг, түүний үндсэн шинж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, чөлөөлөх үндэслэл, журам зэрэг нийтлэг үндэслэлийг, мөн хуулийн тусгай ангид тодорхой төрлийн гэмт хэргүүдийг хуульчилсан учир анхан болон давж заалдах шатны шүүх “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн”, “Эрүүгийн хуулийн тусгай ангийн” гэж бичих нь зүйтэй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 133 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 14 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Энхзаяагийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                                               ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                               ШҮҮГЧ                                                            Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                       С.БАТДЭЛГЭР

                                                                                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                       Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН